Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

Орчин үед гэрлэлтийг тодорхойлохдоо “насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр нийгэм, эдийн засгийн болон хүйсийн хувьд харилцан хоорондоо холбогдож, нийгэм, хууль зүй, сэтгэл санааны хувьд харилцан бие биенийхээ өмнө хариуцлага хүлээхийг хэлнэ”  хэмээн тодорхойлдог.  Нэгэн хүн гэрлэлтийг “хамтдаа угсрагдах ёстой ямар нэг юмны бүх хэсгүүдийг агуулсан” цүнх савтай адилтгасан байдаг.  Энэ нь зарим арзгар хэсгийг нь зүлгүүрдэх, цавуудах, заримыг нь хадах, заримынх нь тоосыг гөвөх, лаакдах, гялалзуулах зэргийг шаарддаг.  Харин үр дагавар нь гайхамшигтай байх болно гэжээ.”

 Гэрлэлтийн аз жаргал нь эхнэр нөхөр хоёрын хоорондын хайр сэтгэл болон нөхөрсөг харьцаанаас хамаардаг.  Мөн гэрлэлт нь  эхнэр нөхөр хоёрт эцэг эхийн харилцаа болон үүрэг хариуцлагыг авчирдаг.  Гэрлэлт нь түншлэл ба эвсэл болохоос дайны талбар биш.  “Бие биедээ хайр хүндэтгэлтэй хандахаа болих мөчөөс гэрлэлт үхэж эхэлдэг.” Үнэндээ гэрлэлт гэдэг бол томруулдаг шил юм.  Гэрлэхээс өмнө оршин байсан аливаа нөхцөл байдлыг ихэсгэх буюу өсгөдөг байна.  Хэрэв хосууд гэрлэхээсээ өмнө сайхан харилцаатай байсан бол гэрлэлт үүнийг улам л сайхан болгоно.  Харин гэрлэлтийн өмнөх харилцаа баяр баясал байхгүй, тэсрэмтгий, уйтай байсан бол гэрлэлт үүнийг улам л дордуулна.  

Гэрлэлт нь эрх зүйн болон соёл, ёс суртахууны хэм хэмжээгээр зохицуулагддаг.  Эрх зүйн хэм хэмжээгээр гэрлэж болох насны доод хэмжээ, эд хөрөнгөө хамтран эзэмших, эхнэр нөхөр үр хүүхдээ харилцан халамжлан тэжээн тэтгэх, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, гэрлэлтийг цуцлах эрх зүйн үйл ажиллагаа, салсан эхнэр нөхрийн эрх үүрэг, хүүхдийн болон эд хөрөнгийн маргаантай холбогдож үүссэн харилцааг зохицуулна.  Соёл, ёс суртахууны хэм хэмжээгээр ёс зүй, уламжлал, эрх үүргээ ухамсарлах, гэрлэлт цуцалсны дараа биеэ хэрхэн авч явах, зан заншлаар нөхцөлдсөн эхнэр, нөхрөө сонгох, гэрлэхээс өмнөх зан үйл, зэрэгтэй холбогдсон харилцааг зохицуулна.  Гэрлэлт нь гэр бүлийн үндэс болж, түүний гишүүдийн эдлэх эрх, гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж өгдөг.  “Гэрлэлт нь гэр бүлийн амьдралын үүд хэмээн К. Дэвис, Э. Богардус нар тодорхойлсон байдаг.”

            Гэр бүлийн харилцааны зохицолдооны талаар А.Г. Харчев: “Гэрлэлтийн сэтгэл зүйн тал нь хүний хүрээлэн буй орчны юмс үзэгдлийг ойлгож, үнэлж, сэтгэл догдлох ба өөрийн хэрэгцээг үнэлэх чадвартай байгалийн үр дүн юм.  Тэр нь гэр бүлийн хоёрын бие биедээ харьцах үзэл санаа, мэдрэмжийг агуулах төдийгүй, эдгээр бодол мэдрэмжийн обьектив илэрхийллийг үйл хөдлөлөөр гаргана” гэж бичжээ. 

            В. Сатир гэрлэлтийн дараах хэлбэрүүдийг гаргасан.

  1. Тэгш эрхт хамтрагч- адилхан эрх үүрэг хүлээнэ. 
  2. Романтик хамтрагч- сэтгэл санааны зөвшил, бат бэх хайрыг хүлээнэ, уярамтгай.
  3. “Эцэг, эх адил” хамтрагч- маш дуртайгаар нөгөөдөө санаа тавин хүмүүжүүлнэ.
  4. “Хүүхэд” хамтрагч- гэр бүлийн амьдралд гэнэтийн үйлдлүүд, шулуун хөнгөн сэтгэл, баяр хөөр авчирна.  Гэхдээ сул доройгоороо далимдуулан нөгөөхөө захирна.
  5. Зүй зохистой хамтрагч- сэтгэл хөдлөлөө хянан, эрх үүргээ яг биелүүлнэ.  Хариуцлагатай, эрүүл ухаанаар дүгнэнэ.
  6. Нөхөр журмын хамтрагч- хамт зүтгэгч байхыг хүсэх ба адилхан дагалт хайна.  Романтик дэврэнгүй хайр сэтгэл горьдохгүй, гэр бүлийн амьдралын зайлшгүй байх ёстой дагавар мэтээр хүлээж авна.
  7. Бие даасан хамтрагч- гэрлэлтээрээ өөрийн хамтрагчаас тодорхой зай авна.

Мөн гэрлэлтийг:

-       Симметрик

-       Комплементар

-       Метакомплементар гэж ангилах ба

-Симметрик гэрлэлтэнд гэр бүлийн хоёр адил эрхтэй, хэн нь ч нөгөөдөө захирагдахгүй.  Зөвшилцөл, харилцан солилцоо, буулт хийсний үндсэн дээр асуудлаа шийддэг.

-Комплементар гэрлэлтэнд нэг нь эрх дархтай, тушаал буулгаж, нөгөөх нь захирагдан, зөвлөгөө, заавар хүлээнэ.

-Метакомплементар гэрлэлтэнд сул дорой тал, туршлагагүй, чадваргүй, хүч муутайгаа харуулснаар зорилгоо биелүүлдэг, хамтрагчаа ашигладаг нэг нь голлох үүргийг авдаг. 

В.Сатирын санал болгосон гэрлэлтийн хэв маягууд нь харилцааны загвар дээр тулгуурлана.  Амаар болон бие махбод, авиа хөдөлгөөнөөр гэр бүлийн хоорондын загварыг гаргажээ.  Үүнд:

1. Царайчилсан

Үг

Зөвшөөрсөн

“Чиний хүссэн бүхэн сайн юм.” “Чамайг аз жаргалтай байлгахын төлөө би энд байна.”

Бие

Тайван, амгалан

“Би арчаагүй дорой” гэдэг нь толгой гудайлгасан нүгэлтний байдлаар илэрнэ.

Дотроо

 

“Би өөрийгөө хэн ч биш гэдгийг мэдэж байна, би чамгүйгээр үхсэн хүн гэсэн үг. Би хэн ч биш.”

2. Буруутгагч

Үг

Зөвшөөрөөгүй

“Чи хэзээ ч юуг ч зөв хийж чаддаггүй.  Чи ер нь яагаад байна?”

Бие

зэмлэл

“Би эндхийн гол хүн” гэдэг нь “сургасан хөшөөний” хэлбэртэй.

Дотроо

 

“Би ганцаараа, азгүй.”

  1. Тооцоотой

Үг

Дээд зэргийн оновчтой

“Хэрэв чи анзаарвал, энд байгаа хэн нэгний хүнд хөдөлмөрт нухлагдсан гарыг анзаарч болно.”

Бие

тооцно

“Би тайван, хүйтэн, бүхнээ цэгцэлсэн”  нь биеэ цэхэлж, толгойгоо өндөрт өргөснөөр харагдана..

  1. Хөндийрсөн

Үг

Тэнцвэргүй

Үг нь утга учиргүй, эсвэл өөр хамаагүй сэдвээр ярина.

Бие

Эв дүйгүй

“Би өөр нэг газар байна.”

Дотроо

 

“хэн ч миний төлөө санаа тавихгүй.  Энд надад надад байх газар алга.”


Гэрлэгсдийн харилцааны соёл нь сэтгэл хөдлөлийн харилцан дэмжлэгийн хэрэгцээ болох сэтгэл ханамж бий болох явдал юм. Энэ нь гэр бүлийн зөрчилдөөнгүй амьдралын зайлшгүй нөхцөл, тэдний маргааныг шийдвэрлэх нэг арга болдог.  Гэрлэгсэд хэн нэгнийхээ сайн талыг олж харахыг эрмэлзэх нь хосуудыг сэтгэл зүйн хувьд ойртуулж өгдөг.  Гэр бүл болсноор:

  • Гэрлэсэн хүнээ өөрийн тэгш эрхт дотны ярилцагч байхыг эрмэлзэх
  • Өөрийн эрх ашгийн үүднээс хуурах биш гэр бүлийн асуудлыг харилцан ойлголцох үндсэн дээр шийдэж бие биедээ идэвхтэй нөлөөлөх хэрэгтэй болно.
  • Гэр бүлийн бүх гишүүнийхээ болон өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх ёстой гэдгээ мэдэрч байх.
  • Харилцагчийнхаа үгийг сонсож түүний сонирхол хэрэгцээ, хүсэл эрмэлзлийг мэдэрч юу хэлэх,  хэлэхгүй байх, юуг таашаадаг, ярьж хэлсэн зүйлээс цаашид юу болох вэ гэдгийг бодож байх нь зөв юм.

Гэр бүлийн харилцаанд үл ойлголцол бий болдоггүй нэг үндсэн шалтгаан нь сэтгэл зүйн нийцтэй ба нийцгүй байдлын нөлөөлөлтэй холбоотой юм.  Гэрлэгчдийн сэтгэл зүйн нийцтэй байдлыг:

-Үүргийн

-Үнэт зүйлийн

-Бүтцийн гэж гурав ангилна.

Үүргийн нийцтэй байдал: зарим судлаачид хосууд гэр бүл болохоос өмнөх үедээ сэтгэл зүйн нийц сайн байдаг гэж үздэг.  Тодорхой хугацааны дараа буюу 6 сараас дээш хугацааны дараа байдал өөрчлөгдөж болно.  Эхнэр нөхрийн үүрэг гүйцэтгэхтэй холбоотой гэр бүлийн хамтын амьдралыг  дараах чиглэлээр авч үздэг.  Үүнд:

1. Гэр ахуйн хамтын аж ахуй, эдийн засгийн асуудал

Хэдийгээр нөхөр айл гэрийн ноён нуруу хэдий ч гэр бүлийг цогцлоон бүтээхийн төлөө эхнэр нөхөр хоёр хоёулаа тэмцэж байж амьдралд тохиолдох бэрхшээлийг даван туулна.  Хань ижилдээ “Чи тэжээж чадахгүй байна...”,  “Хүүхдийн сурлага муудаж байна” гэх мэт буруутгасан өнгө аяс гаргадаг. Харин үүний оронд хосууд маань харилцан ярилцаж, хамтран ажиллавал үл ойлголцол гарахгүй.  Гэр бүл дэх санхүүгийн асуудлаа харилцан ярилцаж зөв захиран зарцуулах нь эдийн засгийн асуудлаас үүдэн гарах зөрчлөөс урьдчилан сэргийлэх юм. 

2. Чөлөөт цагаа хамт өнгөрүүлэх

Энэ нь гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаа тайвшрахад гол нөлөө үзүүлдэг.  Хэдийгээр нэг нь юугаар ч дутагдаж гачигдахгүй бүх юм нь бэлэн байдаг хэдий ч нөгөөх нь ажил ихтэй байдаг бол зөрчил үүснэ.  Эцэстээ салалтаар төгсөж болзошгүй.

3. Дотоод харилцаа буюу бэлгийн харилцаа

Үнэт зүйлсийн нийцтэй байдал: энэ нь гэр бүлийн гишүүдийн тогтсон хандлага, хариуцлага, бие биенийхээ төлөө санаа тавих зэрэг олон зүйлийг хамруулна.  “Үнэт зүйлсийн нийцтэй байдлыг баримжаалан тодорхойлсон хоёр чиглэл  байдаг.”

Зорилгод чиглэгдсэн:

Арга хэрэгсэлд чиглэгдсэн:

Идэвхтэй амьдрал

Цэвэрч нямбай байх

Амьдралын ухаан

Хүмүүжил

Эрүүл мэнд

Өндөр шаардлага

Сонирхолтой ажил

Амьдралын баяр баясгалан

Байгаль, урлагийн гоо сайхан түүнтэй холбоотой сэтгэл хөдлөл

Сахилга бат

Хайр сэтгэл

Бусдын хараат биш

Материаллаг хангамж

Өөрийн болон бусдын дутагдалтай эвлэрдэггүй

Итгэлт сайн нөхөдтэй болох

Боловсролтой байх

Улс орны сайн сайхан байдал

Хариуцлага

Олны хүндэтгэл хүлээх

Ухаалаг сэтгэлгээ, зөв шийдвэр гаргах чадвар

Танин мэдэхүйн төлөө өөрийн мэдлэгийн хүрээг тэлэх

Үзэл бодолдоо тууштай

Тэгш байдал олж авах

Сэтгэлийн тэнхээтэй

Бие даасан байдал, бодол санаа

Бусдын үзэл бодлыг хүндэтгэдэг

Үйл ажиллагаандаа эрх чөлөөтэй байх

Шударга, үнэнч байх

Аз жаргалтай гэр бүл

Ажлын бүтээлч байдал

Бүтээлч үйл ажиллагаа

Бусдад халамжтай байх

Өөртөө итгэлтэй байх

Өөрийн хяналттай байх

Тааламжтай байдал

Үзэл бодлын хувьд өргөн сэтгэлгээтэй


Бүтцийн нийцтэй байдал
: энэ ойлголтонд хүний сэтгэл зүйн хувийн чанарыг авч үздэг.  Хүний зан төлөв нь тухайн хүнд харьцангуй тогтвортой илэрч байдаг хувийн онцлог шинжийн хослол юм.  Зан төлөв нь хүний амьдрал үйл ажиллагаа ба харилцааны явцад бүрэн төлөвшдөг. 

Жишээ нь:

-өөрөө өөртөө (өөрийн хүч боломжийг бодитой үнэлэх, өөртөө шүүмжлэлтэй   хандах, өөрөөрөө бахархах гэх мэт)

-ажил хөдөлмөрт (идэвхи санаачлагатай гэх мэт)

-бусад хүмүүст (эвсэг, нийтэч, шударга үнэнч гэх мэт)

-эд зүйлсэд (арвич хямагч, цэвэрч нямбай гэх мэт)