Сургалт, Судалгаа, Зөвлөгөө, Мэдээлэл

МОНГОЛ ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ

Доктор Б. Оюун-Эрдэнэ

Танилцуулга

Гэр бүлийн боловсрол бол асар өргөн хүрээтэй ойлголт юм. Гэр бүл судлаач доктор Т. Намжил гэр бүлийн боловсролын асуудлыг эрүүл мэнд, сэтгэл судлал, сурган хүмүүжил, менежмент, марктенг, хууль эрх зүй гээд өргөн хүрээнд авч үзэх цаг боллоо гэж дүгнэсэн байдаг.

 Гэр бүл судлаачид гэр бүлийн боловсролын агуулгыг янз бүрээр боловсруулсан байдаг. Эрдэмтэн Wright /1981 онд/ гэрлэлтийн мөн чанар, гэрлэлтийн зорилго, гэрлэлт болон ханиа сонгох, өөрийн болон ханийхаа хэрэгцээг хангах, зөрчил, хайр, ханийхаа онцлог чанарыг байгаагаар нь хүлээж авах, үүрэг, хариуцлага, ойлголцол, санхүү бэлгийн амьдрал зэргийг оруулсан байна.

Гэр бүлийн боловсрол бол хүний насан туршдаа эзэмших боловсрол юм гэдэг дээр судлаачид санал нийлдэг.

Гэр бүлийг  тогтвортой, зөв харилцаатай хүний амар тайван аж төрж, хөгжиж боловсрох суурь орчин  болгон хөгжүүлэхэд шаардлагатай  мэдлэг  чадварын  цогцыг гэр бүлийн боловсрол хэлнэ.

Гэр бүлийн гишүүдийн хоорондын зохицол, биеэсээ ойлгох харилцаа, сэтгэл ханамж, сэтгэл зүйн боловсрол, зөрчил, бэрхшээлийг даван туулах арга зүй зэрэг нь тэдний гэр бүлийн боловсролтой шууд холбоотой байдаг.

2009 онд ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн болон Улаанбаатар ДС-ийн Гэр бүл судлалын тэнхимийн хамтран хэрэгжүүлсэн “Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал”1 суурь судалгааны хүрээнд өнөө үед монгол гэр бүлийн боловсролын байдал ямар түвшинд байгаа энэ талын боловсролыг олж авах боломж, хэрэгцээ шаардлага зэргийг судалсан болно.

Энэхүү судалгааны тайлангийн холбогдох бүлгийн мэдээлэл, шинжилгээг та бүхэнд хүргэж байна.

Гэр бүлийн боловсролын агуулгыг гэр бүлийн харилцаа, ёс зүйн, хууль эрх зүйн, гэр бүлийн эдийн засгийн, гэр бүл төлөвлөлтийн, гэр бүлийн хүмүүжил, уламжлалын, үүрэг хариуцлагын, эрүүл мэндийн, хүүхдийн хүмүүжлийн гэсэн агуулгын хүрээнд судалж тодорхойллоо. Иргэд энэ талын боловсролыг хаанаас олж авч байгаа, тэдний мэдлэг ямар түвшинд  байгаа, гэр бүлд нь ихэвчлэн ямар асуудлаас шалтгаалж бэрхшээл тулгарч байгаа түүнийгээ хэрхэн зохицуулж шийдвэрлэдэг зэрэг асуудлаар судалгааг хийлээ.

Хүснэгт 7.1.3.  Гэр бүлийн боловсролыг авч буй эх сурвалжууд

 

 

Гэр бүлийн талаарх мэдээлэл

Хэвлэл мэдээллийн хэрэгслээс

Албан сургалтаас

Эцэг эхээс

Мэргэжилт-нээс

Танил найз нөхдөөс

Хаанаас ч авч чаддаггүй

 

 

1

2

3

4

5

9

Эрүүл мэндийн  мэдээлэл

54.0

4.7

7.7

22.8

6.1

4.8

Хууль эрх зүйн мэдээлэл

51.6

6.7

1.9

17.4

4.0

18.4

Өрхийн төсөв, санхүү зарцуулалт

17.2

5.1

18.8

4.4

6.6

47.9

Гэр бүл төлөвлөлт

20.6

4.7

19.4

4.4

6.0

44.8

Гэр бүлийн харилцаа, ёс зүй

24.5

4.3

23.0

3.2

5.8

39.1

Хүүхдийн хүмүүжил

25.6

5.7

36.8

5.2

3.1

23.7

Гэр бүлийн үүрэг, хариуцлага

21.0

3.2

36.2

2.7

4.7

32.2

Гэр бүлийн уламжлал, зан заншил

17.6

1.7

50.6

2.5

2.6

25.1

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн болон бэлгийн боловсролын талаар 

40.0

7.8

2.2

23.0

7.4

19.7

Хүснэгтээс харахад  иргэд эрүүл мэндийн мэдээллийг хамгийн ихдээ хэвлэл мэдээллээс гэж 54%, хууль эрх зүйн боловсролыг хэвлэл мэдээллээс гэж 51,6%, нөхөн үржихүй бэлгийн боловсролыг хэвлэл мэдээллээс гэж 40% нь хариулсан байна. Өрхийн төсөв санхүүгийн зарцуулалтыг 18,8%, хүүхдийн хүмүүжилийг 36,8%, гэр бүлийн уламжлал, зан заншлыг 50,6% нь  эцэг, эхээсээ авдаг гэж  хариулсан байна.

        Өрхийн төсөв санхүүгийн зарцуулалт (47,9%), гэр бүл төлөвлөлт (44,8%), гэр бүлийн харилцаа ёс зүй (39,1%), хүүхдийн хүмүүжил (23,7%), гэр бүлийн үүрэг хариуцлага (32,2%), гэр бүлийн уламжлал, зан заншил (25,1%)-ын  талаар мэдээлэл, боловсролыг хаанаас ч мэдээлэл авдаггүй гэж хариулжээ. Ялангуяа зах зээлийн эдийн засаг, үнийн өсөлт ихтэй байгаа өнөөгийн нөхцөлд өрхийн төсөв, санхүүгийн зарцуулалтын талаарх мэдээллийг хаанаас ч авдаггүй гэж 47,9% нь хариулсан байгаа нь цаашид өрхийн эдийн засгийн нөхцөл  байдалд нөлөөлж болзошгүй юм.

Дээрх асуудлуудаар албан сургалт болон мэргэжилтнээс зөвлөгөө, мэдээлэл авах нь маш бага байна. Харин 22.8% нь эрүүл мэндийн боловсролыг, 23% нь нөхөн үржихүйн боловсролыг мэргэжилтнээс авдаг гэж хариулсан нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ авсан байх магадлал өндөр байна.

Харин үүнийг хот хөдөөгөөр нь ангилж үзвэл хөдөөгийн гэр бүлүүд эцэг эхээсээ мэдээлэл авдаг, эсвэл хаанаас ч авдаггүй гэсэн хариултыг дийлэнхдээ өгсөн бол хотын гэр бүлүүдийн хувьд хэвлэл мэдээллээс гэж  ихэнхдээ хариулсан байна.

      Насны хувьд 18-45 насныхны 71.8% мэдээллийг аль нэг хэлбэрээр авдаг гэж хариулсан бол 45-аас дээш насныхны 57.6% нь  хаанаас ч авдаггүй гэж хариулжээ. Энэ нь гэр бүлийн боловсролын хэрэгцээ шаардлага залуу, дунд насныханд их байдаг тэд энэ асуудалд тодорхой хэмжээгээр анхаарал хандуулдагтай холбоотой байна.

Судалгаанаас үзэхэд иргэдэд гэр бүлийн боловсрол олгох албан ёсны сургалтын тогтолцоо байхгүй байгаа бөгөөд энэ талын боловсрол мэдлэгийг олж авах их үүсвэр  ихээхэн дутмаг байна. Гэр бүлийн боловсролын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллээс гэж  ихэнхдээ хариулсан нь иргэд чөлөөт цагаа мэдээлэл олж авахад зориулдагтай  холбоотой байна. Тухайлбал та чөлөөт цагаараа юу хийдэг вэ гэсэн асуултанд телевиз үзэж, радио сонсох гэж  22.7%, найз нөхөдтэйгөө уулзах гэж 16.2%, ном, сонин сэтгүүл унших гэж 15.4% хариулсан нь хамгийн олон сонголттой байсан юм.

Чанарын судалгаа: Гэр бүлийн хүчирхийлэл

… Хамгийн гол нь хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн нөхрийг нь тусдаа байлгаж ажил хийлгэж хууль цээжлүүлэх шаардлагатай гэж боддог. Мөн гэр бүлээ яаж авч явах, амьдрах ухаанд суралцуулвал дээр шдээ. ..

Эмэгтэй, 41 настай

Эх сурвалж: Кейс судалгааны ярилцлагын тэмдэглэл. УБ., 2009

Монгол гэр бүл оршин тогтнож ирсэн түүхэн хугацаанд иргэншлийн өвөрмөц дүр төрхөөрөө ураг төрлийн холбоонд үндэслэн уламжлалт хүмүүжил ёс заншил, хуулийн хэм хэмжээгээр гэр бүлийн боловсролыг хойч үедээ олгож, тэднийг амьдралын ухаанд сургаж ирсэн. Харин орчин үед амьдралын хэв маяг өөрчлөгдөн гэр бүлийн асуудал олон талтай болсон нөхцөлд цөөн хүн амтай манай орны хувьд гэр бүлийн боловсролыг шинжлэх ухааны үндэслэлтэй, гэр бүлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар иргэдэд олгох нь улс орон хийгээд хүний хөгжлийн чухал хөшүүрэг болох юм.

 Гэр бүлийн харилцаа нь тогтсон нэг хэлбэрт байдаггүй хувьсан өөрчлөгдөж байдаг. Энэ нь амьдралын мөчлөг, мэдлэг боловсрол, үзэл бодол, харилцаа хандлагын өөрчлөлт, нийгэм болон хувийн хүчин зүйл, хүйсийн онцлогтой холбоотой байдаг. 

Судалгаанаас үзэхэд гэр бүлд тулгамдаж буй хамгийн гол бэрхшээлтэй асуудлыг байр орон сууц гэж 333 хүн буюу 18,2%, санхүү мөнгө гэж 709 хүн буюу 38,8%, ажил олдохгүй байх гэж 226 хүн буюу 12,4%, үзэл бодлын зөрчил гэж 56 хүн буюу 3,1%, ажлын ачаалал гэж 109 хүн буюу 6,0%, хүүхдийн хүмүүжил 100 хүн буюу 5,5%, эрүүл мэндийн асуудал гэж 158 хүн буюу 8,7%, нууц амраг 10 хүн буюу 0,5%, архидалт гэж 50 хүн буюу 2,7%, хардалт, үл итгэлцэл 31 хүн буюу 1,7% гэж хариулсан байна. Харин ямар нэгэн бэрхшээлтэй асуудал байхгүй гэж 2 хүн хариулсан байна.

Иргэдэд  гэр бүлийг хэвийн харилцаатай тогтвортой авч явахад зайлшгүй шаардлагатай боловсролыг олгохын зэрэгцээ тэдний амьдралын мөчлөг, насны онцлогт тохирсон өөрөөр хэлбэл хэрэгцээнд нь тулгуурласан гэр бүлийн боловсролыг олгох шаардлагатай байна.

Тухайлбал дунд насныханд бие махбод, сэтгэл зүйн шилжилтийн өөрчлөлт гардаг бөгөөд үүнийг мэргэжлийн хэллэгээр дунд насны хямрал гэж нэрлэдэг ба энэ нь гэр бүлийн харилцаанд бэрхшээл учруулдаг. 

      Хөгшрөлт явагдаж эхэлдэг ба эмэгтэйчүүдэд цэвэршилт, эрэгтэйчүүдийн бэлгийн чалх буурах хандлага ажиглагддаг ба гэр бүлээсээ өөр хүнийг сонирхох нь их болдог. Залуу насны эрч хүч, гоо үзэмж буурч хөгшрөлт явагдаж байгаатай эвлэрхэд хэцүү болж эхэлдэг. Мөн дунд насны гэр бүлд тулгардаг бэрхшээл бол хүүхэд нь насанд хүрч тусдаа гарахтай холбоотой санхүүгийн бэрхшээл үүсдэг явдал юм. Тиймээс дунд насны хүмүүст зайлшгүй тулгарах онцлог, өөрчлөлт, шилжилтийн үе, үүнийг хэрхэн зохицуулах талаарх мэдлэг боловсрол зайлшгүй хэрэгтэй байна.

Чанарын судалгаа: Дунд насны гэр бүл

...38-48 насны эмэгтэйчүүдийн үр тогтоох чадварын талаар сонсох, эрчүүдийн гэрийн ажилд оролцох идэвхи санаачилгын талаар сургалт хэрэгтэй байна. Эмэгтэйчүүд өрх толгойлж байгаа, эрчүүд яагаад гологдоод байгаа, гоонь эрчүүд олширсоор байгаагийн учир юу вэ?..                       

50 настай. Эрэгтэй

Эх сурвалж: Бүлгийн ярилцлага. УБ хот. 2009

...Бидний насны улсуудад хүүхэдтэйгээ яаж харилцах талаар л сургалт их хэрэгтэй байна. Хүүхдүүдтэйгээ ойлголцоход хэцүү байна. Орчин үеийн хүүхдүүд бидний үеэс өөр болжээ. Бид тэр үеэрээ сэтгэж буруудаад байх юм...

...Өнгөрсөн зун “Дэлхийн зөн” байгууллагаас хийсэн гэр бүлийн харилцааны сургалтанд суусан үнэхээр хэрэгтэй байсан. Хөдөө тийм сургалтыг л их хиймээр байна. Хүний бодол санаа их өөрчлөгддөг юм байна лээ...

Эх сурвалж : Бүлгийн ярилцлага. Баянхонгор. Эрдэнцогт сум. 2009

Харин ахмад үеийнхэний хувьд сэтгэл зүй бие махбодын хувьд ихээхэн өөрчлөлт орж хөгшрөлт явагдаж байдаг. Энэ үед хосуудын хоорондын бэлгийн харилцаа байхгүй болсон байхаас гадна сэтгэл гутралд орох, үхлийн тухай бодох, ганихрах, өнгөрсөн амьдралдаа харамсах, зөрүүдлэх зэрэг сэтгэл зүйн олон шинж байдал үүсч  үүнээсээ  болон нэгийгээ гомдоох нь их байдаг. Тэд залуу үе шигээ амархан ойлголцож чаддаггүй.

Иймээс ахмад гэр бүлд зориулсан тэдний сэтгэл санааг өөдрөг байлгах сургалт ч хэрэгтэй байна. Ер нь манай улсад ахмадуудад тэтгэвэр, тэтгэмж өгөхөөс өөрөөр тэдний сэтгэл санаанд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, сургалт байхгүй байна. Иймээс ахмадын чөлөөт цагийг ашиглан тэдний туршлага, чадвар дээр суурилсан бүтээлч үйл ажиллагааг явуулах замаар тэдэнд нөлөөлж болох юм.

        ШУ-ны үүднээс гэр бүлийн харилцаанд бэрхшээл учруулдаг гол хүчин зүйлийг зан чанар, боловсрол, хүсэл сонирхол, үзэл бодол, дадал заншил, мөнгө санхүүгийн асуудал гэж үздэг бөгөөд үүнийг зохистой шийдвэрлэж чадахгүй зөрчлийг хурцадмал байдалд оруулах нь гэр бүлийг салалтанд хүргэх хэмжээний хямралыг үүсгэдэг гэж үздэг. Гагцхүү үүнийг зохистой шийдвэрлэх эсэх нь гишүүдийн гэр бүлийн боловсрол мэдлэг, арга зүйтэй шууд холбоотой гэж үздэг.

Чанарын судалгаа: Дунд насны гэр бүл 

...Эр хүнийхээ хувьд эхнэр хүүхэдтэйгээ яаж харьцах нь миний дур гэж боддог. Гэхдээ яг энэ байгаа маань хэтэрхий их уур уцаартай, хүүгээ байнга загнаж эхнэрээ гомдоох үгийг хэлчихдэг. Миний хувьд яг юуг яаж хийх, яаж гэр бүлтэйгээ зөв харилцахыг, эр хүн гэж ямар байх талаар зөвлөөч. ..

Эх сурвалж: Бүлгийн ярилцлага, Баянхонгор. 2009

...Залуу гэр бүл хүүхдийн лекц сонсмоор байна. Дунд насны бүсгүйчүүд, цэвэршилт, анхны шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх тухай лекц сонсмоор байна...

44 настай. Эрэгтэй

Эх сурвалж:  Улаанбаатар хот.

...Эхнэр маань 46 настай анхандаа ярилцаж, ойлголцохдоо сайн байсан. Сүүлдээ харилцахад төвөгтэй болж, маргалддаг боллоо. Дандаа хүнээс зөрөөд байх юм. Эхнэртэйгээ яаж сайн ойлголцож, санал бодлоо ойлгуулдаг болох вэ? Би 3 хүүхэдтэй, бэр хүргэн зээтэй болсон. Салмаар санагдавч дэмий гэж боддог.

47 настай эрэгтэй

Эх сурвалж : Бүлгийн ярилцлага, Баянхонгор. 2009

Иймээс Монгол гэр бүлийн харилцааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдэд гэр бүлийн боловсролыг багаас нь системтэй олгох зүй ёсны шаардлага гарч байна.

Зураг 7.1.7. Залуусыг амьдралд бэлтгэхэд шаардлагатай зүйлс

Зураг 7.1.7-ээс үзэхэд судалгаанд оролцогчид залуусыг амьдралд бэлтгэхийн тулд хүүхдийг биеийг нь даалгаж, амьдрах ухаанд сургах, эцэг, эхчүүд үр хүүхдээ ёс суртахуун, сэтгэл зүйн хувьд сайн бэлтгэх, эцэг, эх ахмадууд зөв үлгэр дуурайлтай байх ёстой гэж үзжээ.

Энэ нь хүүхэд залуусыг хөгжүүлж, хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд гэр бүл, эцэг, эхчүүдийн оролцоо, үлгэр дуурайл чухал байдгийг харуулж байгаа бөгөөд нөгөө талаас эцэг, эхчүүд гэр бүлийн өндөр боловсролтой байх шаардлагатайг тодорхойлж байна.

Чанарын судалгаа: Гэр бүлийн боловсрол

... Гэр бүлийн гишүүд хоорондоо хэрхэн сайн харилцах талаар ойлголт мэдлэг муутай байна. Эцэг эхчүүд бие биенээ хүндлэн хайрлах, хүүхдээ хүндлэх, тэдэнд сайнаар үлгэр дууриал үзүүлэх асуудал маш муу байна. Эцэг эхчүүд хүүхдээ сонсдоггүй. Хүүхдийн өмнөөс бүх шийдвэрийг гаргадаг...

 

Эх сурвалж: Экспертийн ярилцлага. Дорнод аймаг.2009

Хүснэгт 7.1.4. Гэр бүлийн асуудлаар шаардлагатай байгууллагууд

 

 

Шаардлагатай

Шаардлагагүй

Хариулаагүй

                    2

1               1

9

1

Гэр бүлд зөвлөгөө өгөх төв

72.3

20.6

7.1

2

Гэрлэх ёслолын танхим

45.4

43.3

11.3

3

Гэр бүлийн боловсрол олгох газар

72.3

19.5

8.2

4

Хүүхэд залуучуудад спорт тоглоомын газар

0.9

0.1

99.0

5

Хуулийн зөвлөгөө өгөх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв

0.5

-

99.5

6 

Ес зүйн төв

0.1

-

99.9

Хүснэгтээс үзэхэд гэр бүлийн зөвлөгөө өгөх төв шаардлагатай гэж 72.3% гэр бүлийн боловсрол олгох газар шаардлагатай гэж мөн 72,3%, гэрлэх ёслолын танхим шаардлагатай гэж 45,4% хариулсан нь нийгэмд энэ талын хэрэгцээ шаардлага нэгэнт бий болсон бөгөөд хангагдахгүй байгааг харуулж байна.

Чанарын судалгаа: Гэр бүлийн боловсрол

... Гэр бүлд зөвлөгөө өгөх төв зайлшгүй байх хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд сэтгэл зүйн хувьд эрүүл байснаараа зөв шийдвэр гаргана. Хоорондын харилцаа, гэр бүлийн уур амьсгал сайжирна. Тиймээс гэр бүлийн сэтгэл зүйн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага, орон тоог бий болгох, бодлогоор дэмжих хэрэгтэй. Мөн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байр байгуулах хэрэгтэй...

Эх сурвалж: Экспертийн ярилцлага. Баян-Өлгий аймаг. 2009 

2004 онд явуулсан суурь судалгаагаар гэр бүлд зөвлөгөө өгөх төв, боловсролын газар шаардлагатай гэж 73,6%, гэрлэх ёслолын танхим шаардлагатай гэж 34,9% нь үзэж байсан байна. Гэр бүлд зөвлөгөө өгөх, боловсрол олгох газар шаардлагатай гэж үзэгсэд дөнгөж 1,3%-аар буурсан нь энэ талын хэрэгцээ хангагдахгүй байгааг харуулж байна. Гэрлэх ёслолын танхим хэрэгтэй гэж үзэгсэд 10,5%-иар өссөн байна.

Чанарын судалгаа: Гадаад шилжилт хөдөлгөөн

...Гэр бүлд зөвлөгөө өгөх төв үнэхээр хэрэгтэй шүү дээ. Ялангуяа бидэнд сэтгэл санаагаар дэмждэг, гэр бүлээ зөв ойлгодог болох монголд байгаа эхнэр хүүхдэд ч гэсэн биднийг зөв ойлгодог болгох талаас нь зөвлөгөө өгдөг, сургалт зохиодог бол сайхан л байна. Энд байгаа монголчууд чинь тийм хэрэгцээ гарвал шууд сүм рүү л явж байгаа юм чинь...

...Хүний газар ажил хийж ядарч яваа хүнд гэр бүлийн асуудал тулгарах нь бүр л хэцүү байдаг шүү дээ. Ялангуяа эрчүүд их болохоор сэтгэлээр унаа л түүнийгээ тайлах гэж байгаа юм гээд л архи ууна...                                                                                   Эх сурвалж: Бүлгийн ярилцлага. БНСУ. Сөүл хот. 2009

Судалгаанд оролцогчдын 25,1% нь өөртөө тулгарсан гэр бүлийн асуудлыг бие дааж шийддэг гэж хариулсан ба 74,9% нь ямар нэг байдлаар эцэг, эх, найз нөхөд, ах дүүс, лам үзмэрчийн туслалцаа авдаг гэж хариулжээ. Үүнийг насны байдлаар авч үзвэл 18-35 хүртэлх насныхан ихэвчлэн бусдын туслалцааг авдаг гэж хариулсан байх ба 35-аас дээш насныхан бие даан шийддэг гэж хариулсан байгаа нь залуу үеийнхэнд асуудлаа шийдэх мэдлэг сул байгааг харуулж байна. Судалгаанд оролцогчдын гэр бүлийн харилцааны сэтгэл ханамжийг судлахад үзэл бодол, харилцан ойлголцол, зан харилцаа, хайр энхрийлэл, эхнэр нөхрийн үүрэг, амьдралын идэвхтэй байдал зэрэгт сэтгэл хангалуун бус байх тохиолдол гардаг байна.

Чанарын судалгаа: Гадаад шилжилт хөдөлгөөн

... Энд байгаа ах, эгч нар асуудалтай хүн зөндөө. Заримдаа би чинь зөвлөгчийн ажилтай хүн шиг л болно. Гэхдээ надад яалт ч гүй туршлага дутаад байдаг юм. Солонгос хүнтэй харилцаатай болсон эгч нар мессежээ хүртэл орчуулуулна гээч...

...Ажлаа сайн хийгээд сайхан яваа ч хүн байгаа бүр сөөжүүнд донтоод ар гэрээ мартсан хүн ч байгаа...

...Энд ажилладаг хүмүүс монгол руу буцах нэг л дургүй байдаг. Очихоор хүмүүс мөнгө болгож хараад хэцүү байдаг гэж ярьдаг... Энд ажиллаж байгаа хүмүүст гэр бүл, сэтгэл зүйн зөвлөгч яалтчгүй хэрэгтэй...

...Эхнэр нөхөр хоёр хоёулаа энд ирчихсэн өөр өөр хотуудад ажилладаг 1- 2 сард нэг удаа уулздаг гэр бүлүүд зөндөө байгаа. Тэдний хүүхдүүд л монголд хэцүү байгаа шүү дээ. Ийм гэр бүлүүд хүүхдээ авчрах сонирхол сүүлийн үед их болоод байгаа. Гэвч 2 улсын гэрээнд гэрээт ажилчин гэр бүлээ авчрахыг хориглосон байдаг тул арга байдаггүй...

Эмэгтэй. 26 настай.

Эх сурвалж: Ганцаарчилсан ярилцлага. БНСУ. Сөүл хот 2009

Чанарын судалгаанаас үзэхэд гадаад хөдөлмөр эрхэлж буй иргэдэд зориулсан тусгай хөтөлбөр сургалт, зөвлөгөөг зохион байгуулах хэрэгцээ шаардлага ч гарч байна. Гэр бүлийн боловсролын хамгийн чухал нэг тал бол гэрлээгүй өсвөр, залуу үеийнхэнд гэр бүлийн боловсрол олгох асуудал юм.

Чанарын судалгаа.   

...Залуучуудад гэр бүл төлөвлөлт ялангуяа эрэгтэй хүүхдүүдэд гэр бүлийн боловсролын талаар мэдээлэл өгвөл тун хэрэгтэй байна...

Эх сурвалж:  Фокус бүлгийн ярилцлага.  Дорнод аймаг. 2009

Монгол улсын Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны дүнгүүд (2002, 2003, 2004, 2008), Өсвөр үеийнхэний жирэмслэлт монголд (чанарын судалгаа) 2004, судалгаануудаас үзэхэд төлөвлөөгүй төрөлтийн улмаас үр хөндүүлэх, хүсээгүй хүүхдээ төрүүлэх, энэ асуудал нь цаашдын гэр бүлийн харилцаанд нөлөөлөх нь их байна. Энэ нь гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг ойлголт дутмаг байгаатай шууд холбоотой. Судалгаанд оролцогчдын 76,3% нь гэр бүлийг заавал төлөвлөх ёстой гэж хариулсан нь  байна. 

Үүнээс үзвэл өсвөр үеийнхэнд гэр бүлийн боловсрол олгох асуудлыг суурь боловсролын салшгүй нэг хэсэг болгож оруулах нь цаашид гэр бүлд тулгарч болох олон асуудлаас сэргийлэх боломжтой. Гэр бүлийн талаар зөв үзэл хандлагыг багаас нь хүүхэд, өсвөр үед олгох шаардлага зүй ёсоор гарч байна.

Чанарын судалгаа: Гэр бүлийн боловсрол

...Миний бодлоор 10 жилд байхад л гэр бүл гэж юу вэ? Гэр бүл болсноор ямар үүрэг хариуцлага тулгардаг болох хүсээгүй жирэмслэлтийн хор уршиг, гэр бүлээ хэрхэн төлөвлөх зэрэг асуудлаар боловсрол олгох шаардлагатай юм шиг санагддаг. Уг нь эрүүл мэнд гэж хичээл ордог л доо. Гэхдээ энэ нь нэг их хангалттай бишээ. Мэргэжлийн багш ордоггүй. Төгсөх дөхөж байгаа учир эрүүл мэнд яахав математик, монгол хэлээ анхаар гэж багш нар хэлдэг. Ер нь нэг хэрэггүй хичээлийн тоонд л ороод байдаг ш дээ. Гэтэл уг нь амьдралын чухал зүйлийг заадаг хичээлд их ач холбогдол өгмөөр санагддаг...

19 настай эмэгтэй.

Эх сурвалж: Ганцаарчилсан ярилцлага. УБ. 2009

Залуусыг гэр бүлийн амьдралд бэлтгэх асуудал

       Судалгаанд оролцогчдын 11,8 хувь нь өнөөгийн залуус гэр бүлийн амьдралд сайн бэлтгэгдсэн гэж үзэж байгаа бол, таван хүн тутмын нэг нь муу бэлтгэгдсэн гэсэн байна. Таван жилийн өмнө энэ сэдвээр явуулсан судалгааны дүнтэй харьцуулбал залуучуудын гэр бүлийн амьдралд бэлтгэгдсэн байдлыг эерэг үнэлэгчид 7 хувиар нэмэгдэж, харин сөрөг үнэлгээтэй хүмүүс 20 орчим хувиар буурсан үзүүлэлт гарснаас үзвэл, энэ талаар олон нийтийн сэтгэл зүйд нааштай хүлээлт нэмэгдэх төлөвтэй байна гэж хэлж болох юм.

Зураг 7.1.8. Залуус  гэр бүлийн амьдралд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ


Түүнээс гадна гэрлээгүй залуучуудын өөрсдийгөө гэр бүлийн амьдралд бүрэн бэлтгэгдэж чадаагүй гэсэн үнэлгээ гэрлэсэн хүмүүсийнхээс арай давуутай байгаа нь тэд энэ алдаагаа ухаарч, ойлгож түүнийгээ засах эрмэлзэлтэй байна гэсэн үг. Залуусыг гэр бүлийн амьдралд бэлтгэх асуудалд эмэгтэйчүүд, эхнэрүүд илүү шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал энэ талаархи эрэгтэйчүүдийн эерэг үнэлгээ эмэгтэйчүүдээс, харин эмэгтэйчүүдийн сөрөг үнэлгээ эрчүүдийнхээс тус бүр 5-6 хувиар илүү гарчээ. Мөн  залуусыг амьдралд бэлтгэх ажлын ололттой хийгээд дутагдалтай аль аль талаараа нийслэл хот хүмүүсийн анхаарлыг илүү татаж байгаа тал ажиглагдав.

       Залуучуудыг гэр бүлийн амьдралд бэлтгэхэд эцэг эх чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Залуусыг амьдралд бэлтгэх арга замын талаар хүмүүс янз бүрийн бодолтой байна. Үүнд

Нэгдүгээрт, хүүхдийг биеийг нь даалгаж амьдрах ухаанд сургах явдал илүү ач холбогдолтой гэж олон хариулагч үзжээ.

Хоёрдугаарт, эцэг эх ахмадууд зөв үлгэр дууриалтай байх,

Гуравдугаарт, эцэг эхчүүд хүүхдээ ёс суртахуун сэтгэл зүйн хувьд бэлтгэх,

Дөрөвдүгээрт, сургууль боловсролын байгууллагаар дамжуулан,тусгай хөтөлбөрөөр мэдлэг олгох,

Тавдугаарт уламжлалт ёс заншлыг сэргээх, зургаадугаарт, гэр бүлд зөвлөлгөө өгөх төвийг ажиллуулахыг санал болгосон байна.

Түүний зэрэгцээгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, албан бус сургалт зохион байгуулахыг нилээд хүмүүс дэмжжээ. Таван жилийн өмнөхтэй харьцуулахад хүүхдийг биеийг нь даалгаж амьдрах ухаанд сургах, гэр бүлд зөвлөлгөө өгөх төвийг ажиллуулах, албан бус сургалт зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон нийтийн оролцоонд түшиглэсэн арга хэлбэрийн ач холбогдол нэмэгдэх хандлагатай гарчээ.

Чанарын судалгаа:

... Эцэг эхийнх нь амьдралыг сайн судлах хэрэгтэй. Тэднийх нь хоорондын харилцаа ямар байсан яг тэр нь эрэгтэй хүний амьдрал дээр яг тэр чигээрээ бууж гарч ирдэг. Манай нөхрийн аав ээж 2 нь 2 талаасаа нэг нь 5 нөгөөдөх нь 6 хүүхэдтэй нийлсэн.  Тэгээд тэр 2-н дундаас манай нөхөр төрсөн. Тийм болохоор гэрлэх хүнийхээ эцэг эхийн хоорондынх нь харилцааг сайн ажиглаж судлах хэрэгтэй. Амьдралын хэв маяг нь яг давтагддаг...

Салсан гэр бүл /эмэгтэй, тогооч/

  ... Эхнээсээ л  сайн хүнээ олж суух за тэгээд ар гэрийг нь сайн судлах нь чухал ер нь би ингэж боддог юм. Энэ ер нь ямар улсууд вэ? Удам судар нь сайн улсууд эсвэл муу улсууд байсан байна уу? гэдгийг судлах нь чухал. Одоогийн хүүхдүүд нэг их тэгэхгүй л байх л даа ер нь үүнийг мэдээсэй гэж бодож байна. Сүүлийн үеийн хүүхдүүдэд  эв нь  дутагдаад байгаа юм шиг хадам эцэг эхтэйгээ бага зэрэг ам муруйн ингэж тэглээ гээд л яриад байдаг бололтой юм. Үүнээс хэрүүл салалт сариналт. Одоо манай хүүхдүүд зарим нь тэгээд л байна ш дээ. Тэдний  хайртай дуртай гэсэн нь хамаагүй ш дээ орчин үеийн хүүхдүүд царайны сайхан харж суугаад удам судрыг нь судлаагүй байдаг үүнээс болж хэрүүл маргаан үүсдэг юм болов уу гэж би бодоод байгаа юм.

... За би ч хүн хэлэлтгүй хожим нь өөрөө амьдрал дээрээ л үзэж байж л мэдэрч байгаа хүн дээ. Манай  хадам эцэг байхгүй хадам эх жаахан яггүй хүн байсан тэгээд бодохдоо за би ер нь удаан судалж байж л суудаг байж гэж боддог. Хойшдоо хэлэхэд энэ хүмүүс намайг яаж хэрхэн үнэлэх бол гэдгийг судалж байж л мэдэх хэрэгтэй ш дээ. Сайн муу хүн чинь уулзаад л мэдэгдэнэ...

Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл,  эр, нас 53

Таны бодлоор залуучууд хэдэн насандаа гэр бүл болбол зүгээр вэ? гэсэн асуултад 18 аас 35 хүртэлх насыг сонгож хариулсаны дунджийг бодвол, эрэгтэйчүүдийн хувьд 25,4

эмэгтэйчүүдийн хувьд  23,9  гарч байна. Эндээс Монгол ардын дуунд “25 насандаа хоёр биендээ дэнлүү” гэж гардагтай адил, гэрлэлтийн зохистой насны талаархи ардын уламжлал олон нийтийн санал бодолд хадгалагдсан хэвээр байна гэж үзэж болох юм. Харин хөдөөгийнхөн залуусыг арай эрт гэрлүүлэх (дунджаар 1 насны өмнө) саналтай байгаа бол дээд боловсролтой хүмүүсийн хариулснаар эрэгтэйчүүдийн гэрлэх зохистой насны дундаж 26,2 эмэгтэйтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 24,2 гарсан зэрэг онцлог  байгаа юм.

Хүснэгт 7.1.4. Залуучууд ямар нөхцөл бүрдсэн үед гэрлэвэл тогтвортой гэр бүл болох талаарх санал бодол 

              Бүрдүүлэх нөхцөл

Хувь

1

Санхүүгийн боломжтой болсон үедээ

21.2

2

Хайртай хүнтэйгээ учирсан бол

9.0

3

Боловсрол мэдлэгтэй, нийгэмд эзлэх байр суурьтай болсон үедээ

36.0

4

Амьдралын ухаантай болсон цагтаа гэрлэх

13.1

5

Эцэг эх болоход өөрийгөө бэлэн болж төлөвшсөн гэж үзэх үедээ

10.6

6

Тодорхой хугацаанд хамтран амьдарч, бие биенээ бүрэн таньж мэдсэн үедээ

10.1

 

Бүгд

100.0

Тогтвортой гэр бүл буй болоход залуучууд боловсрол мэдлэгтэй, нийгэмд эзлэх байр суурьтай болсон үедээ гэрлэх нь чухал гэж хамгийн олон хүн үзэж байна. Дараа нь санхүүгийн боломжтой болсон үедээ гэрлэвэл илүү зохимжтой гэсэн санал оржээ. Оршин суугаа газрын хувьд нийслэлийнхэн санхүүгийн боломжийг илүү чухалчилсан (27,7 хувь) байхад, хөдөөгийнхөн ялангуяа сумын төвийнхөн эцэг эх болоход өөрийгөө бэлэн болж төлөвшсөн үедээ гэрлэх (15,1%) хэрэгтэй гэсэн байна. Хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүд санхүүгийн боломжтой болсон үедээ (23,8%), амьдралын ухаантай болсон үедээ (16%) гэрлэх хувилбарыг илүү сонгосон бол, эмэгтэйчүүд боловсрол мэдлэгтэй, нийгэмд  эзлэх байр суурьтай болсон үедээ (38.0%), эцэг эх болоход өөрийгөө бэлэн болж төлөвшсөн гэж үзэх үедээ гэрлэх сонголтыг илүү хийсэн байна. Харин гэрлээгүй хүмүүс санхүүгийн боломжтой болсон үедээ (28.3%) гэрлэхийг илүү чухал гэсэн бол боловсрол мэдлэгтэй, нийгэмд эзлэх байр суурьтай болсон үедээ (29,3%) гэрлэх сонголтыг гэрлэсэн хүмүүсээс харьцангуй цөөн хувиар сонгожээ. Харин гэр бүл болсон хүмүүс нийгэмд эзлэх байр суурьтай болсон үедээ гэрлэх хэрэгтэй гэсэн хувилбарыг гэрлээгүй хүмүүсээс харьцангуй илүү хувьтай сонгосон зэрэг онцлог байдал  ажиглагдав.

Чанарын судалгаа: Гэр бүлийн амьдралд хэрхэн бэлтгэх

...Өнөө үед хүмүүс гэр бүл болон сургуульд тодорхой зүйл сурахгүйгээр хүнтэй сууж байгаа нь гэр бүл салалтад хамгийн их нөлөөлдөг. Гэр бүлийн тухай мэдлэгийг хүмүүс бүр сургуульд байх үеэс нь зааж сургаж, ерөнхий боловсролын сургуулийн программд оруулж системтэй мэдлэг олгох нь хамгийн зөв алхам болов уу. Бид машин барихын тулд заавал жолооны курст сууж, дүрэм үзэн, дадлага хийснээр жолооны үнэмлэхтэй болж машин барих эрхтэй болдог. Гэтэл амьдралын хамгийн чухал юутай ч зүйрлэшгүй үнэ цэнээй гэр бүлийн амьдралаа зөв зохиож жолоодон явахын тулд бид ямар мэдлэгийг эзэмшиж, ямар үнэмлэх авч байна вэ? Үүнийг л бид сайн бодох хэрэгтэй болоод байна.

Монголын залуучуудын холбоо “Залуу гэр бүлд зөвлөгөө өгөх төв” –ийн ажилтан

ДҮГНЭЛТ

  • Гэр бүлийг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүлийн харилцааг эрүүл зохистой байлгахад гэр бүлийн боловсролыг  албан ба албан бус сургалтаар олгох, орон нутаг бүрт гэр бүлийн хөгжлийн төв, зөвлөгөө сургалтын төвийг байгуулах нь үр дүнгээ өгнө гэж дүгнэж байна.
  • Нөгөө талаас гэр бүлийн судалгаа, сургалт, зөвлөгөөний чиглэлээр бэлтгэгдэж буй мэргэжилтний үйл ажиллагааг иргэдэд хүргэх бодлого хэрэгтэй байна. Мөн хөгжингүй орнуудад шинжлэх ухааны үндэслэлтэй шаталсан сургалтаар гэр бүлийн боловсрол олгож буй арга туршлагаас суралцах шаардлагатай байна.
  • Судалгаанаас үзэхэд хүүхдийн хүмүүжил, боловсролын хамгийн чухал орчин нөхцөл бол гэр бүлийн уур амьсгал, харилцаа, эцэг эхийн үлгэр дуурайл гэдэг нь нотлогдож байна. Иймд иргэдэд гэр бүлийн боловсролыг олгох замаар дараа үеийхэнийг ирээдүйн гэр бүлийн амьдралд бэлтгэх, гэр бүлийн талаар зөв үзэл хандлага, дадал, мэдлэгтэй иргэн болгож төлөвшүүлэх ажил чухал байна. Учир нь хүүхэд гэр бүлийн орчноос хэний ч оролцоогүйгээр өөрт нөлөөлж буй гэр бүлийн амьдралын нөлөөгөөр гэр бүлийн боловсролд суралцаж байдаг
  • Хүүхэд төвтэй гэр бүлийн хөгжил, боловсрол, эрүүл харилцааг дэмжих зөвлөгөө сургалт нь  орчин үеийн гэр бүлийн тулгамдсан олон асуудалд хариулт болохын зэрэгцээ ирээдүйд гэр бүлд буй болох олон сөрөг асуудлаас сэргийлэх ажил болж чадна.