Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

ОРЧИН ҮЕ – МОНГОЛ ГЭР БҮЛИЙН

БОЛОВСРОЛ

Доктор  Sc.D, Проф.  Т.Намжил 

Монголчууд айл хотонд зөлуу гэр бүл нэмэгдэхээр төр нэмэгдлээ хэмээн ихээхэн хүндэтгэдэг.

Өвөг дээдсийн маань үеэс “Өрх гэр – Төр улс

                                                  Төр улс – Өрх гэр” гэсэн сургаалийг эрхэмлэсээр өрх бүлээрээ сэтгэл санаа, амьдрал түвшин байх тэр хэмжээгээр улс орон маань тийм байна гэж үздэг билээ.

            Улс орон маань хөгжил өөрчлөлтийн үеүддээ гэр бүлийн асуудлыг анхаарлын төвдөө байлгасаар ирсэн түүхтэй.

            Монгол Улсын Их Хурал “Гэр бүлийн тухай хууль”-ийг 1999 онд шинэчлэн баталсан нь  чухал зүйл боллоо.

            Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг санаачлан боловсруулж, өнгөрөгч онд Улсын Их Хурлаар батлууллаа. Энэхүү баримт бичигт Манай улсын гэр бүлийн ойрын 10-15 жилд шийдвэрлэн хэрэгжүүлбэл зохих асуудлуудыг тодорхойллоо.

            НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрлэсний дагуу манай улсын Засгийн газраас 2004 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгох шийдвэрийг гаргаж хэрэгжүүлэх ажилдаа орж байна.

            Даяарчлалын орчин дахь Монгол гэр бүлийн хөгжил, төлөвшлийн асуудал нь өөрөө манай нийгмийн хөгжлийн нэг зангилаа асуудал болон тавигдаж байна.

            Нийгмийн өөрчлөлт, амьдралын хэв маягтай уялдан гэр бүлийн амьдралд эерэг, сөрөг олон үзэгдлүүд гарах боллоо. Тухайлбал:

Монгол гэр бүлийн өнөөгийн нийгмийн төрх, гэр бүлийн бүтэц, харилцаа, нийгмийн үүрэг, өрхийн аж ахуйн бүтэц, өрх гэрээ хөтлөн авч явах арга барил өөрчлөгдөж байна.

            Гэр бүлийн харилцааны асуудалд, боловсрол болон хүн ам зүйн хүчин зүйлсийн нөлөөллийн- гээд үндэслэл бүхий шинэлэг хандлагын байр сууринаас хандсан судалгаа, дүгнэлт шаардагдах боллоо.

            Гэр бүлийн нийгмийн үүрэг өсөн нэмэгдэхийн хэрээр түүний хөгжлийн зүй тогтол, нөлөөлөгч гадаад ба дотоод хүчин зүйлүүдийн ач холбогдол нэгэн адил өслөө.

            Өнөөдөр дэлхийн улс орнуудад ч, манай улсын гэр бүлийн амьдрал, цаашдын төлөв хандлагад ч нийтээр анхаарч ажиллавал зүйтэй олон чухал эмзэг, нарийн асуудлууд бий болж байна.

Манай улсад гэрлэлтийн дундаж нас нэмэгдэж, эмээ өвөө болох нас залуужиж, гэр бүлийн бүтцэд өөрчлөлт гарах боллоо.

Монгол орны өмнөх нийгмийн үеүдэд өрх гэр дэх өөрчлөлт удаан хугацаанд гардаг байлаа. Хуучцуул “За яахав манайхан тэгж байгаад болчихно доо” гэдэг. Энэ бодол үзэл орчин цагт тохирохгүй болж байна. Арга ч үгүй. Барууны орнуудад гэр бүлийн өөрчлөлт, шилжилт нэгээс хоёр зууны хооронд явагджээ. Орчин цагт дэлхий дахинаа гэр бүлүүдийн хэв маяг, хэлбэрт ихээхэн өөрчлөлт орж, нийгэм хөгжихийн хирээр гэр бүлийн амьдрал өөрчлөгдсөөр байх жамтай боллоо.

Гэр бүлийн сурган хүмүүжил чухал боллоо

            Хот, орон газар, айлын нөхөр юмуу эхнэр нь эсвэл хоёулаа гэр бүлээ авч яваагийн хувиар ихэнх цагаа ажилдаа зориулдаг онцлогтой. Өглөө эрт гараад шөнө гэртээ ирдэг. Заримдаа хоногоор, хэдэн хоногоор гэртээ ирэлгүй ажиллаж байна. Ингэхлээр Жишээ нь, Өрхийн тэргүүнд нөхөр эхнэр, эцэг эх-ийнхээ үүргээ бүрэн гүйцэтгэх цаг зав гардаггүй. Энэ нь хүүхдүүдэд эцэг эх-гүй юм шиг байдал үүсгэдэг. Ийм нөхцөлд нөхөр эхнэр хүний аль нэг нь өрхийн тэргүүний үүргийг гүйцэтгэхээс өөр аргагүйд хүрч байна. Ээж, аав нь их ажилтай бол том хүүхэд нь дүү нараа асардаг.

            Чухам ийм үед уг айлын хүүхдийн хүмүүжил, төлөвшил нь эхээсээ юу, эцгээсээ юу, эсвэл гэрийн үйлчлэгчээс үү, эсвэл ах, эгч нараас хамаарах болж байна. Эцэг эхийн гэр бүл дэх үүрэг ийнхүү өөрчлөгдөх болж байгаагаас гэр бүлийн сурган хүмүүжлийн боловсрол шаардагдах боллоо.

            Бид улс орны хүн ам улам залуужсаар байгаа, Монгол орон хүүхдийн орон болсон нөхцөлд “Өөрсдөө тэгж байгаад болчихдог юм” гэсэн ойлголтоор үр хүүхдийнхээ өсөлт, хөгжилт, төлөвшилтөнд хандсаар байж болохгүй боллоо.

            Энэ асуудлыг яагаад хөндөн ярьж байна гэвэл Монгол Улсын Боловсролын шинэчилсэн хуулинд зааснаар долоо, зургаан насны хүүхдүүд сургуульд суралцаж, 3-5 насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдан сурч, хүмүүжих болж байгаатай холбоотой юм.

            Нийт хүүхдүүдийн дунд 0-5 насныхан бараг 50-иад хувийг эзлэх боллоо. Тэгэхээр хүүхдээ хөлд, хэлд орохоор эсвэл сургуульд орох дөхөхөөр сурч, хүмүүжихэд нь сүрхий анхаардаг аргаа өөрчлөх шаардлага гарч ирж байгаа биз.

            Ер нь үр хүүхдээ хүн шиг хүн болгох үндэс нь тулгар эхийг энэрэх ёсны үеэс бус, хүүхдийн нярай, нялх үеэс бус, харин хүүхдүүд маань хэнийнхний хүнтэй ханилах нь вэ? Тэр үеэс л тавигдаж эхэлдэг шүү дээ.

            Монголчууд “Бие төрмөл, ухаан таримал”, “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг. Хүүхдийн өсөлт, хөгжлийн эрчимтэй алтан үе нь нярай, нялх насны үе юм.

  • Орчин үеийн гэр бүлийн сонирхолтой шинж чанар бол хот, хөдөөгүй хүүхдийн хүмүүжилд их анхаарал тавьдаг. Энэ асуудал дээр ядуу, баяны ялгаа гаргадаггүй байна. Зарим эхчүүд өндөр боловсролтой болох тусмаа өөрийгөө хүүхэддээ зориулдаг болж байна. Үүний буруу юу байх вэ? Гэхдээ сурган хүмүүжил талаас нь үзвэл ийм нөхцөлд хүүхдээ багаас шилдэг хоол, хувцас хэргэлдэг болгодог. Ийм хүүхэд үнэтэй цэцэрлэг, хувийн сургуульд явж, тодорхой чиглэлээр хичээллэдэг. Заримдаа эх нь сургуультай холбоотой асуудал болон найз нөхөдөө сонгоход нь оролцохыг хичээх болдог. Ийм нөхцөлд эх нь санаа бодлоо хүүхэддээ тулгахад хүрдэг. Хэтэрхий чөлөөтэй байдаг хүүхэд бол ядуу айлын хүүхэд байдаг. Ийм гэр бүлийн эх, эцэг нь голдуу боловсрол багатай, хүүхдийнхээ төлөө бага анхаардаг. Хүүхдүүд нь өөрсдөө амьдралд сурч, боловсрол олж авахад хүрдэг.

            Дээр өгүүлсэн хоёр өөр гэр бүлийн нэг нь шаргуу ажиллаж байж хүүхдээ сайн хүн болгодог, нөгөө нь амьдралдаа алдаж онож, зөв замаар явж чадахгүйд хүүхэд нь хүрдэг онцлогтой.

  • Хүүхэд сайн хийгээд таагүй орчинд өсөх орчин үеийн хотын хүүхдүүдийн нэг гол шинж тэмдэг бол орчноосоо тусгаарлагдмал цөөхөн хүнтэй “жижиг гэр бүлд” өснө. Тэд хувиа хичээгч, эрх танхи болдог талтай. Бусадтай харилцаа таарч, тохирох, харилцахад хүүхдэд бэрхшээл учирдаг. Энэ нь голдуу айлын отгон юмуу ганц хүүхдэд гардаг.

Зарим үед хүүхдээ хэтэрхий өмөөрч хамгаалж зарим нь хэтэрхий эрх чөлөөтэй сул, хяналтгүйгээр орхидог тал гарах боллоо.

  • Хот газар янз бүрийн насны хүүхдүүд хамаатан, садан улмаар гэрийн үйлчлэгчээр хүмүүжигддэг боллоо. Энэ асуудалд хэрхэн хандах ёстой вэ? Өнөөдөр тухайн айл өрхийн хүмүүс ажлын эрхээр хүүхэд харах хүнийг хайж, ямар хөлс өгөхийг тохироод хүүхдээ хүмүүжүүлдэг. Энэ нь тухайн эцэг, эхэд ажил хийх бололцоо олдож байгаа сайн талтай ч, цаана нь буй хүүхдийн хөгжлийн хүмүүжлийн асуудал анхаарлыг татах ёстой. Ер нь асрагчаар хүмүүжигдсэн хүүхдүүд хооронд тийм ч дотно биш болж өсдөг.

Тэгэхлээр ойрын үед гэрийн үйлчлэгчийн боловсролын асуудал гарч ирэх ёстой. Тал талаасаа анхаарах зүйл боллоо. Хотын өрх гэр голдуу хоёр үеийнхээс бүрдэх боллоо. Энэ нь бага тусгаарласан гэр бүлүүд хүүхдэд илүү анхаарал тавих хэрэгтэйг эх, эцгийн үүрэг хүүхдэд үзүүлэх нөлөөлөл өсч байгааг харуулдаг. Үүнийг хот газрын эх, эцэг бүр байнга анхаарлын төвд байлгах учиртай.

  • Хүүхэдтэй харьцах харьцаа өөрчлөгдөхийн хамтад хүмүүжүүлэх арга нь өөрчлөгддөг жамтайг анхаарахгүй байх учиргүй боллоо. Хүүхдийг энэрэнгүй, зөөлөн аргаар хүмүүжүүлэх хандлага  жишээ нь XIX зууны эхнээс Америкт бий болжээ.

Урьд нь их ховор үзэгдэл болж байсан жишээлбэл хуруугаа хөхөх зэрэг муу зуршлууд одоо хэвийн үзэгдэл мэт болсон байна. Хооллох, бие засуулах, тоглох гэх зэрэгт горим журмыг дагадаг байсан нь одоо хүүхдүүд зөнгөөрөө өсөх боломжтой болж өөрчлөгджээ. Хүүхдэд илүү итгэл өгч, орчинг тааламжтай байлгаж, зөөлөн харьцахыг эуэг эхчүүдэд уриалж байна.

            Хүүхэдтэй харьцах харьцаа тэднийг хөтлөн хүмүүжүүлэх эцэг, эхийн байдал тухайн цаг хугацааны онцлогоос бус мөн тэдний соёлын уламжлалаас хамаардаг. Жишээлбэл Япон хүүхдүүд Монгол хүүхэд ч гэсэн гурван нас хүртлээ эцэг эх, өвөө эмээ, ах, эгчтэйгээ уншдаг ба хүүхдээ ганцааранг нь уншуулдаггүй заншилтай явж иржээ. Энэ нь хүүхдийг ойр дотныхонтойгоо нийтэч, хамтач болгодог болохыг эрдэмтэд нотолсон байна.

            Харин Америк, Европын хүүхдүүд эсрэгээр тусдаа өрөөнд ганцаараа уншдаг. Үүнийг тусгаар тогтнолыг дээдлэх нийгмийн үзэл, хөгжлийн зүй тогтолтой салшгүй холбоотой гэдэг.

            Өнгөрсөн үед хүүхдийг өсгөх, хүмүүжүүлэх уламжлалт аргууд байсан. Гэвч орчин үеийн залуу эх, эцгүүд уламжлалт аргаасаа мэдэхгүй, орчин үеийн арга барилаас төдийлөн сайн суралцаагүй байгаа нь бэрхшээл учруулж байна.

            Орчин үед өмнөх үеэсээ өөр нйигэм, орчинд хүүхдүүд өсч торниж байна. Эцэг, эх нь ч өмнөх үеэс өөр нийгэм, орчинд ажиллах боллоо.

  • Монголчууд Ураг барилдах улмаар хүүхдийн “хий нас” – ны үеэс эхлэн хэдэн насанд нь ямар ёс журам мэдүүлж, нийгмийн зан байдлын хэм хэмжээг дэс дараатай эзэмшүүлдэг, хүүхдийнхээ нас, бие сэтгэцийн онцлогийг харгалзан хүмүүжүүлдэг арга, уламжлалыг хүн амд системтэйгээр төлөвшүүлэхэд сургалт сурталчилгааг тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ нэгэнт бий боллоо.
  • Ер нь манай орны хот, хөдөөд урт, богино хугацаагаар явагдаж буй сургалтанд хүний амьдрал, гэрийн аж ахуй, гэр бүл, гэр бүлийн амьдрал, эдийн засаг, менежмент, харилцаа, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин гэх зэрэг асуудлыг хамарсан иж бүрэн байдлаар хандах цаг болжээ.

Гэр бүлийн боловсролд зориулсан гарын авлагыг бодлоготойгоор цуврал байдлаар гаргамаар байна. Үүнд ихээр зардал шаардагдахгүй дээ.

Гэр бүлийн боловсролыг авч буй эх сурвалжууд

 

Гэр бүлийн талаарх мэдээлэл

Хэвлэл мэдээллийн хэрэгслээс

Албан сургалтаас

Эцэг эхээс

Мэргэжилтнээс

Танил найз нөхдөөс

Хаанаас ч авч чаддаггүй

 

1

2

3

4

5

9

Эрүүл мэндиийн мэдээлэл

54.0

4.7

7.7

22.8

6.1

4.8

Хууль эрх зүйн мэдээлэл

51.6

6.7

1.9

17.4

4.0

18.4

Өрхийн төсөв, санхүү зарцуулалт

17.2

5.1

18.8

4.4

6.6

47.9

Гэр бүл төлөвлөлт

20.6

4.7

19.4

4.4

6.0

44.8

Гэр бүлийн харилцаа, ёс зүй

24.5

4.3

23.0

3.2

5.8

39.1

Хүүхдийн хүмүүжил

25.6

5.7

36.8

5.2

3.1

23.7

Гэр бүлийн үүрэг, хариуцлага

21.0

3.2

36.2

2.7

4.7

32.2

Гэр бүлийн уламжлал, зан заншил

17.6

1.7

50.6

2.5

2.6

25.1

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн болон бэлгийн боловсролын талаар

40.0

7.8

2.2

23.0

7.4

19.7

Эх сурвалж: монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал. Судалгаа. 2010 он.

            Хүснэгтээс харахад иргэд эрүүл мэндийн мэдээллийг ихэвчлэн хэвлэл мэдээллээс авдаг гэж 54%, хууль эрх зүйн боловсролыг хэвлэл мэдээллээс гэж 51.6%, нөхөн үржихүй бэлгийн боловсролыг хэвлэл мэдээллээс гэж 40% нь хариулсан байна. Өрхийн төсөв санхүүгийн зарцуулалтыг 18.8%, хүүхдийн хүмүүжлийг 36.8%, гэр бүлийн уламжлал, зан заншлыг 50.6% нь эцэг, эхээсээ авдаг гэж хариулсан байна.

            Өрхийн төсөв санхүүгийн зарцуулалт (47.9%), гэр бүл төлөвлөлт (44.8%), гэр бүлийн харилцаа ёс зүй (39.1%), хүүхдийн хүмүүжил (23.7%), гэр бүлийн үүрэг, хариуцлага (32.2%), гэр бүлийн уламжлал, зан заншил (25.1%)-ын талаар мэдээлэл, боловсролыг хаанаас ч мэдээлэл авдаггүй гэж хариулжээ. Ялангуяа зах зээлийн эдийн засаг, үнийн өсөлт ихтэй байгаа өнөөгийн нөхцөлд өрхийн төсөв, санхүүгийн зарцуулалтын талаарх мэдээллийг хаанаас ч авдаггүй гэж 47.9% нь хариулсан байгаа нь цаашид өрхийн эдийн засгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

            Дээрх асуудлуудаар албан сургалт болон мэргэжилтнээс зөвөлгөө, мэдээлэл авах нь маш бага байна. Харин эрүүл мэндийн боловсролыг 22.8% нь, нөхөн үржихүйн боловсролыг  23% нь мэргэжилтнээс авдаг гэж хариулсан нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ авсан байх магадлал өндөр байна.

            Харин үүнийг хот хөдөөгөөр нь ангилж үзвэл хөдөөгийн гэр бүлүүд эцэг эхээсээ мэдээлэл авдаг, эсвэл хаанаас ч авдаггүй гэсэн хариултыг дийлэнхдээ өгсөн бол хотын гэр бүлүүдийн хувьд хэвлэл мэдээллээс гэж ихэнх оролцогчид хариулсан байна.

            Насны хувьд 18-45 насныхны 71.8% мэдээллийг аль нэг хэлбэрээр авдаг гэж хариулсан бол 45-аас дээш насныхны 57.6% нь хаанаас ч авдаггүй гэж хариулжээ. Энэ нь гэр бүлийн боловсролын хэрэгцээ шаардлага залуу, дунд насныханд их байдаг тэд энэ асуудалд тодорхой хэмжээгээр анхаарал хандуулдагтай холбоотой юм. Үр хүүхэд, хойч үеийнхний сурган хүмүүжлийн асуудал, гэр бүлийн өнөөгийн харилцааны өөрчлөлт, хувьсалт маань гэр бүлийн боловсролыг онцлон анхаарарх зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа юм.

Гэр бүлийн менежмент үгүйлэгдсээр

Өрх гэрүүд үйлдвэрлэл, хэрэглээний нэгж болдог. Үйлдвэрлэлийнх нь үйл ажиллагаа голдуу тухайн гэр бүлийн гишүүдийн хөдөлмөртэй холбоотой. Энэ утгаараа гэр бүлийн гишүүд өрхийн тэргүүний удирдлагын дор өрх бүлээ авч явахын тулд хамтарч ажилладаг. Ийм нөхцөлд гэр бүлийн менежментийн болоод эдийн засгийн боловсролын асуудал анхаарал татаж байна.

Хятадад эдийн засгийн бүтэц нь гэр бүлийн эдийн засаг дээр, Англид гэр бүлийн менежменттэй холбоотойгоор, Германд шийдвэр гаргах систем нь менежментэд оролцож буй ажилчдад, АНУ-д корпорац нь мэргэжлийн менежерийн үйл ажиллагаанд үндэслэгдсэн байдаг.

БНСУ-д Эмэгтэйчүүдийн дээд сургуулиудад “Гэр бүлийн менежмент”, “маркетинг, эдийн засаг, харилцааны сэтгэл судлал, ёс зүй, зан араншингийн судалгаа гэх нарийн мэргэжлийн сургалт явагдсаар иржээ.

Ер нь бизнесийн бөөгнөрөл гэр бүл дээр үндэслэгдэн хөгжсөн туршлага бий. Бизнесийн бөөгнөрөлд гэр бүлийн хувийн өмчийн үзэл санаа тусдаг. Бизнесийн бөөгнөрлийн ихэнх хувь өвлөгддөг.

Хөгжингүй орнуудад мэргэжлийн менежментийг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх асуудал тавигдаж байна. Бизнесийн үйл ажиллагаа өргөжихөд гэр бүлийн хяналтын үйл ажиллагаа бүрэн хангаж чадахгүй. Чухам эдгээр гэр бүлийн менежментийг бүс нутгийн болоод дэлхий дахины үйл явцад нийцүүлэх шаардлагыг бий болгож байгаа юм.

Манай орны нөхцөлд жижиг бизнес үндсэндээ өрхийн бизнесийн аж ахуй болон хувирч, тэдний мэдэлд шилжиж байна. Ах, дүү амраг садан, нэг айл нэг төрлийн бизнес эрхлэн амжилтанд хүрэх боллоо. Ийм өрхийн аж ахуйнууд манай орны бизнесийн орчинд сайн зохиж байна.

Үйлдвэрлэлээ явуулахын төлөө тэмцэж байгаа өрх бүлийнхэндээ зориулсан менежментийн сургалтыг зохион байгуулах цаг болжээ. Үүнд тийм их хөрөнгө орно гэж үү.

Сургамж зөвлөгөөнөөс хөндийрсөөр байх уу?

Дэлхийн II дайны дараагаар эрэгтэй, эмэгтэй эрх тэгш байдал ардчилалтай холбоотойгоор голлох улс орнуудад бий болжээ. Үүнийг эрдэмтэд гэр бүлийн ардчиллын үе гэдэг.

Нас ахимаг нь илүү байр суурь эзэлж, эрх эдэлдэг нь зөвхөн гэр бүлийн төдийгүй нийгмийн гол зарчим болж байсан нь

ü  Залуучуудын боловсролын болоод эдийн засгийнх нь өсөлт хөгжилттэй уялдан алдагдахад хүрч, залуус ахмадаасаа илүү мөнгө олдог болж байна. Нөгөө талаар хот руу нүүж ирсэн залуус эцэг, эхийн хяналт, байнгын сургамж, зөвлөгөөнөөс хөндийрсөн. Хотод буй хамаатнаасаа ажил ихтэй учир хөндий байдаг. Хөдөөний залуус нь хотод шинээр бага гэр бүлийг үүсгэх болжээ.

Хотод буй гэр бүлд бэр нь хадамтайгаа хамт амьдрахыг төдийлөн хүсдэггүй. Үүнийг хадамдаа илүү хүндэтгэл үзүүлэх гээд төвөгтэй байдлыг үүсгэдэгтэй холбон үздэг. Хотын гэр бүлийн өөр нэг онцлог нь хөршүүдээсээ тусгаарлагдмал байдаг явдал юм. Хотод байшин нь ойрхон байдаг ч хөршүүд нь холбоо муу байх болжээ.

            Хотын гэр бүл нь нэг газраас нөгөө газарт алба хаших, сургуульд сурах зэргээр нүүхдээ амар болдог онцлогтой. Хотын хүмүүс нь хөрштэйгээ холбоо тогтоох цаг зав ч бага бараг байдаггүй. Тааралдсан ч нийлээд ярих сэдэв байдаггүй. Хоёр танил хүн бие биеэндээ:

  • Сайн уу? Юутай вэ?
  • Юмгүй
  • Танайхан сайн биздээ гэх зэргээр мэндчилээд өнгөрдөг.

Хотын гэр бүл нь байрлалаараа хөрш ч гэсэн нийгмийн хүрээнд бодитой хөрш байхаа больжээ. Ер нь бие биенээ мэдэх сайн хөрш айлууд цөөрөх хандлагыг үүсгэж байна.

      Үйлдвэржилт хөдөөгөөс хотруу шилжих шилжилт эдийн засгийн өндөр хөгжилттэй холбоотойгоор гэр бүлийн шинэ маяг үүсэхэд хүргэлээ. Жишээлбэл, хотын айлд гэхэд хооллоход ширээ сандал хэргэлж өрх гэрийн тансаг байдал бий болж орчин үеийн машин хэрэгсэл нэвтэрсэн.

      Чухам ийм нөхцөлд өвөг дээдсийн уламжлалаас залуу, хойч үеийнхэндээ хэрхэн, ямар арга замаар мэдүүлж, өвлүүлвэл зүйтэй вэ? Бид бүгдээр энэ асуудалд тун ултай хандах ёстой.

      Монгол орны нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлтийн өнөө үед өвөг дээдсийнхээ бүтээсэн гэр бүлийн дэвшилт өвийг эрхэмлэн, түүнээс аль шилдэг сайн, чухал хэрэгтэйг нь сонгон авч амьдрал ахуйдаа хэрэглэн хэвшүүлэх, залуу хойч үеийнхэндээ өвлүүлэн уламжлуулах хэрэгцээ, шаардлага урьдаас илүү чухал болж байгаа юм.

      Өрх гэрт ёс, уламжлал ямар байна вэ? Тэр өрх гэрт хир зэрэг зөв ёс, уламжлал зонхилно вэ? Гэдгээс өрх гэр, нийгмийн хэмжээн дэх ёс ямар байх шалтгаалдаг.

      Өнгөрсөн түүхийн явц дахь үйл явдлууд монгол хүний амьдрал, үзэл, ард түмний ёс, зан араншинд өөрчлөлт оруулсан ч, үе үеийнхэнд үндэсний уламжлал шинэчлэгдсээр иржээ. Эдгээрээс чухам юуг нь хэрхэн өвлөх учиртай вэ?

      Өрх  гэрийн хүрээнд өвөг дээдсээс үе үеийнхэнд өвлөгдсөөр ирсэн дараах ёсыг өвлүүлвэл зүйтэйг судалгаанд үндэслэн дэвшүүлж байна. Үүнд:

  1. Удам угсаа, Овгоо мэдэж, нэр төрийг нь хамгаалах
  2. Угийн бичиг (гэрийн түүх)-ээ эрхэмлэн өвлөх
  3. Гэр бүлийн ёс (Их гэр “Баруун гэр”-ээ хүндэтгэх, зочлох, хүндлэх, хүүхэдтэй холбогдох ёс зэрэг)
  4. Тулгар эхийг энэрэх
  5. Гэр бүлд “төрөл-садан-хамаатан”-ы хматын нөлөөллийг хадгалах, “Ургийн баяр”, “Ахдүүсийн уулзалт” хийж буй уламжлалыг дэмжин өргөжүүлэх.

Өрх айл бүрийн өөрчлөгдөн хөгжиж байхын үндэс нь уламжлал, шинэчлэлийн зохисыг ухаалгаар олж, өрх гэрийн үнэт өвийг үр хүүхэд, хойч үеийнхэндээ уламжлуулах явдал байдаг.

            Орчин үед ч гэр бүл тогтвортой байхад үндэсний ёс заншил чухал нөлөөг үзүүлэх учиртай байдгийг анзаарахгүй байж болохгүй. Нийгэмд гарч ирж буй өөрчлөлтүүд нь гэр бүлийн үүргийг үндсээр нь өөрчлөөгүй. Гэр бүлийн тогтвортой байдал Монголын нийгэмд өндөр үндэслэгдсэн хэвээрээ байна. Чухам ийм нөхцөлд Монгол Өрх гэр бүлийн боловсролд Улс нийтээр анхаарах идэвхтэй оролцоог гэр бүл, иргэдээс хангах шаардлага нэгэнтээ бий боллоо.

 

Монголчуудын маань удам эрүүл, ухаан саруул,

Улс орон маань улам өрнөн хөгжиж байх болтугай.