Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

Хайр, гэр бүл, аз жаргал гэдэг эдгээр үгс зөвхөн ГЭР БҮЛ -д агуулагддаг нь гайхалтай зүйл юм. Бүх хүн ямарваа нэг гэр бүлд өсөн хүмүүжиж, өөрсдөө мөн шинэ гэр бүлийг бий болгон амьдарч энэ хорвоог элээдэг жамтай.  Гэр бүлийн амьдарлыг бий болгон, өрнүүлэн, үржүүлэн, хөгжүүлэн авч явах хугацаанд эр эм хоёрын хооронд олон бэрхшээлтэй асуудал тулгардагийн нэг нь эхнэр нөхрийн хэн нэг нь хоёрдагч хүнтэй болох, зарим тохиолдолд тэрхүү асуудал даамжиран гэр бүл салах, хүүхэд өнчрөх, хамтдаа амьдарлаа гэхэд хэрүүл маргаан, үл ойлголцол, цөхрөл гээд олон сөрөг үр дагаварыг бий болгодог байна.

Хэрвээ та эхнэр/нөхрөө хуураагүй, тийм бодол ч төрдөггүй үнэнч яваа бол: Өөрийн энэхүү үзэл бодол, байр сууриндаа үнэнч явахыг хичээгээрэй. Эргэн тойрны чинь хүмүүсийн дунд хууралт, нууц амраг гэх мэт олон  зүйлүүд яригдаж, сонсогдож, харагдаж, ажиглагдаж байгаа байх. Гэхдээ тэр танд огт хамаагүй. Та өөрийн амьдралын эзэн, та гэр бүлийн харилцаандаа сэтгэл хангалуун байгаа, хангалуун бус хэдий ч цаашдаа хангалуун болгохын төлөө зүтгэж, санаачилж яваа. Нэгнээсээ үргэлж сайхан чанарыг нь харж, биширч, хүртэн, нээлттэй харилцаатай амьдрахад аяндаа алдаа дутагдал, сэтгэл гонсойлгосон асуудлууд түүнд дарагддаг жамтай.

Хэрвээ та эхнэр/нөхрөөсөө өөр хүнтэй дотно харилцаатай, тэр харилцаагаа таслахыг хүсэхгүй байгаа бол: Мэдээж хэрэг олон олон шалтгаантай. Хэн нэгэндээ гомдсон, өсөрхсөн, эсвэл зүгээр л жаахан уйдаж өөр харилцааг хүссэн, сэтгэл татагдсан, зуршил болсон гээд шалтгаан, шалтаг тоймгүй байж болно. Таны ханилсан хань хамт амьдрахад үхмээр, хүн тэсэхийн аргагүй, аймшигтай, солиотой, та түүндээ, тэр таньд хэзээ ч хайртай байгаагүй, биш l бол таны хувьд хамгийн эхний сонголт тань гэр бүл чинь гэдгийг хэзээд бүү март. Үүнд мэдээж хүүхдийн асуудал хамгийн их байр суурийг эзэлнэ. Эрчүүд ихэнхдээ хайр, секс хоёрыг ялгавартайгаар хүлээн авдаг бол эмэгтэйчүүд хайр, сексийг хамтад нь ойлгох гээд байдаг. Хэн хэнтэй хэрхэн холбогдож явах нь хувь хүний асуудал хэдий ч аливаа зүйлд хэм хэмжээ, ёс зүй гэж байдаг бөгөөд тэрхүү хэм хэмжээний тэнцвэрт байдал алдагдаад ирэхээр асуудлууд ар араасаа гарч ирдгийг бодож эргэцүүлэх хэрэгтэй. Одоо та аль цэгт хүрчихсэн явж байна?. Та анх аль цэгт хүрээд болино гэж бодсон талаараа эргэн нэг сана. Эхнэртээ/нөхөртөө баригдалгүй ахуй, амьдралаа болгоод өөрийгөө мөн зугаацуулж чадаж байна гэж зарим нэг нь хэлэх байх л даа. Гэхдээ та бол тэр хүн биш, тэр хүн бол та биш. Хүссэнээ амталсан, авсан бол одоо бодит байдлаа нэг хар. Хүн өөртэйгээ бусдыг ихэнхдээ харьцуулдаг шүү дээ. Одоо таны амьдарлын дүр хэн бэ? Хүн сонголтондоо хэзээч харамсаж болохгүй, шийдвэр таны гарт байгаа учир харамсахгүй сонголтыг л хийх нь чухал.

Хэрвээ та эхнэр/нөхрөөсөө өөр хүнтэй дотно харилцаатай, тэр харилцаагаа таслахыг хүсээд чадахгүй байгаа бол: Хүн чадахгүй нь ээ гэж бодох бүрт тиймээ чадахгүй нь гэсэн бодол нь үргэлж баталгааждаг. Түүнээс авдаг мэдрэмж, таашаал, жаргалыг эхнэр/нөхрөөсөө яагаад авч болохгүй гэж. Эхнэр/нөхрийн хувьд сексийн асуудал хамгийн нээлттэй байх ёстой сэдэв юм. Гэхдээ энэ нь мэдээж урьдийн сексийн амьдарлын түүхийг оролцуулахгүйгээр шүү дээ. Та өөрийнхөө эхнэр/нөхөртөө хайртай гэдгээ мэднэ, одоо ч мэдэж байгаа. Энэ чинь хангалттай шүү дээ. Одоо ганц, сүүлийн удаа, нэг л амьдрана шүү дээ гэх зэргээр өөрийгөө сэдэлжүүлээд байвал энэ асуудал хэзээ ч дуусахгүй, магадгүй бүр дордож ч мэднэ. Бүтээсэн амьдралаа нураах шиг хялбар зүйл энэ дэлхий дээр хаа ч байхгүй. ХҮН ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ, ТААШААЛ, ХАЙРЫГ ГЭР БҮЛЭЭСЭЭ Л ОЛЖ АВАХЫГ НАСАН ТУРШДАА ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ БӨГӨӨД ҮҮНД СУРАЛЦАХ ЁСТОЙ. Тэгэхлээр таны амьдарлын гол цөм хаана байгааг та мэдэж байгаа шүү дээ.

Гэр бүлийг бусниулдаг хамгийн аюултай дайсан юу вэ?

  1. Эхнэр нөхөр xoёpын хэн хэн нь бие биесээ урвадаг. Өөрөөр хэлбэл эхнэр нөхөр хоёрын хэн нэг нь юмуу, эсвэл хоёулаа ханилсан ханиасаа урвах, өөр хүнтэй эр эмийн харилцаа тогтоох нь гэр бүлийг жинхэнэ бусниулагч юм. Хосууд хайр сэтгэлдээ харилцан хүндэтгэлгүй хандаж, хуурдаг бол энэ нь гэр бүлийг бусниулдаг онцгой дайсан юм. 

  2. Эхнэр нөхөр xoёрын хэн хэн нь хардах донтой бол асуудал үүсдэг. Энэ нь бие биедээ итгэдэггүйгээс үүсэхээс гадна хувь хүний сэтгэл зүйн онцлогтой холбоотой. Хардалт нь хэм хэмжээнээс хэтэрвэл гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг.

  3. Эхнэр нөхөр хоёр хоёулаа юмуу, хэн нэг нь сэтгэцийн эмгэгтэй аюултай. Сэтгэцийн эмгэгтэй хүн эрүүл хүнээс тэс өөр зан харьцаа шаарддаг. Үүнийг мэдэрдэггүйгээс эхнэр нөхөр хоёрын хооронд зөрчил тэмцэл гардаг. Иймд өөрийгөө эрүүл саруул гэж итгэдэг байлаа ч жилд 1-2 удаа сэтгэцийн эмчид заавал үзүүлж байх хэрэгтэй. Хүнтэй танилцах бол ээж аав, төрөл төрөгсдийнх нь хэн нэг сэтгэцийн эмгэгтэй эсэхийг нь сайтар анзаараарай.

  4. Эхнэр нөхөр xoёрын хэн нэг нь юмуу, эсвэл хоёулaa архинд хэт орж донтсон бол хамгийн их асуудал үүсгэнэ. Байнга архидах, улмаар архинд донтох нь ямар ч сайхан гэр бүлийг зүйл дуусгадаг маш хортой зуршил юм. Архидалт байгаа газар хэрүүл маргаан, үл ойлголцол, зодоон цохион, нулимс, гуниг гутрал, завхайрал, бие биеэ үл хүндэтгэсэн хүйтэн харьцаа, хардалт, үр хүүхдийн буруу хүмүүжил цөм байдаг. Эдгээр нь гэр бүлийн жинхэнэ дайсан юм.

  5. Эхнэр, нөхөр хоёр хоёулаа харилцааны соёл, ярианы эв дүй муутай бол гэр бүлд маргаан таагүй уур амьсгал тасардаггүй. Гэр бүлийн тайван амгалан байдлыг алдагдуулдаг нэг зүйл бол муу муухай үг хэлж нэгнээ гомдоох, харааж зүхэх, үглэж янших, нэгнийгээ хэт шүүмжлэх, бусдад муучлах явдал юм. Хэн нэгнийхээ өнгөрсөн үеийн түүх намтар, алдаа дутагдлыг уудлан тоочих нь гэр бүлийн харьцаанд сэв суулгадаг. Иймд нэг нэгнийхээ аль муу муухайг биш, харин ч ололттой сайн талыг нь олж хараад түүнийг нь магтаж байвал гэр бүл тайван амгалан байдаг.

  6. Эхнэр нөхөр хоёр ааш зангийн хувьд хоорондоо таарамжгүй байдаг бол гэр бүлийн зөрчил бий болно. Гэр бүлийг салж сарнихад хүргэдэг нэг хүчин зүйл бол эхнэр нөхөр хоёрын хоорондын харьцааны зөрчил сөргөлдөөн юм. Тэвчээргүй зангаасаа болж нэг нэгнийхээ үгийг сөрөх, хэрэлдэх, ханийнхаа эцэг эхтэй нь таарамжгүй байх, дагавар хүүхдийг нь шоовдорлох нь гэр бүл сарнихад хүргэдэг болохыг сэтгэл зүйчид судалж тогтоосон байна.

  7. Хэн нэг нь юмуу эсвэл хоёулаа хар амиа бодож өөрийгөө бөөцийлдөг бол хүйтэн хөндий харилцаа үүснэ. Хүний хань ижил болчихсон хэрнээ хар амиа буюу зөвхөн өөрийгөө бөөцийлөх нь гэр бүлийн бас нэг заналт дайсан юм. Хар амиа боддог, өөрийгөө бөөцийлөх гэж хичээдэг хүмүүс нэг нэгэндээ анхаарал халамж бага тавидаг нь зөрчлийг үүсгэдэг.

  8. Эхнэр нөхөр xoёpын хэн нэг нь юмуу эсвэл хоёулаа хувиа хичээдэг бол сэтгэл дундуур байдал үүсдэг. Хувиа хичээж, биеэ нөөсөн бэртэгчин хүмүүс нэг нэгнийгээ яг л зарц албат мэт хэт их зардаг. Хамаг ажлаа ханиараа хийлгэчихээд харин өөрөө ямар ч ажил төрөл хийхгүй дэмий, сул чөлөөтэй байхыг хичээдэг. Энэ нь мэдээж гэр бүлийн маргааныг бий болгодог хамгийн муу зуршил юм.

  9. Эцэг эх нь гэр бүлийн дотоод асуудалд хэт оролцдог бол зөрчил үүснэ. Ийм эцэг эх заримдаа хорлон сүйтгэгч шиг таагүй нөлөө үзүүлдэг. Эцэг эх нь гэр бүлийн амьдралд нь оролцож хутган үймүүлэх юмуу, эсвэл элдвийн ховын үг хэлж хооронд нь яс хаях нь гэр бүлд хамгийн муу нөлөөтэй. Ийм байдал залуу хосуудын сэтгэл санааг нь бүр мөсөн эвддэг.

  10.  Эхнэр нөхөр xoёрын бусдад хандах хандлага нь өөр өөр байвал маргаан үүснэ. Мэдээж эр эм хоёрын хэрэгцээ сонирхол өөр өөр байдаг. Эхнэр нөхөр хоёр бусад хүмүүстэй харьцахдаа харилцан адилгүй өөр өөр ханддаг бол таарамжгүй гэр бүл гэж ойлгож болно. Иймд эхнэр нөхөр хоёр хоёул нэгдсэн бодолтой байхыг хичээх хэрэгтэй. Нэг нэгнийхээ ажил, мэргэжил, хобби, хүсэл сонирхлыг хүндэтгэж нэгэндээ чин сэтгэлээсээ тусладаг байх хэрэгтэй.

  11. Хоёр өөр арга барилaap хүүхдээ хүмүүжүүлэх гэж зүтгэдэг бол мөн л асуудал үүснэ. Гэр бүлийн нэг аюултай дайсан нь хүүхэддээ анхаарал бага тавих явдал юм. Мөн түүнээс гадна хүүхдээ зөнд нь орхих, эсвэл бүх бурууг зөвхөн хүүхэддээ тохохоор тулгах зэрэг асуудал гэр бүлийн маргааны эхлэл болдог. Эцэг эх хоёр хүүхдээ нэг нэгнээсээ өмөөрөх нь тэдний хэрүүл зөрчлийн гол эх үүсвэр болдгийг санаарай. Иймд эцэг эх хоёр үр хүүхэддээ яг адилхан шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Ингэж чадвал гэр бүлийн элдэв зөрчил маргаанаас сэргийлж амар амгалан амьдрах болно.