Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

“ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ" АСУУМЖИЙН СУДАЛГАА

Улаанбаатар Их Сургуулийн Гэр Бүл судлалын тэнхимийн эрхлэгч:
 доктор Б. Оюун-Эрдэнэ
  1. СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ.

Монгол улсын гэр бүлийн бүтэц, харилцаа, боловсролд онцгойлон бодлого, системтэйгээр, шинжлэх ухааны судалгааны үндэстэй хандах нь гэр бүлийн хүрээнд төдийгүй нийгмийн, боловсролын байгууллагын асуудал болсоор байна.

Дэлхийн улс орнууд нийгэмд гарсан аливаа сөрөг үзэгдлийн шалтгааныг гэр бүлээс, хүний хөгжлөөс хайх боллоо. Шилжилтийн он жилүүдэд бий болсон нийгмийн олон талт өөрчлөлтөөс шалтгаалан монгол гэр бүлийн бүтэц, хэв маяг, харилцаа хандлагад олон шинэ асуудлууд бий болж байна. Энэ бүхэнд судалгааны үндэстэй хандаж, төрийн бодлогод тусгах нь зүйтэй юм. Сүүлийн жилүүдэд хамтран амьдрагч, ганц бие эмэгтэйчүүд, ижил хүйстэн, улс дамнасан гэр бүл, олон соёлт гэр бүл, гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаа буюу нэг эрэгтэй нэгээс илүү эмэгтэйтэй гэр бүлийн харилцаа үүсгэх, гэр бүл салах гэх мэт сөрөг асуудлууд нэмэгдэж энэ бүхнийг зохицуулах эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх, төрийн оновчтой бодлого бий болгох шаардлага гарч байна.

Хотод төвлөрөл нэмэгдэх, хөдөөд хүн ам сийрэгших, ураг төрлийн харилцаа хөндийрөх, цус ойртолт бий болох, гэр бүлийн гишүүдийн үүрэг, эрх мэдлийн хуваарилалт өөрчлөгдөх, хожуу гэрлэлт нэмэгдэх, эрт бэлгийн харилцаанд орох зэрэг нь нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд гэр бүлийн асуудлыг цогцоор нь онол, практикийн түвшинд судалж, төрийн бодлого үйл ажиллагаанд тусгах практик зөвлөмж гаргах, хүндрэл бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэрэгцээ, шаардлага байгаа нь энэхүү асуумжийг авах үндэслэл болов.

  1. СУДАЛГААНЫ ЗОРИЛГО. Монгол гэр бүлийн харилцааны үнэ цэнэ, тулгамдаж буй асуудал, хэрэгцээг судлан тодорхойлох
  2.  СУДАЛГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ.

21 аймаг, сумд, нийслэл, дүүргээс асуумжийн аргаар 1000 хүнээс түүвэрлэн авснаар өргөн хүрээг хамарсан. Уг судалгаа нь:

  • Монгол өрх, гэр бүлүүдийн гэр бүлийн харилцаа, түүнд тулгамдаж буй асуудал,
  • Гэр бүлийн үнэ цэнэ, хандлага
  • Өрхийн орлогын эх үүсвэр, амьдралдаа хэр сэтгэл хангалуун байгаа
  • Гэр бүлийн орчны хүүхдэд үзүүлэх нөлөөлөл, хандлага зэрэг асуудлыг тодруулах цөөн асуумжаас бүрдсэн болно.

Манай улсын нийт хүн амыг бүрдүүлэгч халхчууд судалгаанд оролцогчдын 79,8 хувийг эзэлсэн бөгөөд бусад цөөнх ястангуудын төлөөлөл ч зохих хувиар хамрагдаж чаджээ.

4. ХҮЙС

 Судалгаанд оролцогчдын хүйсийн байдал

Хүйсийн хувьд түүврийн төлөөлөлд бага зэргийн хазайлт гарсан ч судалгааны дүнд нөлөөлөхүйц бус байна.  Эмэгтэйчүүд судалгаанд илүү хамрагдсан нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү идэвхтэй, аливаа хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэгт илүү идэвхтэй хамрагддагыг харуулж байна.  Нөгөө талаас айл гэрийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд голлон явж буй хүмүүс нь  эмэгтэйчүүд гэдгийг харуулж байна.

  1.  БОЛОВСРОЛЫН БАЙДАЛ

Сулалгаанд оролцогчдын 53,4% нь мэргэжилтэй, 46,6% мэргэжилгүй хүмүүс байна.. Судалгаанд оролцогчдын ажил эрхлэлтийн байдал

Төрийн байгууллагад ажиллагчид судалгаанд илүү давамгай оролцсон байна.

Ажил эрхэлдэггүй гэж хариулсан хүмүүсийн шалтгааныг тодруулахад дараах байдалтай байна.

 Ажил эрхэлдэггүй шалтгаан

Ажил олддоггүй гэж хариулсан иргэдийн насны байдлыг судалж үзэхэд 20 - 40 насныхан 36%, 40 өөс дээш насныхан 64% ийг эзэлж байгаа нь манай улсад 40 өөс дээш насныханыг ажил олгогчид ажилд авах сонирхол буурсаныг харуулж байна. 1000 хүн тутмын 35 % д нь ажил олдохгүй байх нь ажилгүйдлийн түвшин өндөр байгааг харуулж байгаа бөгөөд үүнийг дагасан өрх гэрт үүсэх сөрөг асуудал ч мөн ийм түвшинд байгаа гэдгийг харуулж буй юм.

Өрхийн орлогын эх үүсвэр

Орлогын эх үүсвэр

2004

2010

2013

1.

Цалин хөлс

37,6

37,8

52,5

2.

Хүүхдийн мөнгө

-

24,4

38,9

3.

Тэтгэвэр тэтгэмж

13

16,6

4

4.

Жижиг бизнесийн ашиг

16,1

12,4

1

5.

Томоохон бизнесийн ашиг

 

 

2

6.

Өрхийн аж ахуйн орлого

 

 

10,6

7.

Бусдаас мөнгөн тусламж

 

 

4

8.

Байгалийн хишиг

 

 

3,2

9.

Хадгаламжийн хүү

 

 

1,3

 

Дээрх хүснэгтээс харахад 2004, 2010 онуудын судалгаатай харьцуулахад цалингаар амьдрагсдын хувь хэмжээ 14,7 %-р өссөн байна. 2004, 2009 онуудын судалгаа нь мөн л баруун, зүүн, төвийн бүсийн 1000 хүнээс түүвэрлэн авч явуулсан суурь судалгаа тул энэхүү асуумжийн судалгаатай харьцуулах боломжтой болно. Өрхийн орлогыг цалингаас бүрдүүлэгчдийн тоо нэмэгдсэн нь ажил эрхлэлт нэмэгдсэн үзүүлэлт юм. Өрхийн орлогод хүүхдийн мөнгөний эзлэх хувь 38,9 % байгаа нь өрхийг амьжиргааны түвшингээс нь хамааруулалгүй хүүхэд бүрт мөнгө олгодог болсонтой холбоотой юм. Харин тэтгэвэр, тэтгэмжийн эзлэх хувь 4 байгаа нь хөдөлмөрийн насныхан илүү судалгаанд хамрагдсантай холбоотой.  Өрхийн аж ахуйн орлого 10,6 %тай байгааг нарийвчилж үзвэл хөдөө орон нутагт амьдрагсад 70 хувийг эзэлж байна. Энэ нь орон нутгийн иргэд мал аж ахуй  давхар эрхэлдэгтэй холбоотой юм.

Зах зээлийн эдийн засагт шилжих үйл явц хэт удаан, ажлын байр хомс, хувьчлал шударга явагдаагүй зэргээс болж ард иргэдийн амьдрал ихээхэн туйлдсан. Хэдийгээр сүүлийн жилүүдэд улс орны эдийн засаг өсөж байгаа ч энэ нь ард иргэдийн амьдралд төдийлөн тусахгүй тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө төдийнхөнөөр амьдралаа залгуулдаг өрх айл байгааг анхаарах шаардлагатай байна.

Өрхийг чадавхжуулах дэлхий нийтийн үзэл баримтлал нь бусдаас хараат бус, бие даасан эдийн засгийн чадавхи бүхий өрхийг бий болгоход тулгуурлаж байна. Иймд манай улсын халамжийн бодлого өрхөд байгаа нөөц боломжийг тодорхойлж, холын болон ойрын зорилго тавьж, түүнийхээ төлөө тууштай тэмцэж, түүндээ хүрэхийн төлөө хэрхэн өөртөө байгаа нөөц боломжоо дайчлах тухай арга замыг зааж чадавхжуулахад чиглэх учиртай.

Амьдралдаа сэтгэл хангалуун байгаа байдал

Өрхүүдийн амьдралдаа хэр зэрэг сэтгэл хангалуун байгаа байдлыг оршин суугаа газар, ажил мэргэжил, байр сууц, хоол хүнс, эрүүл мэнд, өрхийн орлого санхүү, хүүхдийн сурлага, хүмүүжил, гэр бүлийн амьдрал, нийгэмд эзлэх байр суурь, амьдрах орчин зэргээр нарийвчлан авч үзлээ.  

Ерөнхийдөө хангалуун болон дунд зэрэг гэж хариулагсдын хувь судалгаанд оролцогчдын 50-с дээш хувийг эзэлж байна. Харин маш хангалуун гэж хариулагсдын эзлэх хувь 10 гаруй хувьтай  байгаа бол эсрэгээрээ огт хангалуун биш гэж хариулагчдын эзлэх хувь 10 хүртэл байна. 

 Хангалуун гэсэн хариултуудаас хамгийн бага проценттэй буюу 31,1 хувьтай нь өрхийн орлого санхүү байна. Мөн дунд зэрэг, тааруухан гэсэн хариултуудын хамгийн их хувьтай нь өрхийн орлого, санхүү байгаа нь цалин бага, өрхүүд мөнгө санхүүгийн асуудалтай байгааг харуулж байна.

35,4 хувь нь байр сууцандаа сэтгэл хангалуун бус байгаа нь орон сууц өндөр үнэтэй, ихэнх тохиолдолд тавлаг амьдралыг орон сууцтай холбож ойлгодог болсонтой холбоотой байна.

Хүүхдийн сурлага хүмүүжилд 1,6% нь огт хангалуун биш, 2,6 % нь тааруухан, 26,6 % нь дунд зэрэг гэж хариулсан нь нийт судалгаанд оролцогчдын  30,8 хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Энэ нь эцэг эхчүүд хүүхэддээ хэт их өндөр шаардлага тавьдагтай нэг талаас холбоотой хэдий ч нөгөө талаас эцэг эх нь сэтгэл хангалуун бус байна гэдэг хүүхдийн сурлага, хүмүүжил тааруу байгаа гэсэн үзүүлэлт юм.

Ажил мэргэжилдээ хангалуун болон маш хангалуун байгаа хэсгийнхэний ихэнх хувийг дээд мэргэжлийн хүмүүс эзэлж байна. Огт хангалуун биш хийгээд дунд зэрэг гэж хариулсан хүмүүс бага, дунд хийгээд боловсролгүй хэсгийнхэн байна. Энэ нь өнөө үед нийгмийн байр суурь хийгээд мөнгө, санхүүгийн асуудал боловсролын түвшинтэй ихээхэн хамааралтай болсонтой холбоотой юм. 

74,6% нь хоол хүнсэндээ сэтгэл хангалуун байгаа гэж хариулсан нь сайшаалтай байна. 20,7% нь дунд зэрэг, 3,5% нь тааруухан, 1,1% нь огт хангалуун биш гэж хариулсан нь өрхийн анхдагч хэрэгцээ хангагдахгүй, орлого хүрэлцэхгүй ядуу амьдарч байгааг харуулж байна.

Эрүүл мэнддээ 2,1 % нь огт хангалуун биш, 7,5% нь тааруухан, 33,2% нь дунд зэрэг байгаа нь хүн амын дунд өвчлөл их байгааг харуулж байна.

Амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ? гэсэн асуултын 30,2 хувьд мөн л сэтгэл дундуур байдал илэрч байна. Задалж үзвэл огт хангалуун биш 8%, тааруухан 4,3%, дунд зэрэг 17,9%  байна.

53,2 % нь гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун гэж хариулсан нь сайшаалтай байна.

Нийгэмд эзлэх байр суурьтаа сэтгэл дундуур байгаа хүмүүс нь ихэвчлэн ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй, боловсролын түвшин доогуур хүмүүс байна. Маш их хангалуун гэж хариулсан хариултыг нарийвчилж  үзвэл ихэвчлэн өрхийн орлого санхүү хангалттай гэж хариулсан хүмүүс байна. Энэ нь нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндэд мөнгө чухал нөлөө үзүүлэх болсоныг харуулж байна.

Нийт судалгаанд оролцогчдын амьдралдаа хэр зэрэг сэтгэл хангалуун байгааг дүгнэж үзвэл 33,6% нь сэтгэл хангалуун бус байна. Харин 66,5 % нь сэтгэл хангалуун байна.

Гэр бүлээс хүүхэддээ хэн нь илүү анхаарал тавьдаг вэ?

Гэр бүлийн гишүүдээс хүүхдэд тавих анхааралд ээж хамгийн их буюу 57,0 хувь байгаа нь судалгаанд эмэгтэйчүүд илүү оролцсонтой холбоотой байх магадлалтай хэдий ч энэ нь эмэгтэйчүүдийн гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлага, оролцоо илүү байгааг харуулж байгаа юм.

2010 оны судалгаагаар хүүхэддээ илүү анхаарал тавих нь мөн л ээж нь гэж 45,3 % тай гарч байв. Харин энэхүү үзүүлэлт өссөн байна. Аавуудын оролцох хувь 2010 онд 24,8 % байсан бол энэ удаагийн судалгаанд 7,0 % байгаа нь маш их анхаарал татаж байна. Хүүхэд төрүүлэх, өсгөх ажил эмэгтэйчүүдийн нуруун дээр ачаалал болж ирэх тусам эсрэгээрээ төрөлт багасах аюултай юм. Аавуудын хүүхэддээ тавих анхаарал ах, эгчийн халамжтай бараг ойролцоо 1,0 % л илүү байгаа нь туйлын харамсалтай хэрэг мөн.

Мөн 5,0 % нь эмээ, өвөө гэж хариулсан нь залуу гэр бүлүүд хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх ажлаа эцэг, эхдээ үүрүүлэх болсон, нөгөө талаас ясли, цэцэрлэгийн тоо хүрэлцэхгүй байгаагаас үүдэлтэй юм.

Хүүхэддээ анхаарал хандуулж буй байдлыг хүйс, боловсролын түвшин, ажил эрхлэлт, хот хөдөөгөөр ангилж үзвэл дараах онцлог ажиглагдаж байна.  Ажилтай ээжүүдийн хувьд хүүхэддээ тавих анхаарал ажилгүй ээжүүдийнхээс бага хувьтай байгаа бол хөдөөгийн ээжүүд хүүхэддээ илүү их анхаардаг нь ажиглагдлаа. Мөн хүүхэддээ анхаарал тавьдаг аавуудын ихэнх хувь нь хөдөөгийн аавууд байна. Энэ нь хотжилт хийгээд ажлын ачаалал нь эцэг, эхчүүдийн хүүхдэд тавих анхаарлыг сулруулж байгааг харуулж байна. Өвөө, эмээ гэсэн хариултыг ихэвчлэн залуу эцэг, эхчүүд өгсөн байна.

Манай улсын хэмжээнд хүүхэд эрүүл мэнд, боловсрол, халамж, бүртгэл, эрх зүй зэрэг нийгмийн суурь үйлчилгээний гадна үлдэхийн зэрэгцээ, хараа хяналтгүй байх, тэдний үзэл бодлыг үл хүндэтгэх, хайхрамжгүй хандах, алагчлах, бие махбод, сэтгэл санааны хувьд хүчирхийлэх, биеийг нь үнэлүүлэх, алтны уурхай, зах дээр ажиллуулах /ачаа үүрэх, машин угаах, гуйлга гуйх, нүүрс ухах/ зэрэг олон төрлийн хүнд хөдөлмөр хийлгэх, худалдаалах, хуурч ашиглах, шийтгэх, дарамтлах зэрэг үйлдлүүд ихээхэн гарч байгаа. Энэ талаарх зарим судалгааны дүнг авч үзвэл

  1. 1.      5 хүртэлх насны хүүхдийн 6,3% тураалтай, 21%  өсөлтийн хоцролттой, 2,2 % туранхай байна. /Хүүхдийн хөгжил/ 2005. Түүвэр судалгаа. ҮСХ, НҮБХС 2007
  2. 2.      Боловсролын үйлчилгээнд хамрагдвал зохих хүүхдийн 19,5% сургуулийн өмнөх боловсролын, 20,3% нь бага сургуульд элсэх, 4,7% нь бага сургуулийн, 14,6% нь дунд сургуулийн сургах үйлчилгээний гадна байна. /Хүүхдийн хөгжил/ 2005. Түүвэр судалгаа. ҮСХ, НҮБХС 2007
  3. 3.      Хамрагдвал зохих хүүхдийн 7,9% нь өнчин, 3,8% нь эцэг, эхтэйгээ хамт амьдардаггүй, 16,6% нь хөгжлийн бэрхшээлтэй, 18,1% нь 5-14 насандаа, 22,5% нь 5-17 насандаа хөдөлмөр эрхэлж байна. /Хүүхдийн хөгжил/ 2005. Түүвэр судалгаа. ҮСХ, НҮБХС 2007
  4. 4.      Хамрагдвал зохих хүүхдийн 79,4% нь сэтгэл санааны болон бие махбодын ямар нэг шийтгэл авсан, 7,7% нь 18 нас хүрэхээс өмнө гэрлэсэн, 3,3% нь гэр бүлтэй, хамтран амьдрагчтай 15-19 насны охид, бүсгүйчүүд байна. /Хүүхдийн хөгжил/ 2005. Түүвэр судалгаа. ҮСХ, НҮБХС 2007
  5. 200 хүүхэд орон гэрээсээ дайжсан, 100 хүүхэд хараа хяналтгүй тэнүүчилэн амьдарч байна. /Цагдаагийн ерөнхий газрын 2009 оны мэдээлэл/
  6. Насанд хүрээгүй хүний үйлдсэн 664 гэмт хэрэгт 943 хүүхэд холбогдсон байна. /Цагдаагийн ерөнхий газрын 2009 оны мэдээлэл/
  7. Нийт хүүхдийн 13 % нь насанд хүрсэн хүний асрамж хамгааллалтгүй үлдсэн. /Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт-илтгэл/ МУЗГ 2007
  8. 2501 хүүхэд өөр айлд үрчилэгдсэн, 1219 хүүхэд асрамжийн газарт амьдарч байна. /Асрамж, халамж хамгааллын байгууллагын стандартын хэрэгжилтэнд хийсэн шинжилгээний мэдээ.НХХЯ, ХХҮГ, ХТГ 2009/
  9. Гэмт хэргийн улмаас 117 хүүхэд үүнээс 59 хүүхэд амиа хорлож, авто ослоор 36 хүүхэд, бусад гэмтэл өвчнөөр 1800 хүүхэд нас барсан байна. /Үндэсний статистикийн эмхтгэл. 2008/

Эдгээр тоо баримт нь Монгол улсад хүүхдийг үл хайхрах, хүчирхийлэх асуудал байгааг илтгэхийн зэрэгцээ гэр бүлийн орчинд хүүхдэд үзүүлэх анхаарал халамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Хүүхдэд тулгуурч буй эдгээр асуудлууд нь аавуудын үүрэг оролцоо муу байгаагаас шалтгаалж буйг үгүйсгэх аргагүй юм.

Аливаа улс орны хамгийн үнэт зүйл бол улс орны ирээдүй болсон  хүүхэд өсвөр үе байдаг. Иймээс цөөн хүн амтай манай улсын хувьд хүүхэд өсвөр үеийнхэний хөгжил, хамгаалал, эрүүл мэндэд онцгой бодлого баримтлах ёстой. Хүүхэд өөрийгөө бүрэн хамгаалж чадахгүй учраас насанд хүрэгчдийн харилцаа хандлага их чухал байр суурьтай байдаг. Хүүхдийн эсрэг гарч буй сөрөг үзэгдлүүд нь бүгд л насанд хүрэгчдээс шалтгаалан бий болдог.  Иймд гэр бүл, эцэг, эх, албан тушаалтан олон нийтийн хүүхдийн талаарх харилцаа хандлагад ч нөлөөлөх цаг болсон байна.

Дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн мэргэжилтэнг нарийвчилан бэлтгэж сургууль, хүүхдийн байгууллагад дагнасан хүүхдийн  төлөөлөл болгон тэдний төлөө ажиллуулж байна.

Өнөө үед бэлтгэж буй нийгмийн ажилтан нь хүүхдийн эрх ашгийг хамгаалдаг хүүхэд асуудлаа ярьдаг тусламжаа хүсдэг ажилтан гэхээсээ илүү бодлогын чиглэлээр ажилласаар өнөөг хүрлээ. Хүүхдийн төлөө гэж овоглосон төрийн болон төрийн бус байгуулагууд хүүхэдтэй тулж ажилладаг асрамж, халамжийн төвүүдэд мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байгаа нь нууц биш юм.

Иймд хүүхдийн хөгжил, нас бие сэтгэхүйн онцлог, өөрчлөлт бүх процессыг мэддэг тэдний эрх ашиг, хүсэл сонирхол, хөгжил төлөвшилд хувь нэмэр оруулахуйц бодит ажлыг хийж чаддаг орчин үеийн хүүхдийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлсэн мэргэжилтэнг хүүхдийн чиглэлээр мэргэшүүлэх шаардлага бий болж байна.

Мөн хүүхэд ёс зүй, зан суртахууны буруу хэвшилд сурах, архидалт, мансуурах бодис, гэмт хэрэгт өртөх ихэссэн нь нөгөө талаасаа хүүхэд хамгаалал, хүүхдийг хүмүүжүүлэх, тэдэнтэй зөв харилцах, хайрлах хүндлэх, эрхийг нь хүндэтгэх зэрэг асуудлаар насанд хүрэгчидтэй ажиллах хэрэгцээ шаардлага бий болж байгааг харуулж байна.

Хүүхдэд гэм хор учруулсан эцэг, эх, хууль ёсны хамгаалагч болон албан тушаалтан, насанд хүрэгчдийн зан үйлийг өөрчлөх асуудал ч өнөөдөр чухал байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Хүүхэдтэй холбоотой дараах саналуудын алийг нь дэмжих вэ?

 

Асуулт

Хариултын хувь

 

Хүүхэд маань юмаар дутагдах гачигдах ёсгүй

8

 

Хүүхдийнхээ боловсрол мэргэжилд анхаарна

27,7

 

Хүүхдээ амьдралаа авч явах арга ухаанд сургана

17,3

 

Эрүүл саруул сайн хүн болгох нь чухал

37,5

 

Яаж амьдрахыг нь заяа тавилан нь мэдэг

8

 

Өнөө үед хүүхэд төрүүлж өсгөх ньхэцүү

1,5

Судалгаанд оролцогчдын 27,7 % нь хүүхдийнхээ боловсрол, мэргэжилд анхаарна,  37,5% нь эрүүл саруул сайн хүн болгоно,  17,3% нь амьдралаа авч явах арга ухаанд сургана гэж хариулсан нь сайшаалтай байна. Эцэг, эхчүүд хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл саруул амьдралаа авч явах ухаантай хүн болгох нь чухал гэж үзэж хичээж байгаа нь сайн байна. 

Яаж амьдрах нь хувь тавилан нь мэдэг гэж хариулсан %-ийг  хувийг судалж үзэхэд боловсролгүй, өрхийн орлого бага хэсгийнхэн байгаа бол өнөө үед хүүхэд төрүүлж өсгөх нь хэцүү асуудал гэж хариулсан 1,5 % нь боловсролтой хэсгийнхэн байна.

Улс орны хөгжил, нийгмийн тогтвортой байдал нь хүний хөгжлөөс шууд шалтгаална. Гэр бүлийн нийгмийн өмнө хүлээсэн нэг чухал үүрэг бол хүмүүжүүлэх үүрэг юм. Тухайн өрхөд хүүхэд төрсөн л бол эрдэм боловсролтой, иргэн бие хүн болгож нийгэмд нийлүүлэх үүрэгтэй билээ. Энэхүү үүргийг эцэг эхчүүдийн дийлэнх нь мэдэж байгаа нь сайн хэрэг боловч бодит амьдрал дээр хэрхэн үр дүнд хүргэдэг нь анхаарах асуудал мөн.

 Хүүхдийнхээ дэргэд дараах үйлдлүүдийг гаргадаг уу.

Судалгаанд оролцолгчдын 1,1% нь байнга, 43,7 % зарим үед хүүхдийн дэргэд архидан согтуурдаг гэсэн нь маш өндөр хариулт бөгөөд судалгаанд оролцогчдын бараг 50% нь архи хэрэглэдэг гэсэн үзүүлэлт юм. Энэ нь эцэг, эхчүүдийн дунд архидалт маш их байгаа, хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлж байгааг илтгэж байна.

Архины хэрэглээг нас болон өрхийн орлогоор нарийвчилж үзвэл 25-45 хүртэл насныхан 78%-ийг эзэлж байгаа нь залуучуудад архины хэрэглээ их байгааг илтгэж буй үзүүлэлт юм.  Өрхийн орлогоор хамааруулж үзвэл орлого санхүүдээ сэтгэл огт хангалуун биш хийгээд, тааруухан хэсгийнхэн архи хэрэглэгдэг нь анхаарал татлаа. Орлого санхүү бага хэдий ч архи хэрэглэх нь гэр бүлийн амьдралд маш их сөрөг нөлөөтэй.

Хүүхдийнхээ дэргэд 2,7% нь байнга, 65,7% нь зарим үед муудалцдаг гэж хариулсан нь 68,4 %-д нь гэр бүлийн зөрчил, маргаан байгааг харуулж байна.

Өөрөөр хэлбэл 68,4 % д хүүхдэд үзүүлэх гэр бүлийн харилцааны сөрөг нөлөөлөл байна.

Хүүхдийнхээ дэргэд 1,6% нь байнга, 17,9% нь зарим үед зодолддог гэж хариулсан нь гэр бүлийн зөрчил маргаан хүчирхийллийн хурц хэлбэрт шилжсэн болохыг харуулж байна.

Гэр бүлийн зөрчил маргааныг өрхийн орлоготой хамааруулан судалж үзэхэд орлого санхүү хангалттай болон, дундаж, хангалтгүй хэсгийнхэнд гэр бүлийн зөрчил маргааны эзлэх хувь төдийлөн ялгаатай биш байна. Харин насны байдлыг авч үзвэл маргаан зөрчил 18-40 хүртэлх насныханы дунд хамгийн их байна. Архины хэрэглээтэй бүх гэр бүлүүдэд зөрчил маргаан байгаа нь ажиглагдсан нь архидалт гэр бүлийн хэрүүл, маргаан зөрчил, хүчирхийллийн үндэс суурь болж байгааг харуулж буй юм.

69,1 % нь хүүхдийн дэргэд тамхи татдаггүй гэж хариулсан нь сайшаалтай байна.

Судалгаанд оролцогчдын 6% нь хүүхдээ байнга зоддог, 37,8% зарим үед зоддог гэж хариулсан нь огт байж болохгүй асуудал бөгөөд хүүхдийг шууд хүчирхийлж буй хэлбэр юм.

Өөрөөр хэлбэл судалгаанд оролцогчдын 43,8% нь хүүхдээ бие махбод хийгээд сэтгэл санааны хувьд хүчирхийлдэг байна. Энэ бол ихээхэн анхаарал татах асуудал юм. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн ихэнх хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг байна.

31,9 % ямарч үед хүүхэддээ цаг гаргадаг нь сайшаалтай бол 6,6% нь цаг гаргаж чаддаггүйгээс гадна, 47,6 % шаардлагатай үед л цаг гаргадаг гэж хариулсан нь хангалтгүй байна.

Эцэг, эхчүүд хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогыг мэдэхгүй байх, хүүхдийн хөгжил, танин мэдэхүйг хөгжүүлхэд хэрхэн туслах, оролцох талаарх мэдлэг хомс байгааг харуулж буй юм.

Хүүхдийн сурлага, хүмүүжил, төлөвшил, нийгэмшил, соёл, ёс суртахуун, зан ааш, дадал зуршлын 80% нь төрөлх гэр бүлийн орчиндоо бүрэлдэж бий болдог. Гэр бүлийн амьдралын уур амьсгал, гэр бүлийн гишүүдийн харилцаа хандлага, бие биенээ хайрлах, хүндэтгэх байдал хүүхдэд шууд нөлөөтэй.  Зөрчил маргаан, хүчирхийлэлтэй тайван бус гэр бүлд өсөж буй хүүхэд сурлага, хүмүүжлийн доголдолтой, зан чанарын хувьд ууртай, хэдэр, эсвэл аймхай, өөртөө итгэх итгэл сул, хэн нэгнийг үзэн ядаж өширхсөн, амиа хичээсэн хүн болж өсдөг.

Хүүхэд өсвөр үеийн хүмүүжил боловсролд анхаарахдаа эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага, ёс суртахууныг дээшлүүлэх, гэр бүлийн боловсрол олгох ажлыг хамт анхаарах шаардлагатай болсоныг энэхүү судалгаа харуулж байна.

Эцэг, эхчүүдийн нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлэхэд шинэ шатны бодлого хэрэгтэй бөгөөд энэ асуудлыг чухалчлан шийдсэн гадны орны туршлагыг судлах нь чухал юм. Тухайлбал БНСУ гэхэд хотын боловсролын газраас нь сургуулиудад эцэг, эхийн боловсролд зориулсан тусгайлсан төсөв хуваариладаг байна.  Энэхүү ажлын хүрээнд цэг, эхчүүдэд хүүхдийн нас сэтгэл зүйн онцлог, сурлага, хүмүүжлийг дэмжих арга зүй, гэр бүлийн орчны хүүхдэд үзүүлэх нөлөөлөл зэрэг бүрэн хэмжээний  хичээлийг зааж сурах бичгийг өгдөг байна.

Манай улсын хувьд эцэг, эхчүүд хүүхдийн сурлага, хүмүүжлийг сургууль, багш нартай холбон ойлгож тэднийг буруутгах нь түгээмэл байдаг. Харин дээрх судалгааны дүнгээс авч үзвэл гэр бүлүүдийн 68,4%-д нь гэр бүлийн харилцааны таагүй орчин байгаа бол, 43,8% нь хүүхдээ хүчирхийлдэг болох нь харагдаж байгаа нь хүүхдэд үзүүлэх гэр бүлийн орчны сөрөг нөлөөлөл их байгааг харуулж байна. Эцэг, эхийн гэр бүлийн боловсрол мэдлэг муу байгаа үзүүлэлт юм.

Таны бодлоор эхнэр /нөхөр харилцан бие биенээсээ юу хүсдэг вэ?

Гэрлэлтийн сэтгэл ханамжийг тодорхойлох зорилгоор эхнэр нөхрүүдийн бие биеэсээ хүсэн хүлээдэг зүйлийг тодруулахад эхнэрүүдийн нөхрөөсөө хүсэмжилдэг зүйл илүү хувьтай байна.

 Тодруулбал эмэгтэйчүүдийн 60,4 % нь халамж, 64,8% нь гэр бүлтэйгээ ихэнх цагаа өнгөрөөхийг, 65,2% нь ярилцах цаг гаргахыг, 71,6 % ийг гэрийн ажилд туслахыг, 65,3 %-ийг гэртээ эрт ирж байхыг, 72,4 % нь илүү мөнгө олохыг,  78,2% нь архи  бага уухыг, 55,2% нь гэр бүлийнхнээ загнахгүй байхыг, 63,9% нь тулгарсан асуудлаа хуваалцахыг хүсдэг гэсэн нь анхаарал татаж байгаа юм.

Эрэгтэйчүүдийн гэр бүлийн амьдрал дахь оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх, гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай  байна.

Эрэгтэйчүүдийн хувьд 47,4% нь бэлгийн харилцаандаа нээлттэй байхыг,  50,4% нь найз нөхдийг нь хүлээн зөвшөөрөхийг, 50,4% нь бага гомдохыг, 44,8 % нь гэр бүлийнхнээ загнахгүй байхыг, 41,2 %нь эрүүл мэндийг нь анхаарахыг эхнэрээсээ голчлон хүсдэг байна.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь сэтгэл зүйн хувьд асар их ялгаатай бөгөөд энэхүү ялгаагаа мэдэхгүйгээс нэгнээ ойлгохгүй байх, өөрийн байр сууринаас асуудалд хандаж аливаа зүйлийг шаардах зэргээс болж зөрчилдддөг.  Эхнэр, нөхрүүдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд  бие биенээ зөвөөр ойлгох, ялгаатай байдлаас үүсэх зөрчил, сэтгэл ханамжгүй байдлыг даван туулах арга зүйг мэдүүлэх нь чухал байдаг.

Хосуудын зөрчил маргааны шалтгаан, хайр сэтгэл хөрөх, гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаа, нууц амрагтай болох, салалтанд хүрэх  гэх мэт асуудлууд нь сэтгэл ханамжгүй байдалтай шууд холбоотой байдаг. Судалгааны дүн эмэгтэйчүүдийн 67,3% нь нөхөртөө сэтгэл ханамжгүй байх магадлалтайг харуулж байна. Энэ нь ноцтой асуудал юм.

Эхнэр нөхрүүдийн биенээсээ хүсэж буй асуудлын хувь хэмжээг харахад ялгаатай байдлыг ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх, хүйсийн онцлог дээр тулгуурласан үүрэг хариуцлагыг  нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг илтгэж байна.

Танай гэр бүлийн эрхэмлэн дээдэлдэг зүйл юу вэ?

Гэр бүлийн эрхэмлэн дээдэлдэг зүйлсийг тодруулахад үр хүүхэд, хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, хайр сэтгэл итгэлцэл гэсэн 4 асуудал хамгийн их хувьтайгаар эрэмбэлэгджээ. Нэгдүгээрт үр хүүхэд байгаа нь сайшаалтай байна. Харин хайр сэтгэл, итглцэл гэсэн хариулт хүний эрх, эрх чөлөө болон эрүүл мэндийн дараагаар орсон нь анхраарал татаж байна. Энэ нь орчин үед гэрлэх сонголтонд хайр сэтгэлийн эзлэх хувь буурч байх магадлалтайг харуулж буй юм. Уг үзүүлэлтийг онцлох болсон учир нь гэр бүл тогтвортой байх, хосууд ойлголцож, зөрчил маргаангүй, сэтгэл ханамжтой ойлголцож амьдрахад хосуулын сэтгэл зүйн энэхүү холбоо чухал хүчин зүйл болдог билээ.

Гэр бүлийн эрхэмлэн дээдэлдэг зүйлд хүний эрх, эрх чөлөө хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нь хосууд гэр бүлийн амьдралд нэгнээсээ хэт хараат байхыг хүсэхгүй, эрх чөлөөтэй байхыг эрмэлзэх болсон орчин үеийн гэр бүлийн шинэ хандлагыг харуулж байна.

Боловсрол, мөнгө, өв хөрөнгө гэсэн зүйлүүдэд ач холбогдол өгөөгүй байгаа нь гэр бүлийн амьдралд сэтгэл зүйн хүчин зүйл хамгийн чухал болохыг тодорхойлж байна.

Танай гэр бүлийн харилцаанд дараах асуудал хэр зэрэг гардаг вэ?

        Гэр бүлийн харилцаанд үүсдэг сөрөг асуудлууд хэр зэрэг байгааг тодруулахаар авсан дээрх асуулгын хэсэгт хариулсан хариултаас харахад судалгаанд оролцогчдын  1,7% нь байнга, 2,2% нилээд, 20,6% хааяа архидаж агсам тавьдаг, 1,1% байнга, 3%  нилээд, 16,4 хааяа айдас түгшүүртэй байдаг,  2 % нь байнга, 1,5% нилээд, 14,2% нь хааяа салдаг, 2,3% нь байнга, 3,6% нилээд, 41,5% нь харддаг, 5% нь байнга, 2,1% нь нилээд, 17,3% хааяа зодолддог, 1,2% нь байнга, 7,7% нь нилээд, 70% нь хааяа хэрэлддэг, 2,1% байнга  11,4% нилээд, 75,4% нь хааяа маргалддаг гэж хариулсан нь гэр бүлийн харилцаанд байж болохгүй асуудал юм. Гэр бүл нь тайван амгалан байж, хүүхдийн хөгжиж төлөвших суурь орчин болохоос гадна хүний аз жаргал, амар тайваны хэрэгцээг хангаж байх ёстой билээ.    

            Нийт хариултуудын эерэг үзүүлэлт илүү байгаа юм шиг харагдах боловч нийт судалгаанд оролцогчдын 70% нь хэрэлддэг, 75,4% нь маргалддаг, 47,4 %-д хардалт байгаа, 19,9 % зодолдог гэж хариулсан нь гэр бүлүүдийн харилцаа сөрөг үзүүлэлтэй байна гэж дүгнэх үндэстэй юм.

  Гэр бүлийн асуудлаар хэнтэй санал бодлоо хуваалцахыг хүсдэг вэ?

Гэр бүлдээ тулгарсан асуудлыг эхнэр, нөхрүүд хоорондоо ярилцаж шийдвэрлэх нь илүү байгаа нь сайшаалтай байна. Харин асуудал шийдвэрлэхэд найз нөхдийн үүрэг их байгаа нь онцлог байна. 7 % нь гэр бүлд зөвлөгөө өгөх төвд ханддаг нь сайн байна. Лам үзмэрчид хандах нь сэтгэл зүйчид хандахаас илүү хувьтай байгаа нь анхаарах асуудал юм. 

Гэр бүлийн зөвлөгөө өгөх, төв болон сэтгэл зүйчид хандах байдал бага хувьтай байгаа нь манай улсад энэ төрлийн мэргэжлийн үйлчилгээ дутмаг байгааг харуулж байгаа бөгөөд энэхүү орон зайг найз нөхөд, аав, ээж нөхдөг байна.

Судалгаанд оролцогчдын гэр бүл салалтын талаарх бодлыг тандсан асуулгад 41,4% нь хүүхдээ бодоод салахгүй ойлголцох ёстой, 25,6% таарамжгүй бол салсан нь дээр, 33% нь салсан ч хоёр талаасаа хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлага хэвээрээ байх ёстой гэж хариулсан нь салалт байх л зүйл гэсэн хандлага түгээмэл байгааг илтгэж байна.

Статистикийн мэдээнээс үзэхэд 1989 оноос хойш салалтын хувь хэмжээ тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд нийгэм эдийн засгийн хүчин зүйлийн нөлөө их  байгаа хэдий ч  хувь хүний гэр бүлийн боловсрол, гэр амьдралд бэлтгэгдсэн байдал, хандлага чухал нөлөөтэй юм.

Салалт нь хэдийгээр нийгэмд байдаг үзэгдэл ч төрийн бодлого гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, салалтыг бууруулах, салалтаас үүдэн хүүхдэд учрах бэрхшээлийг багасгахад чиглэх учиртай юм.

Таны оршин буй газарт дараах байгууллагууд шаардлагатай байна уу ?

Судалгаанд оролцогчид гэрлэх ёслолын танхим хэрэгтэй гэж 42,6% нь, чөлөөт

цагийг зөв өнгөрүүлэх газар гэж 58,2% нь хариулсан нь  манай иргэдэд нэн хэрэгцээтэй бөгөөд хот хөдөөд дутагдалтай байдаг газрууд юм. Харин Гэр бүлд зөвлөгөө өгөх төв болон гэр бүлийн боловсрол олгох газар шаардлагатай гэж цөөн хувь хариулсан нь иргэд энэ төрлийн үйлчилгээ ямар ач холбогдолтой талаар мэддэггүйтэй холбоотой юм.

Судалгааны дүгнэлт

Нэг талаас, нийгмийн институт, нөгөө талаас, ниймийн жижиг бүлгийн шинжийг агуулсан гэр бүлийг судлахдаа, бүтэц, чиг үүргийн баримтлал, сөргөлдөөний онол, бэлгэ тэмдгийн интеракционизмын хандлагыг хослуулан хэрэглэж, баримт өгөгдөлд шинжилгээ хийв.

Бүтэц-чиг үүргийн парадигм ёсоор гэр бүл нь нийгэмд олон чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэгвэл эдгээр функци тус бүрийн онцлогийг тайлбарлаж, өнөөгийн гэр бүл түүнийгээ хэрхэн биелүүлж байгаад дүгнэлт хийж, ямар чиг үүрэг нь алдагдаж байгааг илрүүлэхэд анхаарлаа.

Гэр бүлийг бичил төвшинд шинжилж, хүмүүс гэр бүлдээ хэрхэн хандаж, тэдний хоорондын харилцаа ямар байдлаар илэрч, гэр бүлийн амьдралын туршлага ямар байгааг судлан тогтоох  хамгийн чухал юм.

Тэгэхлээр хүмүүс гэр бүлийн амьдралаа хэрхэн зохион байгуулж байгааг илрүүлэхийн тулд, гэр бүлийн гишүүдийн харилцан үйлчлэл /интеракци/, өдөр тутмын зан төлөвийг судалдаг бэлгэ тэмдгийн интеракционизм болон нийгмийн солилцооны онолын хандлагыг хэрэглэхийг эрмэлзэв.  

Гэр бүл нь хүүхдийн нийгэмшилтийн үндсэн үүр болохын хувьд хүүхэд тайван амгалан өсөж хөгжих, тэдэнд ээлтэй үндсэн орчин байх ёстой. Олонх эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлага, хүмүүжил болон хөгжлийн асуудлуудад санаа тавьж, тэдэнд  зориулан цаг гаргахыг хичээж байна. Гэвч ихэнх гэр бүлд зөрчил, маргаан, архидалт, хүчирхийлэл  байгаа нь  хүүхдийн зан суртахуун, хүмүүжил болон мэдлэг боловсролд сөргөөр нөлөөлж, улмаар зарим тохиолдолд гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл болж байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Хүүхэддээ анхаарал тавих байдалд ээжүүд 57 % байхад аавууд дөнгөж 7% тай байгаа нь анхаарах асуудал болно. Эцэг, эхийн үүрэг, хариуцлага адил түвшинд байх нь хүүхдийн хөгжил төлөвшилд эерэг сайнаар нөлөөлдөг байна. Учир нь гэр бүл тогтолцоо болохынхоо хувьд эцэг, эх болон  гэр бүлийн гишүүдийн үүрэг оролцоо нөлөөллийг адил тэгш байлгаж чадсанаар хүүдэд өөртөө итгэлтэй бие даасан хандлага төлөвших боломжтой. Иймээс хүүхдийн хөгжилд гэр бүлийн бусад гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, ялангуяа аавуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, оролцоог бий болгох нь чухал байна.

Судалгаанд оролцогчдын 1,1% нь байнга, 43,7 % зарим үед хүүхдийн дэргэд архидан согтуурдаг гэсэн нь  өндөр үзүүлэлт бөгөөд судалгаанд оролцогчдын бараг 50% нь архи хэрэглэдэг гэсэн үзүүлэлт юм.  Мөн эмэгтэйчүүдийн 78,2% нь  нөхрөөсөө архи бага уухыг хүсдэг гэж хариулсан нь үүнийг нотолж байна.

Энэ нь эцэг, эхчүүдийн дунд архидалт маш их байгаа, хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлж байгааг илтгэж байна.

Өрхийн орлого санхүү багасах тутам архины хэрэглээ нэмэгдэж байгаа нь анхаарах асуудал юм.

Хүүхдийнхээ дэргэд 2,7% нь байнга, 65,7% нь зарим үед муудалцдаг гэж хариулсан нь 68,4 %-д нь гэр бүлийн зөрчил, маргаан байгааг харуулж байна.

Өөрөөр хэлбэл 68,4 % д хүүхдэд үзүүлэх гэр бүлийн харилцааны сөрөг нөлөөлөл байна.

Хүүхдийнхээ дэргэд 1,6% нь байнга, 17,9% нь зарим үед зодолддог гэж хариулсан нь гэр бүлийн зөрчил маргаан хүчирхийллийн хурц хэлбэрт шилжсэн болохыг харуулж байна.

Судалгаанд оролцогчдын 6% нь хүүхдээ байнга зоддог, 37,8% зарим үед зоддог гэж хариулсан нь огт байж болохгүй асуудал бөгөөд хүүхдийг шууд хүчирхийлж буй хэлбэр юм.

Өөрөөр хэлбэл судалгаанд оролцогчдын 43,8% нь хүүхдээ бие махбод хийгээд сэтгэл санааны хувьд хүчирхийлдэг байна.

          Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд гэр бүл, түүний дундаас эцэг эхийн үүрэг, оролцоо илүү чухал байгаа бөгөөд эцэг, эхчүүд  үүнийг ойлгож байгаа ч гэр бүлийн таагүй уур амьсгалаасаа болж хэрэгжүүлж чадахгүй байна.

Энэ нь эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ ажиллах, тэдний нас, сэтгэхүйн онцлог, хөгжлийн байдалд тохируулан харилцах, харилцан ойлголцох, асуудлаа хамтран шийдвэрлэх, гэр бүлийн таатай орчинг бүрдүүлэх зэрэг олон харилцааны хувьд учир дутагдалтай байгааг нотолж байна. Тиймээс эцэг эхийн хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогийг харгалзан тэдэнтэй зөв үлгэр дуурайл бүхий харилцаагаар хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх шаардлага амьдралаас урган гарч байна гэж хэлж болох юм.

 Гэр бүлийн үнэт эрхэмлэх зүйл  үр хүүхэд, эрх чөлөө, эрүүл мэнд, хайр сэтгэл гэсэн зүйлүүд дээр төвлөрч мөнгө хөрөнгөнд чухал ач холбогдол өгөхгүй байгаа нь сайшаалтай байна.

Судалгаанд оролцогчдын 68,4% нь гэр бүлийн харилцааны зөрчил, хүчирхйилэлтэй байгаа нь анхаарах асуудал бөгөөд нийт гэр бүлүүдэд гэр бүлийн боловсрол олгох зайлшүй шаардлагатайг харуулж байна.

Гэр бүлийг тогтвортой, зөв харилцаатай хүний амар тайван аж төрж, хөгжиж боловсрох суурь орчин болгон хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг чадварын цогцыг гэр бүлийн боловсрол хэлнэ.

Гэр бүлийн гишүүдийн хоорондын зохицол, биеэсээ ойлгох харилцаа, сэтгэл ханамж, сэтгэл зүйн боловсрол, зөрчил, бэрхшээлийг даван туулах арга зүй зэрэг нь тэдний гэр бүлийн боловсролтой шууд холбоотой байдаг.

Гэрлэлтийн сэтгэл ханамжийн байдлаас үзэхэд  гэр бүлийн харилцаанд эхнэр нөхрийн тэгш оролцоо, тэгш боломж төдийлөн адил бус байгаа ба хүүхдийн хүмүүжил, өндөр настнаа асрах, гэрийн ажил гэх  мэт бусад бүхий л асуудалд эмэгтэйчүүд илүү их ачаалал, үүрэг хариуцлагыг үүрч байна.

Гэр бүлийн харилцаанд жендерийн тэгш бус байдал бий болсоноор гэр бүлийн гишүүдийн хэвийн харилцаа алдагдаж зөрчил үүсэн, хүчирхийлэл гарах нөхцөл бүрэлддэг. Энэ нь цаашид өрхийн боловсрол, хөгжил буурч эрүүл мэнд, үр хүүхэддээ тавих анхааралыг сулруулах магадлалтай. Мөн архидалт болон бусад сөрөг үзэгдэл гарах магадлал өндөрсдөг.

Иймд гэр бүлийн талаар баримтлах төрийн бодлогод дараах асуудлуудыг анхаарах шаардлага гарч байна.

Салсан, өрөөсгөл, өрх толгойлсон гэх мэт өрхүүдийг дэмжих эдийн засгийн шаардлага байдаг ч одоо энэхүү асуудалд шинэ хандлага бий болгох шаардлагатай болжээ.

  • Төрөөс тогтвортой амьдарч, үр хүүхдээ сайн сайхан өсгөж буй гэр бүлүүдийг дэмжих урамшуулах.
  • Эцэг, эхийн боловсрол, гэр бүлийн боловсролын асуудлыг анхаарч төрийн тогтолцооны хүрээнд шийдвэрлэх
  • Гэр бүлд зөвлөгөө өгөх, гэр бүлийн боловсрол олгох газруудыг мэргэжлийн түвшинд байгуулах
  • Залуу гэр бүлийн  ахуйн нөхцөл, орон сууцны хангамжид анхаарах
  • Ажлын байр нэмэгдүүлж гэр бүлийн санхүүгийн чадавхийг дээшлүүлэх
  • “Эцэг, эх-хүүхэд-харилцаа”–г тусгай асуудал болгон улс орны хэмжээнд хэрэгжих хөтөлбөр болгон боловсруулах
  • Хөдөө орон нутагт гэр бүл, хүний хөгжлийг дэмжих эдийн засгийн ялгавар бүхий бодлого хэрэгжүүлж хүн амын төвлөрөл, хотжих үзэгдлийг сааруулах
  • Хөдөөгийн нийгмийн суурь үйлчилгээний хангамж, материаллаг баазыг сайжруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих
  • Нийгмийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй ядуу болон захын хорооллын өрхийн иргэд, түүнчлэн шилжин ирсэн гэр бүлд эрүүл мэнд, боловсрол зэрэг төрөл бүрийн сургалт, ажил хөдөлмөр эрхлэх чиглэлээр үзүүлж буй төрийн үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх
  • Телевиз, радиогоор олон нийтэд гэр бүлийн боловсрол олгох, чиглэлээр нэвтрүүлэг явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх.
  • Гэр бүлийн маргааныг мэргэшсэн шүүгч шийдвэрлэх хэрэгцээ шаардлага буй болсон байна
  • Эдийн засгийн чадавхгүй гэр бүлд дэмжлэг үзүүлэх асуудлыг хуулиар зохицуулах боломжийг эрэлхийлэх
  • Салсан гэр бүлийн хүүхдүүд сэтгэл санаа, бусад зүйлээр хохирч байна. Хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлээгүй эцэг эхэд хуулиар хариуцлага тооцдог болох
  • Хүүхдийн хүмүүжил, гаргасан алдаа эндэгдлийн хариуцлагыг эцэг эхэд тооцдог болох нь үр дүнтэй механизм байж болох юм.