Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

ЗӨВ ХҮМҮҮЖИЛ, ЗӨВ ХҮҮХДИЙГ ТӨЛӨВШҮҮЛНЭ

ЗГХА-Хүүхдийн төлөө үндэсний газрын ХГХГ-ын

 дарга, доктор (Ph.D) Х. Баавгай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс” хичээлийг ЕБС-иудад заах тухай захирамж гаргасныг түмний үрсийн төлөө шатаж явдаг хүний хувьд ихэд билэгшээн талархаж байна.

Тиймээс үндэсний үнэт зүйлс, соёл, уламжлалт сэтгэлгээ, зан заншлын нийтлэг хэм хэмжээ, арга билгийн ухааныг заах талаар өөрийн бодол санаагаа хэлхэн, энэхүү хөтөлбөрийг боловсруулж байгаа, уг хичээлийг зааж байгаа, цаашид заах гэж байгаа мэргэжил нэгт багш нарынхаа далай мэт их үйлст дусал нэмэхийн учир энэ буюу.

            Би энэхүү өгүүлэлдээ арга, билгийн ухаан нь салшгүй нэгдмэл боловч тэдгээр нь харьцангуй бие даасан шинжтэй бөгөөд хүмүүнжих нь аргын ухаан, мэдлэг бүтээхүй нь билгийн ухаан гэсэн үзэл хандлагыг баримталсан болно.

Та бүхэн миний “санаа”-наас авах гээхийн ухаанаар шүүн тунгааж, ажил хөдөлмөртөө нэмэр болгоорой.           

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 369 дүгээр тушаалаар баталсан Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн I-XII ангийн сургалтын төлөвлөгөөний жилийн нийт ачаалалт цагийн 10 хувийг түүх, нийгмийн ухаан, хүн-нийгэм, иргэний боловсрол хичээл эзэлж байна. Харин иргэний боловсрол хичээл сургууль зохицуулах нийт цагийн 38 хувийг эзэлж байна. Иргэний боловсрол хичээлийг  бага боловсролд 48 хувь, суурь болон бүрэн дунд боловсролд тус бүр 26 хувийг үзэхээр байна[1]. Цаашид “Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс” хичээлийг /хичээл гэхээсээ хүмүүнжих ухаан, хүн болж төлөвших аргын ухааныг таниулж хэвшүүлэх явдал юм/ СӨБ-д 20 хувь, бага ангид 40 хувь, дунд ангид 20 хувь, ахлах ангид 10 хувь байхаар тооцон хичээлийн агуулга, хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай байна.

Энэ хичээлийг зөвхөн сургууль дээр багш заах биш, ажил амьдрал дээр нь дадлага, туршлага хийлгэн хэвшүүлэх зэргээр эцэг эх, төрийн бус байгууллагаар гэрээлэн заалгах нь чухал. Харин тэднийг /хүн болгох ухааны багш нарыг/ сургаж бэлтгэх хэрэгтэй. Түр зайны, цахим сургалтуудыг зохион байгуулбал зохилтой юм. Тэтгэвэрт гарсан багш, эрдэмтэд, судлаачдын армийг дайчилж ч болох байна.

Үүний тулд хүмүүнжихүйн ухаан буюу аргын ухаан, мэдлэг ухаан буюу билгийн ухааныг хэрхэн хөгжүүлж, төлөвшүүлэх талаар өөрийн бодол санаагаа хэлхэж байгаа нь энэ билээ.

Хүмүүжил хэмээх ухагдахууны хувьд хүмүүншил, хүмүүнжил хийгээд хүнд байвал зохистой хүмүүжлийн болон ёс суртахууны үнэт чанарууд нь билэг чанар, түүнийг хүмүүнжих, төлөвших, нийхэмших үйл болгон хувиргаж байгаа арга зам нь аргын ухаан болох, харин “боловсрол”-ыг явцуу утгаар нь авч үзвэл мэдлэг ухаан, чадвар, дадал, оюун ухаан, сэтгэл санаа зэрэг биед оршихуй нь билэг ухаан, мэдлэг эзэмших, бүтээхүй, суралцахуй нь аргын ухаан болох жишээтэй билгээс арга, аргаас билгийн чанарт шилжих замаар харилцан хамаарал мөнхөд үргэлжилдэг бололтой.

Эндээс дүгнэвэл хүмүүжил (хүмүүншил ), мэдлэг ухаан (мэдлэг бүтээхүйн ухаан) хоёрын зохистой нэгдлийг “боловсрол” хэмээн ойлгож болохоор байна. Ингээд бодохлоор “боловсрол”, “хүмүүжил” хоёр нь бие биетэйгээ амьд уялдаа холбоо бүхий үйл, хоёр үрийн илэрхийлэл болж таарах тул энэ хоёрыг ялгаж салгахаасаа илүү яаж уялдах учиртайг нь ухаарах хэрэгтэй мэт[2].

Хүний хөгжлийн менежмент нь тархийг хөгжүүлэхээс энергийг хөгжүүлэхэд, толгойг ажиллуулахаас сэтгэлийг боловсруулахад чиглэх болно[3] гэсэн үзэл баримтлалыг боловсролын бодлого, үйл ажиллагаандаа тусгах хэрэгтэй болжээ.

Монголын мэргэдийн бүтээл туурвилд арга билгийн ухааны онол, арга зүйн үзэл санаа тодорхой агуулагдсан байдаг. В.Инжинаш “Хөх судар”-ынхаа тэргүүн дэвтэрт: “Орчлон хэмээгч нь нийтээр арга билгийн ёсноос бүтжээ. Арга билгийн хоёр амьсгал бүхий газарт хүн амьтан төрж үүснэ”[4] гэсэн бол эрдэмтэн Ч.Дэмчигдорж (Дандаа):

“Аргын ёсон төрүүлмүй, билгийн ёсон бүтээмүй. Арга, билиг нийлэлдвээс хамаг бүгдийг төрүүлмүй. Үүнээс эс гарах, эс бүтээх нь нэгээхэн бээр үгүйн тул ийнхүү бас хоёргүй номын хаалга хэмээмүй. Хамаг бүгд өөрийн зүйг дагаж төрөх, хүмүүжих нь аргын эрдэм буюу. Хамаг бүгд өөр өөрийн зүйг дагаж дүрс байдал бүтээхүй нь билгийн эрдэм буюу. Билгийн эрдэм нь биед бүхий учир буюу” [5] гэж сургажээ. 

Үнэхээр хүнийг боловсролоос, боловсролыг хүнээс салгахын аргагүй юм. Тиймээс боловсрол хүмүүжлийн зохистой үйлийн үр дүнд л хүн хүмүүжиж, төлөвшдөг байна.

СӨБ болон бага боловсролын шат нь хүмүүнжих, ухаарахуйн үйл явцын даруй 60-70 хувийг эзлэх бөгөөд ээж, аавын энгэр зөрүүлэх мөчөөс эхлээд эхийн хэвлий дэх 10 сар, эхээс мэндлэхүйгээс энэ бие би-г таних, илэрхийлэх, эрх биш Монгол хүн гэдгээ мэдрэх, ухаарах амны салиа арилах нас /10 нас, өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах чадвар хөгжсөнийг хэлж байна/-ыг хамарна.

Бага боловсролын 5 жилд оюун ухааныг нь задлан хөгжүүлэх /тоо, хэл сэтгэхүйн, шатар, хөлөгт тоглоом, угсардаг тоглоом гэх мэт/, хөдөлгөөнийг дэмжих /хөдөлгөөнт тоглоом, спорт тоглоом гэх мэт/, оюун санааг хөгжүүлэх /уламжлалт шашин шүтлэг, ёс заншил/, гоо зүй /биеэ авч явах, бие бялдарын хөгжил, гадаад үзэмж, сайхан муухайн үнэлэмж/, ёс суртахууны /сайн муугийн үнэлэмж, хүний мөс чанар, харилцааны соёл/  зэрэг иргэний үндсэн чанаруудыг төлөвшүүлэх[6]-эд чиглэсэн 5, 6 төрлийн хичээл орох. Би Монгол хүн, би Монгол Улсын иргэн гэдгийг ухааруулж, улмаар Дэлхийн хүн, Дэлхийн соёлт иргэн болоход хөтлөх ёстой юм.

Товчхондоо энэ шатанд хүн байхын учир, хайрлахуй, энэрэхүй, нигүүлсэхүй, асархуйн ухаан, ёс зүй, ёс заншил, өв уламжлал, соёл, хүний сайн сайхны дадал хэвшилд сургах, “Хүн болох ухаан”-ыг заавал зохилтой.

            Тэгэхээр хүмүүжил гэдэг  хүнд хэрэгтэй юм уу? Хүмүүжил гэж чухам юуг хэлээд байна вэ? гэсэн асуудал зүй ёсоор гарч ирээд байгаа юм. Хүмүүжил гэдэг ухагдахуун зөвхөн хүнд л хамаатай учир “хүн дүрст амьтан” байхгүйн тулд хүнжих, хүн болох жилүүдийг туулах, хүмүүнших, улмаар нийхэмших үе шатуудын бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болдог. Үүнд тэсвэр тэвчээр хэрэгтэй бөгөөд түүнийг даван туулах бүрт чадвар, дадал бий болдог бөгөөд өөртөө итгэх итгэл улам төрдөг байна. Чухам тэвчээр чадварыг бий болгож, чадвар нь итгэлийг төрүүлж, итгэл нь зоригийг бий болгож, зориг нь ялалтыг авчирдаг байна. Тэгэхээр зориг бол тэсвэр тэвчээрийн тэсрэлт юм. Тэгвэл зоригтой хүн гэж хэнийг хэлэх вэ? Зориг гэдэг бол тэсвэр тэвчээрийн хуримтлагдсан энергийг зорилготойгоор зөв залж, чиглүүлэх чадвар гэж хэлж болно. Тэгэхлээр зоригтой нь энэ гээд зодолдоод байдаг, аливаа аюул руу дур мэдэн давхиад ордог, араатантай ана мана үзэлцээд байдаг явдал биш байна. Зөв сэтгэл зөв энергийг төрүүлдэгийг “санаа зөв бол заяа зөв” гэдэг миний ардын мэргэн үг баталж байна.  

            Хүүхдэд зоригийн дараах шинж чанаруудыг төлөвшүүлэх нь чухал юм. Үүнд:

      зорилго эрмэлзэлтэй, бие даасан байх чанар (хүн өөрийн санаачилгаар замыг өөрөө эрж олж, бусдын туслалцаагүйгээр зорилгоо биелүүлэх чадвар, мөн хүний итгэл үнэмшилдээ тууштай хандлага)

       шийдэмгий байх чанар (зорилгыг түргэн бөгөөд ухаалаг, үндэстэй сонгон авч, түүнийг биелүүлэх арга замыг түргэн тодорхойлох, хэрэгцээтэй үед богино хугацаанд зоримог шийдвэр гаргах чадвар),

      тэсвэр хатуужилтай байх (саад бэрхшээлийг давж гарах чадвар),

      биеэ барих, өөрийгөө залах чадвар (өөрийн зан байдлыг хянаж, сэтгэл хөдлөлөө зохицуулах, өөрийгөө удирдан чиглүүлэх чадвар),

      эрэлхэг чанар (аюулыг сөрж гарах чадвар),

       сахилга бат, дэгтэй байх чанар (өөрийн биеэ авч явах байдлыг нийгмийн хэм хэмжээ, хууль дүрэм, ѐс суртахуунд нийцүүлэх чадвар)

Бөөцийлэхийн оронд хамтарч ажиллах нь [7]дээр байдаг. Ялангуяа манай хүүхэд, залуучууд эрүүл чийрэг, гоо сайхан бие бялдартай байхаас гадна бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хат, зориг тэвчээртэй байх эр зоригийн чанаруудыг нийгэм өөрөө шаардаж байна. Манай ард түмэн эр зориг, эрдэм чадлыг эн сацуу дээдэлж ирсэн уламжлалтай билээ. Эртний монголчуудын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний нэгэн илрэл болж байсан биеийн хар хүчнийг үнэлэх сэтгэлгээнээс баатар, эр зоригийг эрхэмд үзэх сэтгэлгээ үүсэн бүрэлдэж улмаар энэ сэтгэлгээ монголын төрт ёсны нийгэмд улам гүнзгийрэн хөгжжээ. Өөрөөр хэлбэл  биеийн хүч чадлаас илүү  баатар зориг, цэргийн эрдэм боловсролыг чухалчлан үзэх болсон нь монголчуудын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээнд гарсан нэгэн дэвшил хөгжил юм. Ийм сэтгэлгээ монголын нийгмийн хөгжлийг эрс эргэлтэнд оруулсан. Чингис хааны байлдан дагуулалт, аян дайны үед улам ч чухал болж иржээ. Мэдээжээр дайн тулалдааны үед хямрал тэмцэлтэй нийгэмд цэргийн эрдэм боловсролд эрчүүдийг сургах, цэрэг эрийг эрхэмд үзэх сэтгэлгээ ноёрхох болно. Их эзэнт гүрний үед эр хүйстэн бүхэн цэрэг болдог, тэгээд ч цэргийн албыг эр хүний хатуужил, эр зориг, эрдэм билгийн сургууль хэмээн үздэг сэтгэлгээ байсан учраас хөвгүүнийг бүр багаас нь нум хавчаахайгаар сум харвах, бай онох, улмаар шувуу болжмор харвах зэргээр амьтныг намнах сургууль хийлгэж цэргийн боловсролд багаас нь бэлтгэдэг байжээ. Чингис хаан буюу Тэмүүжин багадаа нум сумаар харваж, наадаж тоглодог байсан тухай “Монголын нууц товчоо” болон бусад дурсгалт бичгүүдэд тэмдэглэгдсэн нь буй. Өөрөөр хэлбэл эрэлхэг гавьяат үйлс бүтээх, цэргийн эрдэм боловсролыг эрхэмлэх нь энэ үеийн сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний гол онцлог байжээ.

Иймд уламжлалт эх оронч, эр зоригийн хүмүүжлийг орчин цагийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлалтай хослон хэрэгжүүлэхийн тулд дараах хөгжлийн чиг хандлага, чадваруудыг анхаарч үзэх нь зүйтэй юм. Үүнд:

1. Сэтгэл зүйн хөгжил:Энэ нь өөрийн сэтгэл хөдлөл, сэтгэхүйн мэдрэмжээ зөв илэрхийлэх чадвар юм. Сэтгэл зүйн хөгжил нь залуу үеийнхний нийгэмд эзлэх байр суурь, тэдний үзэл бодол, зан чанарын төлөвшлийн түвшингээр тодорхойлогдоно[8].

EQ-Emotional quotient Энэ нь сэтгэл хөдлөл, харилцааны чадварын илэрхийлэл. Зах зээлийн нийгэм нь хүний бүх талын хөгжил, ялангуяа харилцах урлагийг ихээхэн үнэлдэг болоод байгаа.Нийгмийн харилцааны оюун ухаан гэгддэг EQ нь өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох,сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэх,өөрийгөө урамшуулах,тэвчээртэй байх,үргэлж сэтгэл өөдрөг явах зэрэг цогц чадварыг харуулдаг. EQ өндөртэй хүн өөрийнхөө сэтгэлийн дотоод хөдлөлд автахгүй биеэ барих чадвар эзэмшсэн байх бөгөөд орчинтойгоо зохицон, ажлаа амжилттай явуулж байдаг.

AQ-Adversity quotient: Бэрхшээлийг даван туулах шаргуу зүтгэл,өөдрөг санаа,зориг эрмэлзлийг харуулдаг AQ муутай хүн аливаа гэнэтийн явдалд амархан цочирдож,сэтгэлийн хөдөлгөөнд автдаг бол өндөр AQ-тай хүн ямар ч хүнд нөхцлийг сэтгэлийн хатаар давж лидер болдог.Харвардын их сургууль бизнесийн ангийн оюутныхаа AQ-г хөгжүүлэхэд маш их анхаардаг байна.

2. Оюун санааны хөгжил:Энэ нь аливаа зүйлийн утга учир, нөхцөл шалтгааныг мэддэг, түүнийгээ бусдад тайлбарлаж, ойлгуулах чадвар юм. Оюун санааны хөгжил нь түүний оюун санааны итгэл үнэмшил, үнэт зүйлстэй эсэхээр хэмжигддэг. Өөрөөр хэлбэл ертөнцийг үзэх үзлийн төлөвшлөөр тодорхойлогддог байна[9].

SQ-Spiritual quotient SQ буюу оюун санааны хүч чадлын илтгэцүүр нь бие, сэтгэлээ дайчилж зорьсондоо хүрэх сэтгэлийн дотоод энергийг залах чадвар. SQ нь өөрийн мэдлэг туршлагаа мэргэн ухаан,азтай агшин болгон хувиргах сэтгэхүйн хүч чадал юм.

3. Бие бялдрын хөгжил: Энэ нь хувь хүн өөрийн нас, биений онцлогт тохируулан биеэ зөв хөгжүүлэн, авч явах чадвар юм. Бие бялдрын хөгжлийн гол агуулга нь эрүүл чийрэг, гоо сайхан бие бялдар, хурдан шалмаг хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшил байх явдал билээ[10].

DQ-Development quotient: Өөрийн бие бялдарын байдал, авъяас, онцлогийг тодорхой мэдэж, алхам алхамаар биеэ хөгжүүлэн зорьсон зорилгодоо хүрч амжилт гаргах чадварын илтгэцүүр, DQ өндөртэй хүн өөрийн биеийн онцлог, авъяас чадварыг зөв үнэлж, тогтвортой, системтэй хичээллэх чадвартай болдог. Ялангуяа урлаг, спортын амжилт DQ-гээр дамжин илэрдэг.

Тэгвэл хүмүүжил гэдэг нь  магадгүй хүний ёсоор амьдрах арга ухаан юм биш үү?.  Тиймээ хүмүүжил бол зөв сэтгэл, зөв үйл, зөв явдал мөр юм.  Өөрөөр хэлбэл бие, хэл, сэтгэлээрээ хиргүй ариун байхыг хэлж байна. Тиймээс хүмүүжил нь хүний мөн чанар, хүний мөс чанарын илэрхийлэл болдог байна. Магадгүй хүний сайн муу чанарын хэмжүүр байж болох юм. Гэхдээ бараа бүтээгдэхүүний чанарыг хэмждэгийн адил хэмжихгүй нь мэдээж. Учир нь хүмүүжил бол насан туршийн үйл явц бөгөөд хүн бүр харилцан адилгүй байдагт л  адармаатай  байгаа юм. “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэгчийг санахад илүүдэхгүй ээ.

Хүмүүжилгүй хүүхдэд өөрийгөө хийгээд өрөөлийг таних боломжийг л “олговол” зохилтой. Үүний тулд орчин нөхцөлийг нь сайн бүрдүүлж сэтгэлийг нь тогтоох шаардлагатай. Чингис хаан “Аливаа хүмүүний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ”[11] гэж сургасан байдаг. Хүмүүний сэтгэлийг тогтоон залахуйн тул:

-       Идэх хоол, өмсөх хувцасаар элбэг хангалуун

-       Үзэх зүйл, унших ном тэргүүтэн цөм бүрдсэн

-       Хулгай дээрэм, хэрүүл маргаангүй анир, амгалан

-       Уул ус, ургамал мод, нар, агаар  нь тэгширсэн

-       Зан ааш нь дөлгөөн, зочлон дайлах нь элгэмсэг дотно

-       Орж гарах нь журам дэгтэй, орд харш нь өнгөлөг цэвэрхэн  нөхцөлүүдийг бүрдүүлэх ёстой байна.

-       Эдгээр нөхцөлүүдийг бүрдүүлмэгц сэтгэл нь тогтох тул дараах аргын ухаан буюу чадварт нарийвчлан сургаж, сэтгэлийг залдаг байна.

-       Ажиглаж сурах: Хүмүүс болон юмс, амьтдын байршил, хэлбэр дүрс, үйл хөдлөл, ажил хөдөлмөр, арга хэмжээний зохион байгуулалт, дэс дараалал, арга технологи, мэдээ мэдээлэл зэргийг ажиглан ойлгож, тогтоох чадвар

-       Дагалдаж сурах: Хүн, амьтан, юмс, үзэгдлийн үйл хөдлөл, дуу чимээ, ажил үйлийн дэс дараалал, арга техникийг дуурайн адилхан үйл, хөдлөл, бүтээл хийх чадвар

-       Өөрөө хийж сурах: Ажиглаж мэдсэн, дагалдаж сурсаны үндсэн дээр өгөгдсөн зүйлийг үнэн зөв, бүрэн гүйцэд хийх төдийгүй өөрөө бие даан хэний ч заавар зөвлөгөө, шахалт дарамтгүйгээр илүү дэвшилтэт шинэ зүйл санаачлан хийх чадвар.[12]

-       Бусдад зааж, сурах: Сурч мэдсэн, хийж сурсан зүйлээ бусдад зааж сургах чадвар.  

Эдгээр чадварыг тусгайлсан адал явдалт, сонирхол татахуйц хөтөлбөрүүдээр хэрэгжүүлнэ. Тодруулбал тэмдэгтийн буюу шаталсан хөтөлбөрийн тогтолцоог ашиглах боломжтой юм. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт  “эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулжхөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг монгол бахархалтай, үндэсний соёл уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжих нөхцөлийг агуулсан сургалтын стандарттай болох”[13] зорилт тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд “Хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөр” чухал юм.[14]

Хөгжлийн шаталсан хөтөлбөр гэж юу вэ?

Албан боловсролоор хараахан эзэмших боломжгүй боловч хүүхдийн одоогийн хэрэгцээ, ирээдүйн амьдралд нь тус дэмтэй, шаардлагатай мэдлэг, дадал, чадварыг хүүхэд өөрийн нас, бие, сэтгэхүйн онцлог, сонирхол, сонголтондоо үндэслэн албан бус боловсролоор бие даан эзэмших цогц үйл ажиллагаа бүхий зөвлөмжийн шинжтэй баримт бичиг юм. Хөтөлбөр бол үйл ажиллагаа мөн.

Яагаад шаталсан гэж ?

            Энэхүү хөтөлбөр нь бага, дунд, ахлах нас гэсэн ангилалтай, харцага, од, шонхор гэсэн зэрэглэлтэй байх бөгөөд нэгээс нөгөөд дэвшин шилжих, залгамж чанартай байна.

Хөгжлийн шаталсан хөтөлбөр яагаад чухал вэ? Хүүхдэд юу өгөх вэ?

Хөгжлийн шаталсан хөтөлбөр нь асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд, дэлхийн хүүхэд, залуучуудтай хөл нийлүүлэн алхаж, сурч, хөгжихэд нь хэрэгцээтэй 35 төрлийн амьдрах ур чадварыг хүүхэд бүрт олгож, эзэмшүүлэх учир нэн чухал.   

Хөгжлийн шаталсан хөтөлбөрийн  үзэл баримтлал:

Хүүхдийн хөгжих, оролцох эрхэд суурилсан хөгжлийн чиг хандлага байна.

Яагаад хөгжлийн гэж?

Хүний хөгжил гэж юу вэ? Хөгжил бол сонголт хийх боломж, харин боломж бол хөгжихийн эх ундрага. Эндээс хүүхдийн хөгжлийг дараах байдлаар тодорхойлж болох юм. “Хүүхдийн хөгжил” гэж гадаад, дотоод/биологийн/ хүчин зүйлийн нөлөөллөөр хүүхдийн бие махбодь,  сэтгэл зүй, оюун ухаан болон оюун санаа, нийгэмшихүйн байдалд гарч буй харьцангуй тогтвортой өөрчлөлтийг хэлнэ. Бид  энэхүү өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв залж, чиглүүлэх менежментийн өөрчлөлтийг хийх гэж байгаа юм.  Хөтөлбөрийн агуулга, зорилго нь чухам үүнд л чиглэгдэж байна.

Хүний хөгжлөөрөө тэргүүлэгч улс оронд хүнийх нь эрх бүрэн хангагдсан байдагтай нэгэн адил өндөр хөгжилтэй улс оронд хүнийх нь хөгжлийн түвшин өндөр байдаг. Хүнийхээ хөгжлийг дэмжиж, хүнээ хөгжүүлэх нөхцөл боломжийг бий болгох нь хүмүүнлэг, ардчилсан нийгмийн гол чиг хандлага билээ.

Хөгжлийн шаталсан хөтөлбөрийн  зарчим

Хүүхэд бүрийн тэгш оролцоог хангах зарчим баримтална.                       

Хөгжлийн хөтөлбөрт оролцогч талууд, тэдгээрийн үүрэг, оролцоо:

Хүүхэд:   -  бие дааж хүсэл, сонирхлынхоо дагуу өөрөө өөрийгөө хөгжүүлэх, сонголт хийх үүрэгтэй

Хүүхдийн ажилтнууд, багш, эрдэмтэд: - хүүхдийн хүсэл сонирхолд нийцсэн хөтөлбөрүүдийг боловсруулж, арга зүй зөвлөмжөөр хангах, сонголт хийхэд нь туслах үүрэгтэй

Эцэг эх: - хүүхдийнхээ хөгжлийн үнэлгээг хамт үнэлэх,сонголт хийхэд нь дэмжих үүрэгтэй

Төр засаг: -  хөгжлийн орчин, нөхцөлийг бүрдүүлж өгөх, түүнд шаардлагатай хөрөнгө, санхүүг төлөвлөх, зарцуулах үүрэгтэйгээр оролцоно.

Хөгжлийн шаталсан хөтөлбөрийн зорилго, агуулга:

            Хүүхэд албан  боловсролоос гадуур өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн шинэ шинэ мэдлэг дадал чадвар эзэмших, олон талт хөгжлийн хэрэгцээ үүсдэг байна.[15] Энэхүү олон талт хөгжлийн цогц хэрэгцээ нь шаталсан хөтөлбөрийн зорилго, агуулгыг тодорхойлдог байна.

Хөгжлийн шаталсан хөтөлбөрийн зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхнийг бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүй, нийгмийн болон оюун санааны хэрэгцээ, хүсэл сонирхлоо биелүүлж, хөгжиж, төлөвшихэд нь туслахад оршино. Хөтөлбөрийн эл зорилго нь  үйл ажиллагааныхаа  агуулгыг тодорхойлж өгдөг. Шаталсан хөтөлбөрийн агуулга нь бие бялдрын, оюун ухааны, сэтгэл зүйн, нийгмийн, оюун санааны[16] гэсэн таван үндсэн чиглэл, хөгжлийн хандлагыг  багтааж байна.                                                                                                                      

Шаталсан хөтөлбөрийн  тогтолцоо

Д/Д Тогтолцооны бүтцийн элементүүд Хөтөлбөрийн  боловсролын тогтолцоо  
1. Үзэл баримтлал буюу суурь философи Хүүхэд өөрөө өөрийгөө хөгжүүлж, төлөвшүүлдэг идэвхтэй субъект тул тэдний сонирхол,  хүсэл, авъяас чадварт нь түшиглэн боловсрол олгох ёстой гэж үзэх прагматизм болон экспериментализм /арга давамгайлсан/,  конструктивизмын  үзэл баримтлалуудыг үндэс болгож байдаг
2. Үнэт зүйлс Үндэсний соёл, өв уламжлалаа дээдлэх, хууль, дүрэм журам, ёс дэгээ сахин биелүүлж, өөрийн үнэт зүйлээ олж нээх явдал
3. Зорилго “хүүхэд  өсвөр үеийг  бие даасан, анхаарал халамжтай, бусдын болон өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх чадвартай, зорилго тэмүүлэлтэй, бүтээлч, хувь хүнийг нийгмийн гишүүнийх нь хувьд бүх талаар хөгжиж, төлөвшихөд нь тусалж, дэмжин хамтын үйлийн тогтолцоог бий болгох явдал юм” гэж томъёолсон нь “нийгэмшихүйг хөтлөх дэмжих”  зорилготой яв цав нийцэж байна.
4. Зарчим Хүүхдийн хөгжих, оролцох эрхэд суурилсан хөгжлийн чиг хандлага байна. Хүүхэд бүрийн тэгш оролцоог хангах зарчим баримтална.             
5. Агуулга Оюун санааны хөгжил, оюун ухааны хөгжил, сэтгэл зүйн хөгжил, бие бялдарын хөгжил, нийгмийн хөгжил  гэсэн 5 үндсэн чиглэлээр нас, бие, сэтгэхүйн онцлог, сонирхол, хэрэгцээндээ нийцүүлэн өөрөө бие даан эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадлын цогцыг хэлнэ
6. Зохион байгуулалтын хэлбэр Баг, хамтлаг, салаа, бүлгийн зохион байгуулалттай. Танхимын бус амьдралын боломжит орчин болон байгальд түшиглэсэн сургалт зонхилдог.
7. Хөтөлбөрийн үйл ажиллагаа ба  аргачлал/ Аргачлал гэдэг нь хувь хүний хүсэл сонирхол, бүх талын хөгжлийн (оюун ухаан, сэтгэл зүй, бие бялдар, нийгмийн болон оюун санааны) одоогийн түвшинд нь тулгуурлан шинэ мэдлэг дадал, чадвар эзэмшүүлэх  цогц үйл ажиллагааны дараалал юм.
8. Хэрэглэгдэхүүн Гарын авлага, өврийн дэвтэр, луужин, дүрэмт хувцас, майхан, олс, ажлын хутга, аяны хөнжил, аяга сав, гар чийдэн, зай батерей, комъпютер, хөгжим, техник хэрэгслэл, шаардлагатай багаж, тоноглол гэх мэт
9. Арга зүй/арга Үйл ажиллагаагаар дамжуулан суралцах арга зүйг голлодог. Аргаа зорилгодоо хүрэх үйлийн тогтолцоо гэж үздэг. 7 элемент бүхий арга бий. Үүнээс тэмдэгтийн системийн арга буюу хувийн хөгжлийг дэмжих, багийн /салааны/ системийн арга буюу хамт олны /нэгжийн/ хөгжлийг дэмжих аргуудыг арга зүйн үндсэн тогтолцоо гэж үздэг.
10. Бүтэц ба шатлал 6-10 нас  буюу бага нас-Харцага,  11-14 нас  буюу дунд нас-Од, 15-18 нас буюу ахлах нас-Шонхор гэсэн шаталсан бүтэцтэй, харцага, од, шонхор гэсэн зэрэглэлтэй байна.
11. Суралцагчийн үнэлгээ  Мэдлэг, дадал, чадварын ба зэрэглэлийн тэмдэгээр өөрийг нь өөртэй нь харьцуулж ахицаар үнэлдэг. Сурч сурах, хийж сурах, хамтран амьдарч сурах, оршиж сурах (бие даан амьдарч сурах ) чадвар эзэмших нь үр дүн гэж үздэг.

 

Асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд, дэлхийн хүүхэд, залуучуудтай хөл нийлүүлэн алхаж, сурч, хөгжихэд нь хэрэгцээтэй амьдрах ур чадварыг олгож, эзэмшүүлдэгт “Хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөр”-ийн зорилго чиглэж байгаа юм. Энэ хөтөлбөрт заасан бүхий л үйл ажиллагааг хүүхэд өөрөө хийж, бүтээж байх явцдаа бусадтай харилцаж, бусдад тусалж, бусдаас туслалцаа авч, өөрийгөө мэдэж, өөрөөлийг таньж, хүмүүншин төлөвшдөг байна.  Тэгэхлээр хүүхдийг хүмүүжүүлэх гэдэг нь тэднийг дэндүү басамжилсан хэрэг. Хүүхдийг хүмүүжүүлэх биш харин хүн болоход нь  туслах ёстой. Учир нь хүүхэд өөрөө өөрийгөө л бий болгодог байна.

Тиймээ хүмүүжил бол зорилго, зарчим, арга хэрэгсэл, хөтөлбөр үйл ажиллагаа, үнэлгээ, үнэлэмж бүхий хүн болж төлөвших, сэтгэлийг залахуйн тогтолцоо юм. Эхлээд хүүхэд, залуучуудаа хүн болгоё, жинхэнэ хүн болсон хүн юу ч сурч, бүтээж, эзэмшиж чадна, тийм хүнд юуг ч зааж сургаж, эзэмшүүлж болно. Ингэж чадвал боловсролтой, соёлтой иргэн төлөвшиж, “мөрөөдлийн” ардчилалыг мөн чанараар нь хөгжүүлж чадна.

Хүмүүжил чинь хүний сэтгэлийн илэрхийлэл юм биш үү?. Тиймээ. Хүмүүжил бол хүний дотоод сэтгэлийн толь юм. Хүмүүжил бол ердөө л зөв хүн болж төлөвших насан туршийн үйл явц, хөгжлийн үр дүн юм. Зөв хүмүүжил л “Зөв Монгол хүүхэд”-ийг төлөвшүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ном зүй

  1. I.              Ишлэл авсан бүтээл 
  2. II.            Ашигласан бүтээл 
  1. БСШУ-ны сайдын 2011 оны 369 дүгээр тушаалын 1,2-р хавсралт. УБ, 2011
  2. С. Батхуяг. хүмүүншихийн мөн чанарыг ойлгохын учир. Илтгэл 2011 он
  3. Лхагва Г. Хүн, хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал УБ., 2010.
  4. В.Инжинаш. Хөх судар. Тэргүүн дэвтэр.
  5. Ч.Дэмчигдорж. Эрдэнэт толь хэмээх шаштир оршвой. УБ., 1995
  6. Нээлттэй сургууль сонин 2012 оны № 1
  7. Иванов И.П. ”Хүмүүжих  жам ёс, хүмүүжүүлэх учир зүй” “Советская педагогика” 1987. №3.
  8. "Чингис хааны сургаалын товчоон. УБ.,2008
  9. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр. 2012 он
  10. ХТҮГ-ын стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр 2012 он
  11. Хүүхдээ сонсъё аяны асуумжийн судалгааны үр дүн. ХТҮГ, 2012
  12. Scouting an education system.  Geneva. 1997

1. Цэрэнсодном Д.  Монголын нууц товчоо.,УБ, 2002

  2.  “Монголын нууц товчоо” дахь хүүхдийг багаас сургаж, хүмүүжүүлэх тухай агуулгаар хичээл зохион байгуулах зөвлөмж. google.mn

  3. Бодь мөрийн зэрэг. Хэвлэлд бэлтгэсэн Г.Пүрэвбат. 2002

™

 


[1] БСШУ-ны сайдын 2011 оны 369 дүгээр тушаалын 1,2-р хавсралт. УБ, 2011
[2] С. Батхуяг. хүмүүншихийн мөн чанарыг ойлгохын учир. Илтгэл 2011 он
[3] Лхагва Г. Хүн, хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал УБ., 2010.
[4] В.Инжинаш. Хөх судар. Тэргүүн дэвтэр.
[5] Ч.Дэмчигдорж. Эрдэнэт толь хэмээх шаштир оршвой. УБ., 1995
[6] Нээлттэй сургууль сонин 2012 оны № 1
[7] Иванов И.П. ”Хүмүүжих  жам ёс, хүмүүжүүлэх учир зүй” “Советская педагогика” 1987. №3.
[8] Монголын скаутын боловсролын тогтолцоог боловсронгуй болгох онол, арга зүйн үндсэн асуудал. УБ, 2011 он. /Диссертаци/
[9] Мөн тэнд
[10] Мөн тэнд
[11] "Чингис хааны сургаалын товчоон. УБ.,2008                                                                                          
[12] Монголын скаутын боловсролын тогтолцоог боловсронгуй болгох онол, арга зүйн үндсэн асуудал. УБ, 2011 он. /Диссертаци/
[13] Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр. 2012 он
[14] ХТҮГ-ын стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр 2012 он
[15] Хүүхдээ сонсъё аяны асуумжийн судалгааны үр дүн. ХТҮГ, 2012
[16] Scouting an education system.  Geneva. 1997