Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

Цаг хугацаа усны давалгаа мэт биднийг элээж оддог уу, эсвэл биднийг тойрон байдаг уу...?

  Хайр гэж чухам юу вэ? Бид дурлахаараа эгээ л хүүхэд мэт хөөрч, аз жаргалаар умбадаг ч, цагаа олоогүй хайр нандин бүхнийг хаяж явах хүчтэй гэж үү... Цаг хугацаа алсрахад хайр хөрдөг үү?...Анхны хайр сэтгэлийн тээр тэнд нуугдчихаад бодох төдийд л хамгийн гэгээн аялгуу эгшилүүлэн зүрхний гүнд мөнхөд оршдог билээ. 

  1. Хайр бодлоос эхлэнэ. Бодлыг маань эзэмдэж байгаа зүйлс биднийг тодорхойлж байдаг.
  2. Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд түүнийгээ хүндэлж сурах хэрэгтэй. Юуны өмнө өөрийгөө хүндэлж сур. Өөрийгөө хүндлэхийн тулд “Надад хүндлэхээр юм юу байна” гэж өөрөөсөө асуу.
  3. Хэрвээ та хайрыг авахыг хүсч байвал эхлээд өөрөө өгөх ёстой. Хичнээн их хайр өгнө, төдий чинээ ихийг авна.
  4. Хайрлана гэдэг нь өөрийнхөө нэгэн хэсгийг үнэ өртөг, болзолгүйгээр өгнө гэсэн үг.
  5. Сайн үйлийг зүгээр л бүтээ.
  6. Жинхэнэ хайраа олохын тулд жинхэнэ нөхрөө олох хэрэгтэй.
  7. Хайрлана гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш нэгэн зүгт харахыг хэлнэ.
  8.  Хэн нэгнийг үнэнээсээ хайрлахын тулд түүнийгээ яаж харагдаж байгаагийнх нь төлөө биш, байгаа хэвээр нь хайрлах хэрэгтэй.
  9. Нөхөрлөл бол хайрын үрийг соёолуулдаг хөрс юм.
  10. Харьцаандаа хайрыг бий болгохын тулд эхлээд нөхөрлөлийг бий болгох хэрэгтэй.
  11. Хүрэлцэх нь саадыг давж, харилцааг бэхжүүлдэг хайрын хамгийн хүчтэй илэрхийлэл юм.
  12. Хүрэлцэх нь хүмүүсийн биеийн ба сэтгэл санааны байдлыг өөрчилж хайрыг хүлээн авах чадварыг нь дээшлүүлдэг.
  13. Хүрэлцэх нь биеийг эмчилж, сэтгэлийг дулаацуулна.
  14. Гараа дэлгэх нь сэтгэл зүрхээ дэлгэж байна гэсэн үг.
  15. Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол түүнд эрх чөлөө олго. Хэрэв тэр буцаад ирвэл таных, ирэхгүй бол хэзээ ч таных байгаагүй гэсэн үг.
  16. Хайрлаж сурахыг хүсвэл эхлээд өршөөж, өнгөрсөн үеийн гомдол хорсол, уйтгар гунигаасаа ангижирч сур.
  17. Бид нээлттэй илэн далангүй харьцаж сурвал амьдрал маань өөрчлөгдөнө.
  18. Та хүмүүсийг хайрлаж, үнэлж байгаагаа тэдэнд мэдэгд.
  19. “Би чамд хайртай” гэсэн 3 шидэт үгийг хэлэхээс хэзээ ч бүү ай.
  20. Хэн нэгнийг магтах боломжийг хэзээ ч бүү алд.
  21. Хайртай хүнтэйгээ харьцаа холбоогоо хэзээ ч таслахгүй юм шигээр амьдар.
  22. Хайр жинхэнэ байхын тулд түүнд үнэнч байж, энэ нь бодол санаа, үйл ажилд нь хэрэгжиж байх хэрэгтэй.
  23. Үнэнч чанар бол хайрын жинхэнэ шалгуур юм.
  24. Жинхэнэ хайрын харьцаатай байхын тулд уг харьцаандаа үнэнч байх хэрэгтэй
  25. Та хэн нэгэнд, ямар нэг зүйлд үнэнч л юм бол түүнийгээ орхих хувилбар хэзээ ч байх ёсгүй.
  26. Үнэнч чанар бол бат бөх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж өгдөг.
  27. Өдөр бүрийг дур хүсэлтэйгээр амьдрах хэрэгтэй.
  28. Жинхэнэ хайрын харьцаанд итгэл амин чухал.
  29. Бүрэн итгэлээ өгөхгүйгээр хэн нэгнийг хайрлах боломжгүй.
  30. Хайртай хүндээ хайрын үгээ заавал хэлж бай.

 

Зөв хайрлахын учир

1.    Хэн нэгний найдвартай ар тал болох нь

Над руу орой болгон чинжүүтэй цуйван мөрөөдөж, ядарч туйлдсан дайчин ирдэг. Цэвэр цамц олохгүй болохоороо, эсхүл зангиагаа зангидаж чадахгүй болохоороо тэр над руу л ирдэг. Ганц удаа алим хэрчих гэж гараа зүсчихээд “Хайраа туслаарай, үхлээ шүү” гэж хашгирсаар тэр над руу л яаран ирж байсан.Тэр үед нь би “Бүхнийг фронтын төлөө” гэдгийг мэддэг болохоор, үүрэгт ажлаа сайн биелүүлж, шархыг нь боон, амттай эрүүл хүнсээр хооллон, шалаа угааж, товчийг нь хадан, телевизийн хөтөлбөрийн сонин өгч, албаны нохойг нь салхилуулдаг. Хамгийн гол нь “Өчигдөр өөрийг нь шоглож байхыг дарга харчихсан. Одоо яанаа!” гэхэд нь дайчны минь дэргэдүүр сум исгэрч байгааг мэдээд би л түүнийгээ тайвшруулдаг. Учир нь би ч бас жимсний чанамалын шил онгойлгож чадахгүй болохоороо, найз хүүхнүүдтэйгээ муудалцахаараа түүн рүү л яаран гэр лүүгээ ирдэг юм.  

2.    Энхрий үгсийг хэлж, хэлүүлэх нь

Рэмбо ч гэсэн арваад дайсантай тулалдчихаад, гэртээ ирмэгцээ зэвсгээ өрөөний булан руу шидэж, гэрийн шаахайгаа өмсөөд халамжтай нөхөр болж хувирдаг байсан. Яагаад гэвэл эмэгтэйчүүд бидэн рүү тэд эзэн рүүгээ яарч байгаа эрх гөлөг шиг л тэмүүлдэг хэрэг. Дуусгаж чадаагүй ажлаа гэртээ хийхээр аваад ирсэн нархандаа би “Нааш ир ээ хонгор минь , би л чамайгаа хайрлахаас...” гэж хэлдэг. Дан эрчүүдийн дунд ажилладаг түүнийг албан тасалгаанд нь хэн нэгэн “хонгор минь” гэж дуудна гэж үү? Хэрцгий дайчид тэд юу ойлгох юм бэ? Харин би л түүнийг энхрийлэн илж, хамрыг нь үнсдэг. Түүнийгээ ямар царайлаг, зоригтой, хосгүй болохыг хэлдэг. /Энэ нь ч бараг үнэн л дээ/ Тийм учраас л тэр эхнэр над руугаа яаран ирдэг юм. Гадуур явахдаа араатан шиг л сүртэй байдаг тэр миний дэргэд бондгор, ядарсан бүжинхэн болж хувираад энхрийлэлдээ дулаацаж мөрийг минь дэрлэн унтаад өгдөг. Тэгээд ширэнгэн ойд хараал идсэн чононуудаас зугтаж зүүдлэн хөл гараа савчуулдаг... 

3.    Би түүний, тэр миний хамгаалагч

Тэр минь хэдий супер баатар шиг мундаг харагддаг ч гэлээ хааяа өвдчихдөг юм. Эрдэнэсийгээ ханиад хүрч, гэдэс нь гүйлгэж байхад би л орны дэргэд гарыг нь барьж хөлсийг нь арчиж суудаг. Жижигхээн зовиурласан байсан ч, жинхэнэ дайнд шархдаад ирсэн байсан ч би яг тэгээд л сууж байна гэдгээ мэддэг юм. Сүүлчийн хоромд эрчүүдийн дэргэд загас жараахайнд хамт явдаг андууд нь биш, хайртай бүсгүй нь л байдаг шүү дээ. Намайг ч бас өвдөөд хэвтэж байхад ажлаа таслаад битүү шөл хийж өгөх тэр залуу хажууд байна. Гудамжинд хэн нэгэн намайг элэг барисан ч, “айлын” эрчүүд шоглосон ч, дэлгүүрийн худалдагч надад шударга бус хандсан ч миний ард бат зогсдог тэр ганц залууг “асаалттай арван танк”-наас ч илүү намайг хамгаална гэдгийг мэддэг болохоор би хаана ч нүүр бардам, зоригтой байдаг.

4.    Баярт өдрүүдийг бие биедээ зориулдаг нь

Хэрэв би байхгүй бол 2-р сарын 14-нд тэр хэнд бага зэрэг хөлдсөн сарнай, барбины ягаан өнгөтэй уруулын будаг бэлэглэх юм? Хаа сайгүй дурлалт хосууд тэврэлдэн, хайрын харц асгарч байхад тэр минь л ганцаараа гэртээ гоонь эрийн бэлдсэн амтгүй хоолоо идээд удирдлагатайгаа найзлан зурагттайгаа ярин суух байсан. Удахгүй цэргийн баяр болно. Хэрэв би байхгүй байсан бол түүнд хэн дуртай сахлын хөөсийг нь, цуглуулгыг нэмэх навчин тамхитай хамт бэлэглэх юм?

5.    Түүнийхээ онгирч чадах ганц орон зай болох нь

Хайртыгаа шургуулгатай шүүгээг холдуулан өөр газар тавингуут “Чи минь ёстой л Геркулес юм даа, чамгүйгээр би яах байсан юм бол доо?” гэж би дуу алддаг. Яг нүдээ олсон байрыг нь олохын тулд би өөрөө тэр шүүгээг дахиад арван удаа хөдөлгөхөөр байсан ч хамаагүй. Нөхрийн минь хувьд чөлөөтэй онгирч чадах цорын ганц эмэгтэй нь би юм чинь. Гэрлийн бүрхүүлээ арчиж, загас цэвэрлэж байхад миний “их багш” үргэлж дэргэд минь байдаг. Түүний ухаалаг заавар байгаагүй бол би бүгдийг зөв хийж чадна гэж үү? Хайрт минь намайг хорвоогийн шилдэг эхнэр гэж үздэг. Яагаад гэвэл би түүний хажууд л сул дорой турьхан бүсгүй байж чаддаг учраас. Нөхөр маань надтай хамт байхдаа л өөрийнхөө ухаалаг, туршлагатайг мэдэрч, түүнийг нотолж чаддаг.

“Оюу толгой, Таван толгой л гэх юм, хүнийхээ толгойнд л анхаарах ёстой шд тийм биз дээ?” гэж тэр минь хэний ч бодож олоогүй цоо шинэ юм хэлсэн мэт над руу харна. Тэр үед нь би “-Тиймээ, чиний минь түмэн зөв. Гэхдээ хайрт минь чи оймсныхоо өсгийг дээш нь харуулаад өмсчихөж. “ гэж инээмсэглэн хэлдэг дээ.

6.    Өөр хэнээс ч мэдрэгддэггүй аз жаргал нь...

Би нөхөртөө хайртай. Гадуур хувцсаа тайлахгүйгээр унтлагын өрөөндөө ордог ч, хайрын үгээ шивнэхдээ бага зэрэг шүлсээ үсэргэдэг ч, хиртэй хувцсаа сагсанд хийхгүй энд тэнд хаядаг ч, хөргөгчнөөс сүү авч уухдаа аяганд хийдэггүй ч, шүдээ угаачихаад оогоо тагладаггүй ч байгаагаараа л миний хайрыг тэр хязгааргүй ихээр татдаг. Хааяа тэр бүгдийг нь хараад үсээ зулгаамаар санагддаг ч түүнийхээ жаахан хүүхэд шиг эрхлэнгүй хэлсэн үгсийг нь санахаар өөрийн эрхгүй тэнгэр цэлмэдэг. Би одоо үүнийг бичиж дуусгаад, барбины өнгөтэй будгаараа уруулаа будан, цонхны дэргэд хараад ханашгүй хайртыгаа хүлээн суух болно. Тэр орж ирж намайг үнсчихээд, гуталтайгаа галын өрөө рүү орж хөргөгчөө онгойлгон дотроос нь сүү гаргаад шууд хайрцагнаас нь ууна. Харин би түүнд:

Хайр гэж юү вэ?

Эцэг эхээ хайрлах, найз нөхдийн, ах дүүгийн гэх мэт олон төрлийн хайр байдгаас бид энд зөвхөн хосын хайрын талаар дэлгэрүүлэн авч үзье. Доктор Стернбергийн гаргасан хайрын тодорхойлолт ёсоор бол хайр дараах харилцааны хэлбэрүүдээр илэрнэ.

  1. Биеэр холбогдсон буюу янаглал
  2. Романтик хайр буюу биеэр холбогдох+ хүсэл тэмүүлэл
  3. Нөхөрлөл маягийн буюу биеэр холбогдох+бие биенийхээ өмнө үүрэг хүлээх
  4. Хүсэл тачаал дангаар ба хүсэл тачаал+бие биенийхээ өмнө үүрэг хүлээх
  5. Хүсэл тэмүүлэл байхгүй зөвхөн бие биенийхээ өмнө үүрэг хүлээх гэх мэт байхаас гадна хамгийн зөв хайр буюу бие, сэтгэлээрээ холбогдсон, бие биедээ тэмүүлж татагдсан мөн бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн харилцаа гэж байдаг.

Cкот Пекийн онолоор бол хайр гэдэг нь өөрийнхөө хүсэл зоригоос илүүтэй хосынхоо оюун санааны сайн сайхан байдлын төлөө амьдрах хүсэл эрмэлзэлтэй байхыг хэлнэ. Ийм нөхцөлд хайрлаж буй хүн хувь хүнийхээ хувьд өсөж сайжрах, амьдралдаа зорилго тэмүүлэлтэй болох, өөрөөсөө гарамгүй их хүчин чармайлт гаргах, хайраа хариу нэхэлгүй зориулах гэх мэт маш олон давуу талтай болдог. Өөрөөр хэлбэл хайр дурлалын зөв харилцаанд байгаа бол тэр хайр чинь та хоёрын хэн хэнийг нь хүний мөс чанарын хувьд сайжруулж байдаг. Хэрэв тэгэж чадахгүй байгаа бол хайр биш ч байж болох юм.

Хайрлана гэдэг нь:

-       Нөгөө хүнээ танин мэдэх

-       Халамж анхаарал тавих

-       Хосынхоо өмнө үүрэг хүлээх

-       Ямар ч үед хүндлэх

-       Төгс бус байдлыг хүлээн зөвшөөрөх буюу сул талыг нь байгаагаар нь хүлээж авах

-       Хэн хэнийхээ өсөлт дэвшлийн төлөө сэтгэл гаргах, төлөвлөгөөндөө нийцүүлэх юм.

Ямар шалтгаанаар хүмүүс бие биедээ татагддаг вэ?

Өөртэйгөө ижилхэн хүнд илүү татагддаг уу эсвэл эсрэг тэсрэг хүнд илүүтэй татагддаг уу?
Хэрэв чи дээр дурьдсаныг анхааралтай уншсан бол хариултыг нь аль хэдийн мэдчихсэн байгаа байх. Учир нь чиний найзууд чинь чамаас тэс өөр хүмүүс байдаггүй биз дээ? Тийм найз байлаа ч удаан оршин тогтнодоггүй. Үүнтэй адил хос хоёр эрс тэс ялгаатай хүмүүс бол мөн л харилцаа удаан үргэлжлэхгүй.  

Хүнд татагдахад нөлөөлдөг хүчин зүйлс:

-       Ойр байдал: Жишээ нь чи оюутан бол хажууд суудаг залуу чинь нэг л мэдэхэд бусдаас илүү дотно санагддаг болдог. Эсвэл хөрш айлын хүн, зэргэлдээх байрны өдөр бүр тааралддаг залуу ч байж болно. Гэхдээ ойр хавьд байдаг бүх л хүндээ татагдаж байдаг гэж хэлээгүй юм шүү. Зүгээр л та хэн нэгэнтэй ойр ойрхон тааралддаг бол түүнд татагдах магадлал өндөр байдаг гэсэн үг.

-       Давтамжтай харилцаа: Хэн нэгэнтэй ойр ойрхон харилцах, ярилцах тусам тэр хүн илүү таалагдаж эхэлдэг.

-       Харилцана гэсэн найдлага: 2 бүлэг хүмүүст жирийн л нэг эсрэг хүйснийх нь хүний зурагтай анкетыг өгөөд нэг хэсэгт нь та энэ хүнтэй ирэх 7 хоногт уулзана гэж хэлээд, нөгөө бүлэгт нь уулзана гэж хэлэлгүйгээр тухайн хүний тухай сайн уншиж судла гэж хэлжээ. Эцэст нь тэр хүн хэр их таалагдсан талаар хүн бүрээс асуутал уулзуулна гэсэн бүлгээс маш олон хүн тухайн хүн таалагдсан гэсэн хариу өгсөн байна.

-       Тэр хүний талаарх давтамжит яриа сонсох: Энгийн нэг жишээ авахад чи шинэ дуу сонсоод тэр дороо таалагдах тохиолдол хэр их байдаг вэ? Эхэндээ тийм ч гоё санагдахгүй ч сонсоод байх тусам таалагдаж эхэлснээр дуртай болдог шүү дээ. Маш олон сонссоны дараа чи уйдах боловч бараг сонсдоггүй дуунаас илүү тухайн дуундаа дуртай хэвээр л байдаг. Тэгэхээр хэн нэгний тухай давтамжтайгаар сонсоод л байх юм бол тэр хүнийг сонирхож, татагдаж эхэлнэ.

-       Чиний шалгуурт тэнцэх байдал: Хүн бүр өөрийн гэсэн шалгуурыг ирээдүйн хосоосоо хүлээж байдаг. Хүүхэдтэй болох боломжтой, санхүүгийн хувьд биеэ даасан, муу зуршилгүй гэх мэт. Энэ шалгуурууд цаг хугацааны хувьд хувирч өөрчлөгддөг. 3 хүүхэдтэй хүн гэр бүлээ цуцлуулсан байлаа гэж бодоход дахин хүүхэдтэй болохыг хүсэхгүй нь тодорхой гэх мэт. Гэхдээ түүнд тавих шалгуурын жагсаалт чинь 3-4 гол зүйлээс хэтрэхгүй байх нь зүйтэй. Хэрэв чиний жагсаалт 8 ч юмуу 12 зүйлээс бүрддэг бол уучлаарай, чи хэтэрхий шалгуур өндөртэй хүн юм. Шалгуурт чинь бүрэн нийцэх хүн олдоход хэцүү л болов уу.

-       Ижил төстэй байдал: Чи шөнө оройн цагаар гэртээ амрах дуртай хүн бол орой болохоор л гараад явчихдаг шөнийн амьдралд дуртай хүнтэй удаан хамт байж тохирно гэж үү. Хобби сонирхол, үзэл бодол төстэй байх нь маш чухал хүчин зүйл. - Харилцан анхаарал хандуулах байдал: Хэрэв чи хэн нэг залуу чамд сайн гэдгийг сонсвол түүнд илүү их анхаарал хандуулж эхэлдэг. Тэр тийм ч муухай залуу биш бол тэр чиний нүдэнд тусаж, түүнтэй эелдэг харьцана, тийм биз?

-       Гадаад төрх: "Үгүй ээ, би хүний царайнд биш сэтгэлийг нь л хардаг" гэх мэтээр ихэнх хүмүүс үүнийг үгүйсгэх гэх хичээдэг л дээ. Гэвч судлаачид нялх хүүхэд царайлаг хүмүүс рүү илүү удаан тогтож хардаг болохыг баталсан байна. Үүний эсрэгээр хэрэв бид заал дүүрэн хүмүүс цуглуулаад лекц хийхдээ нүүр хувиргалтын аргаар нүд хальтирам царайтай нэг хүн оруулаад суулгавал тэр хүний ойролцоо хэн ч суухыг хүсэхгүй. Үүнийг Нью-Йоркийн метронд туршин нотлож байжээ.

Хайр яагаад хэрэгтэй вэ?

-       Амьд оршин байхын тулд буюу амьдралд бэрхшээл тохиолдоход давж гарах, орой бүр гэр лүүгээ яарах учир шалтгаантай байхын тулд;

-       Үр удмаа үлдээхийн тулд;

-      Нийгэмших, хүний ёсноос гажихгүй байх, хосоор амьдрах, орой бүр хамтдаа хоолоо идэх хүнтэй байх, сэтгэлээ нээж ярих, хэзээд дэргэд чинь байх хүнтэй байхын тулд;

-       Чиний хамгийн сайн болон муу талуудыг мэддэг, чамайг үнэхээр хэрэгтэй хүн гэдгийг мэдрүүлдэг, байгаагаар чинь хүлээж авч хайрладаг, чамайг бүрэн хүлээн зөвшөөрсөн найзтай байхын тулд буюу өөрөөр хэлбэл хайртай хүмүүс хоорондоо дотны найзууд шиг нөхөрлөж чаддаг байхын тулд хайр хүн бүрт хэрэгтэй.

 

Бие биенээ чин сэтгэлээсээ хайрлаж чадвал гэр бүлийн аз жаргалыг бий болгох магадлалтай гэнэ. Хайр гэдэг хоёр хүн бие биенээ хүндэтгэсэн хүндлэл, итгэлээс үүсдэг хэмээн сэтгэл судлаачид үздэг байна. Итгэл хүндлэлээс үүссэн хайр л жинхэнэ аз жаргалтай амьдралыг бий болгодог аж. Ихэнх хүмүүс анхны харцаар бие биендээ дурладаг гэдэг. Тэгвэл ийм хайр бат бэх амьдралыг бий болгож чаддаггүй ажээ. Эе эвийг хичээсэн, хамгийн бат бөх гэр бүлүүдийн нууцыг судалж үзэхэд тэдний бараг 90% нь эр нөхрөө ихээр хүндэлж харьцдаг болох нь тогтоогдсон гэнэ. Энэ нь эр нөхрөө бурхан шиг тахих гэсэн үг биш юм. Харин аливаа зүйл дээр нөхрийнхөө шийдвэрт ач холбогдол өгч үгийг нь сонсдог, нээлттэй ярилцдаг, зөвлөлдөж чаддаг байвал зүйд нийцнэ. Ертөнцийн xaанa ч гэсэн эмэгтэйчүүд эр нөхрөө бусдаас дээгүүрт тавин харьцдаг. Энэ нь ч их утга учиртай. Учир нь ийм хүндлэлээр хүрээлэгдсэн эр хүн өөрийнхөө хүч чадал, оюун ухаан, эрдэм мэдлэгийг дээд зэргээр мэдэрдэг ажээ. Харин тэр их хүндлэлийг эхнэрээсээ хүлээхийн тулд эр хүн хамтын амьдралынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулж чаддаг байх ёстой. Хэрэв тэгдэггүй бол эр хүнийг хүндэлж хайрлахын учир юусан билээ. Амьдралын туршлагаас харахад эр хун өөртөө хэр зэрэг хүндлэл хүлээж авч чадаж байна тэр хэмжээгээрээ гэр бүлийн амьдрал нь өөдрөг байдаг аж. Иймд эр нөхрөө хүссэнээрээ байлгая гэвэл түүнийг хүндэлж байгаагаа мэдрүүлэх л хамгийн чухал юм.

Хайрын 5 хэл

Хүн бүрт өөрийн гэсэн онцлогтой хайрын хэл байдаг гэж та сонссонуу? Улс орон болгон өөрсдийн гэсэн онцлогтой хэл яриатай байдаг. Хэрэв би өөр улсын хэн нэгэн хүнтэй харилцахыг хүсвэл тухайн улсын хэлийг сайн мэдэж байж илүү гүн гүнзгий харилцаа үүсгэж чадна. Харин тухайн хэлийг мэдэхгүй бол яаж ч хичээсэн харилцаа хязгаарлагдмал хүрээнд өрнөх бөгөөд бүтэлтэй байж чадахгүй юм. Үүнтэй адил хүн бүрт хайрын төрөлх хэл байдаг хэмээн Америкийн гэр бүлд зөвлөгч Gary D. Chapman /Ph.D/ үзэж, үүний талаар тайлбарласан байна. Тэрбээр хүн бүрт хайрын сав байдаг ба тэр савыг үргэлж дүүрэн байлгах нь чухал бөгөөд дүүргэхийн тулд хайрын хэлээр нь ярих хэрэгтэй гэжээ. Ингээд та бүхэнд хайрын хэлүүдийн талаар товч танилцуулъя.

1. Магтаал ба үнэлэмж

Энэ нь нөгөө хүнээ чин сэтгэлээсээ магтан урамшуулахыг хэлэх ба цаасан малгай өмсгөх биш юм. Нөгөө хүнээ ойлгож, мэдэрч, түүний нүдээр харж чадаж байж жинхэнэ магтаал хүний амнаас гардаг. Хоосон худал олон үг хэлснээс чин сэтгэлийн цөөн үг хэлснээр нөгөө хүнийг улам хурцалж, баяр баясгалантай болгодог. Хайраа үгээр илэрхийлэхдээ элэгсэг дотно үг, боловсон яриа нь нөгөө хүндээ чи бол миний хувьд чухал гэдгийг мэдрүүлдэг. Харин эсрэгээр тулган шаардалт, хатуу шүүмжлэл, доромж үг нь хайрлахын эсрэг үйлдэл болж байгаа хэрэг. Хэрэв таны хайртай хүний хайрын хэл нь магтаал ба үнэлэмж бол та үг яриандаа илүү болгоомжтой байж, нөгөө хүнийхээ сайн талуудыг жагсаан бичиж бага багаар магтан урамшуулж эхлээрэй.

2. Хоёулхнаа байх

Заримдаа бид хамгийн хайртай хүндээ цаг зав гаргахаа мартчихдаг. Үргэлж хамт байдаг юм чинь энэ нь л түүндээ цаг гаргаж байгаа хэрэг биш гэж үү гэж магадгүй та асуух байх. Үргэлж хамт байлаа гээд түүнд цагаа зориулж байна гэж ойлгож болохгүй. Учир нь орон зайн хувьд нэг газар байлаа ч өөр өөр бодол санаатай, тус тусын зүйлийг хийж байгаа бол энэ нь хоёр биендээ цаг гаргаж байгаа хэрэг биш юм. Хүн чухал зүйлдээ илүү цаг заваа зориулдаг. Таны хайртай хүн таны хувьд хэр чухал вэ? Бие биендээ зориулан цаг гаргаж, хамтдаа ярилцаж, ямар нэгэн зүйлийг хамт хийх нь энэ хэлийн онцлог юм. Ярилцахын тулд эхлээд сайн сонсож чаддаг байх нь чухал бөгөөд өөр зүйл хийлгүй хайртай хүнийгээ анхааралтай харан, түүнийг сонсох хэрэгтэй. Өнөөдөр юу болсон, ямар санагдсан, цаашид яах бодол санаатай байна зэрэг сэтгэл мэдрэмжээ хуваалцах нь чухал байдаг. Таны хайртай хүний хэл хоёулхнаа байх бол та өдөрт дор хаяж болсон үйл явдлаасаа гурвыг нь ярьж, сэтгэл мэдрэмжээ хуваалцаарай. Магадгүй та мартаад байвал жижигхэн тэмдэглэлийн дэвтэр дээр юу болсноо, ямар санагдсанаа бичиж тэмдэглэж болох юм.

3. Чин сэтгэлийн бэлэг

Хүмүүсийн амьдралд хайрын илэрхийлэл, харагдахуйц билэгдэл нь бэлэг байх нь олонтаа. Бэлэг авснаар хайрыг мэдэрдэг олон хүн байдаг. Тэдгээрийн нэг нь таны хайртай хүн бол анхаарлаа хандуулаарай. Энэ нь сурч болох хайрын хэлүүдээс хамгийн амархан нь ч байж болох юм. Бэлэг бэлдэж байхдаа нөгөө хүнээ санагалзаж байна гэдэг нь их чухал юм. Энэ төрлийн хайрын хэлтэй хүмүүс үнэтэй бэлэг авах нь тийм ч чухал биш бөгөөд чин сэтгэлийн бэлэг байх эсэх нь тэдгээр хүмүүсийн хувьд нэн чухал байдаг. Та хайртай хүндээ хайраа харуулахын тулд их мөнгө орно гэж бүү санаа зов. Харин ирээдүйн сайхан амьдралдаа хөрөнгө оруулж байна гэж бодох нь зөв бөгөөд мөнгөгүйгээр та өөрөө сэтгэн, утга учир бүхий бэлэг бэлэглэж болно. Мөн хамгийн хүнд хэцүү нөхцөлд хайртай хүнийхээ дэргэд байх нь та маш эрхэм бэлэг болох өөрийгөө бэлэглэж байгаа хэрэг юм. Та яг одоо мөнгө оролцуулахгүйгээр хайртай хүндээ юу бэлэглэж болох вэ гэдгийг бодож үзнэ үү. Танд амжилт хүсье.

4. Халамжлан туслахад бэлэн байдал

Таны эхнэр таны хоолыг хийж, хувцсыг угаан, гэр орноо цэвэр цэмцгэр байлган таныг тав тухтай байдалд анхаарч байна уу? Эсвэл таны нөхөр машинаа цэвэрхэн байлгаж, оройн хоол болон гэр орны ажилд тань туслан, өвдсөн үед тань анхааран халамжилж байна уу? Хэрэв тийм бол таны хайртай хүн тань халамжлан туслах хайрын хэлтэй юм байна. Эдгээр зүйлсийг айлын эзэгтэй л хийх ёстой шүү дээ гэж бүү хандаарай. Учир нь дээрх ажлыг чин сэтгэлээсээ, баяр жаргалтай хийж байгаагаараа энэ төрлийн хэлтэй хүмүүсийн онцлог оршдог. Хэрэв та өөрөө ийм хэлтэй байгаад нөгөө хүнээ өөртөө ийн хандуулахын тулд шахаж шаардаж байгаа бол энэ нь тун буруу зүйл. Учир нь гуйлт хүсэлт нь хайрын замыг заадаг бол шахалт шаардлага нь улам хөшүүн болгодог. Гэр бүлийн хоёр ярилцан, бие биенээсээ юу хийлгэхийг хүсдэг талаар бичин солилцон уншиж болно.

5. Энхрийлэл

Бие биенийгээ энхрийлэн хайрлах нь нөхөр эхнэрийн хайраа илэрхийлэх чухал хэрэгсэл юм. Бэлгийн харьцаа бол энэ хэлний нэг төрлийн аялага бөгөөд зөвхөн түүгээр хязгаарлаж ойлгож болохгүй юм. Хүн таван мэдрэхүйн тусламжтай гадаад ертөнцөөс дохио цочроолыг хүлээж аван тархиндаа боловсруулан хариу үйлдэл үзүүлдэг. Тиймээс ханийхаа хажуугаар өнгөрөхдөө нурууг нь илээд өнгөрөх, хөтлөлцөн алхах, хацрыг зөөлөн илэх, салахдаа үнсэх зэрэг нь бүгд түүнд хайртай гэдгээ илэрхийлж байгаа хэрэг юм. Ийм төрлийн хүмүүст эсрэгээр биенд нь чанга хүрэх, цохих, өвтгөх зэрэг нь маш хүнд тусдаг бөгөөд та хоёрын харилцаа эвдрэх хүртэл аюултай юм.

Хүн бүрт дээрх хайрын таван хэл байдаг ч аль нэг нь илүү давамгайлан, төрөлх хэл нь болж оршдог. Та анзаарсан бол хүн өөрийн төрөлх хайрын хэлээрээ нөгөө хүнээ хайрлаж байгаагаа илэрхийлж байдаг. Тиймээс та өөрийгөө болон хайртай хүнийхээ хэлийг тодорхойлоход амар байх болно. Гэхдээ өөрийн хэлээрээ ярих нь хайртай хүндээ хайраа илэрхийлэн түүний хайрын савыг дүүргэх аргагүй. Түүний хэлээр нь ярьж байж л тэр ойлгох учраас та хайртай хүнийхээ хайрын хэлийг хичээнгүйлэн сураад түүгээр нь яриарай.

 

Эрчүүдийг хэрхэн халамжлах вэ?

Эрчүүд өчүүхэн зүйлд ч амархан гомддог гэвэл бүсгүй та итгэх үү? Цагаа олсон магтаал үг тэднийг 360 хэм эргүүлэх хүчтэй гэнэ шүү. Эмэгтэй хүн л хайрлуулж байх одонд төрсөн мэт ойлгодог нь нууц биш ээ. Гэтэл эмэгтэйчүүдээс илүү эрчүүд хайрын халуун дулаан үг сонсохыг хүсдэг байна. Өөрөөр хэлбэл, тэд магтуулах дуртай аж. Харин тэднийг хэрхэн халамжлах ёстой бол?

  1. Эрчүүд хүүхнүүдээс байнга л анхаарал халамж хүсдэг
  2. Эхнэрийнхээ хийсэн амттай хоолыг идээд, зурагт ширтэн хэвтэх эр хүний жаргал
  3. Эхнэр нь нөхрийгөө өглөө ажилдаа явахад нь хоол цайг нь бэлдэх ёстой гэж үздэг
  4. Эхнэр нь ажлаасаа оройтохгүй ирвэл баярладаг
  5. Эхнэрийнхээ эзгүйд гэртээ байгаадаа бухимддаг
  6. Эхнэрээ хэн нэг хүнтэй хов ярихыг тэвчиж чаддаггүй
  7. Мөнгө нэхдэггүй эхнэртэй  эрчүүд сэтгэл хангалуун байдаг
  8. Бас тэд мөнгөө элдэв зүйлд үрдэггүй эмэгтэйчүүдэд дуртай
  9. Үнэнч эхнэртэй эрчүүд нүүр бардам, харц дээгүүр алхдаг
  10. Эрчүүд хүндэтгэлд илүү дуртай
  11. Найз нөхөдтэйгээ наргиж цэнгээд ирэхэд  эхнэр нь зангаа хувиргадаггүй бол сэтгэл хангалуун байдаг
  12. Эрчүүд эргэн тойрондоо хөгжилтэй, найрсаг орчин бий болгох дуртай

/ bimuruudugch.blog.gogo.mn /

/ http://www.goolingoo.mn /

/http://miss.mn/61207.html/

/Photonews.mn /

/Сэтгэл.мн/