Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

Уучлалт гуйх 10 арга:

  1. Яг нүүрлүү нь эгц хараад уучлалт гуйх 
  2. Харилцагчийнхаа сэтгэлд бүрэн нийцүүл
  3. Уучлалт гуйхаас илүү харилцагчийнхаа үгийг сайтар сонсох нь чухал
  4. Өөрийнхөө бурууг ухаарах нь чухал
  5. Уулзхад хэцүү байгаа бол уучлалт гуйсан захидал бич
  6. Уучлалтийг олон удаа гуйх хэрэггүй
  7. Эцэг эх ч гэсэн хүүхдээсээ уучлалт гуйх хэрэгтэй
  8. Уучлалтын үр дүн эрх чөлөөтэй болно. Мөн зовлонгоос ангижирна, нөгөө хүнээ ялж буй агуу их ялалт юм.  

Хэрхэн уучлалт гуйх вэ?

Та хэн нэгнийг гомдоогоод яахаа мэдэхгүй шаналж явна уу? Тэгвэл уучлалт гуйхдаа хэрхэн үр дүнд хүрэх талаар зөвлөгөө хүргэе.

1. Нүд рүү нь эгцлэн хар.

Энэ нь таны хүндлэлийг харуулж мөн чин сэтгэлээсээ хэлж байгаа гэдэгт итгүүлэх болно. Та хир сайн сонсоно тэр хирээр таны боломж өсөх болно. Хэрвээ хайртай хүнээсээ уучлал эрэх гэж байгаа бол түүний гараас атгах юм уу мөрөөр тэврээрэй.

2. Энгийн бай

Болж өнгөрсөн зүйлд харамсаж байгаагаа санаа зоволгүй хэлж, сэтгэлдээ бодсон зүйлээ нээгээрэй.

3. Дуулгавартай байх

Таны хэлэх үгнээс гадна таны  үйлдэл их чухал үүрэгтэй.  хэрвээ танд түүнтэй уулзах боломж гарахгүй байвал захиа илгээж, мессеж бичих маягаар уучлал эрж болно.

4. Яриагаа эхлэхдээ шалтаг бүү тооч

Та уучлал гуйхаар оччихоод шууд шалтаг тоочиж  эхлэх юм бол таныг хариуцлагаас зугтах гэсэн, юу ч ойлгоогүй амьтан мэтээр харагдуулах болно. Таны хайртай хүн таны сэтгэлийг ойлгож, уучилсны дараа магадгүй та шалтгаан юу байсан талаар зөвлөлдөж болох юм.

5. Байдлыг хүндрүүлэхээс зайлсхий

Яриагаа шууд уучлаарай гэдэг үгээр эхлүүлж болохгүй. Мөн танаас сөргүүлэн асуух асуултад бэлэн байх ёстой. Энэ тохиолдолд хамтрагчийнхаа уурыг хүргэлгүй тэвчээртэй байхаа бүү мартаарай. Учир нь та уучлалт гуйх гэж байгаа шүү дээ. Багахан тэвчээр гаргаагүйгээс болж уучлалт хэрүүл болж дуусах нь бий.

6. Бэлэг бэлдэх

Өөрийн дотно хүнээ аргадаж, сэтгэлийг нь тайвшруулах  арга хэрэглэхээс бүү татгалз. Магадгүй та эсрэгээрээ хэзээ ч мартахын аргагүй баярт мөч бүтээхийг үгүйсгэхгүй. Гэхдээ дан бэлэг таны сэтгэлийн үггүйгээр үнэ цэнэгүй юм шүү.

7. Инээлгэх гэж оролд

Та хоёр хэдий нэг нэгээ гомдоосон байж болох ч түүнтэй эелдэг харилцаж, халуун дулаан уур амьсгалаар гунигийг нь мартуулах хэрэгтэй.

8. Төгсгөл хийх

Түүнийг хаа нэгтээ урьж, сонирхолтой яриа өрнүүл. Хүүхэд насныхаа тухай, эсвэл өөрсдийн дурсамжийн талаар ярь. Энэ нь түүний аз жаргалтай мөчүүдийг эргэн сануулах болно.

Чамайг шархлуулсан хүнийг уучлах 9 шалтгаан

Ямар азаар бид тэднийг “уучилдаг” төрөө вэ? Хүний оюуны энэ сайхан чанар биднийг үргэлж гэрэл гэгээ рүү тэмүүлэхэд тусалдаг. Сайхан санаа алдаад л уучилчихад чи өөрийгөө ямар ихээр хөнгөрч байгааг мэдэрнэ. Зүрх сэтгэлийг чинь шархлуулж, итгэлийг чинь уландаа гишгэсэн ч бай түүний өөдөөс гаргах хамгийн “сонгодог” сэтгэл хөдлөл бол уучлал юм. Дараа нь харин мартаж болно. Энэ бүхний эцэст чи түүний сэтгэлд “мартагдашгүй” нэгэн болж үлдэх нь гарцаагүй.

Чи төгс биш

Ганцхан чи л зүрхээ шархлуулсан биш. Чамаас өмнөх мянга мянган эмэгтэй л хайр дурлалаас шарх авсан байгаа. Тэд үүнийг тэсэж гарч чадсан. Чи тэднээс ялгаатай, төгс төгөлдөр нэгэн биш л учраас ийм зүйл тохиолдох нь энгийн үзэгдэл.

Чи уучилж чаддаг

Чи ухаалаг бүсгүй. Тиймээс хэнийг ч уучилж чадна. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг эргүүлэх боломжгүй гэдгийг чи хамгаас сайн мэддэг учраас үүнийг хийж чадна.

Биеэ битгий зовоо

Нэг сайхан санаа алдахад л болно. Болохгүй бол уйл. Энэ бүхний дараа зүгээр л уучлаад үз. Уучлал хүний сэтгэлийн тэнхээ ямар аугаа вэ гэдгийг харуулдаг зүйл юм. Эрүүл мэндэд ч их сайн шүү.

Зүгээр л явуул

“Төгс хайрлагдахын нууц бол орхин одох” гэж нэгэн бүсгүй шүүрс алдсан байдаг. Сэтгэл нь өөр газар байгаа л бол зүгээр л явуулчих. Чамайг хэдий шархлуулсан ч бай чи “өөрөөрөө” үлдэхийн тулд уучлах хэрэгтэй.

Амьдрал богинохон

Богинохон энэ амьдралд сэтгэлийн шарх авах үе хэд хичнээн гэх вэ дээ. Тэр болгоныг сэтгэлдээ хар дурсамж болгон үлдээх юм бол чиний амьдрал толботой даавуу шиг л өнгөгүй болж үлдэнэ. Үүнийг чи түүний төлөө биш өөрийнхөө төлөө хийж байгаа гэж бодоод л уучилчих.

Зарим нэг үгсийг хэлэх хичнээн сайхан гээч

“Уучилсан”-Энэ үгийг хэлэхийг хүсэж байгаа гэдгээ хүн өөрөө ч мэддэггүй. Зүгээр л хэлээд үз. Чи ямар сайхан уужрал, тайвшралыг мэдэрнэ гээч.

Сөрөн зогс

Сайхан уучилж чадна гэдэг түүнээс хол илүү гэдгээ харуулж байгаа хэлбэр юм. Шархлуулсных нь төлөө өөрт нь өгөөмөр сэтгэл гаргана гэдэг бол түүнийг сөрөн зогсож байна гэсэн үг. Ингэснээрээ чи хичнээн хүчирхэг болохоо харуулна.

Яагаад хайрлаж байснаа бодоод уучил

Чамайг шархлуулж чадахаар хүчтэй дурлалын эзэн мэдээж сайхан залуу л байгаа биз. Яагаад түүнийг хайрлаж байснаа бод. Чамд ямар сайхан мэдрэмжүүдийг өгч байснаа ч эргэн сана. Түүнд эхлээд талархчих юм бол уучлахад илүү амар болно.

Тэвэрч үнсчихээд цааш алх

Ямар бүсгүйг гомдоосноо мэдрэг. Эрэгтэйчүүдэд үдэлтийн үнсэлт хамгийн романтик санагддаг гэсэн судалгаа байдаг аж. Чамайг гомдоосныхоо хариуд нулимс, муухай үгс хүлээж байсан бол эсрэгээр нь хий. Тэр гэмших болно.

Үүрд нэр төртэй үлд

Хамгийн гайхалтай сэтгэл хөдлөл бол уучлал. Тэр чиний уучлалыг үүрд санаж явах болно. Нэгэн цаг үед зүрхийг чинь эзэмдэж явсан залуугийнхаа сэтгэлд үүрд үлдэх сүүлчийн арга чинь энэ юм.

Хүмүүний хамгийн тэнгэрлэг зан араншин бол уучлах чадвар юм

Хувь хүн өөрөө л өөрийнхөө амьдралыг тодорхойлж үнэлж дүгнэдэг хэдэн тэрбумын хөрөнгөтэй хирнээ амьдрал хэцүү байна аа гэж сэтгэлийн зовлонтой яваа нэгэн байхад ууж идэх өмсөж зүүхээр дутмаг өнөө маргаашийнхаа хоолны мөнгийг арай ядан олж байгаа хирнээ сэтгэл дүүрэн инээмсэглээд амьдарч яваа нэгэн байдаг нь сонин ер нь хүний амьдрал гаднаасаа бусдад бол зөвхөн материаллаг байдлаараа л бодитоор харагддаг бол  өөрсдөд нь харин янз бүрээр мэдрэгддэг.                  

Эндээс хүнд харагдах байдал чухал уу өөрт мэдрэгдэх мэдрэмж ханамж чухал уу гэсэн асуулт гарч ирж байна. Мэдээж дийлэнхи хувь нь хоёрдахь хувилбарыг нь сонгох байх тэгвэл хүн чухам юунаас болж уурлаж гутарч гуниж амьдралдаа сэтгэл хангалуун бус болж шаналж зовдог билээ.   

 Шалтгаан нь янз бүр байх л даа гэхдээ миний бодлоор хүн өөрөө өөрийнхөө хийсэн алдаа юмуу бусдын хийсэн алдаанаас үүдэж бий болсон үйл явдалаас болж л шаналдаг юм шиг.      Тэгвэл энэ байдлаас ямар аргаар яаж гарах вэ бухимдалаас бухимдал л төрдөг цөхрөлөөс цөхрөл л төрдөгтэй ижил инээмсэглэлээс инээмсэглэл л төрдөг. Хүн юу тарина түүнийгээ л хурааж авдаг ч гэдэг үг байдаг даа та шаналж зовж бачимдаж байгаа бол ямар нэг хүнд байдалд орсоон гэсэн үг нэгэнт л та ч би ч өөр хэн ч адилхан цаг хугацааг буцааж чадахгүй тул болоод өнгөрчихсөн тэр муу үйл явдалын тухай дахин дахин бодоод хэрэггүй энэ нь өөрийг чинь улам л ихээр шаналгаж  байдлыг л улам л дордуулах болно.                                                                                                 

Тухайн алдаанаас болж үүсч бий болчихоод байгаа хүнд хэцүү байдлын тухай ч бүү бод өөрийгөө болон өрөөлийг буруутгаж стрессдэж урьд нь байсан байдалд нь оруулхаар улайран зүтэгсэнээр та өөрийгөө ч өрөөлийг ч улам хүнд байдалд оруулж одоо байгаа байдлаасаа илүү дордуулж мэднэ.          

 Зовлон ганцхан хоромд ирж болдог бол жаргал урт удаан хугацаанд үүсч бий болдог эд баялаг нэр хүнд ч мөн адил эд баялагийг хураах гэж нэр хүнд итгэлийг олж авах гэж хүн асар их цаг хугацаа зарцуулдаг бол тэдгээрийг алдахад гай таарсан ганцхан хором ганцхан буруу алхам л хангалтай байдаг . Мянган сайн хэрэг явдалыг ганцхан муу явдал гутаадааг гэж үг байдаг            

Та бидний зовлон шаналал дунд ойлгох ёстой хамгийн эхний зүйл бол тухайн зүйлийг тэр дор нь буцаан анхны байсан байранд нь оруулхаар зүтгэх бусдаас шаардах хэрэггүй юм энэ нь бараг л ямар ч боломжгүй зүйл яагаад вэ гэвэл та бид анх тэр байсан байдалдаа хүрэхийн тулд ямар цаг хугацаа зарцуулсанаа бодож үзээд ядаж л тэр хугацааныхаа тал шиг хугацаанд эргүүлэн байранд нь авчирхаар төлөвлөж чадвал энэ нь эрүүл зөв арга зам болно. Түүнээс биш ихэнх цаг хугацаа зарцуулж байж олж авсан эд баялаг нэр хүнд итгэл хайрыг алдсан шигээ ахархан хугацаанд эргүүлэн олж авахаар улайрвал та бид тухайн зүйлээ улам л цааш нь түлхэж зарим тохиолдолд дахин хэзээ ч эргүүлэн олж авах боломжгүй болдог.

 Өс хонзон үзэн ядалт уур бухимдалыг ор мөргүй арилгах цорын ганц арга бол тухайн зүйлийг уучилж мартах явдал юм.    Эсрэгээрээ та уурлан бухимдаж бачимдаж буруутай гэж үзсэн хүнээ мөрдөж мөшгөж дарамталж өнөө маргаашгүй амьдралаа хэвэнд нь оруулж өгөхийг шаардвал   угаасаа хийсэн зүйлдээ харамсан амьдралд сөхөрч шаналж яваа хүн улам л мухардалд орж цөхөрч гарах гарцгүй болж бүх зүйл улам л дордоно.  Харин та түүнийг ойлгож уучилж чадвал таны хувьд ч түүний хувьд ч бүх зүйл сайн талруугаа эргэх болно. Таны гаргасан бурханлаг шийдвэр танд алдсанаасаа ч илүү их эд баялаг нэр хүнд итгэл хайр эргүүлэн авчирч магадгүй энэ бүхнийг авахаас гадна та ингэж чадсанаараа өөрөөрөө бахархах сэтгэл төрөх болно үүнийг мэдрэхэд их амархан та ердөө л уучлаад үз амьдрал танд илүү ихийг бэлэглэх болно. Хэрвээ тухайн байдалд та өөрөө буруутай бол өөрөө өөрийгөө уучлах хэрэгтэй өөр хэн нэгэн буруутай бол түүнийг уучлах хэрэгтэй түүний оронд өөрийгөө тавин бодож үзэх хэрэгтэй.  Өөрийнхөө талаас биш тухайн хүн яагаад ийм байдал гаргаваа гэдгийг нь мэдэрч ойлгож уучлах... Санаатай ч бай санаандгүй ч бай нэгэнт л болоод өнгөрчихсөн зүйл .... Өө хайж яллах зэмлэх буруутгах зүйл бодох хэрэггүй та хүмүүний хамгийн бурханлаг зан болох уучлалыг зүрхэндээ бий болгох гэж байгаа учир зөвхөн ойлгож итгэхийг л хичээ. Энэ нь танд өөрт чинь маш их амар амгалан гэрэл гэгээ амьдрах хүсэл эрмэлзэл итгэл авчирхаас гадна таныг хүнд байдалд оруулсандаа хаа нэгтээ шаналан яваа хэн нэгэнд мөн л адил амьдрах итгэл хүсэл эрмэлзэл хүч тэнхээ тухайн байдлаасаа гарах хаалгыг нь нээж өгөх болно.  

Өөрийгөө хүнд байдалд орлоо гэж бүү бод хамгийн муу нөхцөл байдал гэж байдаггүй түүнээс ч дор зүйл байдаг хаа нэгтээ орон гэргүй гудамжинд өлсөж даарч яваа хэн нэгэнтэй харьцуулвал түүний ирээдүйг бодож үзээд өөрийнхийгөө бод тэгэхээр танд их зүйл байгаа гэдэг чинь мэдрэгдэх байх хүн гээч амьтаны араатан адгууснаас ялгагддаг зүйл нь оюун ухаан уу үгүй ээ ухаалаг амьтад зөндөө л байдаг хайр юм уу бас л үгүй үр зулзагаа ижил хосоо амьтад бас  л хайрладаг бүр биднээс ч илүү үнэн ч байх хун шувуу яадаг билээ дээ хосоо алдвал шууд л үхлийг сонгодог  тэгэхээр миний бодлоор араатан адгууснаас хүмүүн бидний ялгагддаг цорын ганц зүйл бол бид уучилч чаддаг одоо та яг одоо бодоод үзээрэй та хэн нэгнийг гомдоосон уу эсвэл хэн нэгэнд гомдож бүр үзэн ядаж байна уу тийм бол түүнийг зүгээр л  уучил юу ч бодолгүй бүхнийг нь уучил энэ нь таны сэтгэл зүрхэнд амьдралд чинь ямар өөрчлөлт авчирхыг та харах болно мэдрэх болно эрхэм уншигч та туршаад үзээрэй ямар ч хүнд хэцүү байдлаас гарах гарц заавал олддог юм шүү түүний гол түлхүүр нь уучлал юм.  

 Эцэст нь дахин хэлэхэд бухимдалаас бухимдал, цөхрөлөөс цөхрөл, инээмсэглэлээс инээмсэглэл л төрдөг.  Итгэ бас дахин итгэ, Уучил бас дахин уучил хариуд нь амьдрал танд алдсан бүхнийг хүссэн бүхнийг тань  өгөх болно.

Уучлах нь хүчтэйн шинж

Бүх хүнд давуу болон сул тал бий. Давуу талаа таньж мэдэн, тордон хөгжүүлсээр байх аваас амжилтын түлхүүрийг гартаа бат атгаж байгаа хэрэг. Давуу талаа хэдийчинээ эрт таньж мэднэ төдийчинээ сайн. Хүн юу хийж чадахаа олж харах нь амьдралдаа олж байгаа хамгийн том олзны нэг. Юу хийж чадахаа олж хараагүй хүн нүдээ боолгосон мэт тэмтчин, замд тааралдах чулуу болгонд бүдчиж явдаг. Сул талаа олж харахыг хүсэхгүй байх нь хүмүүсийн нийтлэг дутагдал. Тэр тусмаа сул талаа бусдаар хэлүүлэх тун дургүй. Өөрөө олж харахыг хүсэхгүй, хүнээр хэлүүлэх дургүй болохоор хүний сул тал амь бөхтэй зууралддаг согог. Ухаалаг хүн сул талаа өөрөө мэдэрч, хүний хэлснээс санаа авч, засч залруулахыг хичээн, алхсан мөрөө арагшаа харж, алхах замаа урьдчилан тооцож, итгэлтэй ургашилна. Сул талаа мэдэрч ухаарахгүй байх нь маш том дутагдал, сул доройн шинж. Сул талаа мэдрэн ухаарч, засч залруулж байхгүй бол яваандаа түүндээ дасан зохицож, илжиг модон хударгандаа гэгч болно. “Жинхэнэ хүчтэй хүн өөрийн сул талыг ухаардаг” /О.Бальзак/. Нэгэнт ухаарсан болохоор сул талаа нөхөх араг чарга хайна. Түүгээр үл барам сул талаа давуу тал болгон хувиргахаар чармайн зүтгэнэ.

Бусдыг уучлах чадвар бол хүний маш том давуу тал юм. Уучилж чадах нь хүчтэйн шинж. Зүрх сэтгэлээр урсаад өнгөрсөн таагүй бүхнийг уучлах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Хэтийдсэн доромжлолыг ч уучлан өнгөрөөх сэтгэлийн хаттай хүн өөрийгөө бага  зовооно. Уучилж чадсанаар юу ч алдахгүй, харин ч угтан ирэх улангассан дайралтаас биеэ хамгаалан, сэтгэл түйвээх хорлолыг холдуулж, хожихын дээдээр хожно. Сэтгэлийн тэнхээгүй сул дорой хүн уучлах чадваргүй. Уучилж чадаагүйнхээ төлөөсийг сэтгэлийн хүнд дарамтан дор өнө удаан төлөх болдог нь харамсалтай. Уучилж чаддаггүй зуунги хүн уур бухимдал, гомдол хорслын гав гинжээр сэтгэлээ баглан хүлж, өөрийгөө тамлан зовооно. Уур хилэн хүнийг араатан болгоно. Инээд хөөр хүн хэвээр байлгана. Уур цухалдаа багтаж ядан, араатан дүрд хувилж байснаас уучилж, инээд хөөрөндөө умбан, хүн төрхөндөө буцаж ор. Хайртай хүмүүстэйгээ сайхан дурсамжаа хуваалцан, жаргалтай инээмсэглэн сууж байх чухам аз жаргал билээ.

Өнгөрсөн амьдрал гэдэг харандаагаар бичсэнийг баллуураар арилгах шиг амархан зүйл биш. Амьдралд сайн, муу холилдон сүлэлдэн өнгөрсөн нь тодорхой. Сайн, саар аль аль нь бодол санаанд эргэж буцан эргэлдэх нь мэдээж. Тэр дундаас мууг эргэн дурсах гэж шимтэх хэрэггүй, сэтгэлээ зовоохын нэмэр. Муу муухай дурсамжийн хог новшийг ухаж уудлаад сэтгэлийн тайтгарлыг олно гэж юу байх билээ дээ?

Одоо байгаадаа сэтгэл ханамжтай байж, өнөөдрөөс маргааш илүү сайн болно гэсэн өөдрөг сэтгэл, сайхан бодолтой амьдар. Байж байгаадаа мөнхийн сэтгэл дундуур, уруу дорой царайлж, газар ширтэн сажлах нь өөрийгөө уруудуулан доройтуулахаас өөр зүйлд хөтлөхгүй. Дээшээ хардаггүй, доогуур харцтай хүний нүд гутлынхаа хоншоорт наалдчихсан мэт байна. Нүд нь гутлынхаа хоншоорт наалдсан хүн орчлон ертөнцийн юмс үзэгдлийг мөрөө харах төдийгөөс хол хэтэрч үзэхгүй, намгийн мэлхий өөрийн намаг нь бүхнээс том гэж үздэгтэй адил бодно. Дээгүүр харцтай, омог бардам, зориг төгөлдөр, алсыг баримжаалан алхвал далавч ургах мэт болж, өөдөө хөөрөн нисэх хүсэл эрмэлзэл чамайг эзэмдэнэ.   

Биеэ барих чадвар эзэмшвэл аливаа хүнд амьсгалах агаар, ариусгах рашаан мэт хэрэг болно. Биеэ барих чадвар олон муу зүйлээс өөрийгөө хамгаалан, тойрч гарахад тусална. Хэдхэн хором биеэ бариад тэвчээд өнгөрчих юман дээр тэвчээр алдсанаас хичнээн олон алдаа гарч, өөрөө хохирч, өрөөлийг хохироож байсан бол? Биеэ барих чадвар нь дээд зэргийн тэсвэр тэвчээрт тулгуурлана. Тэвчихийн аргагүйг тэвчин, биеэ барьж өнгөрөөж чадвал амьдралдаа маш ихийг хожно гэдэгт итгэ. Биеэ барих чадвараар дамжин өөрийгөө эзэмдэх аргад суралцана. Хүн амьдралдаа хэвшүүлэх амин чухал зүйлүүдийн хамгийн анхны, хамгийн гол зүйлийн нэг нь өөрөө өөрийгөө эзэмдэх явдал. Биеэ барих чадвар бол өөрийгөө эзэмдэх хаалгыг нээн онгойлгох түлхүүр нь юм. “Өөрийгөө эзэмддэг хүн бүхнээс хүчтэй” /Бага Сенека/. Өөрийгөө ялсан ялалт хамгийн хүчтэй ялалт. Өөрийгөө ялж байж өөрийгөө эзэмддэг болно. Өөрийгөө ялах чадвар бол ухаалаг хүн бахархаж болох нэн гайхамшигтай ололтуудын нэг мөнөөс мөн. “Хүн өөрөө өөрийгөө ялмагц бусдыг буруушаахаа больдог” /Л.Н.Толстой/. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлийг уучлах мэдрэмж бүрэн дүүрэн эзэмдэнэ. Биеэ барих чадвартай, өөрийгөө эзэмдэх хүчтэй хүний дотоод ертөнцөөс бусдыг уучлах нинжин сэтгэлийн гэрэл цацарч байдаг.

Хэн нэгнийг дотроо хараан зүхэж, бах таваа хангаж сууснаас уучлах нь хавьгүй дээр, илүү эр зориг юм. Эрч хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй хүн уучилж чадна. Сулхан хүн уучилж чаддаггүй. Уучилж чаддаггүй хүн бусдыг үргэлж буруутган, өөрийгөө сэтгэлийн тамд тарчлаана. Зөв бурууг эс ялган, буруугаа бусад руу түлхдэг хүн уучлах ухаангүй. Бусдыг буруутгахаасаа урьд би ямар буруутай билээ гэдгээ бод. Бурууг өөрөөсөө эхлэн хайж, буруугаа ухаарч байж бусдыг уучилж чадах хүчээ сэлбэнэ. Гагцхүү хүчтэй  хүн л буруугаа ухаарна. Зөвхөн хүчтэй хүн эгэл даруухан байж, бусдыг уучилна.

Хэрүүлийг хэт цахиж түймэр тавилгүй биеэ барь. Хэрүүлд хоёроос доошгүй хүн хэрэгтэй. Тэдний нэг битгий бол, тэгвэл сэтгэлийн амар амгаланг эдлэхэд чинь тустай. Хичнээн чадварлаг эмч байлаа ч эм тан өгч сэтгэлийн амар амгаланг эдлүүлж чадахгүй, түүнийг дэлгүүр, зах дээрээс худалдан авах боломжгүй. Тиймээс биеэ барьж, сэтгэлээ эзэмдэн захирч, амгалан тайван байдлаа хадгалахыг л хичээ. Хэрүүл бузартай, хорлол нь үлэмж их. Хэрэлдэж байгаа хүмүүс сэтгэлд жавар хургаж, толгойн үс босом хамаг муу муухай үгсийг хамаж шимэн хоёр бие рүүгээ харилцан урсгана. Уурын мунхагаар хэлсэн хэрүүл хараалын бохир үгс зүрхэнд өргөс болон шигдэж, ой санамжид өс болон тогтоно. Зүрхэнд шигдсэн өргөсийг сугалах, ой ухаанд хадгалсан өсийг тайлах арга увидас нь хайр шингэсэн уян зөөлөн, халуун дулаан үг юм. Хэрэлдсэн хүмүүс их бага хэмжээгээр, урт богино хугацаагаар бие биенээ гомдооно. Гомдлын хорыг тайлах шидэт ерөндөг бол уучлал юм. Энд миний буруу бас байжээ, түүнийг уучлая гэж үнэхээр бодож чадвал зовлон шаналлаа нимгэлэн, амар тайван болж, сэтгэлээс дүүжлээстэй байсан хүнд юмыг авч хаяна. Намайг уучлаарай гэхийг сонссон нөгөө хүн ч сэтгэл нь тавирч, санаа нь амсхийж, бөглөөтэй байсан дотор нь уужирна. Хэрэлдсээр байгаад хэтийн жаргалаа алдаж хэрхэвч  болохгүй.

Хүний хүсэл зориг маш ихийг хийж чадна, түүний хүч чадал агуу. Уучлая гэсэн хүсэл зоригийн галаа өрдөн асаавал сэтгэлийн ямар ч хүнд шархыг анагаан илааршуулах хүчийг олно. Уучлая гэсэн хүсэл зоригийн хүчээр зүрхэнд хургасан гомдол цухал, үл итгэлцэл, үзэн ядалтын өтгөн манан сарнин шуугидаж, сэтгэлд гэгээн наран мандах гийх нь дамжиггүй. Хүмүүстэй муудалцан, хорсон зүхэж, үзэн ядсаар сайн сайхан юу ч олж долоохгүй. Өөрийгөө л зовоохын нэмэр. Хорсон зүхэж, үзэн ядахын оронд зүгээр л уучилчих. Дайснаа ч энэрч асран, хүндэтгэн хайрлах нь жинхэнэ нигүүлсэхүй сэтгэл мөн гэх ухаантны сургаал бий. Дайснаа хайрлах хэмжээний нигүүлсэхүй үзэлтэн байж чаддаггүй юмаа гэхэд уучлах сэтгэлийн хаттай байвал амьдралд чинь их тус болно.

Шудрага ёс, сайн санаа хэзээ нэгэн цагт ялдаг юм. Өнгөрсөн үеийнхээ мунхаг явдлыг таньж уучилж чадах эр зоригтой бай. Оргүйгээс оройтсон нь дээр. Уучлал оройтсон ч хэрэгтэй. Уучлахгүй шүд зуун үлдэх нь харгис хатуу зан. Хэнийг ч гэсэн голд нь орсон гомдолтой үлдээж хэрхэвч болохгүй, хүний үнэртэй, хүн чанартай байхыг хичээ. Хад чулуу шиг хатуу, хайрга дайрга шиг ширүүн хорвоог хүний үнэртэй, хүн чанартай, өрөвдөн хайрлах, уучлан нигүүлсэх сэтгэлтэй байж л уяраан зөөлрүүлж чадна. Уучлал тасарсныг залгах, холдсныг ойртуулах эвлэрэл зохицлын уран дархан. Уучлал хүнлэг энэрэнгүйн илэрхийлэл. Уучлал нь сэтгэлийн шархыг эдгээх шидтэн, сэтгэл засах агуу хүч, нэн буянтай үйлс. Уурлаж гоморхохын оронд уучилж өршөөх сэтгэлийн хүчээ эрчлэн чангал.

Өөрийгөө хэрхэн уучлах вэ?

Чи хэн нэгэнд эрүүл ухаанаар үйлдэж боломгүй муу зүйл хийж, маш ихээр гомдоож байсан уу? Өнгөрсөнд хийсэн ямар нэг үйлдэлдээ өөртөө уур чинь хүрч, өөрийгөө өөдгүй бүтэлгүйгээр нь зүхэж явдаг уу? Цаг хугацааг ухрааж, яг тэр мөчид очоод хийсэн алдаагаа залруулах тухай боддог уу? Хэрэв тийм бол зүгээр л чин сэтгэлээсээ уучлалт гуйх хэрэгтэй. Тэр цагаас хойш маш урт хугацаа өнгөрч уучлаарай гэж хэлэхэд ч оройтсон гэж бодож байвал тийм биш ээ. Уучлал гуйхад хэзээ ч оройтдоггүй. Далай лам нэгэн сургаальдаа ямар нэг алдаа хийснээ мэдсэн даруйд засах, уучлал гуйх алхмыг хийж эхэл гэсэн байдаг. Яагаад тийм зүйл хийх болсон тухайгаа эргэцүүлж, алдаанаасаа суралц.

Гэхдээ бусдаас уучлал гуйхаасаа өмнө өөрийгөө уучлах нь эхний алхам юм шүү. “Тиймээ, би үүнийг ахин давтахгүй байж чадна. Би уучлагдах эрхтэй хүн.” гэж бодсоныхоо дараа гомдоосон хүнээсээ чин сэтгэлээсээ уучлал гуйхад бэлэн болсон байх болно. Хүн бүр алдаа гаргадаг. Алдаанаасаа суралцаж чадсан хүн л ухааждаг юм шүү.

Нөгөө талаас өөртөө уур хүрэх, уучилж чадахгүй байх мэдрэмжийг чи цаг үргэлж мэдэрч байгаа гэвэл худлаа. Кино үзэж, хөгжим сонсож, найзуудтайгаа хөгжилдөж байхдаа аль эсвэл хүүхдүүдтэйгээ тоглож байхдаа хүртэл тийм бодол тээнэ гэж үгүй. Учир нь тухайн мөчид чи өөрийгөө буруутгах талаар огт бодохгүй байгаа хэрэг. Тэгэхээр өнгөрсөнд болсон үйл явдал чамайг гэмтэй мэт санагдуулж, өөртөө уурлах шалтгаан болдоггүй. Харин чиний яг одоо энэ мөчид бодож буй бодлууд л тэр таагүй мэдрэмжийг бий болгодог болж таарлаа. Тэгэхээр бодохоо болих нь зөв юм.

Би үнэхээр муу муухай хүн, энэ зүйлд цор ганц буруутан нь би гэсэн хоёр бодол бидний толгойд эргэлдэж байсан ч бүх зүйл чиний бодсон шиг тийм ч муу биш байж болно. Жишээ нь эхний бодлыг үгүйсгэх дадлага хийе л дээ.

Чи дугуй унаж яваад хэн нэгний хөлийг хугалсан байж гэж бодъё. Хүний хөл хугалсан нь маш муу зүйл, буруутай хүн нь чи мөн л дөө. Гэтэл тухайн хүн эмнэлэгт хэвтэж байх үедээ заяаны ханьтайгаа учирсан бол, мөрөөдлийн ажлыг нь санал болгосон хэн нэгэнтэй танилцсан бол үр дүн нь тэр хүнийг өмнөхөөс нь илүү аз жаргалтай болгосон байгаа. Энэ тохиолдолд чи өөрийгөө зүхсээр байна гэж үү? Эсвэл чи буруутан биш ч байж болно. Өнгөрснийг буцааж чадахгүйгээс хойш зүгээр л одоо цагтаа амьдар, өөрийгөө хайрла. Алдаагаа давтахгүй байх боломжийг өөртөө олго. Бид бусдыг өрөвдөж хайрладаг хэрнээ өөртөө хэтэрхий хатуурхах нь их.

Шүүмжлэл, ирээдүйн төлөө санаа зоволт, өнгөрсөнд харамсах аль нь ч амьдралыг чинь жаргалтай болгохгүй гэдгийг санаарай.