Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

МОНГОЛ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ОРЧНЫ ЗАРИМ АСУУДАЛ

 Доктор /PhD/ Дэд проф. Н.Цэдэвсүрэн

Абстракт: Хүүхдийн хөгжлийн орчин нь сургуулийн өмнөх боловсрол болохын зэрэгцээ хүүхдийн нийгэмшихүйн зүй тогтлыг түүний хөгжлийн орчин талаас нь судлах нь сургуулийн өмнөх боловсролын үйл явцад нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийн хоорондын уялдаа шүтэлцээг оновчлох асуудалтай нягт холбоотой юм. “Орчин” гэсэн ухагдахууныг боловсрол судлал, менежментийн хүрээнд олон түвшинд авч үзэх боловч бидний судалгааны хязгаарлагдмал хүрээ нь цэцэрлэгийн анги танхим дахь сургалтын орчингоор тодорхойлогдоно.

Судалгааны зорилго:

  • Сурах,сургах орчны тодорхой түвшингүүдийн бүтэц бүрдүүлбэрийг шинжлэх ухааны үндэстэй тодорхойлж, тэдгээрийн бүхэллэг байдал, харилцан шүтэлцээ, хоорондын уялдаа холбоо, орчиндоо зохицон өөрийгөө зохион байгуулах уян хатан чанар, зэргийг судлан тогтоосны үндсэн дээр сургуулийн өмнөх боловсролын сурах,сургах орчинг мэргэжлийн түвшинд зохион байгуулах онол аргазүйн асуудлыг судлан системийн онолд тулгуурласан орчны  боловсруулахад оршино.

Судалгааны зорилт:

  • Монгол хүүхдийн хөгжлийн уламжлалт орчны загварыг хүүхдийн хөгжлийн орчин, түүний сэтгэл судлал, философийн үндсийн талаар бичигдсэн сурвалж бичиг, бүтээлд анализ хийсний үндсэн дээр тодорхойлох,
  • Системийн онолд тулгуурласан сургалтын дотоод орчны загварыг боловсруулах
  • Материаллаг болон үйлийн орчинд хийсэн судалгааны  үндсэн дээр дүгнэлтүүдийг боловсруулах

Агуулга:

Хүүхэд амьдарч буй орчин, гэр бүл, эцэг эх, найз нөхөд, өөрийн хүрээлэлдээ зохицон хүмүүсийн аж төрөх ёсны  үнэтэй цэнтэй мэдлэг, зан үйлийн мэдрэмжийг эзэмших үйл явц, түүний үр дүн нь хүүхдийн нийгэмшихүйн хөгжлийн түвшин юм.

Нийгэмшихүйн үйл явц нь хүүхдийг тухайн орчинд сурч хөгжихөд нь дасгаж дадлагажуулах талаар нийгмийн орчноос хүүхдэд нөлөөлөх нөлөөлөл, эцэг эх цэцэрлэг гэр бүлээс явуулдаг зорилго чиглэл зохион байгуулалттай ажлын үр дүнд хэрэгжинэ. Хүүхдийн нийгэмшихүйн хөгжилд түүний амьдарч буй бүхий л орчны хүчин зүйлс тодорхой нөлөөтэй. Энэ үзэл баримтлалд үндэслэн эрдэмтэд хүний хөгжлийн экологийн моделийг боловсруулсан байна. Эдгээр судалгаануудад Америкийн сэтгэл зүйч Ури Бронфенбреннерийн экологи системийн модель чухал байр суурийг эзэлнэ.  Энэ моделоор хүүхдийн амьдралын орчинг дөрвөн төвшинд авч үзэж байна. Үүнд:

  • Микро систем
  • Мезосистем
  • Экзосистем
  • Макросистем

Эдгээр системийг тус тусад нь тайлбарлавал:

        Хүүхдийн хамгийн ойрын хүрээлэл болох гэр бүл цэцэрлэг сургууль нь микросистем болдог. Харин мезосистем гэдэг нь Хүүхдийн хөгжил дэх цэцэрлэг гэр бүл албан ба албан бус харилцаа чухал үүрэг гүйцэтгэнэ.

        Экзосистем нь Социаль орчин буюу нийгмийн орчны бүтэц, формаль социаль орчин юм. Энэ нь эцэг эхчүүдийн ажлын газар, болон цаашилбал найз нөхдийн хүрээлэл, формаль биш орчингоор өргөтгөгдөж байна.

        Макросистем нь Үнэт зүйлс хууль буюу уламжлал, соёл, Хувь хүн түүний дунд амьдарч байна. Энэ нь бусдаас өвөрмөц ялгаатай гадаад төвшин юм. Макросистем нь бусад төвшиндөө нөлөөлж тусалдаг. Жишээ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүд, эцэг эх, гэр бүл социаль нөхцөл нь хүүхдийг хөгжихөд нөлөөлнө.

Хүүхэд орчиндоо дасан зохицох, түүний шаардлагад НИЙЦЭЖ БАЙХЫН ТУЛД ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦАЖ ЭХЭЛДЭГ. Суралцана гэдэг нь хүүхдийн үйл ажиллагааны нэгэн төрөл хэлбэр, хүмүүсийн амьдралын дэвшилтэд туршлагыг мэдлэг, чадвар, хандлага арга барил зэрэг хэлбэрээр эзэмшиж өдөр тутмын амьдралдаа түүнийгээ хэрэгжүүлдэг.

Хүүхдээ хүн шиг хүн болгох, тухайн нийгмийн орчинд аж төрөх ёсыг сургах талаар монгол түмэн арвин баян туршлагатай ард түмний тоонд зүй ёсоор багтдаг билээ. Үр хүүхдээ сайн хүн болгох гэсэн эрмэлзлэлээр сурган хүмүүжүүлж ирсэн өв уламжлал нь үе үеийн судар бичиг ном зохиолд дурьдсан нь бий. Жишээлбэл: ”Монголын нууц товчооны” 19, 22-р зүйлд “Хаврын нэгэн өдөр хонины хатсан мах чанаж Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха хатиги, Бухату Салжи, Боданчар мунхаг, 5 хөвгүүдээ идүүлээд тэднийг зэрэгцүүлэн суулгаж хүн бүр нижгээд мүсийн хугал гэж өгвөл амархан хугачиж орхив. Бас 5 мүсийг нийлүүлээд хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдож хугалж чадсангүй. 

Энэ зохиолд дурьдсанаас үзвэл монголчууд эвтэй бол хүчирхэг байна гэдгийг чухалчлан үзэж ирсэн нь илт байна. Үүнээс л монголын ард түмний нийгэмшил, хүмүүжлийн их өв сан эхэлдэг. Монгол ардын хүнээр хүн хийдэг ухааны өв уламжлалын талаар үзэл баримтлал, зарчим аргазүйн асуудал нь Ч.Дандаа, Ш.Сүхээ, Х.Сампилдэндэв, Г.Эрдэнэ-Очир, Ц.Балхаажав, Я.Хишигт нарын судалгааны ажилд тусгалаа олжээ.

Эдгээр судлаачдын бүтээлээс дүн шинжилгээ хийж үзэхэд монголчууд хүүхдээ сайн сайхан хүн болгон төлөвшүүлэхэд дараах агуулгыг чухалчилж ирсэн нь тодорхой байна. Үүнд:

  • Хүүхдийн хүмүүжил өлгийтэйгөөс эхлэх ба тэдний бие бялдрын өсөлтийг нас насанд нь анхаарч үзэх
  • Хүүхдийг хэзээ ч хаана ч өдөр бүр цаг тутамд тодорхой зорилготой байлгах
  • Хүүхдийг урмаар тэтгэх, ашигтай зөвөлгөө өгөх шийтгэлийн аргыг болж өгвөл хэрэглэхгүй байх
  • Хүүхдийн бадран дүрэлзэж байдаг дур хүсэл хэрэгцээг зохицуулах
  • Аливаад зориг тэвчээртэй, туйлбартай хандах байр суурьтай болгон хүмүүжүүлэх
  • Хүүхдийн авъяас сонирхлыг хөгжүүлэн, тэдэнд байнга сайн үлгэр дуриалаар нөлөөлж байх
  • Хүүхдийг багаас нь номын амтанд оруулан эрдэм номыг шүтэх үзлээр хүүхдийг хүмүүжүүлэх
  • Уур уцааргүй уужуу тайван наргианч наадамч, дуу хууртай эвсэг найрсаг, үндэсний ёс уламжлал зан заншлыг дээдэлдэг, эцэг эх найз нөхдөө хүндэтгэн ямагт шинийг сэдэж байдаг дэвшингүй дайчин чанарыг эзэмшүүлэх
  • Хүмүүстэй үл зөрчилдөх энэрэнгүй сэтгэлтэй байх ба архи тамхи хорт зуршилд автахгүй байх гэсэн нь монголчууд хүүхдийг төлөвшүүлэхдээ сэтгэл санааны хувьд боловсорсон хүнийг төлөвшүүлэх хийгээд энэ нь монголын боловсролын суурь зорилго болж байжээ. Монголчуудын хувьд хүүхдийн сурч боловсрох анхдагч орчин нь гэр бүл байлаа. Судлаач Т.Намжил: “ Хүүхэд гэр бүлийн хүмүүжлийн объект ба субъект мөн. Эртнээс гэр бүлийн хүмүүжлийн уламжлал нь гэр бүл-их, гэр-бага, гэр хот айл, саахалт хот айл гэсэн хүрээнд хөгжиж иржээ. /12/ Энэ нь монгол хүүхдийн амьдрах орчны нийгэмшихүйн хүрээг зааж тэмдэглэсэн байна. Монголын хүүхдийн сурч хөгжих орчин нь хөдөлмөрт суралцах орчин байлаа. Тэрээр судлаач Л.Шагдарсүрэнгийн бүтээлд дурдсанаар монголын хүүхдийн суралцах үйл ажиллагааны агуулга нь ахуйн болон гар урлалын хөдөлмөрийн агуулга, түний олон төрөл хэлбэр байсныг өөрийнхөө бүтээлд тэмдэглэсэн байна. / 22/

Хүний хөгжлийн орчны асуудлаар монголын судлаачид Ц.Балхаажав, Г.Гонгоржав, Н.Хавх нарын нилээд эрдэмтдийн бүтээлд дурьдсан нь бий.

Ц.Балхаажав “Хүнд байгаль нийгэм гэсэн үлэмж том орчин байдаг. Энэ хоёр орчныг хүний сайн сайхны болон хөгжил дэвшлийн үүднээс зөвхөн эрдэмтэн мэргэд төдиийгүй хэн боловч танин мэдэхийг оролдох хэрэгтэй” /2/ гэсэн нь хүний хөгжлийн орчныг танин мэдэхийг чухалчилжээ. Монгол хүмүүний төлөвшлийн орчинг түүхэн уламжлалаар нь авч үзвэл

Микро орчин: Айл гэр, ахан дүүс

Мезо орчин: Гэр бүл, хот саахалт айл, отог, омог, хошуу нутаг, найз нөхөд, сүм хийд

Экзо орчин: Худалдаа наймаа, пүүс хоршоо

Макро орчин: Үнэт зүйлс (үндэстэний соёл, ёс уламжлал)

Нөгөөтэйгүүр хүүхдийн хөгжилд өөрөөс нь хамаарах зүйл их ч амьдралын зохицол хүний ёсны харилцааны зарим нөлөө их учир хүнийг хөгжүүлэх орчны зөв тавилыг хөгжил дэвшилтэй хамтатган авч үзэх нь чухал байна.

Судлаачдын бүтээлд дүн шинжилгээ хийж үзэхэд монгол хүний аж амьдралын уламжлалт орчин нь дараах схемээр илэрхийлэгдэж байна.

Монголын энэ уламжлалт аж төрөх ёсны хэв шинж түүхэн хөгжлийн үйл явцад хүмүүсийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд тулгуурлан өнөөдөр өөр шинэ аж төрөх ёсны хэрэгцээгээр солигдоод байна. Үүнд хотжилт, зах зээл үйлдвэр, худалдаа үйлчилгээ, мэдээлэл технологийн буюу соёлын шинэчлэл, даяарчлал энэ бүхэн шинэ орчныг бүрэлдүүлж байна. Ийм орчинд амьдарч аж төрхийн тулд монгол хүүхэд багаасаа сурч боловсорч нийгэмших, хүүхдийн хөгжлийн орчинг зөв оновчтой зохион байгуулах нь өнөөдөр төр нийгэм, хамт олны чухал зорилт болно. Энэхүү хүүхдийн хөгжлийн орчин нь сургуулийн өмнөх боловсрол болохын зэрэгцээ хүүхдийн нийгэмшихүйн зүй тогтолыг, түүний хөгжлийн орчин талаас нь судлах нь сургуулийн өмнөх боловсролын үйл явцад нөлөөлж буй хүчин зүйлс тэдгээрийн хоорондын уялдаа шүтэлцээг оновчлох асуудалтай нягт холбоотой юм.

Хүүхдийн суралцах үйл явц нь сургалтын үйл явцын нэгэн тал төдийгүй, сургалтын нөхцөл зохион байгуулалт, хүчин зүйлүүдээс шалгаалдаг. Сургалтад шууд ба дам нөлөөтэй хүчин зүйлсийн тогтолцоог сургалтын орчин гэж үздэг.

Тогтолцоо гэдэг ухагдахууны мөн чанарыг “ Өөр хоорондоо харилцан холбоо бүхий бүрэлдэхүүн хэсгүүд нь нэгэн бүхэл бүтэн зүйлийг илэрхийлэх эрэмбэлэгдсэн олонлогийг тогтолцоо гэнэ. “ / 1 / гэж тодохойлсноос үзвэл ямар ч тогтолцоо тодорхой бүрэлдэхүүн хэсэгтэй, тэдгээр нь хоорондоо харилцан хамаарал холбоотой,бөгөөд энэхүү холбоо хамаарал нь тогтолцооны бүтцийг үүсгэж байдаг. Иймд тогтолцоо  гэдэг ухагдахуун нь харьцангуй ухагдахуун бөгөөд  тухайн судлагдахууны бүхэл бүтэн байх чанарыг илэрхийлж байна. Энэ утгаараа нь авч үзвэл үзэгдэл юмсыг хэлхээ холбоонд нь хувьсал өөрчлөлтийн явцад өргөн цар хүрээгээр авч үзэхийг тогтолцооны хандлага гэнэ. Тогтолцоо нь олон элементийг нэгтгэж нэгдмэл үйл ажиллагаанд зангидсанаар интегратив  чанартай нэгэн бүхэл бүтэн зүйлийг бий болгон бүрдүүлнэ. Иймд боловсрол нь нэг нь нөгөөгөөсөө хамаарч байдаг тодорхой шатлалтай, тэдгээрийн хоорондын өвөрмөц холбоо уялдаа бүтцээрээ нарийн түвэгтэй нээлттэй динамик хөгжилтэй их тогтолцоо болно.

“Орчин” гэсэн ухагдахууныг  боловсрол судлал, боловсролын менежментийн хүрээнд “Бие хүн төлөвшихүйн орчин”, “Боловсролын орчин”, “Боловсролын байгууллагын орчин”, “ Сурах, сургах орчин” гэсэн нэр томъёоллоор судална. Манай тохиолдолд “Хүүхдийн нийгэмшихүйн орчин”, “Сургуулийн өмнөх боловсролын орчин” “Цэцэрлэгийн орчин” гэсэн ухагдахуунаар авч үзнэ.

Гэсэн хэдий ч  бидний судалгааны хязгаарлагдмал хүрээ нь цэцэрлэгийн анги танхим дахь сургалтын орчингоор тодорхойлогдоно. Энэ үндэслэлээр анги  танхимын сургалтын дотоод орчинг тодорхойлох шаардлага урган гарч байна. Сургалтын дотоод орчин: 

Схем-3


Сурах,сургах үйл ажиллагааны нэгдэл болох сургалт нь анги танхимын орчин, багшийн сургах ур чадвар, багш хүүхдийн хамтын бүтээлч үйл ажиллагаа, харилцааны үр дүнд явагддаг тул түүний таатай орчин нь материаллаг, сэтгэл зүйн болон үйл ажиллагааны орчин бий болно.

Энэ орчин одоогийн байдлаар сургалтын практикт ямар байгааг дараах судалгаа нотолж байна. Өнөөдөр манай оронд 742 цэцэрлэгийн 3186 бүлэгт 94702 хүүхэд сурч хөгжиж, нийт 12440 багш ажиллагчид байна. /4/

Хөдөө орон нутагт цэцэрлэгийн сургалтын орчин ямар байна вэ?энэ тараар авсан чанарын судалгааг авч үзье. Хот хөдөөгийн 50цэцэрлэгийн сургалтын орчинд хийсэн судалгааны дүнг хүснэгтээр илэрхийлбэл:

Үзүүлэлтүүд

Сайн

Дунд

Хангалтгүй

1.

Танай цэцэрлэгийн сургалтын орчин ямар вэ?

80%

20%

-

2.

Сургалтын техник хэрэгсэлийн хангамж хир зэрэг вэ?

30%

28%

32%

3.

Сургалтын үзүүлэн, тоглоомын хангамж ямар вэ?

27%

52%

21%

4.

Гадаад дотоодын төслүүдэд хэр зэрэг оролцдог вэ?

43%

39%

28%

5.

Эцэг эхчүүд хэр зэрэг тусалдаг вэ?

71%

16%

13%

Энэ судалгаанаас харахад  сургалтын техник хэрэгсэлийн хангамж тааруухан, сургалтын үзүүлэн, тоглоомын хангамж  шаардлагын түвшинд хүрэхгүй, гадаад дотоодын төсөлд оролцох байдал дунд зэрэг гэсэн дүгнэлт өгөх боломж гарч байна. Харин  сургалтын орчин ямар вэ? Гэсэн асуултад “Сайн” гэсэн үнэлгээ 80% байгаа нь цэцэрлэгийн дотоод орчин цэвэрхэн тохилог байдал төлөвшсөн нь харагдаж байна.

Сургалтын үйл явцыг эрчимжүүлж, үр дүнг дээшлүүлж улмаар сургалт нь Хүүхдийн хөгжлийн орчин байхын тулд сурах,сургах орчинг мэргэжлийн үүднээс зохион байгуулах нь чухал. Үүний тулд сурах, сургах орчинг төрлөөр нь ангилан түүний бүтэц бүрдүүлбэрийг тодорхойлж, түүнд тавигдах наад захын шаардлагыг боловсруулах нь сургалтын орчинг мэргэжлийн түвшинд зохион байгуулах үндсэн нөхцөл болно.

Сургалтын арга зохион байгуулалт, хичээллэх хугацаа, багшхүүхдийн

 хамтран ажиллах үндсэн нөхцөл хүчин зүйлүүдээс бүрэлдсэн дэд

 тогтолцоог сурах, сургах үйлийн орчин гэнэ.

Сурах, сургах үйлийн орчин:       Схем-4

 Сургуулийн өмнөх боловсролын хүрээнд стандартаар зохицуулагдах

зүйл бол дээрх үйлийн орчин гэсэн дэд тогтолцооны бүтэц

бүрдүүлбэрүүд юм. Мөн материаллаг орчинд ч тодорхой стандарт байх шаардлагатай.

 

Анги танхимын зохион байгуулалт, сургалтын материал, сургалтын хэрэглэгдэхүүн үзүүлэн таниулах, сургалтын техник хэрэгсэл зэрэг хүчин зүйлүүдээс бүрэлдсэн дэд тогтолцоог сургалтын материаллаг орчин гэнэ

Сургалтын орчны нэгэн бүрэлдэхүүн хэсэг болох сэтгэлзүйн орчин нь суралцагчдын нас сэтгэцийн онцлогт шүтэлцсэн сурч хөгжих хэрэгцээгээр тодорхойлогдоно.

Дүгнэлт:

  • Хүүхдийн сурч хөгжих орчны төрлүүдээс хамгийн интегратив шинж чанартай орчин нь цэцэрлэгийн сурах сургах орчин болно.
  • СӨБ-ын сургалтын орчинд хийсэн судалгаанаас авч үзвэл хүүхдийн нас сэтгэхүй, бие бялдарын онцлогт зохицуулж  сургалтын орчны бүтэцэд байгаа зарим хүчин зүйлсийн хувьд тусгай болон ерөнхий шаардлага хангаж байх
  • Анги танхимын дизайн, сургалтын үзүүлэн, эрүүл ахуйн нөхцөлд стандарт тогтоох
  • СӨБ-ын сургалтын хэрэгсэл, тоглоом, сургалтын материалын үйлдвэр, хангамжийн тогтолцоог бүрэлдүүлэх
  • “СӨБ-ын сургалтын орчин” гэсэн сэдэв СӨНХ-ийн сурган хүмүүжүүлэх зүйн нэгэн бүрэлдэхүүнд багтаж бага насны хүүхдийн хөгжлийн асуудлыг орчинтой нь хамт авч үзэж нэгэн бүхэл бүтэн тогтолцоонд оруулан судлах цаг болжээ.