Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

СОЛОНГОСЫН ТӨРӨӨС ГАДААД ИРГЭДИЙН ГЭР БҮЛИЙН ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО, ОРШИН СУУГЧ МОНГОЛ ИРГЭДИЙН ТУХАЙ

Докторант  Л. Мөнхнаран

Асуудал дэвшүүлэх нь

21-р зуунд хувь хүн болон гэр бүлийн шаардлагын улмаас улс орон дотор шилжин хөдөлмөрлөхөөс гадна хил даван цагаачлан хөдөлмөрлөх явдал нийтлэг үзэгдэл болжээ. НҮБ-ийн “Дэлхийн хүн амын цагаачлалын өнөөгийн байдал” тайлангаас үзвэл одоогоор дэлхий дахинд 175 сая иргэн өөрийн харьяат бус улсад буюу хил даван хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь хувь хүний өөрийн хөгжил амжилт, дэвшлийн төлөөх тэмүүлэл цаашдаа гэр бүлийн сайн сайхны төлөө гэсэн олон янзын зорилгыг давхар агуулж байдаг.

Орчин цагт өндөр хөгжилтэй орнууд гадны өндөр мэдлэг чадвартай боловсон хүчнүүдийг өөрийн харьяат болгон авч ажиллуулах сонирхол өндөр болсон. Цаашлаад өндөр хөгжилтэй орнуудад хүн амын насны харьцаа алдагдаж, төрөлт багассан, 3D салбарт ажиллах хүч дутмаг ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байдал, хөгжиж буй оронд ажлын байр дутмаг, цалин хөлс багатай, эдийн засгийн хэрэгцээ шаардлагаа хангахын тулд өндөр хөгжилтэй улс орныг зорьж хөдөлмөр эрхлэх болсон нь харилцан нөхцөлдөж байна.

Дэлхий нийтийн цагаачлал Монгол улсад ч мөн адил байна. Монгол улсад социалист систем задран унаж, ардчилсан системд шилжсэнээр иргэдийн гадаадад зорчих явдал эрс нэмэгдсэн билээ. Албан бус тоогоор 100.000 орчим Монголчууд хилийн чанадад ажиллаж амьдарч байна. Эдгээр иргэдийн дотор гэр бүлээр‎ээ цагаачлан гарсан тохиолдол ч багагүй хувьтай байгаа.

Миний бие нь БНСУ-д 4 жилийн турш суралцаж, амьдрах хугацаандаа тус улсад оршин суугч Монголчуудын ахуй амьдрал болон тэдний талаар төрөөс ямар бодлого баримталж буй талаар анхаарч сонирхож үзсэн билээ. Уг судалгааны ажлыг хийх болсон зорилго буюу шалтгааныг дараахи маягаар тодорхойлж болно.

Судалгааны зорилго болон ач холбогдол

Нэгдүгээрт, Солонгос улсын хувьд хүн амын дунд өндөр настны эзлэх хувь ихсэж, 3D салбарт ажиллах залуучуудын сонирхол буурсан нь цаашид уг салбарт гадаадаас ажиллах хүч авахаас өөр аргагүй байдлыг үүсг‎эж байна. Ийм нөхцөлд гадаад ажилчид төдийгүй тэдний амьдралын голомт болсон гэр бүл, гэр бүлийн асуудал, эрхийн талыг сөхөлгүй орхигдуулах аргагүй юм.  

Хоёрдугаарт, Солонгос улсад урт удаан хугацаагаар оршин суугч Монголчуудын тоо нэмэгдсэнээр өөрсдийн гэр бүлийг Солонгост аваачиж дахин нийлэх болон шинээр гэр бүл үүсгэх явдал ихэссэн. Үүнийг дагасан гадаад ажилчдын гэр бүл, тэдний үр хүүхэдтэй холбоотой асуудал ихээр үүсэх болсон нь судлаач миний сонирхлыг татсан болно.

Судалгааны арга

Судалгаандаа Солонгосын гадаад иргэдийн эрх ашгийг хамгаалах төв, Солонгосын хүний эрхийн хороо зэрэг газрын материалуудыг ашиглалаа. Солонгос улсын хувьд гадаад иргэдийг гэр бүлээр амьдрахыг хориглодог учраас тэдний гэр бүлийн талаархи тодорхой статистик баримт үгүй юм. Эндээс дараахи хоёр асуултанд хариу олохыг хичээсэн болно.

Нэгдүгээрт, Солонгосын нийгэм, төрөөс гадаад ажилчид тэдний гэр бүлийн талаар баримталж буй бодлого чиг хандлагыг Герман, Америк, Япон зэрэг орны гадаад ажилчдын гэр бүлийн талаар баримтлах бодлоготой харьцуулж үзлээ.

Хоёрдугаар, Солонгост оршин суугч Монгол иргэдийн одоогийн байдал, тэдний гэр бүл, үр хүүхдийн талаархи тоо баримт болон бодит байдал мөн тэдний гэр бүлд тулгарч буй асуудлыг авч үзлээ.

Солонгосын төрөөс гадаад ажилчдын талаар баримтлах бодлогыг

бусад орны бодлоготой харьцуулах нь

Эхлээд гадаад ажилчдын гэр бүл гэсэн нэр томьёог задалж үзвэл НҮБ-ын “бүх цагаач ажилчид болон тэдний гэр бүлийн эрх ашгийг хамгаалах талаар олон улсын конвенц”-д цагаач ажилчдын гэр бүлийг “Хөдөлмөрлөх зорилгоор өөрийн харьяат бус улс руу цагаачилж ажиллан амьдарч байгаа ажилчны гэр бүл” гэж тодорхойлсон байдаг.

Дэлхийн хүний эрхийн тунхагт “Насанд хүрсэн эр эм нь арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэгээс хамааралгүй гэр бүлээ үүсгэн байгуулах эрхтэй бөгөөд гэр бүл нь нийгмийн суурь бүлэг бөгөөд нийгэм улсын хамгаалал дор байх ёстой гэж заасан байдаг. Гадаад ажилчин болон тэдний гэр бүлийн эрхийг үүний адил чухалчилдаг бөгөөд тэдний ажиллаж амьдарч буй улс тухайн орны иргэдтэй ижил эрх үүрэгтэй байхыг онцолсон байдаг. Ингээд Япон, Герман, Америк зэрэг улсуудад гадаад ажилчдын талаархи бодлого баримтлал ямар байгааг үзвэл

Япон: Солонгос улсын адил гадаадын цагаач ажилчдын талаар хаалттай бодлого баримталж байгаа бөгөөд бүртгэлгүй цагаач иргэдийн тоонд байнга хязгаарлалт тавьж байдаг. Япон улсын хувьд гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахдаа өөрийн цусан төрлийн холбооны хүнийг илүү голлон анхаарч авч ажиллуулдаг болох нь тэдний бодлогоос тодорхой байна.

Герман: 19-р зууны сүүлч‎ээр гадны олон мянган иргэд Герман болон Францыг зорьж 1950 он хүртэл гадны олон иргэдийг авч ажиллуулсан ба Герман улс бол Европын орнуудаас гадаадын цагаач ажилчдыг авч эхэлсэн анхны улсын нэг юм. Хэдий тийм ч 1973-1974 он хүртэл гадаадын иргэдийг цагаачаар авахыг хязгаарласан хэдий ч улс төрийн цагаачлал болон нэгэнт ирээд амьдарч байсан хүмүүсийг гэр бүлээ эргэн нэгдэхийг зөвшөөрч, нэгэнт нийлсэн гадаад иргэдийг нийгмийн нэг хэсэг болгож нэгтгэхийн тулд хичээж, тэдний хүүхдүүдэд иргэний эрхийг өгдөг.  Гадаад ажилчдыг Герман хүнтэй адил тэгш хандан үзэж хуулийн оновчит байдлыг чухалчилж байсан ч сүүлийн үед цусан төрөл байдлыг давж хуулийн систем болон нийгмийн инфраг чухалчилж байна. Герман улс зөвхөн ажиллах хүч хүлээж авах гэсэн утгаар бус хүнлэг зарчмыг илүү чухалчилж гадаад ажилчид болон тэдний гэр бүл хууль, эдийн засаг, улс төрийн хувьд баталгаатай амьдралыг олж авахад голлон анхаарсан.

Америк: Америк улсын хувьд цагаачдаас бүрдсэн орон гэсэн утгаараа эцэг эх нь хууль эрхзүйн хувьд бүртгэлгүй байсан ч тэдний дундаас төрсөн хүүхдүүдэд иргэний эрхийг олгодог. Цагаач ажилчдын гэр бүл нь TANF, Medicaid, Food stamps зэрэг нийгмийн хамгааллын системд хамрагдаж чаддаггүй боловч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд нийгмийн хамгаалал, тэдний хүүхдүүдэд зориулсан үнэгүй хоол хүнс зэргээр туслалцаа үзүүлдэг байна.

Солонгос: 19-р зуунаас хойш ажиллах хүчний өргөн хэмжээний хөдөлгөөн эрчимжсэн ба үүний дотроос Солонгос улс Ойрхи дорнод, Герман зэрэг улс руу ажиллах хүч нийлүүлдэг орон байсан бол өнөө төв Ази, Зүүн Азиас ажиллах хүч хүлээн авдаг орон болжээ. 1987 он буюу олимпын үеэр орж гарах байдлыг чөлөөтэй болгосонтой холбоотой Хятад, Монгол зэрэг төв Азийн, Вьетнам, Бангладеш зэрэг Зүүн Азийн орны хүмүүс ихээр ирж ажиллах болсон.

Солонгосын үндсэн хуульд гадаад иргэдийн үндсэн эрхийн талаар ямар нэг заалт үгүй. Харин үндсэн хуулийн 6-р бүлгийн 2-р заалтад “Гадаадын иргэн нь олон улсын хууль гэрээнд заасан эрх, байр суурьтай байна” гэж заажээ.

Солонгос улсын хувьд гадаад ажилчдыг түр зуурын ажиллах хүчээр хангах хэрэглээ хэмээн үзэж тэднийг Солонгост цагаачлан үлдэж оршин суухаас сэргийлэх бодлогыг явуулдаг. Тиймээс ч “migrant worker” буюу цагаач ажилчин гэсэн нэр томъёо ноос илүүтэй “foreign worker” буюу гадаад ажилчин гэсэн нэр томъёог илүү хэрэглэдэг. Энэ нь тэдний хууль ёсны, гэрээний гадаад ажилчдыг ч гэр бүлээр нь авч ажиллуулах тал дээр хаалттай байр суурь илэрхийлдгээс харж болно.

Солонгос улс гадаад ажилчдыг хүлээж авахгүй байгаа шалтгааныг үндсэн хоёр шалтгаанаар хувааж үзэж болно.

Нэгдүгээрт, Солонгос улс нь өөрсдийн “нэг үндэстэн” гэдэг үзлээрээ бахархдаг. Энэ ч утгаараа гадны ямар нэг үндэстэнтэй цус холилдох тал дээр маш хаалттай үзэл бодолтой байдаг. Ийм ч утгаараа гадаадын иргэд Солонгост цагаачлах буюу суурьшин амьдрах тал дээр тийм ч нээлттэй бус ханддаг байна.

Хоёрдугаарт, гадаад ажилчид Солонгост гэр бүлээ авчрах юмуу гэр бүл үүсгэснээр нийгмийн эмзэг давхаргыг үүсгэж үүний улмаас Солонгосын нийгмийн эмзэг давхаргын тоог нэмэгдүүлэхээс сэргийлдэг.

Солонгосын засгийн газраас гадаад ажилчдын гэр бүлийн талаар ийм хаалттай бодлогыг хэрэгжүүлж буй ч цагаач ажилчид зөвхөн ажиллах хүчийг нийлүүлдэг машин техник бус амь, амьдралтай “хүн” учраас тэднийг дагасан амьдрал ахуй, гэр бүлийн асуудал байнга үүсэн гарсаар иржээ. Үүний нэг жишээ нь Солонгост оршин суугч Монголчуудын дотроос гэр бүлээ батлуулж, хүүхэд шинээр төрсөөр байна. Үүнэээс цаана албан бус байдлаар гэр бүл үүсгэсэн, өөрийн эх оронд байсан гэр бүлийнхнээ авчирч гэр бүлээ эргэн нэгтгэх явдал байнга гарсаар байгаа юм.

Гадаадын цагаач ажилчдын хувьд хүний эрх, хөдөлмөрийн эрх, гэр бүлийн эрхээ хангуулах нь чухал хэдий ч Солонгос улсын хувьд энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа нь үнэн юм. Гадаад ажилчид Солонгосын хөдөлмөрийн тал хувийг гүйцэлдүүлж эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж буй ч тэдний гэр бүлийн талаар тодорхой бодлого баримтлал үгүй нь харамсалтай.

Солонгос улс нь бүх цагаач ажилчид болон тэдний эрх ашгийн төлөөх конвенцд элсээгүй, “хүүхдийн эрх ашгийн төлөөх олон улсын конвенц”-д элсэж орсон юм.

Үүний нэг илрэл болгон Солонгосын төрөөс цагаач ажилчдын хүүхдүүдэд анхаарч “Монгол сургууль”-ийг үүсгэн байгуулж энд одоогоор сурагчид суралцаж байна.

Солонгост оршин суугч Монгол ажилчдын гэр бүл, тэдэнд тулгарч буй асуудлууд

Солонгост оршин суугч Монголчууд болон түүний гэр бүл төрсөн хүүхдийн тоо ийм их хэдий ч Солонгосын төрөөс гадаад ажилчдын гэр бүл буюу тэдний үр хүүхдэд тавих анхаарал маш сул байна. Иймээс Солонгост оршин суугч гадаадын гэр бүл тэдэнд тулгарч буй асуудал түүнчлэн тэдний талаар баримталж байгаа бодлогын талаар судалж үзэхийг зорьлоо. Одоогоор Солонгос улсад оршин суугч Монголчуудын тоо албан бус тоогоор 30,000-д хүрээд байна.

Гэвч хэдэн гэр бүл, хүүхэд байгаа талаар мэдээлэл тодорхой бус байна. Албан бус тоогоор Солонгост оршин суугч Монгол хүүхдийн бусад гадаад ажилчдын хүүхдийн 70 хувь буюу 1700 хүүхэд байна.

  1. Хүүхдүүдийн боловсролын асуудал

Солонгост гэр бүлээр амьдарч буй Монголчуудын хувьд хүүхдийн боловсрол хүмүүжлийн асуудал маш чухал юм. Эцэг эхчүүд ажлын цаг урт учраас үр хүүхэдтэйгээ өнгөрөөх цаг хугацаа бага байгаа нь бодит үнэн юм. Дараахи нь эцэг эхчүүдийн хүүхдээ сургуульд хамруулж чадахгүй байгаа шалтгаан юм.

Шалтгаан

Хувь

Бүртгэлгүй учраас

14

Солонгос хэл ойлгохгүй учраас

28.6

Солонгос хүүхдүүдийн гадуурхал

35.7

Ажил хийж мөнгө олохын тулд

0

Бусад

7.1

Нийт

28.6

2. Эдийн засгийн асуудал

Гадаад ажилчид ажлын цагаас илэрсэн эдийн засгийн байдлыг үзэхэд ерөнхийдөө ажлын цаг урт бөгөөд цалин багатай, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгааг мэдэх боломжтой.

Солонгос дахь гадаад ажилчдын ажлын цаг болон цалингийн дундаж

 

 

Гэрээний ажилчид

Бүртгэлгүй цагаач

 

 

 

Солонгос

Солонгос бус

 

Солонгос

Солонгос бус

Сарын дундаж

ажлын цаг

 

273

 

309

 

280

 

270

 

271

 

Дундаж цалин

930,000

933,100

832,788

1,235,771

966,647

Цагийн цалин

3650

3,021

2,972

4,575

3,565

3.  Эрүүл мэнд, эмчилгээний асуудал

Солонгост оршин суугч гадаад иргэд, болон тэдний гэр бүл ялангуяа бүртгэлгүй цагаачдын хувьд эрүүл мэндийн даатгал, эмчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа нь нэг төрлийн бэрхшээл юм.

Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлт, төрөлт зэрэг асуудлууд үүссэн ч нийгмийн хамгааллын хишгийг хүртэж чадахгүй байна. 

4. Хэл, соёлын бэрхшээл

Солонгосын төрөөс цагаач ажилчдын гэр бүлийн талаар хаалттай байр суурь баримталж байгаа нь тэдэнд тавих хамгаалал маш сул байгаагийн тод илр‎э‎л юм. Гэвч төрийн байгууллагуудын ийм байдлыг нөхөж төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Солонгосын төрөөс үл анхаарч байгаа энэ хэсэгт Ансаны гадаад ажилчдын төв, Гадаад ажилчдын үйлдвэрчний эвлэл зэрэг иргэдийн нийгэмлэг болон төрийн бус байгууллагаас анхаарал хандуулж буй хэдий ч хууль эрхзүйн хүрээнд илүү баталгаатай болгох шаардлагатай байна.

Дэлхий дахинд цагаачлан хөдөлмөрлөх явдал улам дэлгэрч байгаа өнөө үед Солонгосын засгийн газар цагаач ажилчдын хувийн болон гэр бүлийн байдлыг харгалзан үзэж зөвхөн нэг талын ашиг сонирхлыг харсан бус илүү ул суурьтай бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг т‎э‎мдэглэн хэлье. Энэ тал дээр Монгол улсын төр засгаас ч тодорхой бодлого баримтлах цаг болсон байна.