Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

Өмнөх үг

Эрхэм хүндэт уншигч таны энэ өдрийн амар амгаланг эрье. Хүсч зорьсон зүйлийнхээ эхлэлийг тавьж сэтгүүлийнхээ анхны дугаарын гэгээн хуудсаар тантай уулзаж байгаадаа туйлын баяртай байна.

Монголчууд бид нийгмийн шилжилтийн он жилүүдийг туулаад багагүй хугацааг өнгөрөөлөө. Энэ цаг үеийн эдийн засгийн бэрхшээлээс үүдсэн гэрэл, сүүдэр гэр бүлийн амьдралыг ч тойрсонгүй.

Сүүлийн 20 жилийн хугацаанд монгол гэр бүлийн амьдралд ихээхэн өөрчлөлт явагдсаны зэрэгцээ хот суурин газрын өрх 2 дахин нэмэгдэж, хотын нийт өрхийн 54.4 хувийг шилжин суурьшсан өрх эзэлж байна.

     Анхны гэрлэлтийн дундаж нас хойшилж, гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах хэв шинж хүн амын дунд нэмэгдэж, гэрлэлт цуцлалт өсөх хандлагатай боллоо. Тухайлбал 1989-2014 онд гэр бүл цуцлалт 3 дахин нэмэгдсэн бөгөөд 70.0 хувь нь 0-15 насны дунджаар 2 хүүхэдтэй байна. Хотын 3 өрх, хөдөөгийн 5 өрх тутмын нэг нь нийлмэл өрх буюу ах дүү, садан төрлийн хамт амьдарч буй өрх байна. Судалгаанаас үзвэл хотод төвлөрөл нэмэгдэх, хөдөөд хүн ам сийрэгших, ураг төрлийн харилцаа хөндийрөх, цус ойртолт бий болох, эрт бэлгийн харилцаанд орох, гэр бүл салах, хараа хяналтгүй хүүхэд нэмэгдэх, шүүхээр шийдвэрлэсэн гэр бүлийн эрх зүйн маргаан өсч, гэр бүлийн өмнө хуулиар хүлээсэн үүрэгт тавих хяналт суларч, гэр бүлийн хүчирхийлэл ихсэж байгаа нь харагдаж байна.

 Гэр бүлийн хүрээнд үүсч буй дээрх сөрөг үзэгдлүүд нь хүүхдийн эрх зөрчигдөх, эмзэг байдалд орсон, эрсдэлтэй хамгаалуулах шаардлагатай хүүхдийн тоог нэмэгдүүлж хүүхдийн асуудал анхаарал татах боллоо.

Энэ бүхэн нь манай улсын хувьд гэр бүлийн хөгжил, боловсролын асуудалд шинжлэх ухааны судалгааны үндэстэй хандах нь гэр бүлийн хүрээнд төдийгүй нийгмийн, боловсролын байгууллагын асуудал болж байгааг илтгэж буй юм.

Миний бие өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол улсад анх удаа гэр бүл судлалын мэргэжилтэн бэлтгэх дээд боловсролын тогтолцоонд ажиллахын зэрэгцээ, гэр бүлийн талаарх бодлого, эрх зүйн орчны шинэчлэлд өөрийн чадах чинээгээр оролцож, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох сургалт лекц, зөвлөн туслах үйл ажиллагаануудыг зохион байгуулж ирсэн билээ. Энэ хугацаанд хүний амьдралын хамгийн утга учиртай, үнэ цэнэтэй зүйл болох гэр бүлийн аз жаргал, амар тайваныг бий болгоход хувь хүнд ухаалаг бодол, шийдвэрээс гадна мэдлэг боловсрол, хүмүүжил хамгийн чухал болохыг илүү ихээр мэдрэх болсон юм. Энэ жил гэр бүл, хүүхэд хамгааллын эрх зүйн орчны шинэчлэл хийгдэж буй онцлог жил болж байна.

Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, гэр  бүлийн хөгжил, боловсрол, тогтвортой байдлыг дэмжих, нийгмийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг дэмжих, гэр бүлийн гишүүдийн тэгш оролцоог хангах нөхцлийг бүрдүүлэх нь нэн чухал байна.

“Хүүхдийн нүдэнд гуниг бүү байгаасай” гэж эх хүнийхээ хувьд туйлгүй ихээр хүсдэг. Дэндүү их хайрламаар гэгээн ертөнц болох тэдний минь сэтгэлд томчууд биднээс болж сүүдэр тусах учиргүй. Амар амгалан, сэтгэл тогтуун, хайраар дүүрэн гэр бүлд л хүүхэд аз жаргалтай байдаг.

Тогтвортой эрүүл гэр бүлийг бий болгоход хосуудад гэр бүлийн боловсрол нэн чухал юм. Энэхүү боловсролыг олгох албан ёсны тогтолцоо бүрдээгүй өнөөгийн нөхцөлд мэдлэг, мэдээллийг түгээх зорилгоор энэхүү улирал дутмын сэтгүүлийг та бүхэндээ өргөн барьж байна. Монгол шуудан компаниар дамжуулан захиалж гэгээн оюундаа тунгаана бизээ.

 

Монгол гэр бүлийн заяа тэгш байж, хүүхэд бүхэн жаргалтай байх болтугай.

 

Эрхлэгч: Доктор (Ph) Б.Оюун-Эрдэнэ

 

2016.05.25