Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

Эмэгтэйчүүд хөгжил оролцоо Үндэсний чуулганд зориулсан илтгэл6 2014

“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГЭР БҮЛД ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, ОРОЛЦОО”                   

Илтгэгч: Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч доктор Б. Оюун-Эрдэнэ

Хатагтай, ноёд оо,

Чуулганы хүндэт төлөөлөгчид өө,

Өр нимгэн ч хатан зориг хатуужил тэвчээртэй монгол бүсгүйчүүдээ 

Монгол эмэгтэйчүүд бид:

  • Эртний монголын түүхэн улбаа домогт эх Алунгоо
  • Бэрхэд хатуужин, холд тэмцсэн Өэлүн Үжин
  • Далай их хаадын элбэрэлт эх Бөртэ Үжин
  • Бурууг огоорч төвшинд зүтгэсэн ухаант хатан Есүй 
  • Илд бамбай агсан, эр нөхрөө хүмүүжүүлсэн Мандухай сэцэн хатан
  • Их улсад ивээгдэн, төрөө эмхэтгэн засагч Юнгэн хатан
  • Харийн дайсны эсрэг халшралгүй тэмцсэн домогт хатан Ану зэрэг их хатадын үргэлжлэл билээ.

Түүх шастир арвин Монгол угсаатны он цагийн тэртээгээс газар дэлхийг донсолгох цаг хугацааны хаанчлал дор дуурсагдан үлдсэн  баатарлаг эрс  олон боловч тэднийг төрүүлж, өсгөн бойжуулж, мандан бадрахад тэргүүлэх үүргийг хүлээж, чимээгүй түүхийг бүтээгч хатад, эмэгтэйчүүд олон байсан юм.

Бидний эх түүхийн гэрч “Монголын Нууц Товчоо“ болон холбогдох  сурвалж бичигт  Өүлэн ядуу зүдүү амьдрал дунд дээлийн хормойг шууж, олирс мойл түүж,өчүүхэн хөвгүүдээ хайрлан тэжээсэн ба шөнө өдрийг хатамжин өнгөрүүлж ханатал цадтал хооллон, суут хөвгүүдээ өсгөсөн гэж тэмдэглэжээ.

Тэрээр хүүхдүүдээ эрэлхэг ухаалаг хүн болгож төлөвшүүлэхэд , өөрөө хүчирхэг болъё гэвэл анд найз олж, нөхөр ханийн хүчинд түшиглэх хэрэгтэйг сургаал үгээрээ өлгийдэн бүүвэйлж, хамтын хүчээр амжилтанд хүрдгийг эртний Алун Гоо эхийн сургаал ёсоор сургадаг. Загас болжмор булаацалдсанаас болж Тэмүжин Хасар хоёр эцэг нэгт, эх  өөр дүү Бэгтэрээ харваж алхад Өүлэн эх машид хилэгнэн өгүүлэхдээ:

“Ханиа барагсад

Ижлээ идэгсэд

Халуун хэвлийгээс гарахдаа

Хар нөж атган төрсөн билээ

Хавиргаа хазах

Хар нохой мэт

Хаданд довтлох

Харцага шонхор мэт…

Нялх үрээ гилэн /хөөн/ ядаж

Нядлан идэх

Нүгэлт ангир мэт

Балмад амьтад буюу

Сүүдрээс өөр нөхөргүй

Сүүлнээс өөр ташуургүй Тайчууд нарын хөнөөлийг хүлээж, өшөөгөө яаж авах вэ гэж байхад та нар юунд ийм хэрэг хийв? гэж өвгөдийн үгийг иш болгон ихэд буруушаан зэмлэдэг./МНТ. §78/

Өүлэн эх өөрийн хүүхдийг өсгөн хүмүүжүүлээд зогсохгүй өрөөлийн өнчин хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлж хожмоо Тэмүжиний  бүх  Монголын аймгийг хураах  аугаа  үйлсэд үнэнч найдвартай анд, өрлөг жанжин, хамтран зүтгэх  чадварлаг багийн гишүүдийг бэлтгэсэн  улс төрийн холч ухаантан байсан юм.

Тиймээс ч элбэрэлт эх Өүлэнийг Чингис хааны багын анд байгаад хожим түүнтэй тэрсэлсэн Жамуха цэцэн хүртэл насныхаа эцэст гэм гэмшлийг тоочин  өгүүлэхдээ:

“Сэргэлэн андад
Цэцэн эх заяажээ
Эрэлхэг баатар андад
Эрдэмтэн дүү нар төржээ…” гэдэг.

Өүлэн  эх Чингисийг Хавт Хасарыг баривчлахад Хасарын хүлээсийг тайлж хоёр хөхөө гарган Чингис хаанд:
“Үүнийг харж байна уу Хөхсөн хөх чинь энэ байна
Хавиргаа хадран хазагсад
Хүйгээ хүчирхэн таслагчид Хасар яав? Тэмүжин энэ нэгэн хөхний сүүг хөхөж үл барах билээ.Хасар  бол хоёр хөхний минь сүүг дуустал хөхөж, цээжийг нь амирлуулдаг байсан хэмээн хилэгнэж сургаж байсан. Өүлэн эхийг тайтгарсны дараа Чингис хаан: “Эхийг хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхээ больё” гэдэг.

Чингис газар нутаг, хил хязгаартай, бичиг үсэг, өвөрмөц хэл соёлтой  Монгол үндэстний эх суурийг тавилаа. Түүний хамгийн дотны зөвлөгч хүмүүжүүлэгч, ухааныг хайрлагч ээж нь хорвоогоос хальж түүний орон зайг ухаант хатан Бөртэ нь үргэлжлүүлж улс төрийн зөвлөхийн үүргийг гарамгай биелүүлж байсан нь түүхэнд баримт болон хөвөрдөг.

“Бүтээхийн урьд учирсан Бөртэ үжин их хатан минь Эрдэнэ эцгийн минь зөөсөн эх мэт гэргий бөлгөө” хэмээн Чингис хаан авааль гэргий, төрийн их хатнаа магтсан байдаг.

Бөртэ Үжин Тэмүжингийн агуу их үйлст хүчин чадлаараа тусалж дэмжсэнээр барахгүй, онч мэргэн холч ухаанаараа төр улсыг нэгтгэн эе эвийг сахих стратегийн санаа боловсруулах, хэлэлцэхэд нь томоохон үүрэг гүйцэтгэж байлаа.

Чингис хааны мартсаныг сануулж, эв эе улс орны ирээдүйд учрах аюул дохиоллоос аварч  чаддаг гайхалтай ухаантай хатан бол Бөртэ Үжин байсан юм.

Тухайн үеийн  нийгэм, улс төрийн амьдралд манлайлан оролцож байсан их Бөртэ Үжин  хатны хүмүүжүүлсэн хөвгүүд, охид монголын эзэнт гүрний түүхэнд томоохон гавъяа байгуулсан билээ.

Өүлэн хатан, Бөртэ Үжиний гүйцэтгэсэн үүрэг Алтан ургыханд бичигдээгүй хууль болон өвлөгдснөөр төр эзгүйрээгүй төдийгүй ганц сэрэмж алдан гэр бүл эвгүй болоход улс орон эв нэгдэлгүй болдог гашуун үнэнийг сургамжилсан юм.

Ийнхүү монгол гэр бүлийн түүхэн уламжлалд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг нь үр хүүхдээ төрийн хүн, улс орныг удирдан залах эзэд нь болгон өсгөн хүмүүжүүлэх, эр нөхрийн үнэнч түшиг, мэргэн зөвлөх нь байх явдлаар тод илэрч буй юм.

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын дараа монголчуудын иргэний болон нийгэм, улс төрийн эрхүүдийг үндсэн хуулиар баталгаажуулж шинэ цагийн боловсролын үе эхэлсэн. Монгол улс 1924 онд баталсан анхны Үндсэн хуулиндаа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хуульчилж, эмэгтэйчүүдийн улс төр, хөдөлмөрийн болон хувийн эрх чөлөөг хамгаалах хэм хэмжээнүүдийг тогтоож өгсөн нь эмэгтэйчүүдийг нийгмийн хүрээнд татан оролцуулах болон гэр бүлийн бүрэн эрхт гишүүн  байх өргөн боломжийг нээн өгсөн.

Социализмын жилүүдэд төрөөс эмэгтэйчүүдэд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөхөд нь дэмжлэг үзүүлсэнээр  асар богино хугацаанд эмэгтэйчүүдийн боловсролын түвшин болон нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд оролцох оролцоо нэмэгдэн төрийн жолоо атгалцах болж, тэдний гэр бүлд эзлэх байр суурьт томоохон өөрчлөлт гарчээ.

Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах асуудал намын бодлогын төвд байж, хүн амын цэвэр өсөлтийг нэмэгдүүлэх, эх нялхсын эндэгдлийг бууруулахын тулд төрөлтийг дэмжиж, эх, хүүхэд нэг бүрийн эрүүл энх, сайн сайхан амьдралын төлөө онцгой анхаарч байв.

Хүүхэд эрүүл өсөж хүмүүжих орчин болох ясли, цэцэрлэгийг олноор байгуулах, хүүхдийн больниц, сүүний үйлдвэр, эхчүүдийн амаржих газруудыг нэмэгдүүлэх, эхчүүдийн халамжийн тэтгэлэгийг олгон дэмжих зэрэг бодлогыг баримталж байсан нь нэг талаас эмэгтэйчүүдийн гэр бүлд гүйцэтгэх үүргийг төр хөнгөвчилж байсан юм.

         Нам засгаас “Хүүхэд төрүүлж, эх болох нь манай эмэгтэйчүүдийн нийгмийн өмнө хүлээх үүрэг, тэдний баяр баясгалан, аз жаргалын хэрэг мөн[1]” гэж үзжээ.

Монголын Эмэгтэйчүүдийн хороо, аймаг, хотын эмэгтэйчүүдийн зөвлөлөөр дамжуулан эмэгтэйчүүдэд чиглэсэн ажлыг хэрэгжүүлж байв.

Социолизмын он жилүүдэд эмэгтэйчүүдийн гэр бүлд гүйцэтгэх үүрэг нь эх хүний үүрэг, болон гэр бүл, нийгмийн бүрэн эрхт гишүүний үүргээр тод томруун илэрч байсан юм.

1990 оны нийгмийн шилжилтийн дараагаар хүн амын ихэнх бүлгийн амьдралын баталгаа алдагдан социализмын үед олсон монголын нийгмийн гишүүдийн харьцангуй тэгш статус нь нас, хүйсийн байдал, орлогын эх үүсвэр, оршин суугаа газар зэргээс хамааралтай тэгш бус байдлаар солигджээ. Энэхүү шилжилтийн үйл явц нь гэр бүлийн амьдралд томоохон өөрчлөлтийг бий болголоо.

Орчин үеийн монгол гэр бүл нь бүтэц хэв маягийн хувьд дан гэр бүл, нийлмэл гэр бүл,  өрөөсгөл гэр бүл, салсан гэр бүл, дахин гэрлэсэн гэр бүл, дагавар хүүхэдтэй гэр бүл, улс дамнасан гэр бүл, ижил хүйстэн гэр бүл, ганц бие гэр бүл, олон соёлт гэр бүл, хамтран амьдрагч гэх мэт олон хэлбэртэй болов.

Саяхныг хүртэл гэр бүл нь гадны оролцоогүй, хаалттай систем гэгдэж үүссэн асуудлаа дотроо шийдвэрлэх ёстой гэж үзэх хандлага байсан бол сүүлийн үед гэр бүлийн асуудлыг шинжлэх ухаанчаар судалж нийгмийн томоохон асуудал болгож тавих шаардлага зүй ёсоор бий болж байна.

Тухайлбал :

1. Нийгмийн шилжилт түүний олон талт өөрчлөлт болон глобальчлал  дэлхийн улс орнуудын  соёлын адилсал,  хотжилт зэргээс шалтгаалан монгол гэр бүлийн харилцаа, бүтэц хэв маяг, амьдралын хэв заншил, үнэт зүйл, ёс уламжлалд олон  өөрчлөлтүүд бий болж  монгол гэр бүл дэлхийн гэр бүлийн нэг хэсэг боллоо.

2. Орчин үеийн нийгмийн шаардлагаар гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг, хөдөлмөрийн хуваарь өөрчлөгдөж энэ нь гэр бүлийн харилцаанд олон тулгамдсан асуудлыг авчирч байна. Тухайлбал эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өндөр болж тэр хэрээр нийгмийн байр суурь дээшилж төрөлт багасах хандлага ч ажиглагдаж байна.

3. Орчин үеийн залуусын сэтгэлгээ эрэлт хэрэгцээ шинэчлэгдэж тэд шинэ хэв маягаар амьдрах болсоны зэрэгцээ нийгмийн харилцаанаас үүдэлтэй амьдралд хандах хандлага, соёл, боловсрол ихээхэн өөрчлөгдөж байгаа нь гэр бүлд ихээхэн өөрчлөлтийг авчирч байна.

Орчин үед эмэгтэйчүүдийн  гэр бүлд гүйцэтгэх үүрэг, оролцоог тодорхойлоход уламжлал шинэчлэлийг зөв хослуулах шаардлагатай байна.

Сүүлийн үеийн судалгаанаас эмэгтэйчүүдийн гэр бүлийн гэр бүлдээ хүлээж буй үүргийг авч үзвэл:

Гэр бүлийн гишүүдээс хүүхдэд тавих анхааралд ээж хамгийн их буюу 57,0 хувь байгаа нь эмэгтэйчүүдийн гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлага, оролцоо илүү байгааг харуулж байна.

2010 оны судалгаагаар хүүхэддээ илүү анхаарал тавих нь мөн л ээж нь гэж 45,3 % тай гарч байв. Харин энэхүү үзүүлэлт өссөн байна. Аавуудын оролцох хувь 2010 онд 24,8 % байсан бол 2013 онд 7,0 % байгаа нь маш их анхаарал татаж байна. Хүүхэд төрүүлэх, өсгөх ажил эмэгтэйчүүдийн нуруун дээр ачаалал болж ирэх тусам эсрэгээрээ төрөлт багасах болж байна.

Мөн 5,0 % нь эмээ, өвөө гэж хариулсан нь залуу гэр бүлүүд хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх ажлаа эцэг, эхдээ үүрүүлэх болсон, нөгөө талаас ясли, цэцэрлэгийн тоо хүрэлцэхгүй байгаагаас үүдэлтэй юм.

Хүүхэддээ анхаарал хандуулж буй байдлыг хүйс, боловсролын түвшин, ажил эрхлэлт, хот хөдөөгөөр ангилж үзвэл дараах онцлог ажиглагдаж байна.  Ажилтай ээжүүдийн хувьд хүүхэддээ тавих анхаарал ажилгүй ээжүүдийнхээс бага хувьтай байгаа бол хөдөөгийн ээжүүд хүүхэддээ илүү их анхаардаг нь ажиглагдлаа. Мөн хүүхэддээ анхаарал тавьдаг аавуудын ихэнх хувь нь хөдөөгийн аавууд байна. Энэ нь хотжилт хийгээд ажлын ачаалал нь эцэг, эхчүүдийн хүүхдэд тавих анхаарлыг сулруулж байгааг харуулж байна.

2013 оны судалгаагаар хүүхдийнхээ дэргэд 2,7% нь байнга, 65,7% нь зарим үед муудалцдаг гэж хариулсан нь 68,4 %-д нь гэр бүлийн зөрчил, маргаан байгааг харуулж байна.

Өөрөөр хэлбэл 68,4 % д хүүхдэд үзүүлэх гэр бүлийн харилцааны сөрөг нөлөөлөл байна.

Хүүхдийнхээ дэргэд 1,6% нь байнга, 17,9% нь зарим үед зодолддог гэж хариулсан нь гэр бүлийн зөрчил маргаан хүчирхийллийн хурц хэлбэрт шилжсэн болохыг харуулж байна.

Гэр бүлийн зөрчил маргааныг өрхийн орлоготой хамааруулан судалж үзэхэд орлого санхүү хангалттай болон, дундаж, хангалтгүй хэсгийнхэнд гэр бүлийн зөрчил маргааны эзлэх хувь төдийлөн ялгаатай биш байна. Харин насны байдлыг авч үзвэл маргаан зөрчил 18-40 хүртэлх насныханы дунд хамгийн их байна. Архины хэрэглээтэй бүх гэр бүлүүдэд зөрчил маргаан байгаа нь ажиглагдсан нь архидалт гэр бүлийн хэрүүл, маргаан зөрчил, хүчирхийллийн үндэс суурь болж байгааг харуулж буй юм.

69,1 % нь хүүхдийн дэргэд тамхи татдаггүй гэж хариулсан нь сайшаалтай байна.

Судалгаанд оролцогчдын 6% нь хүүхдээ байнга зоддог, 37,8% зарим үед зоддог гэж хариулсан нь огт байж болохгүй асуудал бөгөөд хүүхдийг шууд хүчирхийлж буй хэлбэр юм.

Өөрөөр хэлбэл судалгаанд оролцогчдын 43,8% нь хүүхдээ бие махбод хийгээд сэтгэл санааны хувьд хүчирхийлдэг байна. Энэ бол ихээхэн анхаарал татах асуудал юм. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн ихэнх хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг байна.

31,9 % ямарч үед хүүхэддээ цаг гаргадаг нь сайшаалтай бол 6,6% нь цаг гаргаж чаддаггүйгээс гадна, 47,6 % шаардлагатай үед л цаг гаргадаг гэж хариулсан нь хангалтгүй байна.

Эцэг, эхчүүд хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогыг мэдэхгүй байх, хүүхдийн хөгжил, танин мэдэхүйг хөгжүүлэхэд хэрхэн туслах, оролцох талаарх мэдлэг хомс байгааг харуулж буй юм.

Хүүхдийн сурлага, хүмүүжил, төлөвшил, нийгэмшил, соёл, ёс суртахуун, зан ааш, дадал зуршлын 80% нь төрөлх гэр бүлийн орчиндоо бүрэлдэж бий болдог. Гэр бүлийн амьдралын уур амьсгал, гэр бүлийн гишүүдийн харилцаа хандлага, бие биенээ хайрлах, хүндэтгэх байдал хүүхдэд шууд нөлөөтэй.  Зөрчил маргаан, хүчирхийлэлтэй тайван бус гэр бүлд өсөж буй хүүхэд сурлага, хүмүүжлийн доголдолтой, зан чанарын хувьд ууртай, хэдэр, эсвэл аймхай, өөртөө итгэх итгэл сул, хэн нэгнийг үзэн ядаж өширхсөн, амиа хичээсэн хүн болж өсдөг.

Хүүхэд өсвөр үеийн хүмүүжил боловсролд анхаарахдаа эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага, ёс суртахууныг дээшлүүлэх, гэр бүлийн боловсрол олгох ажлыг хамт анхаарах шаардлагатай болсоныг энэхүү судалгаа харуулж байна.

Эхчүүдийн нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлэхэд шинэ шатны бодлого хэрэгтэй бөгөөд энэ асуудлыг чухалчлан шийдсэн гадны орны туршлагыг судлах нь чухал юм. Энэхүү ажлын хүрээнд эцэг, эхчүүдэд хүүхдийн нас сэтгэл зүйн онцлог, сурлага, хүмүүжлийг дэмжих арга зүй, гэр бүлийн орчны хүүхдэд үзүүлэх нөлөөлөл зэрэг бүрэн хэмжээний  хичээлийг зааж сурах бичгийг өгдөг байна.

Гэр бүлийн хүрээний асуудлыг шийдвэрлэхэд гэр бүлийн гишүүд хэрхэн оролцох талаар олон нийт дараах саналтай байна.

 

Нөхөр илүү

Эхнэр илүү

Адилхан

3

2

1

Хувцас эд зүйл худалдан авах

3.9

55.7

40.4

Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд анхаарах

6.9

43.4

49.7

Боловсрол мэдлэгээ ахиулахад санаа тавих

11.5

31.1

57.4

Эцэг эх, өндөр настнаа асарч тойлох

7.3

31.5

61.2

Үр хүүхэддээ анхаарал тавих

5.7

27.8

66.5

Гэрийн ажлыг илүү хийх

6.6

63.1

30.3

Хамт олон найз нөхөдтэйгөө наргих

25.0

7.2

67.8

Өрхийн төсөв, зардлыг тооцох

16.2

39.9

43.9

Өрхийн орлого олох

42.5

12.9

44.7

Үзвэр үйлчилгээ үзэх

3.6

9.5

86.9

Өрх гэр дэх хөдөлмөрийн хуваарь нь энэ талаархи тэдний тогтсон хандлагатай тодорхой хэмжээгээр холбоотой байдаг. Гэр бүлд эрэгтэй эмэгтэй хүний хийх ажил хэмээн хатуу зааглах шаардлагагүй, хэн боломжтой нь хийх хэрэгтэй гэж судалгаанд оролцогчдын дийлэнхи олонхи үзэж байгаа ч үлдэх 15 хувь нь үүнтэй санал нийлэхгүй байна.

Орчин үед эмэгтэйчүүдийн гэр бүлд гүйцэтгэх үүрэг, оролцоог дараах түвшинд тодорхойлж болохоор байна. 

1)      Өөрийн гэсэн хамт олон найз нөхдийн хүрээлэлтэй нийгмийн амьдралд оролцдог байх нөхцөл бол ажил хөдөлмөрийн талбар гэж үздгээс ажил, гэрийн ажлыг зэрэгцүүлсэн их ачааллыг үүрч байна.

2)      Гэрийн хөдөлмөрийг үнэлдэггүйгээс гэрийн ажилтай эмэгтэй байх нь таагүй зүйл гэж үзэж хөлстэй хөдөлмөрөөр гэр бүл дэх байр сууриа бэхжүүлдэг болсон.

3)      Нөхрөөс хамааралгүй, эдийн засгийн хувьд бие даасан байдлыг чухалчилсан хандлага илэрхий нэмэгдэж байна. Эдийн засгийн хувьд нөхрөөс  хараат байх нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нөхцөл болдог гэж үзэгсэд нэмэгджээ.

4)      Гэр бүлд тэжээгчийн үүрэг гүйцэтгэдэг эмэгтэйчүүд нэмэгдэж  байгаа нь төрөлт буурах хандлагыг бий болгож байна.

5)      Нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай, нэр алдарт хүрч ажиллах гэсэн баримтлал /өөртөө итгэлтэй/ бүхий эмэгтэйчүүд бий болж байна.

Түүний зэрэгцээ гэр бүлийн гадуурх ажилд оролцох эмэгтэйчүүдийн оролцоо ихэсч байгаа ч тэдний гэрийн ажил үүргийн цар хүрээ мэдэгдэхүйц багасч чадахгүй байгаагаас орчин үеийн монголын нийгэмд гэр бүл, алба ажлыг хослуулагч эмэгтэйчүүдийн зонхилох хандлага ажиглагддаг болжээ.

Судалгаагаар эмэгтэйчүүдийн үүрэг нэмэгдэж байгааг судалгаанд оролцогчдын 64.2 хувь зөвшөөрсний хамт, 69 хувь нь эмэгтэйчүүд гэртээ сууж эрчүүд ажиллах ёстой гэсэн үзэлтэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлжээ.

Эмэгтэйчүүдийн 36 хувь нь өрхийн орлогын дийлэнхи хэсгийг, 25.6 хувь нь нөхрүүдтэйгээ адил хэмжээний орлого олдог гэсэн тооцоо хийсэн байна.

Монголын эмэгтэйчүүдийн гэрийн хөдөлмөрийн ачаалал илүү байгаа төдийгүй ажил төвт эмэгтэйчүүдийн тоо өссөнөөс гэр бүл дэх эмэгтэйчүүдийн үүрэг эрх мэдэл байнга нэмэгдэж байна .

Монгол гэр бүлд тулгамдаад буй нэг асуудал гэр бүл салалт юм. Сүүлийн 10 жилд салалтын тоо нэмэгдэж байна. Гэрлэлтээ цуцлуулагсад нь дунджаар 2 хүүхэдтэй байгаа бөгөөд салсаны дараагаар хүүхдэд үзүүлэх эцгийн халамж 11.4 хувь байгаа бол ээжүүдийн хувьд энэ үзүүлэлт 84.2 хувьтай байна.

            Анхны гэрлэлтийн дундаж нас хойшилсоор байна. Улсын дунджаар эмэгтэйчүүд 24.2 насандаа, эрэгтэйчүүд 26.2 насандаа анх гэр бүл болж байна

1979 оны хүн ам, орон сууцны тооллогоос хойших хугацаанд хөдөөгийн эмэгтэйчүүдийн анхны гэрлэлтийн дундаж нас 4.1 жилээр хойшлогдсон бол хотын эмэгтэйчүүдийнх бүр 5.4 жилээр хойшлогдсон байна.

Хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн сүүлийн 10 жилд ихэссэж байна.

Энэ бүхэн нь монгол гэр бүлийн харилцаанд шинэ шинэ асуудлуудыг бий болгож байна.

Нийгмийн харилцааны онцлогоос үүдсэн сэтгэлгээний гажуудал,  ёс суртахууны уналт, хоцрогдол, ажилгүйдэл ядуурал, төр засгийн алдаатай  бодлого, ардчилалд  бүрэн суралцаагүй байдал нөгөө талаас нийгэм соёлын хөгжил, өөрчлөлт, глобальчлал зэргээс шалтгаалан монгол гэр бүлийн уламжлалт харилцаанд эерэг сөрөг олон өөрчлөлт гарч байгаа нь анхаарал татаж цаашдын чиг хандлагыг тодорхойлох сөрөг асуудлаас хэрхэн сэргийлэх арга замыг тодруулахыг шаардаж байна. Энэ бүхэнд үр хойчийг төрүүлэн өсгөн бойжуулагчийн хувьд эмэгтэйчүүд бид чухал үүрэг гүйцэтгэх учиртай.  Эх орноо зөв монгол хүний гарт өвлүүлэхэд эхчүүд бид томоохон үүрэг гүйцэтгэнэ.

Эр нөхрөө гэр улс, төр улсын үнэнч түшиг тулгуур байж зөв явахад эмэгтэйчүүд бидний ухаан чухал нөлөөтэй. Монголчууд нөхрийн нэрээр айлд орж эхнэрийн нэрээр гардаг гэж зүйрлэдэг. Айл гэрийн өнгө төрх, эр нөхрийн цог золбоо, үр хүүхдийн хүмүүжилд эмэгтэйчүүд бидний үүрэг юугаар ч орлуулашгүй их билээ. Эх хүн бол хүүхэдтэйгээ хамгийн анхны холбоо тогтоогч. Эхийн зүгээс нөхөр, хүүхдээ хайрлах харамгүй нандин хайр нь хүүхдийн хувьд бусад хүмүүсийг хайрлах загвар дууриал болдог.

Өнөө үед Монгол эмэгтэйн үндэсний судлалыг хөгжүүлэх цаг болжээ. Монгол эмэгтэй хүний төрх, ааль, араншин, ухаан  ямар онцлогтой байх хийгээд  гэр бүлээ сайн сайхан авч явахад ямар мэдлэг чадвартай байхыг нэгэнт тодорхойлох цаг ирээд байна.  Монгол гэр бүл эмэгтэйчүүдийн асуудал дэлхийн нэг бүрэлдэхүүн хэсэг болсон. Дэлхий дахины эмэгтэйчүүдийн амьдралд гарч буй өөрчлөлттэй ч үүнийг уялдуулах шаардлагатай юм.

Эх орон, ард түмэн, үндэс угсаагаа эрхэмлэх цаг болжээ. Үндэс угсаа, монголоо гэсэн хүнийг өсгөж хүмүүжүүлэхэд эхчүүд бид анхаарах цаг боллоо. Гэр бүлийн боловсролыг иргэний боловсрол, насан туршийн боловсролын нэг хэсэг болгож хүүхэд зөв төлөвшин хөгжих гэр бүлийн таатай орчныг бий болгоход төр, төрийн бус байгууллагууд нэгдэх хэрэгтэй байна.

 

Эх орон минь хөгжиж

Энхрий үрс минь жаргаж

Эх хүний сэтгэл тэнүүн байх болтугай.

 

 

 

 

 



[1]Мо.Шагдарсүрэн. Эх нялхсын  байгууллагын удирдлага, хэтийн төлөв.УБ.,1986.26 дахь тал