Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

ГЭР БҮЛИЙН УРАГ ТӨРЛИЙН ХАРИЛЦАА

Гэр бүл судлаач доктор, профессор Т. Намжил

Хураангуй

Монголчуудын амьдралын хэв маяг, уламжлалт сэтгэлгээний онцлог, соёлын томоохон ололтын нэг бол ураг төрөл, эцэг эх, үр хүүхэд хоорондын харилцаа, түүнийг эрхэмлэж, хадгалах явдал билээ. Хэдийгээр гэр бүл дэх гурван үеийн харилцаа (залуучууд, эцэг эх, эмээ өвөө) түүхэн үеүдэд уламжлалт шинжээ төдийлөн алдаагүй ч ураг төрлийн харилцаа, түүний түүхийг мэдэх байдал цаг хугацааны тодорхой үеүдэд (1725 онд Манжийн хаан Энх-Амгалангийн бодлого, 1922 оны Ардын засгийн газрын тусгай тогтоол)[1] гадаад, дотоодын бодлого, үзэл сурталын нөлөөгөөр үндсэндээ мартагдаж 1994 оны ерөнхийлөгчийн зарлигаар дахин сэргээх тухай асуудал яригдаж эхэлснээс хойш энэ талаар төрөөс бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Хэдийгээр төрийн зүгээс анхаарч эхэлсэн нь сайшаалтай ч төрийн бодлогын чадамж, хэрэгжүүлэх боломж, нийгмийн шинэчлэлийн үйл явц дахь иргэдийн оюун санаанд гарсан өөрчлөлттэй холбоотой зарим талаар хоосон ажил болсон байх талтай.

"Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал”2 судалгааны хүрээнд  өнөө үед монгол гэр бүлийн ураг төрлийн харилцаа ямар түвшинд байгааг судлан холбогдох тайланг бичсэнээ энэхүү өгүүлэлд оруулав.

 Зураг 5.1.1. Эцэг эхдээ хэрхэн тусалдаг байдал


Гэр бүл дэх гурван үеийн харилцааг аваад үзвэл залуу үеийнхэн эцэг эхтэйгээ хамт амьдрах байдал нэлээд элбэг болсон нь судалгааны үр äүнд харагдаж байгаа бөгөөд залуучууд ч тэдний эцэг, эх ч аль аль талынхаа хэрэгцээг хангах гэсэн хэрэгцээ, шаардлагаас үүсдэг аж. Залуучуудын нэг хэсэг нь нийгэм – эдийн засаг, амьжиргааны дорой байдлаас үүдэлтэй эцэг эхээсээ өрх тусгаарлаж тусдаа амьдрах боломжгүй байхад зарим нь гэрлээгүйн улмаас эцэг, эхтэйгээ хамт амьдардаг. Мөн өөр нэг хэсэг нь эцэг эхээ асран тэтгэх зайлшгүй шаардлагаар хамт амьдардаг аж.

Судалгаанд оролцогчдын 33.0 хувь нь аав ээжтэйгээ хамт амьдардаг учир байнга анхаарал тавьдаг гээд тэдний 61.4 хувь нь эцэг эхдээ эрүүл мэндэд нь анхаардаг, 44.4 хувь нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг, 39.9 хувь нь гэр орны ажил хийж өгдөг хэмээн хариулсан нь залуу үе ахмад үеэ тэтгэдэг уламжлалт харилцаа одоо ч гэсэн оршин байгааг харуулж байна. Оролцогчдын 26.3 хувь нь өдөр бүр эцэг, эхтэйгээ холбоотой байдаг гэж хариулсан нь техник технологийн хөгжил гэр бүлийн харилцаанд эерэг нөлөө үзүүлэх болсныг жишээ тодорхой юм. Долоо хоног бүр холбоотой байдаг гэж 9.8 хувь, сар бүр эргэж тойрдог гэж 10.1 хувь нь хариулсан бол 6.2 хувь нь бараг уулзаж чаддаггүй гэж хариулсан байна.

Зураг 5.1.2 Өвөө, эмээтэйгээ хэр ойр харилцаатай вэ?


Судлагдагсдын хариулсан байдлаас аваад үзвэл өвөө, эмээтэйгээ ч ижил түвшинд харилцдаг болох нь харагдсан. Өөрөөр хэлбэл, гэр бүл дэх үе хоорондын харилцаанд залуучууд нь ахмадаа тэтгэж хүндлэх, үг сургаалийг сонсдог (эцэг эхийнхээ үг сургаалийг сонсдог гэж 60.3 хувь хариулсан) уламжлалт хэв шинж хадгалагдахын зэрэгцээ нийгэм–эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн шинэ сэдэл шалтгаанаар баяжиж байна. Тухайлбал, эцэг, эхдээ туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ хүүхдээ харуулдаг (25.2%), мөнгөн туслалцаа авдаг гэсэн нь (28.7%) дээр өгүүлсэнчлэн амьжиргааны нам түвшнээс үүдэлтэй гэр бүлийн харилцаа нь шинэ сэдлээр байжиж буй тодорхой барим болно.

Гэр бүлийн залгамж үе хоорондын харилцааны зэрэгцээ ураг төрлийн харилцааг монголчууд түүхийн бүхий л үед энгийн иргэнээс эхлээд төр удирдаж, бодлого төлөвлөх хэмжээнд анхаарч байсан түүхэн уламжлалтай. Гэхдээ цаг ямагт төрийн хамгаалалт, бодлогын түвшинд анхаарч байсан гэвэл ташаа үг болно. Өмнө өгүүлсэнчлэн түүхийн тодорхой үеүдэд тасалдсан. Төр, олон нийтийн аль аль нь энэ талын мэдлэгээр дулèмагаас уг соёлыг өвлүүлэхэд тасалдал үүссэн. Энэ нь одоо ч гэсэн хадгалагдсаар байна. 1990-ээд оноос хойш төрийн бодлогын түвшинд яригдаж, тодорхой хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлсэн ч тэр бүр ахицтай үр дүнд хүрч чадаагүй өдийг хүрсэн. Тухайлбал, Монгол улсын засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 257 дугаар тогтоолоор “Угийн бичиг хөтлөх журам”-ыг[2] шинэчлэн баталж гэр бүл бүрт угийн бичиг хөтлөх дэвтэр тараасан нь бүх нийтийг хамарч чадаагүй. 

Судалгааны дүнгээс харвал оролцогчдын дөнгөж 7.3 хувь нь эртнээс уламжилж ирсэн угийн бичигтэй гэсэн бол 7.4 хувь нь саяхнаас хөтлөх болсон гэсэн нь энэ талаар төрөөс хэрэгжүүлсэн бодлого нийтийг хамарсан ажил болж чадаагүй, харин угийн бичиг хөтлөх нь зүйтэй юм байна шүү гэсэн цочроог өгснөөс (хөтлөх бодолтой байгаа гэж 29.0 хувь нь хариулсан) хэтрээгүй ажил болсныг харуулж байгаа юм. Энэ талаар бодсон зүйл алга 35.6 хувь, мэдэхгүй 20.7 гэсэн нь төрөөс хэрэгжүүлсэн бодлого олон нийтэд хүрээгүй, уламжлалаа сэргээн хөгжүүлэх талаар төрийн зүгээс нэр төдий анхаарч буй нь энэхүү чухал асуудлаас илэрхий харагдаж байна. Эндээс үүдэн ураг төрлийн харилцаа холдох, балартах улмаар хүн ам зүйд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.

Угийн бичиг хөтөлж гэрлэлт төлөвлөх, хүн амын өсөлтийг тооцох, оюуны хийгээд бие физиологийн чадавхи, генийн чадавхийг хамгаалахад суурь хүчин зүйл болдог. Судалгаанд оролцогчдоос удам судар, түүх намтраа хэр мэддэг вэ гэхэд оролцогчдын 51.7 хувь нь дунд зэрэг мэднэ, 22.6 хувь нь муу мэднэ, 22.0 хувь нь сайн мэднэ гэж хариулсан нь сайшаалтай ч логикийн хувьд оновчтой буй юм. Бодит байдал, мөнхүү судалгааны дүнд үндэслэвэл чухам үнэндээ угийн бичиг хөтөлдөггүй атал удам судар, түүхээ мэддэг, мөн тэр болгонтой байнгын ойр дотно харилцаатай байна (төрөл садан, хамаатнуудтайгаа хэр харилцаатай байдаг гэж асуухад оролцогчдын 36.1 хувь нь байнгын ойр дотно харилцаатай, 39.7 хувь нь байнга харилцаад байдаггүй ч ер нь ойр дотно байдаг) гэдэг нь эргэлзээ төрүүлж байна.

Нийгмийн олонх гишүүд, ялангуяа залуучууд дээд үеэсэý 2-3-н үеийг дөнгөж нэр устай нь л мэдэж, төрөл садан, хамаатнуудаас эцэг, эхийнхээ ах эгч, дүү, өвөө эмээгийнхээ ах, эгчийн цөөн тооны хүн, тэдгээрийн хүүхдийг мэдэхээс илүү гарахгүй бөгөөд харилцаа нь мөн үүгээр хязгаарлагдаж байгаа нь өнөөдрийн бодит үнэн билээ. Хэн нь хэнтэйгээ гэрлэж байгаа нь тодорхой бус хайр, эрх чөлөө гэсэн үгийн цаана ураг төрлийн харилцааг бүдгэрүүлж, хайхрахаа больсон.

ДҮГНЭЛТ

1. Гэр бүлийн үнэт зүйл, эрхэмлэл

Гэр бүлийн төвшин аз жаргалтай амьдралын үндсийг эрүүл энх, эв найртай, элэг бүтэн байх явдал хэмээн тодорхойлогчид (61,2%) давамгайлж байгаа нь өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад анхаарал татаж байна. 2004 оны судалгааны дүнгээр хайр сэтгэл, итгэлцэл, харилцан ойлголцол, халамж анхааралд оршино гэж үзэгсэд судалгаанд оролцогчдын 73,1 хувь буюу дийлэнх олонхи нь болж байсан бол энэ удаагийн судалгаанд  ингэж үзэх нь огцом (46,7%) буурч, хоёрдугаарт жагссан.

Санхүүгийн хувьд хараат бус, бие даасан байдал, материаллаг хэрэгцээ, мөнгө, амьдрах орчин нөхцөл аз жаргалтай байхад илүү чухал үүрэгтэй хэмээн 31,5% нь хариулсан нь өмнөх судалгаанаас 19.5 хувиар өссөн байна.

Судалгаанд оролцогч гэр бүлийн эрхэмлэлийн 51.2 хувийг уламжлалт үнэт зүйлс, 48,8 хувийг орчин үеийн үнэт зүйл эзлэж байна.

Хөдөөгийнхөн гэрлэсэн, хамтран амьдрагчтай хүмүүс уламжлалт үнэт зүйлийг илүүтэй эрхэмлэж байгаа бол хотын иргэд, гэрлээгүй, салсан, бэлбэсэн хүмүүсийн хувьд орчин үеийн үнэт зүйлсийн эрхэмлэл нь давамгай байна.

2. Ураг төрлийн харилцаа 

 Гэр бүлийн гишүүдийн ахмад үеэ хүндэтгэж, асрах байдал өнөөдөр ч баттай хадгалагдсан нь сайшаалтай зүйл бөгөөд нийгэм, оюун санааны өөрчлөлт, ардчилал эрх чөлөөний хөгжлийн өдгөө цагт энэхүү чухал үнэт зүйлийг хадгалан үлдэх нь бусад оюуны соёлын үнэт зүйлсийг хадгалан үлдэх чухал нөхцөл болно.

Амьжиргааны дорой байдлаас үүдэлтэй гэр бүлийн уламжлалт харилцаанд санхүүгээс үүдэлтэй сэдлийн шинэ хэв маяг бий болж байгаа нь цаашид ахмад үеэ эс хүндэтгэх, мөнгө санхүүгийн эх үүсвэр гэсэн байр суурьнаас хандах сөрөг үр дагаврыг бий болгож болзошгүй юм.

Угийн бичлэг хөтлөх талаар иргэдийн санаачèлга муу, мэдлэг дулèмаг, төрөөс хэрэгжүүлж бодлогын хэрэгжилт тааруугаас угийн бичиг хөтлөх явдал багасч, улмаар ураг төрлийн түүх намтараа мэдэхгүй хүний тоо олширсон нь уламжлалт соёл, хүн ам генийн цэвэр байдлыг хадгалан үлдэх тал дээр томоохон эрсдэлийг дагуулж байна.  


[1] serdaram.origo.mn /Овог, ургийн бичгийн тухай 2010/03/28

[2] altanhairtsag.blog.banjig.net /Мөнх тэнгэр шүтэж ургийн бичиг хөтлөх ёс 2010/03/28