Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

ШАТНЫ ДОРХ АМЬДРАЛ БА ОРЦНЫ ГЭР БҮЛ

УБИС-ын Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч
Доктор/Ph.D/Б. Оюун-Эрдэнэ

Судалгааны үндэслэл

Манай улс зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн 1990-ээд оны үед орцонд байрлуулсан цахилгааны тоолуур олноороо хулгайд алдагдах болсон нөгөө талаас орон сууцыг хувьчлах болсоноор нийтийн эзэмшлийн талбай, эд хөрөнгийг хэн харж хамгаалах вэ гэдэг асуудал гарч ирсэнээс СӨХ болон орцны жижүүр хэмээх ажлын байр нийгмийн шаардлагаар бий болжээ. Харин энэхүү орцны жижүүр хэмээх ажлыг хэн нэгэн хийдэг гэдэг ойлголт л нийгэмд  байснаас бус тэрхүү шатны доод талын жижиг зайд бүхэл бүтэн айл өрх амьдарч, залуус тэнд өрх тусгаарлаж, амьдрал өрнөн, эх орны ирээдүй хойч үе  төрж, өсч хүмүүжиж байдаг гэдгийг өнөөдрийг хүртэл хэнч анзаараагүй явжээ.

Монгол улсын хэмжээнд нийслэл хот болон, Орхон,  Дархан-Уул аймагт  нийтдээ 1431 хүн  орцны жижүүрээр  ажиллаж байгаа ба эдгээр хүмүүсийн 80  гаруй хувь нь тухайн орцондоо 5 хүртэл ам бүлээрээ байнга оршин сууж амьдарч байна.

 Тэдний   77,2 хувь нь эмэгтэй, 52 хувь нь 3 ба түүнээс дээш ам бүлтэй, 1/3 нь хөдөө орон нутгаас шилжиж ирсэн, 89 хувь нь 18-55 насныхан байна.

Жижүүрээр ажиллагсдын гэр бүлийг оруулан авч үзэхэд орцонд нийтдээ 5000 гаруй хүн, үүнээс 600 гаруй хүүхэд амьдарч байна. Үүнд төр засгийн зүгээс ч анхаарах боллоо. Орцны жижүүр хийж амь зуудаг  амьдралын өвөрмөц хэв маяг бүхий гэр бүлүүд үүссэн нь энэхүү асуудлыг анхаарахад хүргэсэн юм.

Иймд  орцны жижүүрээр ажиллагсдын талаарх мэдээллийг өргөжүүлэн баяжуулж, тэдний амьжиргаа, амьдралын чанарыг дэмжихэд чиглэгдсэн бодлого, хөтөлбөр боловсруулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах үйл явцад мэдээлэл, санал, зөвлөмж өгөх зайлшгүй шаардлага бий болж байна.

Судалгааны зорилго:

Орцны жижүүрээр ажиллаж буй гэр бүлүүдийн өмнө тулгамдаж буй нэн тэргүүний асуудлууд, хүүхдийн хүмүүжил, боловсрол, гэр бүлийн харилцаа, эрүүл мэндийн асуудал зэргийг судалж тодорхой дүгнэлт, санал зөвлөмж гаргах

Судалгаанд нийт орцны жижүүрээр ажилладаг 120 хүнийг хамруулж чанарын болон анкетын судалгаа хийлээ. Энэ нь нийт орцны жижүүрээр ажиллагсдын  8,3 хувийг эзэлж байгаа юм.

Орцны жижүүрүүдийн амьдарч  буй шатны доод тал нь 1х3 хэмжээтэй жижиг талбай юм. Тэнд нэг хүн унтах хэмжээтэй нарийн ор, нэг ширээ тавих л зайтай бөгөөд хүн босоогоороо зогсох, зөрөх ч боломжгүй байна. Гаднаас цэвэр агаар оруулах боломжгүйн зэрэгцээ нэг хүнд оногдох цэвэр агаарын зохистой хэмжээ алга байна. Нарны гэрэл тусдаггүйгээс хавар, намар, зуны цагт битүү чийгтэй, өвлийн цагт доторх халаалт их гаднаас жавар шууд ордогоос цан  цохиж битүү чийгтдэг байна.

Жижиг зай талбайд олон хүн амьдарч, хоол хүнс болгодог, дээр нь агаарын солилцоо байхгүйгээс эвгүй үнэр нэвт шингэсэн, засвар үйлчилгээ тэр бүр хийдэггүйгээс тохижилт, цэвэр байдал ихэнхдээ муу байна.

            Орцны жижүүрийн жижиг өрөө нь тэнд амьдарч буй хүүхдийн эрүүл мэнд, хэвийн хөгжил хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна, сэтгэл санаа тайван байж, сурч танин мэдэх боломжийг огт олгохгүй байна. Өрөө нь агааргүй, бүгчим, дуу чимээ ихтэйгээс гадна бие засах газар, ундны усны цорго, угаалтуур гэх мэт эрүүл ахуйн наад захын хэрэгцээ шаардлага хангахгүй байгаа учир хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөх үндсэн хэрэгцээг ноцтой зөрчиж байна.

            Хүүхдүүдийн хувьд шатны дор амьдрах нь ихээхэн дарамттайн зэрэгцээ тэд  томрох тусам тухайн газар амьдрах дургүй болж гадуур тэнэх, гэмт хэрэгт холбогдох, сургууль завсардах нь их байна.

Орцны жижүүрээр ажиллаж амьдардаг гэр бүлүүдээс судалгаа авч байхад тэдний ихэнх нь амьдралын нөхцөлдөө сэтгэл дундуур байсан бол цөөн хувь нь цалинтай, толгой хорогдох газартай байгаадаа сэтгэл хангалуун явдаг гэж хариулж байсан юм.

Судалгаанд оролцсон нийт гэр бүлүүд 100% орлого маань амжиргаанд хүрэлцдэггүй гэж хариулсан юм. Орцны жижүүрээр ажиллагсдын цалингийн дээд хэмжээ 144 000 төгрөг доод тал 74000 төгрөг байв. Энэ мөнгөнөөс хүн амын орлогын албан татвар төлөөд үлдсэнийг нь 2 хувааж авах бөгөөд  дунджаар 4-5 ам бүл амьдарч байна. НД, ЭМД төлдөг жижүүр нийт судалгаанд оролцогсдын дөнгөж 8% байв.

Судалгаанд хамрагдагсдын 93 хувь нь өөрийн гэсэн орон гэргүй байсан бөгөөд  дөнгөж 7 хувь нь орон гэр бий гэж хариулав. Тэдний орон гэргүй болсон шалтгааныг судлахад асрамжийн газар өссөн 2% , аав ээжтэйгээ хамт амьдарч байсан 21%, гэрээ зарж хөдөөнөөс ирсэн 20%, гэр шатсан 6%, гэр бүл салалтаас болж гэргүй болсон 27%, хүүхдүүддээ гэрээ өгсөн 18%, ах эгчтэйгээ амьдарч байсан өнчин 6% байна.

 Ядуурал, ажилгүйдэл түүнээс үүдсэн зан үйлийн өөрчлөлт, архидалт  зэрэг асуудлууд нь манай нийгмийн тулгамдсан асуудлын нэг билээ. Орцны жижүүрүүдийн амьдрал ч манай нийгмийн энэ амьдралын нэг хэсэг юм.

Орцны жижүүрээр ажиллаж байгаа эдгээр хүмүүсийн дийлэх нь дунд насныхан бөгөөд орцны жижүүрийн цалингаас өөр орлогогүй, тэр нь амьдралд нь хүрэлцдэггүй, хүүхдүүдээ мэргэжилтэй болгож чадаагүйгээс тэд нь  ажилгүй,  гэртээ тав тухтай амьдрах, ажлын болон амьдралын стресээ тайлах боломжгүйгээс  байнгын уур бухимдалтай явдаг, гэр бүлийн харилцаа таагүй уур амьсгалтай, үүнээсээ болоод архи, тамхи хэрэглэдэг зэрэг зан үйлийн болон дадал зуршлын сөрөг тал  ихтэй байна.

Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд учир 43 % нь тамхи татдаг гэж байгаа нь ноцтой үзүүлэлт юм.

Гэр бүлд нь өөрсдөөс нь гадна  тамхи татдаг хүн бий эсэхийг тодруулахад 83 хувьд нь байгаа, 17 хувьд нь  байхгүй гэж хариулсан юм. 80 аас дээш хувьд нь тамхи татдаг хүн байна гэдэг нь асар өндөр үзүүлэлт  юм.

Харин архины хэрэглээний давтамжийг авч үзвэл  байнга уудаг 37%, хааяа 43%, зөвхөн баяраар 20%  байна.

Байнга архи уудаг хүмүүсээс шалтгааныг тодруулахад 43% нь ажилгүй учраас гутраад уудаг, 21 % нь дуртай болохоор, 17% нь найз нөхөд уруу татдаг, 10% нь гэр бүлийн хувьд таагүй байдгаас уудаг, 9% нь сэтгэл санаагаа засах гэж уудаг гэж хариулжээ.

 Мөн эдгээр гэр бүлүүдийн ихэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байхаас гадна өрхийн тэргүүлэгч нь байгаа гэр бүлүүдийн хувьд эхнэрүүд нь орлого олох, ажил хийх, хүүхдийн асуудал, өрх гэрийн бүхий л асуудлыг зохицуулж нэг ёсондоо амьдралаа бүх нуруундаа үүрч явна. Харин нөхрүүд ажилгүй эхнэрийн орцны жижүүрийн цалингаар амьдрахын зэрэгцээ архи ууж, эхнэр хүүхдээ зовоодог байх нь нийтлэг байна.

Гэхдээ тэдний дунд амьдралаа бусдаас хамааралгүй аваад явах, үр хүүхдээ боловсролтой болгох гэж  өөрт байгаа боломж бүхнээ дайчлан  хичээж буй нэг хэсэг ч бас байна. Тэдэнд бага зэргийн дэмжлэг үзүүлэхэд л амьдралдаа эзэн болох чадвар байна.

Гэр бүлүүдийн харилцаанд таагүй асуудал үүсгэдэг хэд хэдэн хүчин зүйлүүд байгаа нь судалгааны явцад ажиглагдлаа. Энэ нь архидалт, ажилгүйдэл, орлогын хомсдол буюу ядуурал, түүнээс үүдсэн бухимдал, ажлын ачаалал, амьдрах орчны тав тухгүй байдал болон, боловсролын түвшин бага зэргээс үүдсэн зан харилцаны доголдол зэрэг  асуудлууд байна

Орцны жижүүрүүдийн хүүхдүүдийг ажиглахад сэтгэцийн хувьд дарамттай, эвдрэх тийшээ хандсан, бусад хүүхдүүдийг бодоход өсөлт хөгжилт сул, сурлагаар тааруу байгаа нь мэдэгдэж байсан.

Хүүхдийнхээ дэргэд архидан согтуурах, бусадтай муудалцах, тамхи татах, зодолдох, зүй бус үг хэллэг/хараал/ хэрэглэх зэрэг үйлдлүүдийг судалгаанд оролцогчдын 70 –аас дээш хувь нь манай гэрт байдаг зүйл гэж хариулжээ.

  • Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг төрүүлэх гол хүчин зүйл болох амьдралын сэтгэл ханамж, тав тух дутагдалтай байдаг нь гэр бүлийн харилцаанд зөрчил, хүчирхийллийг бий болгож байна.

Дийлэнх нь амьдрах орчноо сайжруулах хүсэлтэй ч боловсрол бага,  мэргэжилгүй, бичиг баримтын зөрчилтэй, хууль зүйн мэдлэг дутмаг, эдийн засгийн чадавхигүй, зэрэг шалтгаанаар энэхүү амьдралаар амьдарч байна.

Орцны гэр бүлүүдэд чиглэсэн халамжийн бодлогын хүрээнд тэднийг халамжийн орон сууцаар хангах асуудал яригдаж байгаа. Гэвч нийт орцны жижүүрээр ажиллагсдыг  бүрэн хамруулж чадаагүй тохиолдолд энэ нь үр дүнтэй арга хэмжээ биш гэж үзэж байна. Иймд үр өгөөж нь нийт орцны жижүүрээр ажиллаж буй хүмүүст хүрэх стратегийн ач холбогдол бүхий үйл ажиллагааг  тэдэнд чиглүүлэх нь зүйтэй бөгөөд үүний үндсэн зорилго нь үе дамжсан ядуурлаас сэргийлэх тэдний хүүхдүүдэд чиглэсэн бодлого арга хэмжээ байх нь зүйтэй гэж үзэж байна.

Үнэндээ тэдний орон гэргүй байгаа нь гол асуудал биш зах зээлийн нийгэмд өөрийн амьдралаа аваад явж чадахгүй ядуу байгаагийн, орон гэргүй орцны жижүүрийн амьдралд орсон шалтгаанд  асуудлын гол нь байгаа юм.

Төрөөс  богино хугацаанд шууд дэмжлэг үзүүлэх нь  хүмүүсийн ажил хийх хүсэл эрмэлзэлд сөргөөр нөлөөлж, ямар нэгэн халамжид хамрагдах гэсэн бэлэнчлэх сэтгэлгээг бий болгодог тул үүнээс аль болох татгалзах шаардлагатай юм. 

Иймд эдгээр хүмүүст нэн хэрэгцээтэй зүйл бол тэднийг чадвахжуулах асуудал юм. Тэдний орон гэргүй, ядуу байгаагийн үндсэн шалтгаан бол боловсрол мэдлэг бага, ажилгүй, зах зээлийн нийгэмд амьдрах  чадваргүй байгаад л гол асуудал байна.

Дэлхий нийтийг хамарсан нийгэм, эдийн засгийн хямрал нь нийгмийн бодлого, нийгмийн хамгааллын стратегийг хэрэгжүүлэхдээ гэр бүлийг чадваржуулах үзэл баримтлал дээр тулгуурлах шаардлагатай  гэдгийг  тодорхой  харуулж байна.

Өөрөөр хэлбэл гэр бүл өөрийнхөө нөөц чадавхийг тодорхойлж түүнийгээ хөгжүүлэн нэг ёсны  өөрийнхөө хувь заяаг хянах үзэл дээр тулгуурлах явдал юм.

Гэр бүлийг чадваржуулахын гол зорилго нь гэр бүлд цаашид хөгжих өсөх хангалттай эх үүсвэр бий болгоход оршдог.

Иймээс орцны гэр бүлүүдэд чиглэсэн үйлчилгээнүүдийн хамгийн гол зорилго нь тэднийг чадваржуулахад  чиглэх ёстой.

Манай улс ядуурлыг бууруулах олон талт арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа нь нууц биш юм.

  • Нийгмийн эмзэг бүлгийнхэнтэй ажиллахдаа тухайлсан хэсэг

зорилтот  бүлгийг сонгон авч тэдэнд чиглэсэн тасралтгүй,  шат дараалсан үйл ажиллагаа явуулах, ялангуяа үе дамжсан ядуурлыг бий болгохгүй байхад  чиглэх шаардлагатай байна.

Орцны жижүүрээр ажиллаж буй 1400 гаруй өрхийн цаана 5000 гаруй гэр бүлийн гишүүд байгаа ба тэдний 600 гаруй нь хүүхдүүд байгаа. Иймд эдгээр зорилтот бүлгийнхэнд зориулсан томоохон хөтөлбөр хэрэгжүүлсэнээр Монголын нийгмийн эмзэг бүлгийнхэний тодорхой хэсгийг өөрчилж чадах юм.

Гэр бүл судлалын шинжлэх ухаанд “ГЭР БҮЛД ЧИГЛЭСЭН ХӨТӨЛБӨР” - үүд нь тухайн гэр бүлийн давуу талыг тодорхойлж өөрсдөөр нь зорилго тавиулан гадаад болон дотоод орчин эх үүсвэрийг нэмэгдүүлэн гэр бүлийн гишүүн бүрийн асуудалд анхаарлаа хандуулан зөв зохион байгуулалттай бодит эмчилгээний тусламж үзүүлж амьдралын эх үүсвэртэй болгох ёстой гэж үздэг.

Иймд орцны гэр бүлүүдийн гишүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг өөрчлөх, үзэл бодол ертөнцийг үзэх үзэл, харилцаа хандлага, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, хөдөлмөрийн нөөц дээр нь тулгуурлан орлогыг нь нэмэгдүүлэх замаар ахуй байдлыг нь өөрчлөх нь хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байна.

Орцны жижүүрээр ажиллагсдын 77,2% нь эмэгтэй, 89% нь 15-55 насныхан байгаа нь тэдэнд маш их хөдөлмөрийн нөөц боломж байгааг харуулж байна.

Орцны жижүүрээр ажиллаж буй хүмүүсээс нэн тэргүүний хэрэгцээт зүйлийн талаар чанарын судалгааг явууллаа. Үүний анхаарал татсан асуудлуудаас заримыг нь  авч үзье.

Судалгаанаас үзэхэд орцны жижүүрээр ажиллагсадын ихэнх нь хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө сэтгэл зовниж байсан бөгөөд үнэхээр тэдний хүүхдүүдийн төлөө тодорхой арга хэмжээ авахгүй бол үе дамжсан ядуурал бий болоход ойрхон болсон нь харагдаж байсан.

  • Орцны жижүүрээр ажиллагсад нь амьдралын баталгаа байхгүйгээс  

тэдний хүүхдүүдийн ирээдүй баталгаагүй болж байна. Хүүхдүүд нь мэргэжил, боловсролгүй байгаагаас  ажил олдохгүй эсвэл олдсон ажлын байранд тэнцэхгүй байх нь түгээмэл байна.

  • Иймд нийт орцны жижүүрүүдийн хөдөлмөрийн насны хүүхдүүдийг

мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамруулж баталгаатай ажлын байраар хангах, тэднийг хөдөлмөрт бэлтгэх асуудал чухал байна.

  • Мэргэжилтэй болгохоос гадна харилцаа, хандлага, зан ааш,

хөдөлмөрийн үнэ цэнэ, үүрэг хариуцлага гээд ажил, амьдрах ухаанд сургах нийгэмшүүлэх шаардлага мөн гарч байна.

Орцны жижүүрээр ажиллаж буй гэр бүлүүдийн өмнө тулгамдаж буй нэн хэрэгцээт зүйлсийг жагсаан үзвэл:

  1. Орлогыг нэмэгдүүлэх буюу өрхөд байгаа хөдөлмөрийн насны хүмүүсийг ажлын байраар хангах
  2. Одоогийн хөдөлмөрийн хөлсний үнэлгээг бодитой нэмэгдүүлэх, ажлын ачааллыг жигдлэх
  3. Орон гэртэй болгох
  4. ЭМ, НД шимтгэлд хамруулах
  5. Орцны гэр бүлүүдийн хүүхдийн эрхийг хамгаалах, сургуульд сургах, хөгжих, боловсрох боломж нөхцлөөр хангах
  6. Тэдний харилцаа хандлага, зан үйлийг өөрчлөх, нийгэмшүүлэх сургалтыг тодорхой хугацаанд тасралтгүй зохион байгуулах
  7. Амьдралд хандах хандлага, итгэл үнэмшилд нь дэвшил гаргах, буюу амьдрах ухааны чадварт суралцуулах
  8. Өөрт байгаа нөөц боломж дээрээ тулгуурлан амьдралаа сайжруулах авч явахад туслах буюу хөдөлмөрлөхөд нь бэлтгэх
  9. Архи, тамхи зэрэг хорт зуршлуудаас нь ангижруулах

10.  Гэр бүлийн боловсрол олгох, ялангуяа үр хүүхдээ хэрхэн асрах, хүмүүжүүлэх, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нь өндөржүүлэх хүүхэдтэйгээ зөв харилцах, тэднийг хайрлаж, зөв хүмүүжил төлөвшилтэй иргэн болгох мэдлэг чадварт суралцуулах зэрэг юм.

Матераиллаг туслалцаанаас илүү оюуны хөрөнгө оруулалт, амьдрах арга барилд сургах, тэдний зан үйл, сэтгэл санааг өөрчлөх, мэдлэг боловсрол олгох, дэмжих асуудал илүү  чухал  байна.

  • Орцны гэр бүлүүдэд чиглэсэн халамжийн бодлого нь хөдөлмөр

эрхлэлтийг дэмжсэн агуулгатай, иргэдийн хувьд халамжаар амьдрах биш ажил хөдөлмөр эрхэлж байж амьдрал дээшлэх юм байна гэдгийг ойлгуулсан бодлого байх шаардлагатай байна.

Тэдний дунд амьдралын  төлөө тэмцэж ядуу зүдүү байдлаасаа гарах хүсэл их байгаа ч   тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээл хүч чадлаас нь хамаагүй давж,  мэдлэг чадвар нь  мөхөсдөж байна.

  • Баялгаас орж байгаа орлогын тодорхой хэсгийг ийм хүмүүст

зориулж хүний хөгжлийг чухалчлах цаг болжээ.

  • Эдийн засаг өссөн ч ядуу ард иргэдийн амьдрал дагаад

сайжрахгүй байгаа нь хүний хөгжлийн хүчин зүйлд анхаарах шаардлагатайг харуулж байна.

Ядуу хүмүүсийн амьдралыг дээшлүүлэхийн тулд гол нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх гэх мэтэд анхаарч боломжуудыг гаргаж өгөх хэрэгтэй юм.

Хоногийн хоолоо дөнгөж олж  байгаа хүмүүс хүүхдүүдээ эрүүл, боловсролтой болгож өсгөхөд хүчин чармайлт гаргаж чадахгүй байна.

Орцны жижүүрээр ажиллаж байгаа иргэдийн хүүхдүүдийг дэмжихгүй бол цаашдын сөрөг үр дагавар их гарах магадлалтай байна. Учир нь тэдний хүүхдүүд хар багаасаа л эцэг, эхээ даган гудамжинд гарч хүнд хүчир ажил хийхээс гадна үеийнхнээсээ боловсролоор хоцрогдох төдийгүй эрүүл мэндийн хувьд ч сул дорой, архаг хууч өвчтэй болох нь түгээмэл байна. Хөгжлөөс бага насандаа хоцрогдсон бол насанд хүрсэн хойноо түүнийг нөхөж гүйцэх нь маш их бэрхшээлтэй байдаг. Энэхүү шалтгааны улмаас гутарч, итгэл алдарсан зарим нь архидан согтуурах, гэр бүл, ойр дотныхондоо уур уцаараа гаргах гэх мэтээр асуудлаас асуудал руу гулсан орох нь амархан. Тийм болохоор ядуусын хүрээлэлд архидалт, хулгай дээрэм, хүчирхийлэл тасардаггүй гэсэн ойлголт түгээмэл, бүр хэвшмэл болж байна.

Иймд тэдний хэрэгцээнд суурилсан дараах  арга хэмжээг авах нь зүйтэй гэсэн  санал, дүгнэлтийг  дэвшүүлж байна.

Нэг. Хууль эрх зүйн хүрээнд асуудлыг зохицуулах. “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн  дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль” болон сууц өмчлөгчдийн холбооны үлгэрчилсэн дүрэмд Зөвлөхийн өмнөх судалгаа-(СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО БОЛОН ОРЦНЫ ЖИЖҮҮРЭЭР АЖИЛЛАДАГ ХҮМҮҮСИЙН АЖИЛ ҮҮРГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН СУДАЛГАА)-нд үндэслэн нэмэлт өөрчлөлтийг оруулах.

СӨХ болон орцны жижүүрүүдийн эрх, үүргийн харилцааг хуулчилж өгсөнөөр тэдний эрх ашгийг хамгаалах нөхцөл бүрднэ;  

Хоёр. Орцны жижүүрүүдийн  хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсийг ажлын үр дүн, бүтээмжтэй нь уялдуулан бодитойгоор үнэлж нэмэгдүүлэх. Үүний тулд Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, СӨХ-дын дарга нар, Хяналтын зөвлөл, оршин суугчдын төлөөлөл, НХХЯ, бусад холбогдох газрын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зөвлөгөөнийг үндэсний хэмжээнд зохион байгуулж зохих шийдвэрийг гаргах;

Гурав. Орцны жижүүрүүдийн амьдралын нөхцөл хөдөлмөрийг зөв үнэлэх,

Тогтвортой ажиллуулах, тэднийг ойлгох нийгэмшүүлэх, харилцаа хандлага, хөгжлийг дэмжих, ажлын байрны нөхцлийг сайжруулах, ажлыг бодитой үнэлэх, урамшуулах, ЭМ, НДШ төлөх, тэдэнтэй эерэг харилцааг төлөвшүүлэх зэрэгт СӨХ –ны оролцоо, үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор бүх СӨХ-дын дарга нарт  сургалт зохион байгуулах, энэ талаар хэрэгжүүлэх тодорхой ажлын чиглэл, үүрэг даалгавар өгөх;

Дөрөв. Орцны гэр бүлүүдэд чиглэсэн нийгмийн ажлын үйлчилгээг  үзүүлэх. Энэхүү үйлчилгээг СӨХ- доор дамжуулан хороодын нийгмийн ажилтнууд эсвэл ТББ-аар гүйцэтгүүлэх. Тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх, бичиг баримтын зөрчил, сургууль завсардалт, гэр бүлийн хүчирхийлэл, архидалтыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг асуудлуудаар дэмжлэг үзүүлэх;

Тав. Орцны гэр бүлүүдэд  гэр бүлийн боловсрол олгох, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх сургалтыг  мэргэшсэн төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх;

Зургаа. Орцны гэр бүлүүдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг нийгмийн хамгааллын салбарын хүрээнээс өргөжүүлж, хамаарал бүхий бусад  салбар дундын бодлогын зохицуулалтаар хангах;

Долоо.Үе дамжсан ядуу иргэдийг бий болохоос урьдчилан сэргийлэх гол арга зам бол тэдний хүүхдүүдийг сурч боловсрох,  мэргэжил эзэмшихэд тодорхой дэмжлэг үзүүлэх, гол нь ажлын байраар хангах явдал юм. Иймд:

  • Орцны  жижүүрүүдийн хүүхдийг  хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх

асуудлыг  МСҮТ-үүдийн  мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээгээр дамжуулан хэрэгжүүлэх. Мөн тэдний хүүхдүүдээс их дээд сургуульд суралцах боломжтой хүүхдүүдийг сонгон шалгаруулж ажил олгогчийн захиалга, санхүүжилтээр суралцуулах тогтолцоонд шилжүүлэх асуудлыг судлан шат дараатайгаар шийдвэрлэх;

  • Орцны жижүүрүүдийн хүүхдүүд их дээд сургуульд суралцаж

чадахгүй байгаагийн шалтгаан нь суурь боловсролыг эзэмшиж чадаагүй байх, эсвэл сургалтын төлбөр төлөх чадваргүй байгаатай холбоотой байна. Иймд тэдэнд сургалтын төрийн сангийн тусламж авахад туслахын зэрэгцээ их, дээд сургуулиудын нийгмийн үүрэг хариуцлагын хүрээнд 1 хүүхдийг үнэ төлбөргүй суралцуулах замаар шийдвэрлэх;

Найм. Орцны жижүүрүүдийг орлогоо нэмэгдүүлэх, хоршоо, нөхөрлөлийн зохион байгуулалтад орох санаачилгыг аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх, жижиг зээл, санхүүжилт олгох, мэдээлэл зөвлөгөөгөөр хангах, хоршооны сургагч багш, менежерүүдийг бэлтгэх, давтан сургах, загвар хоршоо бий болгож туршлагыг нь дэлгэрүүлэх зэргээр төрөөс тусгайлан дэмжих ажлыг зохион байгуулах;

Ес. Амьдралын орчин нөхцөл нь хүүхэд тайван амгалан байж сурч хөгжих, боломж бололцоогүй гэр бүлүүдийн хүүхдүүдийн хөгжлийг дэмжих, тэднийг сурч, хүмүүжих таатай орчиноор хангах зорилго бүхий  дотуур байртай ЕБС –ыг олон улсын жишгээр байгуулах; Энэ нь асрамж халамжийн төвөөс ялгаатай байна.

Арав. Эмчлүүлэх шаардлагатай орцны жижүүр болон тэдний хүүхдүүдийг эрүүлжүүлэх, эмчлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

Арван нэг. ЕБС завсардсан орцны жижүүрүүдийн хүүхдийг албан сургалтанд хамруулах замаар хоцрогдлыг арилгаж жирийн сургуульд үргэлжлүүлэн суралцуулах боломж олгох;

Арван хоёр. СӨХ –оодын дэргэд эсвэл хороодын дэргэд  орцны жижүүрүүд хийгээд  гэртээ  тав тух муутай айлын хүүхдүүд хичээл давтах, даалгавараа хийх, ном унших өдөр өнжүүлэх төвийг байгуулах;

Ерөнхий боловсролын сургуулиудын дийлэнх нь 2 ээлжээр хичээллэдэг тул хичээлээс гадуурх сургалт хүмүүжлийн ажил орхигдсон бөгөөд энэ нь  давтлага, хийх сургууль дээрээ үр дүнтэй цаг хугацааг өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхгүй байгаа. Ийм нөхцөлд өдөр өнжүүлэх төв нь үр дүнгээ өгөх юм.

Арван гурав. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн асуудал нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал хүчин зүйл учраас тэдний хөдөлмөрийн нөөц дээр тулгуурласан дэмжлэгийг үзүүлэх нь чухал юм

Арван дөрөв. Орон гэргүй орцны жижүүрээр ажиллагсдын ихэнх нь  хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд байгаа тул орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын зохистой суурьшлыг дэмжих, бүс нутгийг хөгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн ялгаатай байдлыг арилгахад нэн даруй анхаарах шаардлагатай болжээ.

Арван тав. Орцны жижүүрээр ажиллаж буй өрхүүдийн хөдөлмөрийн

насны ажилгүй гишүүнийг тогтвор сууршилтай ажилд оруулах боломжийг бүрдүүлэх зорилгоор  аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж ажлын байр бий болгох, ажлаар хангах санал тавих

Орцны гэр бүлүүдэд чиглэсэн энэхүү арга хэмжээг авсанаар нийгмийн халамжийн үйлчилгээг  тухайлсан зорилтот  бүлгийнхэнд  тодорхой хугацаагаар чиглүүлэх боломж бий болгох бөгөөд  үр дүнтэй бодит ажил болж чадах юм.