Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

ТӨРӨЛХ МОНГОЛ ЗАН

Проф.Т.Намжил

Би Монгол хүн, энэ Орос хүн, Тэр Хятад хүн гэдэг үгийн цаана угсаа гаралын утга байх боловч тухайн үндэстэн ястанд хэвшин тогтсон, бусад ард түмнээс ялгагдах зан сэтгэлийн онцлог чанар агуулагдаж байдагийг бид бүхэн төдийлөн анхаардаггүй билээ. “Чи битгий манж зан гаргаад бай” гэсэн хэвшмэл хэллэг ардын ярианд элбэг тохиолддог бөгөөд эртний үеэс төв Азид оршин амьдарч ирсэн адилхан нүүдэлчид болох манж, монгол хоёр хүртэл зан сэтгэцийн ялгаатай болохыг сануулж байгаа нь тэр юм.

            Зан гэдгийг олон зууны туршид тухайн ард түмний оршин амьдарч ирсэн байгаль, нийгмийн орчин, аж төрөх ёсны хэв маяг, түүх соёл, ёс заншил, шашин шүтлэгтэй холбоотойгоор аяндаа бүрэлдэн төлөвшсөн хүн хүнтэйгээ болон эд юмстай харилцах явцад илэрдэг сэтгэл зүйн харьцангуй тогтвортой шинж чанарууд хуран цогцолсныг хэмээн төсөөлж байна.

            Төрөлх монгол зан гэдэг нь Монголчуудын баримталж ирсэн ёс заншлыг ч биш, юуг сайн, юуг муу гэж үзэх ёс суртахууны хэм хэмжээг ч биш, харин манай ард түмний нэгэн зүйл илэрхийлэл болсон сэтгэлзүйн нийтлэг тогтвортой чанарууд юм.

            Гэхдээ зан гэдэг ухагдахууныг ёс суртахуун, ёс заншлаас ангид зүйл гэж үзэхгүй байгаагаар барахгүй маш гүнзгий харилцан уялдаатай, зарим тохиолдолд бие биеэс эрс тэс зааглан салгахад төвөгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.

            Гагцхүү монгол зан гэж онцолж байгаагийн учир нь тэдгээр адил төсөөтэй, харилцан холбоотой ухагдахуунаас түүх, угсаатны зүй, соёл судлалд төдийлөн анхаарч хөнддөггүй Монгол зан дэлгэрүүлэхэд оршино.

            Олон зуун жилийн турш хүмүүс нүүдлийн мал аж ахуй эрхлэн сийрэг тархай, тэгсэн атлаа харилцан нягт хэлхээ холбоотой амьдарч ирсэн аж төрөх ёсны тэр хэв маягаас үүдэлтэй сэтгэл зүйн олон шинж чанар монгол хүний мах цусанд шингэж төлөвшсөн байдаг бөгөөд тэр нь монгол зан юм.

            Бие биетэйгээ нөхөрсөг, элэгсэг дотно харилцдаг нь төрөлх монгол зангийн гол шинж юм. Монгол хүн л бол бие биеэ таних танихгүйгээс үл хамааран ах дүүгийн адилаар үзэж Монгол ах дүү нар гэсэн зарчмаар харилцана. XIII зуунд Монголд ирж, дараа нь “Монголчуудын түүх” гэсэн сэдвээр ном бичсэн Италийн эрдэмтэн Плано Карпини тэр үеийн монгол хүмүүсийн зан байдлын талаар олон сонирхолтой мэдээ үлдээсэн байдаг. Түүний бичсэн нь: Тэд хоорондоо маргалдаж, хэрэлдэх гэж бараг үгүй. Зодолдох, өөр хоорондоо дайсагналцах, муудалцах, бие биеэ алах, шархдуулах явдал гарна гэж огт байхгүй. Мөн тэд үнэт зүйл дээрэмдэх, хулгай хийх гэж байхгүй тул эд адгуурсаа хураасан гэр орон, тэрэг бараагаа түгжиж цоожлохыг үл мэднэ. Ямар нэгэн мал алдаж гэмээ нь тэр алдуул малтай дайралдсан хэн боловч ийм малыг адуулах албатай тусгай хүмүүст тууж аваачих буюу үгүй бол зүгээр орхин явна гэжээ.

            Монголчуудын энэ ахан дүүсэг дотно харилцаа нь “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн ардын зүйр үгэнд тусгалаа олжээ. Плано Карпиний хэлсэн тэр чанар хөдөөгийн малчдын дунд одоо хүртэл уламжлагдсаар байна.

Нүүдэлчид бол байгалийн хүнд нөхцөлд өөрөөс үл шалтгаалах олон хүчин зүйлийн эрхшээлд амьдарч, аж төрөх учраас зөвхөн бие биедээ ах дүүгийн ёсоор хандаж, хамтран ажиллаж, харилцан туслалцаж байж сая амьдралын хатуу ширүүнийг даван туулж чадна. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэсэн монгол ардын цэцэн үг нь хэрэг дээрээ энэ тухай өгүүлжээ.

            Бие биетэйгээ элэгсэг дотно, ах дүүсэг харьцдаг Монгол зан зүгээр нэг тунхаглал эсвэл хоосон магтаал биш, хүн ардын сэтгэл зүрхэнд шингэсэн амьдралын зөрчишгүй хууль байдгийн тод илрэл нь монголчуудыг дэлхийд алдаршуулсан зочломтгой чанар юм.

            Плано Карпиний дээрх зохиолд Монголчууд “...хоол хүнсээр дутмаг байсан ч юу байгаагаа харамын сэтгэлгүй хуваагаад идчихдэг” гэж гардаг мөн “Өгье гэвэл ганцаасаа, уйлъяа гэвэл сохороосоо” гэж ярилцдаг нь ч үүнтэй холбоотой биз. Хол ойроос яваа хүнийг хүндэлж угтаагүй, цай хоол хийж зочлоогүй, ажил явдалд нь чин сэтгэлээсээ туслаагүй хүнийг “Тэр яасан монголоо алдсан амьтан бэ?” гэж жигшин ярьдаг.

Монгол хүний зочломтгой заншил бүр ч гойд. Монгол айлд орсон хэнийг ч эелдэг сайхан хүлээн авна гэдэгт итгэлтэй байж болно. Зочныг гэрт ороход бурхан тахилын ойролцоо / нүүдэлчний гэрийн “улаан бурхан” / суухыг урин гэрийн эзэгтэй цай аягалахад гэрийн эзэн хөөрөг барьж тамхилна. Зочин хөөрөгтэй тамхинаас чимхийг авч үнэрлэх ёстой. Эс тэгвэл гэрийн эзэнийг басамжилсан хэрэг болно. Зочин бас хөөргөө хариу барьж тамхилах учиртай. Ингэсний дараа зайлшгүй яригдах “сонин сайхан зүйлээ” харилцан ярилцана. Явуулын хүн хаана ч ямар ч айлд орсон цай хоолоор зочлоно. Ор дэр засаж хоноглуулна. Бас өглөө явахад нь боов боорцог замын хүнс болгон өвөртлүүлнэ.

Нүүдэлчин ард түмэнд алдсан адуу малаа, өвс ногоотой, өнтэй сайхан нутаг усыг хайж сурвалжлахаас эхлээд аян жин тээх, өргөл мөргөл үйлдэх зэрэг олон шалтгаанаар гэр орноосоо алс хол явах шаардлага байнга тохиолдоно. Тэр бүхэнд хоол хүнс, байр сууц, ор дэвсгэр базааж явах ямар ч шаардлага байхгүй, тийм бололцоо ч байхгүй, зөвхөн аяга, хутга, гаанс тамхиа аваад л явахад хангалттай. Бусдыг нь хаа явсан газрынхаа монгол ах дүү нараас ямар ч хүсэлт гуйлт үнэ төлбөргүй хэрэглэдэг. Үүнийг хүмүүсийн харилцааны хамгийн ерийн хэм хэмжээ гэж үздэг учраас саяхан болтол айлд цай ууж, хоол идсэн, унтаж амарсныхаа төлөө  “Баярлалаа”, “гялайлаа” гэж  юм бүхэн дээр нахилзаж бөхөлздөггүй байжээ.

            1910-аад онд монголын нутгаар хөндлөн гулд аялсан бөгөөд монголчуудын ахуй соёлын нэлээд зүйлд шүүмжлэлтэй ханддаг байсан Оросын нэрт шинжээч, академич И.Майски өөрт тохиолдсон нэгэн бяцхан түүхийг дурдсан байдаг. Нийслэл хүрээнээс Эрдэнэ зуу орох замдаа мөн тийшээ яваа эхнэр, нөхөр хоёр Монголтой тааралдаж гэнээ. Ажиглавал тэр хоёр морьтон ямар ч ачаа тээшгүйг хараад Майски:

-       “Та нар чинь 400 км-ын цаана байгаа Эрдэнэ зуу орно гэх, тэгсэн атлаа идэж уух юм, тогоо шанага толгой халхлах юу ч үгүй байдаг. Яагаад ингэж хөнгөн явж байгаа юм бэ?” гэж гайхан асууж, цаад хоёр нь ч бас академичийн асуултанд ихэд гайхаж

-       “Үгүй энэ чинь замын дагуу айл амьтан мундахгүй шүү дээ” гэж хариулжээ.

Хоёр өөр ахуй, хоёр өөр соёлын төлөөлөгчид тийнхүү гайхцгаасан нь зүйн хэрэг биз. Нүүдэлчдийн амьдрал аж төрөх ёс нь нэгэн удаагийн ашиг хонжоонд биш байнгын харилцан туслалцах хамтын ажиллагаанд үндэслэсэн учраас: “Эр хүний замын хүзүү урт”, “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг.

Монгол зангийн энэ онцлог эртний сурвалж бичгүүд, ардын аман зохиол, зүйр цэцэн үгэнд өргөн тусгагджээ. Монголын Нууц товчоонд өгүүлдэгээр: Залуу Тэмүүжин найман шарга морио алдчихаад нэхэж явахдаа гэрийнхээ гадаа гүү сааж байсан үл таних залуутай тааралдаж үнэн учраа хэлэхэд цаад залуу нь шууд ажил үйлээ орхиод Тэмүүжингийн ядарч сульдсан морийг солиж дөнгөж сая танилцсан хоёр залуу дээрэмчдийн хойноос нэхдэг. Цаадуулийнх нь нэг хамсаатан нэхэн гүйцэж ирэхэд Боорчи Тэмүүжинд хандаж:

-       Нөхөр минь нум сумаа надад өг,би харвалд сууя гэхэд Тэмүүжин:

-       Чи миний тулд эрсдүүзээ.

Морио олж аваад буцаж явахдаа Тэмүүжин:

-       Би чиний ачаар морьдоо оллоо. Хагасыг нь чи ав гэхэд Боорчи:

-       Би сайн нөхөрт тус болвуу хэмээн чамд туслав. Би олз хэмээн авах уу. Эцэг минь Наахуу баян нэрт буюу Наахуу баяны ганц хүү нь би буй. Би үл авах. Тус болсон минь юунд ус болох. Үл авах хэмээн гэж гардаг.

“Тус хийвэл дуустал, ажил хийвэл уустал” гэсэн ийм дотно нөхөрсөг харилцаа

бол Монголын баян барлан, ихэс дээдэс, харц ард таних танихгүй хүмүүсийн алинд ч түгээмэл байсан нийтлэг дүр зураг юм.

            Монголчууд төрөлхийн ажигламтгай, сониуч хүмүүс гэж гадаадын элч төлөөлөгч, жуулчид бичиж тэмдэглэсэн нь олонтаа байдаг. Айлын олон хонинд нийлсэн өөрийн олон хонийг андахгүй ялгаж авна.

Тавхайны мөрөөр өөрийнхөө тэмээг таньдаг. Европчууд гудамжаа анддаггүйн адил хязгааргүй ээрэм тал, элсэн манханд төөрөхийг мэддэггүй. Заримдаа бүр ер бишийн юмуу гэмээр гярхай. Жишээ нь, Завхан голоор нутагладаг 1000 тэмээтэй нэг баян Монгол эр тавхайны нь мөрөөр тэмээ бүрдээ таньдаг. Монголчуудын энэ авъяас чанар нь тэдний дунд амьдарч буй гадаадын хүнд /орос, хятад хүнд/ нэр хоч гарамгай онож өгдөгөөрөө бас ялгарна. /Гадаадынхныг жинхэнэ нэрээр асууж сурвал нутгийнхан ойлгодоггүй/ .

Жишээ нь, германы нэг том пүүсийн өргөөд байх итгэмжлэгдсэн орос төлөөлөгч “чёрт” гэж их хараадаг байсныг дор нь өлгөж аваад л “Чорт гуай” гэж авгайлж эхэлсэн байдаг. Бас оросын нэг худалдаачин монголд анх очихдоо шилүүсэн малгайтай очиж ээ. Тэгээд л маргаашнаас нь “цагаан малгайт” нэр авч тэр нэртэйгээ явсаар нутаг буцсан гэлцэнэ. Бас хоолойдоо хагалгаа хийлгэж мөнгөн гуурс тавиулсан нэг орос худалдаачин бас л “мөнгөн хоолойт” нэртэй байсаар нутаг буцсан гэдэг. Иймэрхүү жишээ олныг дурьдаж болно. Монголчууд бас маш сониуч. Ёстой л хүүхэд шиг.

Оросын нэгэн худалдаачин хээрийн үйлдвэр дээрээ байхад нь эхнэр нь араас нь очиж гэнэ. Тэгсэн тэр хавь ойрын хүмүүс орос эхнэрийг үзэх гэж өдөржин гэрээр орж гарч заримдаа бүр орос эхнэрийн өмссөн хувцас малгай алчуур зэргийг гараараа имэрч үзэж байсан гэж  эхнэр нь хожим нь Өргөөд ирээд ярьж байв. Тэд орос эхнэрийг үзэхийн тулд бүр 30, 40, 50 бээрийн тэртээгээс мориор зориуд давхиж ирсэн байгаа юм даа. Монголчууд өөр хоорондоо уулзахаараа сонин юу байна гэж яриагаа эхэлдэг. Тэгээд сонссон дуулснаа хоёулаа бүгдийг дэлгэдэг. Ер нь Монголын тал нутаг уудам цөл хээр боловч ямар нэгэн мэдээ уугуул нутгийнхны яриасаг, сониуч байдлын ачаар гайхалтай түргэн тардаг юм. Нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид хол ойрын газар, байгаль цаг уурын байдал, ургамал амьтны аймаг, өвс ногооны гарц, ус унд, хужир шүүрний хүрэлцээ, хүн амьтны амьдрал аж байдал хийгээд бусад мэдээлэлгүйгээр оршин тогтнох бололцоогүй учраас Монголчууд юм бүхнийг сонирхдог.

Монголчууд хэзээнээс нааш наргианч, наадамч зангаараа алдаршсан билээ. Төр, шашны болон эгэл ард иргэдийн найр хурим, наадам цэнгээн Монголчуудын ердийн амьдралын салшгүй дагуул болж иржээ. Үүнээс үзэхэд завтай цагаа наргиж цэнгэж өнгөрөөдөг нь нэн эртний гаралтай бөгөөд Монгол ахуйтай салшгүй холбоотой ажээ. Аливаад яарч адагдаггүй ямагт уужуу тайван амирлангүй ажигч гярхай байдаг нь Монгол хүний нэг төрөлх зан юм. Энэ нь малчин хүн юуны урьд малтай, байгальтай харилцах учир цаг мөчид хатуу чанд захирагдах эсвэл урьдчилан огт тооцоогүй зүйл гэнэт тохилдож тэвдүүлэх явдал тэр бүр гардаггүйтэй ч холбоотой байж болох юм.

Монголчууд аливаад бодол ихтэй, үг цөөнтэй байж, нуруутай хандахыг эрхэмлэдэг, өрөөсгөл үзэл, сүржин явдал, хувирамтгай зан, тавьтаргүй аашийг огт таашаадаггүй. Монгол хүний төрөлх зантай холбоотой эдгээр онцлог нь “яарвал даарна, бушуу туулай борвиндоо баастай, Санаж явбал болдог, сажилж явбал хүрдэг”зэрэг ардын цэцэн үгэнд сонгодог тодорхойлолтоо олсон байна.

Уужуу тайван атлаа зорьсондоо заавал хүрч салдаг Монгол чанарууд бас бий. “Эр хүн зорьсондоо эмээлт морь харайсандаа” гэдэг нь санамсаргүй гоё үг биш ажээ.

Монгол зангийн талаар дан ганц эерэг талаас яриад орхичихвол хэрэг дээрээ судалгаа биш болно.

Монгол хүний зан

Сайн талууд

Тааруухан талууд

  • Нэг чигт шударга шулуун гүндүүгүй байдал
  • Бусдыг хуурч мэхлэх, залилах явдалгүй бат үйл
  • Бусдыг тэтгэх болон хүндэтгэх
  • Бусдыг сэтгэлээрээ шууд мэдрэн таних онцгой чадвар
  • Бусдыг тэтгэх болон бусдаас харж, хүлээж хүсэх хиргүй тунгалаг сэтгэл
  • Ах зах дээд хүмүүст үзүүлэх сэтгэлээ дагасан хүндэтгэл
  • Өрөвч зөөлөн харимтнай сэтгэл
  • Бусадтай хиргүй цагаан сэтгэлээр харьцах харицаа
  • Сэтгэл санааны их эрч хүч, эрмэлзэл тэмүүлэл
  • Бусдыг халамжлан анхаарч мэддэг, нийтэч, ердийн хар ухаан сайтай, өөрийн дотоод ертөнцийг эрүүл байдлаар зохицуулж чаддаг
  • Өөрийнхөө бодлыг үргэлж зөв гэж бодож, бусдыг өөрийнхөө түвшинд тааруулахыг хичээдэг
  • Ялангуяа эрчүүд эхэндээ нүүрний хувиралгүй, хатуу ширүүн юм шиг харагддаг. Гэвч амархан дотносож нөхөрлөдөг
  •  Бодит байдлаа мэдрэн зохицож чаддаг

 Өрх гэрийн хүрээнд ураг төрлийн хүмүүсийн харьцаагаар бий болсон хязгаарлагдмал үзэл бодол нь өөр хүрээлэлд таарч тохирохгүй болоод ирэхлээр хямардаг, түүнээс гарахын тулд тэр үедээ тархи толгойгоо эрч далайцтай ажиллуулна, ухаан бодлоо сийлнэ, тэр хирээр хурдан түргэн хямралаас гарах арга замыг олно. Харин энэ хооронд үе үе туйлширна, өрх гэрийн хүрээнд төлөвшин бий болсон үзэл бодол, шинж, унаган төрхөөсөө огцом эрс ухарч, бусдыг дуурайн, тэднийг аялдан дагаж хошуурна, эс дагагсдыгаа хавчиж шахна, овжин зальтай, хуурч мэхлэх, итгэл алдуулах, хувиа хичээх явдлыг чухалчлан сонирхоно, залуус нь эцэг эх, ахмад үетэйгээ, эхнэр нь эр нөхөртэйгөө эвдрэлцэж, тэд нь ч  үр хүүхэд, залуу үе, эхнэртээ итгэх итгэлээр тааруу болно.

Маргаан хийх нь олонтаа гардаг. Харилцаж буй хүнийхээ яриаг хангалттай сонсож чаддаггүй. Өөрийнх нь хүссэнээр болоогүй үед уур нь хүрдэг.

 

Эргэн тойрондоо байгаа хүмүүст баяр хөөр,

инээдийг бэлэглэх тохиолдол элбэг

Гэр бүл, нийгэмдээ, харилцаж буй хүндээ туслахыг хичээдэг.

Хүмүүстэй харилцах харилцаанд асуудал бага гардаг, бусдыг хүлээн зөвшөөрч, урамшуулан дэмждэг.

Хүмүүс өөрийнх нь талаар хэрхэн үнэлэх, хэрхэн бодох бол гэдэгт их анхаардаг.

Хүнд хэцүү аль ч орчин нөхцөлд гэрэлтэй, баяр хөөртэй, сэргэлэн цовоо зангаар уур амьсгалыг өөрчилж таатай орчин болгохыг хичээдэг.

 

Гэр бүл, найз нөхөддөө хандах сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ дутмаг, зүрх сэтгэл дотроо хадгалах талтай.

 

            Ахуй амьдралын онцлог болон нийгмийн амьдралд гарч буй хувьсал өөрчлөлтөөс үүдэн үүсч буй болсон зан сэтгэцийн сул тал аль нь ч ард түмэнд байдаг билээ. Монголчуудад хамаарах тийм сул талын нэг нь хүн амын нилээд хэсгийн дунд ажиглагддаг залхуу хойрго зан юм. Өөрөөр хэлбэл мал аж ахуй гэж өнөөгийн нэрлдэг мах, сүү, өөх тос, ноос, үс, арьс, шир, эвэр туурай энэ бүхнийг малчид үйлдвэрлэдэггүй, мал гэдэг амьд үйлдвэр өөрөө үйлдвэрлэдэг. Тэрхүү амьд үйлдвэрлэл нь бэлчээрийн өвс ногоо, ус, цас, хужир зэргийг хүний хэрэглэх бэлэн бүтээгдэхүүн болгон хувиргаж, малчин хүн зөвхөн тэр амьд үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангах менежер буюу удирдагч зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Ийм учраас малчин хүн гэр орондоо айраг уугаад наргиж цэнгэж байсан ч эсвэл унтаж амарч хэвтсэн ч мөнөөхөн үйлдвэрлэлийн процесс үргэлжилж байдаг. Энэ учраас хэрэв ган зуд, байгалийн онцгой гачаал тохиохгүй бол зогсоо зайгй ажиллаж байх шаардлагагүй үе малчин хүнд элбэг тохиодог. Бас ажлынхаа ихээхэн хэсгийг өөрийн биеэр биш гол төлөв мал адгуустай холбоотой учраас эрчим хүчийг ашиглан гүйцэтгэнэ.

            Өөрийн хувцас, хоол хүнс, тээврийн хэрэгсэл зэргийн ихээхэн хэсгийг мөнөөх амьд үйлдвэрээсээ бараг бэлэн хэлбэрээр олж авна.

            Малчин хүний ажлын горим нь бусад хүмүүстээ биш гол төлөв мал адгуустай холбоотой учраас Монгол малчин хэдийд юу хийхээ зөвхөн өөрөө мэддэг. Өглөө услах малыг өдөр юм уу, үдээс хойш услалаа гэхэд мал нь эсэргүүцэл үзүүлж чадахгүй. Энэ учир цаг мөчтэй уралдан ажиллах болзсон цагаа хатуу баримтлах зан Монгол хүнд тийм ч чухал биш. Тэхдээ аж төрөх ёсонд гарч ирсэн өөрчлөлтөөс шалтгаалан Монголын янз бүрийн ястан жишээлбэл халх, дөрвөд, буриадад залхуу байдал нь харилцан адилгүйг тэмдэглэх хэрэгтэй.

            Олон зуун жилийн угшилтай монгол зан шинэчлэгдсэн орчинд хэрхэн зохицсон дасах ба хувьсан өөрчлөгдөх асуудал урьд өмнө хэзээ ч байгаагүй хурц тавигдах боллоо.

            Хүний амьдралын нэгэн настай тэнцэх ахар монгол хүний зан араншингийн өөрчлөлт гүйцэж шинэчлэгдсэн орчиндоо зохицон дасаж тэр бүр чадахгүй байна. Үүнээс болж Монголчуудын төрөлх зангийн зарим шинж нь нийгмийн шинэ нөхцөлтэй зөрчилдөж, нөгөө хэсэг нь эзэндээ ч нийгэмд ч ач холбогдолгүй болж бас зарим нь өөрчлөгдсөн орчинд харшлахгүй язгуур чанараа шинэ нөхцөлд нийцүүлэн улам бэхжүүлж байгаа сонин үзэгдлийг бид харж байна.

            Үеийн үед нүүдэлчин малчдын сэтгэл зүйн гол шинж болж үйл ажиллагаа жолоодож ирсэн харилцан туслах хамтран ажиллах эрмэлзэл нь “өөрийгөө зөвхөн өөрөө хариуц”, “хөдөлбөл хөлс зогсвол зоос”, “чадвал амьдар эс чадвал хохь чинь” гэдэг зах зээлийн хатуу хуультай гүн зөрчилд орж эхлэв. Энэ нь зөвхөн хувь хүмүүсийн сэтгэл зүйн хямрал төдийгүй нэг л хэсэгтээ нийгмийн том зөрчил болон хадгалагдах төлөвтэй байна.

            Далд бодолгүй сэтгэл цагаан гэнэн итгэмтгий бөгөөд нэгэн цагийн ашиг хонжоо бодож сураагүй монгол зан нь зах зээлийн харилцаанд түргэн шилжихэд байгаль, газар зүйн орчин, хүн амын нягтрал, аж төрөх ёсны хуучин хэв маяг зэргээс дутуугүй саад болж байна. Бас төрөлхийн итгэмтгий, юманд маш амархан үнэмшдэг, цайлган цагаан зан нь Монголчуудын яаж ч юуг ч хуурч мэхлэж болно гэсэн бодолтой дотоод, гадаадын овжин зальхай этгээдүүдийн заль мэхэнд амархан өртөж түүний золиос болох нь цөөнгүй байна.

            Улам бүр эрчимжиж байгаа хүн амын нягтрал нь Монгол ахан дүүс гэдэг ухагдахууныг юу байгаагаа хуваагаад хэрэглэчихдэг төрөлхийн зочломтгой тусч зан нь бүдгэрэх төлөвтэй. Бэлэг сэлт өргөн солилцдог үрэлгэн ёс заншил үргүй зардлыг аль болохоор хэмнэж аригч хямгач ёсонд тулгуурладаг зах зээлийн харилцаатай яваандаа зөрчилдөх төлөвтэй байна. 

            Олон улсын харилцаа өргөжин байгаа өнөөгийн нөхцөлд Монголчуудын төрөлхийн сониуч зан нь сэтгэл зүйн нэгэн үнэт чанар болж магадгүй байна. Сониуч зангийнхаа ачаар дэлхийн бусад улс орон ард түмний ахуй амьдрал, ёс заншил, утга соёлын үнэт зүйлстэй түргэн танилцаж, үр шимийг нь олж хүртэхэд Монгол зан туслаж болох талтай.  Монголын залуучууд аливаа эрдэм ухаан, арга чадалд амархан суралцдаг тухай гадаадын түнш нар удаа дараа мэдэгдсээр байна. Гэхдээ юмыг сонирхох, сонирхож олж мэдсэнээ хэрэгтэй зүйл болгон ашиглах хоёр нь өөр өөр ойлголт юм. Монголчууд юманд яардаггүй уужуу тайван зан нь юмыг хичнээн сонирховч ахуй амьдралдаа нэвтрүүлчих нь алгуур удаан байхын нэг шалтгаан болдог байж магадгүй.

            Нүүдэлчдийн сэтгэл зүйн ямар чанаруудыг хадгалан хөгжүүлэх нь зүйтэй вэ? гэсэн асуудлыг судалж үзвэл[1]:

Д/д

Асуулт

Хувь

1

Уужуу тайван сэтгэл

65,3

2

Ажиглагч гярхай шинж

86,4

3

Хамтач эвсэг шинж

54,2

4

Энэрэн нигүүлсэх сэтгэл

42,3

5

Цайлган ичимтгий шинж

23,2

6

Тэсвэр тэвчээртэй чанар

59,2

7

Хөдөлмөрч зүтгэлтэй шинж

82,3

8

Голч тууштай чанар

84,1

9

Үнэнч шударга байдал

67,2

10

Чөлөөт сэтгэлгээ

65,2

11

Зочломтгой шинж

56,2

12

Буурь суурьтай ноён нуруутай шинж

52,3

13

Зоримог дайчин чанар

65,2

14

Өөр ямар

2,0

 

Энэ мэдээллээс харахад л нүүдэлчдийн сэтгэл зүйн талаарх олон нийтийн санаа бодол үлэмж сонирхолтой байгаагийн зэрэгцээ эрдэм шинжилгээний үүднээс судлаачдын анхаарлыг ихээхэн татах сонин асуудал олон байдгийг харуулж байна.


 

Монголын суурин, нүүдэлч соёл иргэншилтнүүдийн

сэтгэлгээний ялгааг үзүүлбэл

 

Суурин

Нүүдэлч

  • Суурин газар нь аль эрт үеэс хамтын хүчээр амин зуулга үр тариагаа авахын тулд ус шуудуу, суваг далан юугаан татаж ирсэн тул төв рүү тэмүүлдэг.
  • Нүүдэлчид айл саахалтаараа буюу тармаг амьдарч ирсэн тул төвөөс зугтах хүчинд баригддаг.
  • Суурин соёл иргэншилтнүүд амьдрахын тулд хамтын хүч хөдөлмөрийг шүтэн, хот суурин байгуулж, төрийн аль нэг байгууллагад хүчтэй баригддаг.
  • Нүүдэлчид “малгай тавибал манайх” гэсэн сэтгэлгээгээр аливаад хандан эрх чөлөөт анархи амьдралыг юунаас ч илүүд үзэн, хэн нэгний захиргаанд орохыг үл дурлан, тархай бие даасан байдлаар амьдардаг.
  • Суурин газрынхан хамтаар аливааг цогцлон боснохын төлөө байх.
  • Нүүдэлчид бүтээхээсээ илүү үрэн таран хийхэд гаршсан байдаг.
  • Суурин соёл иргэншилтнүүд хойч үедээ олон хот шилтгээн босгон эд өлгийн зүйлсээ өвлүүлэн үлдээсэн.
  • Нүүдэлчид амьдралын хэв маягаасаа шалтгаалан эд өлгийн зүйлсээ материаллаг байдлаар бус, зөвхөн аман зохиолоор болон зан заншлаараа дамжуулан өвлүүлж иржээ.
  • Суурин газарт аливаад хамтаар шийдэл гаргадаг.
  • Нүүдэлчид аливаа асуудлыг бие даан шийддэг тул илүү индивидуалист, бие хүний хувьд илүү төлөвшсөн байх.
  • Суурин соёл иргэншлийн өв баялаг нүдэнд үзэгдэх нь их
  • Нүүдлийнх болохоор үл үзэгдэх нь бага ч алсуур дотоод байдлаараа илэрхийлэгддэг.

 

 

Нүүдэлчдийн сэтгэлгээ, зан араншинг малчидтай амьдарч, хэлийг нь мэдэж, зан заншлыг нь сайн ухаарч байж мэдрэн, сая өвөрмөц байдлыг нь ойлгоно.

 

 

Монголын нүүдэлчдийн нэг том онцлог Б.Баабарын тэмдэглэснээр эрх чөлөөний мэдрэмж юм. Өргөн уудам нутагт сийрэг суух нүүдэлчид эргэх дөрвөн улиралд зөвхөн онгон байгальтай харилцаж, дураар амьдардаг байсан нь тэдний алив дэг журамд орох дургүй, өөрийгөө хүндэтгэдэг, биеэ тоосон, цагийн мэдрэмж муутай зан төрхийг бүрдүүлжээ.

            Байгалийн эрс тэс уур амьсгалд амьдардаг ба янз бүрийн нөхцөлтэй газраар байнга сэлгэн амьдардаг нь тэднийг ямар ч шинэ нөхцөлд амархан дасан зохицдог занд сургасан нь одоо ч хадгалагдсаар байна.

            Өнөөгийн Монгол орон дах оюун санааны амьдралын онцлог нь нэг талаас үндэсний ухамсар сэргэж, ард түмнийхээ түүх, соёлын баялаг уламжлалыг судлах, танин мэдэх, өвлөн эзэмшиж өсөх, нөгөө талаас өрнийн соёл иргэншлийн хэв маяг, үлгэр загвар, үнэт зүйлсийг тэр хэвээр нь хэрэглэх хандлага хүчтэй болж байгаад оршино.

 

НОМ ЗҮЙ

  1. Монголын нууц товчоо. УБ.,2006
  2. Т.Намжил.   Монгол гэр бүлийн ёс, уламжлал. УБ.,2006
  3. Б.Сумъяа.   Монголын нүүдэлчдийн соёл
  4. П.Карпини.  Монголчуудын түүх

 



[1] Д.Пүрэвжав   Иргэншлийн онолын сүлжээн дэх нүүдлийн иргэншлийн тодрхойлолтууд.  “NOMADIC STUDIES” УБ., №19  97 дах тал