Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНД

ӨНЧИН ХҮҮХДИЙГ ӨӨРИЙН ХҮҮХЭД МЭТ ӨСГӨЖ ХАРИЛЦАЖ

БАЙСАН УЛАМЖЛАЛ

Улаанбаатар Их Сургууль

Гэр бүл судлалын  магистрын 1-р курс

Ц. Дэлгэрмаа  

Зорилго нь: Монголын уран зохиолын түүхэн сурвалж бичгүүдэд гэр бүлийн харилцаанд өнчин хүүхдийг өсгөн өөрийн төрсөн хүүхэд мэт өсгөж байсан уламжлалын тухай хайх

Зорилт:

  1. Монголын нууц товчоо болон бусад түүхэн зохиолд өнчин хүүхдийг асран өөрийн хүүхэд мэт өсгөсөн тухай хайх
  2. Монголын түүхэн зохиолд төрийг түшилцэж явсан хатдын амьдралаас өнчин хүүхдийг асран хүмүүжүүлсэн тухай хайх
  1. 1.    Монголын нууц товчоо болон бусад түүхэн зохиолд  өнчин хүүхдийг өөрийн хүүхэд мэт өсгөсөн тухай хайх нь

“Монголын нууц товчоо”нд Суут богд Чингэс хааны эх Өүлэн эх хэрхэн өнчин хүүхдүүдийг өөрийн хүүхэд мэт өсгөн тэжээсэн тухай гардаг билээ. Монголын нууц товчоо зохиолын 135 д: “...Татарын хороолсон Нарату шүтээнээ буусан нутгийг талахуйд нэгэн өчүүхэн хөвүүн гээснийг бидний сэргүүд нутгаас олжээ. Алтан ээмэг дөрвөн чит булгаар доторлосон таж торгон элгэвчит бяцхан хөвгүүнийг авчирч Чингэс хаан Өүлэн эхэд бэлэг хэмээн өгөв. Өүлэн эх өгүүлрүүн: Сайн хүний хөвүүн ажгуу язгуур сайт хүний ураг буй за. Таван хөвгүүдийн дүү зургадугаар хөвгүүн болгон Шигихэн Хутугу хэмээн нэрийдэж эх асрав” хэмээжээ.

  Тэмүүжин олон аймгийг нэгтгэх явцдаа Ван хаан Жамухтай Удуйд мэргэд аймгийг даран сөнөөгөөд тэдний нутаг дээрээс нүдэндээ гэрэлтэй, нүүрэндээ цогтой булган арьсан малгай бугын арьсан гутал, булган арьсан нэхий дээл өмссөн таван настай хүү Хүчү -г олзлов. Тайчуудын нутгаар довтлон явж байхдаа Бэсүд нутаг дээрээс нэгэн хөвүүнийг олсон нь Хөхчү гэдэг нэртэй байлаа. Жүрхин аймагтай Хэрлэнгийн хөдөө арлын Долоон болдог гэдэг газар Тэмүүжинг байлдан явахад Борохул нэртэй хөвүүнийг олж авсан тухай тус тус өгүүлдэг.

“Алтан товч” судраас харвал энэ түүхийг “Жүрхэний нутгаас Борохул нэрт өчүүхэн хөвүүнийг Зэвгэ авчирч Өүлэн эхэд өгөв. Мэргидийн нутгаас олсон Хүчү нэрт хөвүүнийг Бэсүд нутгаас олсон Хүгэчү нэрт хөвгүүн, Татар нутгаас олсон Шихихутаг нэрт хөвгүүн, Жүрхэний нутгаас Борохул нэрт өчүүхэн хөвүүнийг энэ дөрвөнийг гэр дотроо тэжээж Өүлэн эх асрав. Хөвгүүддээ өдөр үзэх нүд, шөнө сонсох чих болгоё хэмээн гэр дотроо тэжээв. Эд иргэний ясун жүрхэ болов” хэмээн бичиж үлдээсэн нь дээрхи түүхийг баталгаажуулж байна. 1

Эдгээр хөвгүүд хэрхэн өсөж хүмүүжсэн тухай үргэлжлүүлэн хайж үзвэл:

“Монголын нууц товчоо” зохиолд Чингэс хаан Борохулд өгүүлрүүн: Эх минь Шигихутуг, Борохул, Хүчү, Хөхөчү та дөрвийг  Хүний нутгаас  Хөсрөөс олж Хөлдөө дүрж  Хүүчлэн асарч тэжээхдээ Хүзүүнээс нь татаж Хүний зэрэгтэй болгож Эгэмнээс нь татаж Эрийн зэрэгт хүргэж Хөвүүдээ, манд, нөхөр сүүдэр болгоё хэмээн тэжээв та нарыг...” гэж гардаг бөгөөд ямар зорилгоор тэднийг тэтгэн дэмжиж ирсэнийг нь мэдэх боломжтой. 2

Өүлэн эхийн энэ сургамжаас  өнчин хүүхдүүдийг өөрийн хүүхдүүдтэй адил үзэж өсгөсөн нь тэдэнд үнэнч нөхөд болгон өдөр үзэх нүд шөнө сонсох чих болгож өсгөж чадсанг доорхи түүхэн үйл явдалуудаас харж болно.

Жүрхэний Борохул хүү 

Рашидданы “Судрын чуулган”аас уншвал: Борохул нь Чингэс хааны зоог шүүсийг амсан шалгагч, бас буурч, дараа нь хишигтэн, хишигтэн цэргийн ноён улмаар түмтийн ноён болж баруун гарын хүндтэй ахлах ноён болсон... гэж бичжээ.

Жүрхэний нутгаас Зэвгийн авч ирсэн Борохул нэрт өчүүхэн хөвүүн нь Чингэсийн есөн өрлөгийн нэг болсон бөгөөд Алтан товч судраас Суут богд Чингэс хаан зах нутаг нутаглаж, явахдаа дотоод есөн сайдаа авч явах цагт Эзэн зарлиг болгосон, Ер нь аливаа зүгээс дайсан болохуйяа мэдээгүй ирэх магадлалтай, Есөн сайд минь та, гурван хувь бол гэж зарлиг болгов. Зэлмэ Чу мэргэн Шихихутаг гурав, Боорчи Борохул Мухалай гурав, Торхон шар, Зэв, Хара Хирүгэ гурав нэгэн хувь болж гэрт суув гэж бичсэн байгаа нь түүнийг өөрт шадарлан ойр байлгаж чухал хэргийг даатгадаг байсныг харж чадна. 3

Борохулын тухай бичсэн хэсгийг  Рашид-ад-Дин Судрын чуулганаас олж товчлон ойлговол: Чингэс хаан идэрхэн үедээ хэсэг Тайчуудтай байдлахаар яваад тэнд аман хүзүү хоолойгоороо шархаджээ. Түүний хамт Боорчи ноён, Борохул ноён хоёр байв. Замдаа тэд түүнийг мориноос нь буулгаж их цас орж байсан тул чулуу улайтган ус асган уур гаргаж Чингэсийн хоолойд тээглэсэн нөжийг гаргасанд амьсгал авахад арай амар болсон байна. Цас их орж байсан тул Боорчи ноён дахаа дэлгэн барьж хоёр гараараа барьж үүр цайтал зогссон тухай гардаг. Борохул Ноён энэ үед Чингэсийн хажуугаас алхам чи холдолгүй хамгаалан байсныг олж уншиж болно.

“Алтан товч” зохиолоос Хаан Чингэс зургаан сайдаа авч Чахарай ханыг арлаж, Зэлмэн ханыг өлгийдөж явтал хаан морин дээрээ зүүрмэглэн зүүдлээд зүүдээ хэлэх үед нь Шихихутаг: Би хол хардаг билээ, Монгол болов уу, Болгоож өгье Мэргид болов уу, Мэдэж өгье, Тайчууд болов уу Таньж өгье гэв. Борохул хэлэв: Харвах суманд халхавч больё, Шурхирч ирэх суманд Саравч больё, Эзэний алтан биед сум бүү хүргэе гэв. Түүний үгнээс  Эзэндээ үнэнч боолын зүрхийг эндээс харж болно

.”Алтан товч” зохиол дээр Эзэн зургаан сайдын үгийг сонсоод дараа нь Шихихутагийг  зүүдэнд харсан нь үнэн эсэхийг үзүүлэхээр гурван хөтлийн цаадахийг харуулахаар явсанд тэрээр шунхан шаргал морь унаж явжээ. Үнэхээр зүүдний тайлал үнэн байж гурван зуун дайсан байгааг олж мэдээд Монгол уу, Тайчууд уу, Мэргид үү тодорхой таниж чадалгүй зугтан иржээ. Дайснууд нэхэн ирэх үед Чингэс хаан зургаан сайдын хамт тулаанд оржээ.

Тулааны үед Борохулын толгойд сум тусаад унах үед Боорчи түүнийг хурцлан Борохул эр хүн ганц суманд унадаг буюу, эврээ цохиулсан ишиг шиг дэрдэс гээд унах чинь юу вэ гэхэд Борохул халхавчаа барьж мориндоо морьдоод эрэлхэгээр байлдсан байна. Борохул бол дайчин эрэлхэг баатар байсан. Энэ тулаан Чингэс хаан сайд нарын хамт ялсан бөгөөд буцах замдаа сайдуудаа магтсан тухай үргэлжлүүлэн олж уншиж болно. 4

Энэ түүхийг өгүүлдэг өөр нэгэн зохиол болох “Гурван зуун тайчуудыг дарсан домог” зохиолд :Суут богд Чингэс хаан өөрийн өрлөг жанжиныг магтсан хэсгээс харвал Борохулийг магтахдаа: Харвах суманд халхавч болсон, Сурхирах суманд саравч болсон, толгойдоо сум тустал, тохмоо эс алдаж, дөрвөл хайхаргүй тохомоо барьж байсан Хушаны сайд Борохул минь гэж магтсан нь Борохулыг дотны хамгаалагч жанжин  түүнд хир их итгэж, үнэлж  байгааг илэрхийлжээ.

“Алтан товч” судраас Ван хааны хүү нялх Сэнгүм  Чингис хаан руу довтон ирж дайтсан үед өөрөө шархтсан бөгөөд Чингис хаан шөнөдөө тулаан болсон газраас зайлан холджээ. Тэр шөнө Өгөөдэй, Борохул, Боорчи, гурав цэргүүдийн дунд байсангүй, Өглөө болж нар гарах үед Боорчи холоос гүйж ирж байгааг харсан бөгөөд удалгүй Борохул Өгөөдэйн хамт нэг морь сундлан ирсэн. Өгөөдэй хүзүүндээ шарх авсан тул Борохул бөглөрсөн цусыг нь амаараа сорж авч амийг нь аварч байсан түүхтэй. Энэ түүхээс харахад Борохул гэр бүлийн гишүүдээ аюул ослоос хамгаалдаг ах нь байсныг харж болно. 5

Рашидданы “Судрын чуулган”д: Чингэс бүх цэргийн ноёдод соёрхол хүртээх үед Боорчи, Борохул хоёрт хувь өгсөнгүй энэ үед Борохул асуухад Чингэс хаан хариулжээ. “ Та нар бол энэ өгч байгаа соёрхолоос ч илүү дээгүүр зэрэгтэй хүмүүс гэсэн.  Энэ утгыг үргэлжлүүлэн судлаж үзвэл Хубилай хааны үед Борохул ноёны хөвгүүд цэргийн их захирагч байсан ба хааны их цэргийг удирдсан цэргийн жанжин ноёд итгэсэн инаг хүн байлаа гэж тэмдэглэсэн байна. 6Өгөөдэй хааны үед Борохулын хүү Жүбүхүр-Хуилай түүний орлогч байсан бол, Хубилай хааны үед нэг гэргий нь Борохулын удамын охин байсан байна. 7 Түүний удам угсааг Их хаан өөрийн дэргэд шадарлах сайдууд болгож итгэл хүлээлгэсэн нь энэ буй за.

“Алтан товч” дахь Чингэсийн есөн өрлөгийн өнчин хүүтэй цэцэлсэн шашдираас харвал Бор дарсны тухай ярилцах үед Борохул хэлсэн нь “Амрагаас алгасуулдаг биш үү, Алиа муу сэтгэлийг төрүүлдэг биш үү, хамт явах нөхрөөс хагацуулдаг биш үү” хэмээн архийг хэрхэн үздэг тухайгаа илэрхийлсэн байдаг нь архины хор уршигийг ойлгодог хүнлэг чанартай, цэцэн ухаантай нэгэн байсныг олж мэдэж болно..

Мөн энэ номын Суут богд Чингэс өөрийн есөн өрлөгтэйгээ төрийн хэргийн талаар зөвлөлдсөн хэсгээс харвал Борохулийг дайн байлдаанд угтаж ороод хатгалдан тэмцэгч чин зоригтой, бутрал үгүй хурдан явдалтай хүлэг баатар болохыг магтаж үг хэлэхийг нь зарлиг болгоход нь Борохул:

Эс гатлах давалгаа мэт ихт мапам далай минь

Элдэв жаран жигүүр лүгээ төгссөн их хүчит гарьд минь

Эрэхүй есөн хүслийг хангагч тунамал чандмань минь

Эрийн эр төрсөн суут богд Чингэс минь гээд

Арга хүчин хоёрыг тэгш чадаад

Асар их хүчнээ үргэлж үл омгорхон

Аливаа иргэнийг эеэр нөхөр татаад

Алстаа сонстох сайн нэр хичээх хэрэг буй за

 Хэмээн хэлсэн нь Их эзэн хаанд аймшиггүйгээр зөвлөлгөө өгч болох эрх мэдлийг хүлээн авсан дотно найз болохыг нь харж чадна. 8

Рашидданы “Судрын чуулган”д: Борохул үхэж таарахгүй тийм уй гашуу бүү болог гэж 9ихэд үнэлж хүндэтгэдэгээ илэрхийлж байсан боловч “Алтан товч” зохиолоос Түмэд иргэний ноён Дайдагул Сахурийг үхсний хойно эм нь Ботохой Тархун түмэд иргэний хэргийг захирч байсан. Энэ үед Борохул их цэрэг дагуулан очиж Түмэд аймгийг номотгох дайнд ялсан бөгөөд буцах замд нарийн харгуй замаар явж байхад нь дайсан гэнэт довтлон Борохул ноёнийг барьж алсан тухай бичсэн байдаг. Энэ мэдээг сонсоод Чингис ихэд хилэгнэн өөрийн биеээр дайтах гэхэд Боорчи Мухулай хоёр түүний өмнөөс явахыг ятган байж зөвшөөрүүлсэн байна. Борохул Чингис хааны хувьд ихэд эрхэмлэн хүндэтгэдэг нэгэн, үнэ цэнэтэй дүү байсан. 10

Дүгнэлт БОРОХУЛ гэж хэн байсан бэ?: Их Эзэн хаанд аймшиггүйгээр зөвлөлгөө өгч болох эрх мэдлийг хүлээн авсан дотно найз,  цэцэн ухаантай нэгэн, дайчин эрэлхэг баатар, үнэнч боол, гэр бүлийн гишүүдээ аюул ослоос хамгаалдаг ах нь, удам дамжин итгэл хүлээсэн инаг хүн, шадарлан ойр байлгаж чухал хэргийг даатгадаг өрлөг жанжин зэрэг Чингис хааны хувьд ихэд эрхэмлэн хүндэтгэдэг  дүү нь байжээ.

Татарын Шихихутуг хүү

Татар нутгаас олсон Шихихутаг нэрт хөвгүүн нь удам сайтай айлын хөвгүүн болохыг Монголын Нууц товчоо дээрээс Өүлэн эхийн хэлсэн үгээс харж болно. Рашиддан Судрын чуулганаас харвал Чингис хаан татар угсаатаныг хоосруулж байх үед авааль гэргий Бөртө үжин хүүхэдтэй болохыг хүсдэг байжээ. Тэр үед Чингэс замын хажуугаас унасан хүүхэд гэнэт харж өргөн авч Бөртө үжинд өгч явуулан Өөрийн хүүхдийн оронд энэ хүүхдийг хүмүүжүүлж хайрла хэмээжээ. Гэргий нь түүнийг төрсөн хүүхэд шигээ гэр бүлдээ хүндэтгэн нэр төртэй өсгөжээ. 11Үүнээс үзэхэд Шихихутугийг түүний гэргий нар хүмүүжүүлсэн байна.

Шихихутуг багын их эрэмгий зоригтой хүү байсан тухай Рашидданы “Судрын чуулган”аас харвал Өвлийн тэсгэм хүйтэнд Чингисийн ордон нүүдэл хийж байсан байна. Тэр үед 15 настай Шихихутуг хунгар цасан дундуур өнгөрөх сүрэг янгирыг хараад Хүчүгү д “Энэ янгир цасанд зугатааж чадахгүй нь, би хөөн явж харавсугай гэсэнд Хүчүгү зөвшөөрчээ. Шөнө дүл болж хоноглох газраа зогсох үед Чингис хаан Шихихутуг хаана байна хэмээсэнд Янгир авлахаар явсаныг нь хэлдэг. Хаан ч ихэд уурлан хүү амь алдана гэж ихэд уурлан Хүчүгүг тэрэгний модоор цохижээ. Шөнө Шихихутуг эсэн мэнд ирсэн бөгөөд тэр үедээ гучин янгираас гурав нь зугтаасан байх бусадыг нь алаад цасан доор хаячихаад ирлээ гэхэд Чингэс өчүүхэн хөвгүүний эрэлхэг зан чанарыг ихэд биширчээ. 12

Мөн Рашидданы “Судрын чуулган”аас: Шихихутуг арван хоёр настай байсан ба Бөртө үжинг хамгаалах эр хүнгүйгээр гэрээ сахин, хаан дайлаар мордсон үед гэнэ. Тайчуудын харьяаны морьтой тагнуул хийж явсан хүн гадаа тоглож байсан Тулуйг шүүрч авчээ. Энэ үед Бөртө үжин нэг гараас нь, Шихихутуг нөгөө гараас нь зуурч дийлэхгүй болох үед Барака нэртэй хоточ нохой нь дайсан руу дайрч хүүг салгаж авч чаджээ. Тэрээр дүүгээ хамгаалагч ах байсан байна.

   Эзэн богд Чингэсийн өргөмөл дүү Шигихутуг нь Чингэсийн Есөн өрлөг жанжины нэг бөгөөд “Гурван зуун тайчуудыг дарсан домог” зохиолд Суут богд Чингэс хаан өөрийн өрлөг жанжиныг магтсан хэсгээс харвал: Мэргидийг мэгдүүлж Монголыг мохоож тайчуудыг таньж Дайсныг даралцсан Татарын Шихихутуг минь хэмээн  магтсан байдаг./13 /

Энэ түүхийг Алтан товч дээрээс дэлгэрүүлэн харвал Чингэс морин дээр зүүрмэглэн сэрээд өөрийн зүүдийг зургаан сайдад хэлэх үед тэдний үгийг сонсоод дараа нь Шихихутагийг  зүүдэнд харсан нь үнэн эсэхийг үзүүлэхээр гурван хөтлийн цаадахийг харуулахаар явсанд тэрээр шунхан шаргал морь унаж явжээ. Үнэхээр зүүдний тайлал үнэн байж гурван зуун дайсан байгааг олж мэдээд Монгол уу, Тайчууд уу, Мэргид үү тодорхой таниж чадалгүй зугтан иржээ. Дайснууд нэхэн ирж Чингэс хаан зургаан сайдын хамт тулаанд оржээ. Чингис хаан өөрийн зургаадугаар дүү Шихихутагийг харах нүд сонсох чих мэт үзэж толгойн сэргийлэхээр явуулаад өөрсдийгөө хамгаалж чадсан.

Рашидданы “Судрын чуулган”аас харвал Хан меликийн түүх дээрээс Шихихутуг дайснаа хуурах мэргэн аргыг олж морин дээр эсгий боож тавиад олон цэрэгтэй мэт харагдуулан хуурч цайз руу дагуулан орж дайснаа дарсан түүхийг дэлгэрэнгүй уншиж болно. Тэрээр ухаан саруул цэцэн мэргэн хүн байжээ.14

 “Алтан товч” зохиол 88р хуудас дээрээс өнчин хүүтэй сархадын тухай хэлэлцэх үед Шихихутаг Хутагт Богд эзэний минь хишгийг, хун галуу мэт дуугаа нэгтгэж хулан чихтэй мэт зүсээ нийлж хурсан олон жаргалдан цэнгэлдэе ...гэж хэлсэн байна. Энэ нь арга хүчийг тохируулан хэрэглэж, бардах сэтгэлийг тэвчиж, хүмүүсийн хүчийг өөртөө татаж чадвал алсдаа сайн нэрийг сонсох болно хэмээсэн утгыг агуулжээ. Тэрээр аливаа зүйлд арга хүчийг тохируулан хэрэглэгч байжээ.

Мөн Их Эзэн Чингэс өөрийн есөн өрлөгтэйгээ төрийн хэргийн талаар зөвлөлдсөн хэсгээс харвал Шихихутагийг магтахдаа Дайн байлдааны үед эхлүүлэхэд ухаан нэмдэг, хэлэлцсэн үгийг минь үл өгүүлэгч битүү лонх, ухааныг хурцлагч билүү, бууц нутгийг минь засагч хэмээн хэлсэн байна. Тэрээр нууцийг үл задлагч, ухаанг нь хурцлагч дүү нь байжээ.

Хариу Шихихутаг Чингэс хааныг  гүүр тавих аргагүй өргөн Хэрлэн мөрөн, хүлэг морь  үл давагдах өндөр их хад асгат уул, хөвчин бүгдийг асрагч алтан умайтаны хөвгүүн, Хүний эрхт төрсөн суут богд Чингэс минь гэж магтаад түүнд зөвлөж хэлэхдээ:

Үлэмж их жаргалдаа үтэл бүү ташуур

Үнэн төр шажиныхаа тул амь биеэ тэвч

Үргэлж хүч өгсөн нөхрөө бүү март

Өчүүхэн бодол үгүй юманд орохоо тэвчилтэй л буй за гэж зөвлөсөн нь

Хаанд зөвлөх эрхтэй дотно найз нь байсныг ойлгож болно.

Мөн Монголын нууц товчоо зохиолын 203- д Гүр улсын хулгайг гэсгээж, худлыг мохоож гэмтэн зэмтэнийг гэсгээ, Алдалтан буруутанг алдуул хэмээн Гүр улсын дээд заргачаар түшив. ..Хариу Шихихутугийн хэлсэн үгэнд Миний мэт орч  өргөмөл дүү энэ сацуу хувь хэрхэн авав. Соёрхвоос шороон хэрэмт балгаснаас өгөхийг хааны соёрхол мэдтүгэй хэмээн өчжээ. гэсэн хэсгийг олж уншиж болно. Үүнээс үндэслэн өргөмөл дүү Шигихутугт Чингэс хаан  итгэж төрийн их хэргийг хариуцуулан өгч болох итгэмжит хүн мэдэх боломжтой.

Шихихутаг 1180-1262 1206 онд Улсын дээд заргачаар томилогджээ. Монголын нууц товчоонд Чи миний зургаадугаар дүү биш үү. Өргөмөл дүү чамд өөрийн дүү нарын адилаар өмч хувийг олгоё. Бас чиний хүргэсэн ач тусыг бодож есөн ослыг хэлтрүүлэх болгоё гэж зарлиг болгов... гэж гардаг нь хаан ахын өршөөл нигүүсэлийг хүртсэн дүү болохыг уншиж болно.

Хэлсэн шийдсэн тогтсон зарлиг солилцохыг Хөх дэвтэрт нарийн бичиж байх үүргийг Шихихутагт өгсөн  ба Улсын их бичээч байсан.15,

Тэрээр хаанд зөвлөн хааны өмнөөс шүүн таслах ажиллагаа явуулах, төрийн байгууллага иргэдийн хуулиар зөвшөөрөгдсөн ашиг сонирхолыг гэмт халдлагаас хамгаалах зөрчигдсөн эрхийг сэргээх Хаан төрийн үзэх нүд сонсох чих болж улс гүрнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах бичмэл хууль цааз боловсруулж хаанаар батлуулах мөрдөх зэрэг үүрэгтэй байжээ.

Рашид-аддины “Сударын чуулган”д: Тэр наян хоёр настайдаа заргыг шударгаар шүүж ялтануудад их энэрч байжээ.Тэр “Айж цогчин хэрэг хүлээх хэрэггүй гэж нэг биш удаа давтан хэлдэг байсан. Тэр үеэс одоог хүртэл Могулистанд ч, бусад нутагт ч түүний арга барил зарчмыг шүүхийн шийдвэрийн үндэс болгодог нь шүүгчдын маргаанаас тодорхой байна гэжээ. Энэ зүйлээс Шихихутаг улсын дээд заргач боловч эгэл энгийн ардад ээлтэй үнэнд тулгуурладаг шүүгч болохыг харж болно.16

Шихихутаг Монгол төрийн олон хууль цааз, түүхийн олон бичиг баримтыг зохион боловсруулсан бөгөөд Их засаг хуулийг анхлан боловсруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан хүн юм. Тэрээр бичгийн их эрдэмтэн хүн юм.

Нөгөө талаар Монгол улсын түүхээс харвал Шихихутаг Чингис хааны өв залгамжлагч хаадын дэргэд Мөнх хааны үеийн нэрт шүүгч Мөнх сар ноён, Хубилай хааны үеийн шүүгч Байжуу болон олон хятад түшмэдийг өөрийн гараар сурган бэлтгэж  байсан  сурган хүмүүжүүлэгч хүн болохыг олж мэдэж болно.

Чингэсийн их хатан Бөртө Үжинг нас барах үед Шихихутуг “Ээ сайн эх минь хэмээн цуурхиран уйлж байв. гэжээ. Шихихутуг өөрийн ээжид их хайртай байсны илрэл юм.17

ДҮГНЭЛТ: ШИХИХУТУГ бол нууцийг үл задлагч, ухаанг нь хурцлагч дүү, Хаанд зөвлөх эрхтэй дотно найз, төрийн их хэргийг хариуцагч, үнэнч шударга мэргэн ухаантай, эрэлхэг зан чанартай, ахын өршөөл нигүүсэлийг хүртсэн, Улсын их бичээч, дээд заргач боловч эгэл энгийн ардад ээлтэй үнэнд тулгуурладаг шүүгч, сурган хүмүүжүүлэгч , Их Хааны  харах нүд сонсох чих нь байсан.

Мэргидийн Хүчү, Бэсүдийн Хөхчү хүү

Мэргидийн нутгаас олсон Хүчү нэрт хөвүүнийг Бэсүд нутгаас олсон Хүгэчү нэрт хөвгүүний тухай хайвал хэд хэдэн хэсгээс гайхалтай сайхан түүхийг уншиж болно. Энэ нь Монголын нууц товчоонд Цагаадай хүүг нь Зүчи ахын эсрэг Хаан аавын хүүхэд биш хэмээн сэтгэл өвтгөм үг хэлж эхийн сэтгэлийг зовоох үед  Хөхөчү Бөртө үжинг хамгаалан: Та нарыг төрөхийн урьд одтой тэнгэр орчиж олон улс байлдаж орондоо унтах завгүй олзлон булаалдаж байв...Чалчаа муу үгийг Цагаадай чи хэллээ. Бүлээн элэг нэгтэй Бөртэ хатаны хүүхэд биш үү... хэмээн эхийн ачлалыг умартах бий хэмээн Бөртэ хатан эхийн гавьяаг сануулан хэлж байгаа хэсгийг харвал тэрээр гэр бүлийн дотор үнэ цэнэтэй сургамж үгийг хэлж дүү нарыг сургадаг ах болохыг харж болно.

Алтан товч судраас Хонхотаны Минлэг эцгийн долоон хөвгүүдийн дунд Хөгэчү тэб тэнгэр хэмээх хүүтэй байсан. Минлэг эцгийн хүүхдүүд Хасарт омогших үед Хасар хаан ахад хэлж учрыг олох гэсэнч тэдний дунд маргаан үүсдэг. Энэ үед Минлэгийн хүүхдүүд тэдний байдлыг ашиглан Хасарыг буруутгах хагаралдуулах санаа гаргаж Чингэс Хасарыг бариулахаар хүмүүсийг явуулдаг.

Энэ үед Хүчү Хөхэчү нар Өүлэн эхэд үнэн байдлыг хэлж урдчилан сануулж хэлсэнээр тэрээр Өүлэн эх Хасарын ханцуйг уяж, малгай бүсийг нь авч очиж Чингэс хааныг зэмлэн буруушааж хааныг эхийн өмнө буруутай зүйлээс уучлалт эрэх байдлыг бий болгодог. Энэ байдлаас харвал Хүчү Хөхэчү нар нь гэр бүлийн дотоод эв нэгдэлд чухал хувь нэмэр оруулж нэгэн гэр бүл гэсэн сэтгэлийг эрхэмлэж байсныг харж болно.

Алтан товч зохиол дээр Чингэс хаан өмч хөрөнгүүдийг  өгье хэмээн зарлиг буулгаж ээж Өүлэн үжинд Отчигинд түмэн иргэн өгч Ноёдоос Хүчү, Хөхэчү, Жунхур, Хурхасад дөрвийг өгсөн тухай гардаг.18. Энэ байдлыг харвал Хүчү хөхэчү нар нь Өүлэн эхэд ихэд шадар ойр байж туслан дэмжиж амьдардаг байсан байх боломжтой юм.

Эдгээрийн дөрвөн хүүхдийн амьдрал өөрчлөгдөн хааны шадар туслах, дайчин өрлөг жанжин, шүүгч, гэр бүлийн дотоод эв нэгдэлийг эрхэмлэгч болж өөрчилөхөд нөлөөлсөн  үндэсийг Монголын нууц товчоо дотор Өүлэн эхийн амьдралаас эргэн хайвал Өүлэн эх, Есүхэй баатар хааныг хорлогдон нас барсны дараа өөрийн өнчин хүүхдүүдийг хэрхэн өсгөсөн тухай /18/...Өүлэн үжин мэргэн төрж Өчүүхэн хөвгүүдээ тэжээхээр Өхийтөл богтолж огдойтол бүслэж, Онон мөрний өөд уруу гүйж, Олирс мойл түүж, Өдөр шөнө хооллон тэжээв гэж гардаг нь Өүлэн эх угийн саруул ухаантай хүн байсан бөгөөд өнчин хүүхдүүдийнхээ төлөө хүнд амьдралыг туулсан нь өнчин ядуусыг тэтгэн туслах ухааны эх үүсгэвэр байх боломжтой юм.

Өүлэн эх нь гадаа гарч эр гэрт орж эм болон халиар мангир түүж, үндэсч ухаж, амьдралын төлөө дайчин цогтой тэмцэгч байж үүгээрээ үлгэрлэн үр хүүхдүүдээ зовлон бэрхшээл дунд цогтой тэмцэгч, зовлонг сөрж чадах сэтгэлийн тэнхээг өгч хүмүүжүүлдэг байжээ.19 Ухаантай төрсөн Өүлэн эхийн төрсөн, өсгөж бойжуулсан аль аль хүүхдүүд нь мэргэн ухаанаар дүүрэн, дайчин эрэмгий, гэр бүлийнхээ эв нэгдэлийг эрхэмлэгчид болсон ба“... Эх Үжингийн халиар мангираар тэжээсэн хөвгүүд Хаад болохуйд хүрэв, Зарчимтай Үжин эхийн Заргасаар тэжээсэн хөвүүд, засагтан сэцэд болов” хэмээн  Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг.

Монголын төрийг түшилцэж явсан хатдын амьдралаас өнчин хүүхдийг хэрхсэн тухай хайх

Хараучаг  тайжийн хүү

Рашидданы Судрын чуулганд : Есүхэй баатарын эхнэр Өүлэн эхийн хүүхэд болох Тэмүүжин Хасар Хачиун Отчигин бөгөөд Нөгөө эхнэр Сочихэл эхээс Бэгтэр Бэлгүтэй хоёр төржээ. Бэгтэрийг Тэмүүжин Хасар хоёх харваж алсан нь Муулан хааныг хороох шалтгаан болсон. Энэ түүх үргэлжилэн явсаар л хааны удамын дотор Хараучаг  тайжийн эхнэр хүүхэд төрүүлсэн байна

 Эсэн тайш охин бол амьд үлдээж хүү бол алах шийдвэр гаргах үед Бэхичи хэмээх хүн төрсөн хүүхдийг хааны удам байсан тул аврахыг хүсэж  охин хүүхэд мэт шээлгэсэнээр амийг нь аварч нуусан байна. Шалгахаар ирсэн хүнийг харьсан хойно нь хүүхдийг сольж Удуй эмгэнд өгч нуулгасанаар Эсэн тайш нь Монгол хаадын угсааны хүүг олоогүй.

 Дараа нь ойрдын Өгэдэй баатар Хараучаг тайжийн нуган хүүг хэлж монголд хүргэх даалгавар өгсөн. Энэ хүүхдийг дөрвөн хүн хамгаалан зугтааж, тулалдан хамгаалж явсаар Хутагт Шигүшд хүргэж өгсөн.

Батмөнх даян хаан

Их Эзэн Чингэсийн Арван тавдугаар үеийн ач Баянмөнх жононгийн хүү Батмөнх хаан 1464-1517   дөчин жил Монгол  улсыг нэгтгэн захирсан хаан билээ. 1467 онд Мандуул хаан нас барж Мандухай сэцэн хатан бэлэвсэрч үлдэх үедээ хааны суурийг хоосон байлгахад хүргэвэл дайн самуун ихсэх тул нялх балчир насандаа эцэг эхээсээ хагацсан Батмөнхийг өөрийн биеээр өсгөн хүмүүжүүлж хаан суулгасан.

Энэ тухай “Мандухай сэцэн хатаны тангараг”ийн шүлэгт...

Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж

Өндөр их босгыг чинь нарийн гэж

Өөр хүмүүнд эчвээс

Өөд үгүй нэр надад хоцормуй

Балчир үрийг чинь бага гэж

Басаж доромжлох үгүй би

Болд уныг их гэж

Богтлогдож очих үгүй би гэж гардаг...гэсэн

бөгөөд Хатан Мандухай өөрийн хүслийг биш улс Монголын төлөө дорд болгогдож бага насны хүүхдийг хаан хэмээн зарлаж өөрөө Их хатан хэмээн зарласан түүхтэй. Түүний хүмүүжүүлсэн Батмөнх хөвгүүн даяар Монголыг нэгтгэн дөчин жил  захирсан хүчирхэг хаан болсон билээ.

1470 онд Монголын хаан ширээнд сууж “амь нь бат, төр нь мөнх, явдал ёсон сайн даян бүгдийн эзэн болтугай хэмээн бэлэгдэж Даян хаан цол өргөмжилж их хатан Мандухайн дэмээр улс орны тархай бутархай байдлыг таслан зогсоож чадсан.

ДҮГНЭЛТ

v  Өүлэн эх, Бөртө Үжин хатан, Мандухай цэцэн хатан, Уйду эмгэний түүх хүүхдүүдээ хүмүүжүүлсэн туршлагаас харвал ямарч хүүхэд нь хайр халамж, эрдэм ухаан, ажил хөдөлмөрийг гэр бүлийн халуун дотно харилцаан дундаас сурч авдаг бөгөөд төрсөн хүүхэд үү? Айлаас өргөж авсан уу? Чухал нөлөө харагдахгүй байна.

v  Бөртө эхийн зорилго өнчин хүүхдүүдийг хайрлан, Чингэс хүүгийнхээ харах нүд, сонсох чих болгоно хэмээн өсгөсөн нь ёсоор болсон байгааг үзвэл сэтгэлийн хандлага чухал нөлөө үзүүлдэг талаар таамаглал байна.

v  Ах дүүсэг, элгэмсэг харилцааг гэр бүлдээ бүрдүүлж өгсөн байдлыг харвал гэр бүлдээ хүч дутах үед нэгэн санаатай байж, эцэг эхийн сургаалд дуулгавартай хандаж, дотоод эв нэгдэл эрхэмлэн байгаа чанарыг уламжлан авах нь зүйтэй санагдана.

Ишлэл  авсан эх сурвалжууд:

  1. Алтан товч 48р хуудас
  2. Монголын нууц товчоо 214 хэсэгт
  3. Алтан товч  54р хуудас
  4. Алтан товч 57р хуудас
  5. Алтан товч 72р хуудас
  6. Рашидданы Судрын чуулган 126-р хуудас
  7. Рашидданы Судрын чуулган 128-р хуудас
  8. Алтан товч  94р хуудас
  9. Рашидданы Судрын чуулган 128-р хуудас

10. Рашидданы Судрын чуулган 100-р Хуудас

11. Рашидданы Судрын чуулган 70-р хуудас

12. Рашидданы Судрын чуулган 71-р хуудас

13. Монголын уран зохиолын дээжис зохиол 9 боть 82 хуудас

14. Рашидданы Судрын чуулган 362-р хуудас

15. Монголын Нууц Товчоо тайлбар 84р хуудас

16. Рашидданы Судрын чуулган  71-р хуудас

17. Рашидданы Судрын чуулган  71-р хуудас

18. Алтан товч  101-р хуудас

19. Монголын нууц товчоо 74 зүйл

20. Д. Пүрэвдорж, Монголын нууц товчооны тайлбар, УБ, 2001он

 

НОМ ЗҮЙ

  1. Монголын нууц товчоо 2011 он
  2. Ш. Гаадамба Монголын  нууц товчооны судлалын зарим асуудал 1990 он
  3. Ж. Урангуа Д. Энхцэцэг Монгол хатад
  4. Монголын уран зохиолын дээжис  1 боть 1995 он
  5. Монголын уран зохиолын дээжис  9 боть 1995 он
  6. Ж. Болдбаатар Монгол улсын түүх
  7. Лувсанданзан, Алтан товч судар, 1990 он
  8. Д. Пүрэвдорж Монголын нууц товчооны тайлбар толь ,УБ, 2001 он
  9. Рашидданы Судрын чуулган.2002 он, УБ