?>

Оршил

            Монгол улсад явагдсан нийгмийн шилжилтийн үе болон дэлхийн дахины даяарчлал, соёлын глобалчлал нь монгол гэр бүлийн бүтэц, хэв маягт ихээхэн өөрчлөлтийг авчирч байна.

Монгол улсын төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлогын баримт бичигт “Бодлогын эрхэм зорилгыг  гэр бүлийн амьдралын түвшинг тасралтгүй дээшлүүлж, гэр бүлийн харилцаа, ёс зүйн эрүүл орчин, түүний нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэх замаар монгол хүний хөгжлийг дэмжихэд оршино” гэж заасан байдаг.

Учир нь хувь хүний төлөвшил, хүмүүжил, нийгэмшил, соёл, ёс суртахуун, зан ааш, дадал зуршил, үзэл хандлагын 70% нь төрөлх гэр бүлийн орчиндоо бүрэлдэн боловсордог бөгөөд энэ үүднээс хүний хөгжлийн анхдагч хамгийн чухал орчин бол гэр бүл юм.

Иймд гэр бүлийн асуудлыг цогцоор нь онол, практикийн түвшинд судалж хариулт өгөх, төрийн бодлого үйл ажиллагаанд тусгах практик зөвлөмж гаргах, хүндрэл бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэрэгцээ, шаардлага гарч байна.

Гэр бүлийн харилцааны өнөөгийн хэв маяг, хөгжил, өөрчлөлт, цаашдын чиг хандлага, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилготойгоор бид 2010-2011 онд “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” суурь судалгааг хийсэн билээ. Судалгаанаас үзэхэд ойрын 5-10 жилд манай оронд өрх гэр бүлийн харилцааны асуудал улам нарийсан төвөгтэй болж, шийдвэрлэх асуудлууд дэвшин гарч ирэх хандлага ажиглагдаж байна. Энэхүү асуудлыг зохих ёсоор анхаарч цаашдын бодлого, үйл ажиллагаагаа төлөвлөх шаардлагатай юм.

1.    Монгол гэр бүлийн бүтэц хэв маяг, онцлог

1.1 Нийлмэл гэр бүл

2010 оны хүн ам орон сууцны тооллогын дүнгээс үзвэл манай улсад  177 898 нийлмэл өрх байна.

Онцлог: Нийлмэл өрхийн уламжлалт хэв маяг нь өндөр настай аав ээжийнхээ хэн нэгнийг нь асран тэтгэх шаардлагаар үүсч байсан юм. Гэтэл өнөөгийн нийлмэл гэр бүл тэс ондоо, бүр эсрэг шалтгаанаар бүрэлдэж байна. Судалгаанд хамрагдсан нийлмэл өрхийн дийлэнх нь залуучууд (залуу гэр бүл) бөгөөд тэд эцэг эхээ асран тэтгэх бус тэдний ивээлд амьдарч байгаа юм.

Тулгамдсан асуудал: Судалгаанд оролцогчид өрх тусгаарлаагүй шалтгаанаа өөрийн гэсэн орон гэр, байргүй (56.8%), эдийн засгийн хувьд бие даан амьдрах чадваргүй (19.8%) байгаатай холбон үзсэн нь гэр бүлийн нийлмэл хэлбэр оршин тогтнох гол хүчин зүйл болж байна.Мөн эргэн тойрны хүмүүс хүүхдээ өрх тусгаарлаагүйг охиноо, хүүгээ тусдаа гаргасангүй гэж сөргөөр үнэлэхээ больцгоосонд оршино. Хүүгээ бие даалгаж, охиноо хадамд гаргах уламжлалт ёс заншил улам бүр алсалсаар байна. Соёл иргэншил хөгжих явц нийгмийн шинэ орчинг буй болгож түүнтэй дасах сэтгэлийг төрүүлж байна.

1.2  Дан гэр бүл 448 048  бүл байна

Дан гэр бүлийн хувьд зөрчил, хүүхэдтэй харилцах харилцааны асуудал анхаарал татаж байна.

1.3  Өрөөсгөл гэр бүл

77917 өрөөсгөл гэр бүл Монгол улсад байгаа ба бидний судалгаанд хамрагдагсдын арав орчим (7.7 хувь нь өрөөсгөл, 3.2 хувь нь ганц бие) хувийг ийм гэр бүл эзэлж байсан юм. Өрөөсгөл гэр бүлд бэлбэсэн ба салсан гэр бүл адилхан хувь эзэлж байгаа ч тулгамдаж буй асуудлын хувьд тус тусын онцлогтой байна.

Тулгамдсан асуудал: Өрөөсгөл гэр бүлийн энэ хоёр хэлбэрт тулгамдаж буй асуудлын нийтлэг тал нь санхүүгийн хүндрэл юм. Гэр бүлээ цуцлуулсан хүмүүсийн хувьд тэр дундаа эмэгтэйчүүд сэтгэл санааны хүнд дарамтанд ордог болох нь ярилцлагын явцад ажиглагдаж байсан.

Салсан гэр бүлийн гишүүн нь нөгөө талаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч болж байна.           Судалгаанд хамрагдсан салсан гэр бүлүүдийн хувьд өмнөх гэр бүлтэйгээ амьдрах хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртдөг байсан ч хүчирхийлэлтэй тэмцэх хууль, хүчирхийллээс ангид байх арга замууд, хэнд хандахаа ч мэдэхгүй байх нь элбэг байна. Хууль эрх зүйн мэдлэг тааруу, гэр бүлийн тухай хуульд заасан арга хэмжээ иргэдэд тэр бүр хүрдэггүйн улмаас гэр бүлийн хүчирхийлэлд дахин дахин өртсөөр байх явдал их, эцэстээ гэр бүл салахад хүрдэг. Зарим талаар эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт хангалтгүй байгаатай холбоотой юм. Тухайлбал, “Гэр бүлийн тухай” хуулийн 14.2-т “Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна” гэж заасан байдаг ч хэн гүйцэтгэх вэ гэдэг нь тодорхойгүй аж. Дээрхийн зэрэгцээ гэр бүл салалт нь эхнэр нөхрийн хоорондын маргаан бус давхар хүүхдийн эрхийг хөнддөг эмзэг асуудал билээ.

Гэр бүл салалтын дараа гэрлэгчдийн аль нэг тал тоомжиргүй байдлаар юм уу, зориудаар гэр бүлээ албан ёсоор салгуулахаас татгалздаг. Энэ нь мөн эргээд хүүхдэд сөргөөр нөлөөлөх тохиолдол байдаг. Тиймээс гэр бүл салгах тухай “Гэр бүлийн тухай” хуулийн 14[1] дүгээр зүйлийн 1,4 дүгээр заалтуудад дараах байдлаар өөрчлөлт оруулах шаардлагатай юм. Үүнд, албан бусаар салаад хэдэн жил болсон, гэр бүл салгуулахгүй байгаа шалтгаан, ямар зорилгоор тусдаа амьдарч байгаа (гэр бүлийн амьдралын төлөө хувийн ажлаар уу, эсвэл албан ажлын шаардлагаар тусдаа амьдарч байна уу), дахин гэрлэсэн (албан бус байдлаар өөр хүнтэй амьдарч байгаа) эсэхийг нь харгалзан гэрлэгсдийн нэг талын нэхэмжлэлийг үндэслэн гэр бүл салгах асуудлыг шийдвэрлэнэ гэж нэмэлт байдлаар тусгаж болох юм.

Дээр дурдсан зүйлүүдийн зэрэгцээ гэр бүл салалтын дараа хүүхдээ авч үлдсэн талын нийгмийн асуудлыг онцгойлон анхаарч санхүүгийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, хүүхдийн хүмүүжилд анхаарах, асран хамгаалагч болон хүүхдийн сэтгэл зүйн өөрчлөлтийг засах тал дээр илүү анхаарч сургууль анги тэнхмийн багш, баг хороо, сургуулийн нийгмийн ажилтны оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй юм.

1.4 Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл

Тулгамдсан асуудал: Тэд орлогоо эрүүл мэнд (45.5%), боловсролын үйлчилгээнд түлхүү зарцуулж (40.6%) байгаа бөгөөд амьжиргааны түвшнээ 34.4 хувь хоол хүнсээ болгодог, бусад зүйлсэд хүрэлцдэггүй гэж үнэлсэн байна. Амьжиргааны энэ байдал нь тэдний ажил хөдөлмөр эрхлэх боломжтой холбоотой хөндөгдөж байгаа юм.

Төр засгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого, эрх зүйн баримт батлан энэ хүрээнд тодорхой ажил, үйлчилгээ хэрэгжүүлж байгаа[2] ч түүнийг хянах, үр дүнг нь тооцох асуудал хангалттай хийгдэхгүй байна.

Гэр бүлд бий болж буй шинэ хэв маягууд

1.5 Улс дамнасан гэр бүл. Судалгаанд оролцсон арван өрх тутмаас хэн нэг нь (эцэг эх, хүү охиных нь) аль нэг нь гадаадад амьдарч байгаа аж

Тэд суралцах (40.9%), ажиллах (52.2%) зорилго тавьж зорилгоо биелүүлсэн хэдий ч ихэнх нь “харлаж” амьдардаг.

Онцлог: Гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь гэр бүлтэйгээ хамт амьдарч чадахгүй байна. Судалгаанд оролцсон өрхийн 1.8 хувь нь л гэр бүлээрээ, хүүхэд, садан төрлийнхөнтэйгөө хамтдаа амьдарч байна.

Залуу гэр бүл амьдрал ахуйгаа дээшлүүлэх, үр хүүхдийнхээ ирээдүйг баталгаатай болгох зорилгоор олноор гадаад ажиллаж, амьдарч байгаагаас тусдаа амьдрах амьдралын хэв маяг элбэг болжээ. Гадаадад ажиллагчдын дундаж нас 31,3 байгаа ба гадаад шилжих хөдөлгөөнд эрэгтэйчүүд давамгайлж байна. Гэрлэлтийн байдлыг авч үзвэл БНСУ-д гэр бүлтэй хүмүүс бусдаас өндөр байгаагаас эрэгтэйчүүдийн 53,5 хувь, эмэгтэйчүүдийн 55,0 хувь нь гэрлэсэн байна. Харин АНУ-д огт гэрлээгүй залуучууд 38,8 хувьтай байхад салсан, тусгаарласан, бэлбэсэн эмэгтэйчүүдийн хувь 31,4 хувь байгаа юм.[3]

Гадаадад амьдрагчдын ихэнх нь ар гэртэйгээ холбоотой, жаргал зовлонгоо хуваалцаж байдаг ч бас цөөнгүй тооны хүмүүсийн хувьд гэр бүл салж сарних, сэтгэл хөндийрөх асуудал гардаг байна.

Хэдийгээр тухайн гэр бүл салж сарниж, бэлэвсрээгүй боловч эцэг, эхээсээ хол байгаа хүүхдүүдэд хараа хяналт дутах явдал гарсаар байна.

Эндээс үзвэл гадаадад ажиллаж, амьдарч буй залуучуудын гэр бүлийн байдалд дүн шинжилгээ хийн оновчтой бодлого баримтлах нь тулгамдсан асуудал болоод байна.

1.6 Олон соёлт гэр бүл. Монгол бүсгүйчүүд гадны иргэдтэй гэрлэж Америк, Австрали, өмнөд Америк,           Хятад, Солонгос, Орос зэрэг дэлхийн олон оронд амьдарч байна. Мөн монгол хүнтэй гэр бүл болж монголд амьдарч буй гадны иргэд ч цөөнгүй болжээ.

Соёлын ялгаатай байдал, хоёр өөр соёлын уламжлал, хэм хэмжээг зэрэгцүүлэн авч явах, түүнд дасан зохицох байдал нь энэ гэр бүлийн тулгамдсан асуудал болж байна.

Тулгамдсан асуудал: Бие биенийхээ хэл соёл, уламжлалыг сайн мэдэхгүй байх, түүнээс шалтгаалсан зөрчил олон соёлт гэр бүлд нийтлэг тохиолддог. Мөн нийгмийн таагүй сөрөг хандлага ялангуяа ази гаралтай хятад, солонгос, япон г.м хүнтэй суусан эмэгтэйчүүдэд, болон тэдний гэр бүлд багагүй асуудал үүсгэдэг байна. Тэднийг биеэ үнэлэгчтэй адилтгаж хандах, доромжлох, нэр төрд нь халдах, хүний эрхийг нь зөрчиж байгаа нь гэр бүлийн амьдралд амгалан тайван амьдралд бэрхшээл учруулж байна.

Гадаадын иргэд монголд гэр бүл зохион амьдрахад визний хугацаа нэг жилээр олгодог учир жил болсоны дараа буцах болдог. Бичиг баримт хөөцөлдөхөд хэлний бэрхшээлтэй тулгардаг. Мөн монголд ажил хийх боломж бага байдаг байна.

1.7 Хамтран амьдрах хэлбэр. Кейс судалгааны үр дүнгээс харахад хамтран амьдрагчид өөрсдийн эдийн засгийн болон бие физиологийн хэрэгцээг хангах үүднээс ийм байдлаар амьдарч байгаа ч бие биенээ халамжлах, хоол унд хийх зэргээр гэр бүлийн зарим үүргийг гүйцэтгэдгээрээ гэрээт гэр бүлээс ялгаатай байна. Хамтран амьдрах хэлбэр нь эрх зүйн хувьд бүрэн чадамжгүй. Учир нь “Гэр бүлийн тухай” хуульд хамтран амьдрах хэлбэр, түүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг тусгаагүй. Харин “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн 3 дугаар зүйлд “энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай байгаа хүмүүс… нэгэн адил хамаарна” гэж заасан нь хамтран амьдрагчдын талаар зохицуулсан цорын ганц эх сурвалж хэмээн дүгнэсэн байдаг[4].

2002-2007 онд …эцэг, эх нь гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байхад нь буюу хамтран амьдарч байх хугацаанд нь 22924 хүүхэд шинээр мэндэлсэн байна[5] гэсэн нь хамтран амьдрах хэлбэр нэлээд түгээмэл байгааг харуулж байна. Тооцоо, судалгаа нь гэрлэлт батлуулахаас өмнөх амьдралын хугацаанд хүсээгүй жирэмслэх магадлал өндөр байж болохыг харуулж байгаа бөгөөд хүсээгүй жирэмслэлтээс үүдэн хүүхэд өнчрөх, цаашлаад нэгэнт төрсөн хүүхдэд тэтгэмж төлөхөөс зайлсхийх, тухайн хүүхэд шоовдорлогдох зэрэг социаль сөрөг асуудлууд гарч болзошгүй. Эдгээр асуудлыг зохицуулах үүднээс эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага урган гарч байгаа бөгөөд “Гэр бүлийн тухай” хуульд хамтран амьдрагчдын талаар тодорхой заалт оруулах шаардлагатай байна. Ингэснээр нэг талаар “Гэр бүлийн тухай” хууль болон “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулиудын уялдааг хангах, нөгөө талаар хамтран амьдрагчдын өмнө тулгарч болох олон асуудлыг эрх зүйн хүрээнд шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Кейс судалгааны баримтад дурдсанаар хамтран амьдрах хугацаа нь хосууд бие биеэ таних үе гэж болох ч энэ хугацаанд хосуудын хариуцлагагүй үйлдэл, гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг хомс байдлаас үүдсэн сөрөг асуудлууд үүсэж болох тул залуучуудад зориулж гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн талаарх практикийн болон хууль эрх зүйн мэдлэг олгож байх нь зүйтэй юм.

1.8 Гэрээт гэр бүлийн[6] хэлбэр нь гэрлэлтийн гэрээ гэсэн ойлголтоос өөр утгатай хэрэглэгддэг.

Судалгааны дүнгээс харахад гэрээт гэр бүлийн хэлбэр түгээмэл тархаагүй ч (1.6%) нэгэнт үүсэн бий болсон нь тодорхой байна.

Тухайлбал, кейс судалгааны мэдээллээс харахад талуудын нэг нь бэлгийн харилцааг чухалчилж байгаа бол нөгөө тал нь санхүүгийн дэмжлэгийг хүсэмжилдэг байна. Энэ үүднээс гэрээний хугацаанд хэн, ямар эрх үүрэгтэй байх талаар гэрээ байгуулж, зохих нөхцлүүдийг тусгаж өгсөн байдаг. Тухайлбал, дундын өмчгүй байх, хүүхэдтэй болохгүй, бие биенээ мэхлэхгүй байх (өөр хүнтэй бэлгийн харилцаанд орохгүй), санхүүгийн тусламж үзүүлэх, хэн нэгнийхээ ажилд саад болохгүй, бие биенээ дарамтлахгүй, эрх чөлөөнд халдахгүй байх гэсэн нөхцлүүдийг хоёр тал харилцан тохирч, хүлээн зөвшөөрсөн байдаг.

1.9 Ижил хүйстэн. Манай улсад ижил хүйстэн хүмүүсийн талаарх мэдээлэл хязгаарлагдмал, хамтран амьдарч буй хосуудын талаарх мэдээлэл нууцлагдмал байдаг ч бид тэдний дунд судалгаа явууллаа. “Хамтдаа”, “Залуус эрүүл мэнд”, “Шинэ өөдрөг амьдрал” гэх төрийн бус байгууллагууд эдгээр хүмүүст хандсан үйл ажиллагааг тогтмол явуулж байна.

Эдгээр хүмүүс нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй ч тэдний ойр дотны эгч ах, найз нөхөд нь мэддэг, эцэг эх нь гадарладаг, зарим нь бүр мэддэг, тэдэнтэй ярилцаж, сэтгэл санааны таагүй байдлыг нь хуваалцдаг гэж судалгаанд оролцогчид тэмдэглэсэн бөгөөд хамгийн уртдаа 6 жил хамт амьдарсан хос байлаа.

1.10 Бүлгээр амьдрагсад. Гэр бүлийн хэв маяг гэхээсээ амьдрах арга, амьдралын зуршил гэмээр амьжиргааны шинэхэн хэлбэрт урлагийн хамтлагийнхан, биеэ үнэлэгчдийн амьдрал орж байна.

2. Гэр бүлийн харилцааны онцлог, тулгамдаж буй асуудлууд

2.1 Залуу гэр бүл

Гэр бүлийн хосуудын нас 30 хүрээгүй, хамтын амьдрал нь 5 жилээс хэтрээгүй, хосууд хоёулаа анхны удаа гэрлэсэн гэр бүлийг залуу гэр бүлд тооцож, 18-21 насандаа гэрлэсэн залуучуудыг түрүү залуу, 22-25 насандаа гэрлэсэн залуучуудыг дунд залуу, 26-30 насандаа гэрлэсэн залуучуудыг төгс залуу гэр бүл бологсод гэж үздэг[7].

Өнөөдөр Монгол улсын хүн амын 67.5 хувийг 34 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж байгаа нь хүн амын нөхөн үйлдвэрлэл, гэрлэлт, залуу гэр бүлийн өсөлтөд шууд нөлөөлж байна.

Гэр бүлийн харилцааны зөрчил ихэвчлэн хэний хооронд үүсдэг талаархи асуултанд хадам эцэг, эх – хүргэн, бэрүүдийн хооронд зөрчил (16,3%) гардаг гэж хариулсан нь залуу гэр бүлүүд хадам эцэг эх, төрөл төрөгсөддөө танигдах байдал, гэр бүлийн амьдралын бэлтгэл дутмаг, амьдралын туршлага бага зэрэгтэй холбоотой юм. Өнөөгийн залуучуудын гэр бүлийн амьдралын бэлтгэл тийм ч сайнгүй дунд зэрэг (52,5%), муу (25,6%) байгаа  нь ч энэ зөрчилд нөлөөлж байгаа ба оюутны гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй, бага орлоготой, орон байргүй, ажилгүй залуучуудын гэр бүлд энэ зөрчил илүү дарамт болж байна. Мөн судалгаагаар гэр бүл цуцлалтын 38 хувийг гэрлэснээс хойш 6-7 жилийн дотор салж байгаа залуу гэр бүл эзэлж байгаа нь гэр бүлийн амьдралын эхний үеүдийг залуучууд тэр бүр даван туулж чаддаггүйг харуулж байна.

Орон сууцны боломжгүйгээс эцэг эх дээрээ хоёр талд тусдаа амьдарч буй залуу гэр бүл олон байна. Энэ удаагийн судалгаанд өөрийн эцэг эхтэйгээ амьдарч байгаа 48, хадам эцэг эхтэйгээ амьдарч байгаа 25, бусад хэлбэрүүд (ах эгч, дүүтэйгээ амьдарч байгаа) нийлсэн 81 залуу гэр бүлээс мэдээлэл авсан юм. Залуу гэр бүлүүд эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаа шалтгаанаа 56,8 хувь нь өөрийн гэсэн орон байргүй, 20 хувь нь эдийн засгийн хувьд бие даах чадваргүй гэж үзжээ.

Монгол Улсын төрөөс баримтлах Хүн амын бодлогод гэр бүлийн хөгжлийг хангах тухай заахдаа: “Гэр бүл эдийн засгийн талаар бие даан хөгжих чадавхиа дээшлүүлэх, өмч хөрөнгөө өсгөн арвижуулах аливаа шударга санаачлага, үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлнэ.”хэмээн үзсэн. Гэтэл өнөөдөр залуу гэр бүлд амины орон сууц барих, газар тариалан, бизнес эрхлэхэд зориулан жижиг зээл олгох, залуу эцэг, эхийг дэмжин туслах эдийн засаг, эрх зүйн орчин бүрдээгүй байгаа нь бие даан амьдрах, төлөвших үйл явцад хүндрэл учруулж байна. Иймд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, тогтвортой ажлын байраар хангаснаар өрхийн орлого, амьжиргаагаа дээшлүүлж ахуй нөхцлөө сайжруулах, гэр орноо төвхнүүлэх зэрэг олон асуудлаа шийдэх чадавхтай болно.

2.2 Дунд насны гэр бүл 

Дунд насны гэр бүлд нөхөн үржихүйн үүргээс нийгэмшүүлэх үүрэг нь давамгайлах ба гэр бүлийн хосуудын нас 35-55[8], хүүхдүүд нь 10-25 настай байдаг. Энэ үе бол залуу гэр бүлийн ачааллыг даван туулж, ахуй амьдралын хувьд жигдрэн тогтох үе юм. Судалгаанд хамрагдсан гэр бүлийн 44,2 хувийг  ийм гэр бүл эзлэж байна. Дунд насны гэр бүлүүд хамтын амьдралын энэ үедээ эхнэр, нөхрийн дотно харилцаагаа анхны хэвээрээ хадгалж байна.

Судалгаанаас үзвэл хайр халамж багасах байдал амьдралын дунд үед (10-19 жил) илүү байгаа ба тэд амьдралын эхний үед бие биенийхээ алдаа дутагдлыг олж харахгүй, халуун хайр сэтгэлээр ханддаг бол дунд үед өдөр тутмын амьдралын олон асуудлаас болж маргалдах, түүнээсээ болж хямрал, эмзэглэл бий болох, нийгмийн харилцааны хүрээ өөрчлөгдөх, үзэл бодол өөрчлөгдөх, дахин нийгэмших байдлууд бий болдог. Мөн энэ насныхны бие махбод, сэтгэл зүйн өөрчлөлт, нийгмийн олон өөрчлөлтүүд хавсарч нөлөөлдөг байна. Энэ байдал нь гэр бүлийн харилцаанд хэрүүл маргаан, хардалт, гэр бүлээ хууран мэхлэх, хүүхдүүдтэйгээ зөрчилдөх, амьдралын эргэлт хийх сонирхол зэрэг байдлаар илэрдэг байна. Мөн дунд насны гэр бүлд хүүхдүүд нь шилжилтийн насанд хүрэх, эцэг эх нь өндөр настай болж асарч халамжлах үүрэг өндөрсдөг.

2.3 Ахмад насны гэр бүл 

Хүн амын дундаж наслалт, тэтгэвэрт гарах нас, хамтын амьдралын хугацаа зэргээс хамаарч 55 дээш насны гэр бүлийг ахмад настны гэр бүлд хамруулан авч үзлээ. Гэр бүлийн амьдралд хамгийн их сөргөөр нөлөөлж байгаа асуудлуудад үнийн өсөлт (26,2%), ажилгүйдэл (16,7%) ядуурал (9,3%), төрийн үйлчилгээний хүнд суртал (7,8%) гэж үзсэн нь ахмадуудын нийгмийн амьдралд нийгэм-эдийн засгийн хүчин зүйлүүд ихээхэн дарамт болж байна. “Гэр бүлийн амьдралаа сайжруулахын тулд юу хийхээр төлөвлөж байна бэ?” асуултад ахмадууд байр сууц, худалдан авах, засах сайжруулах (29,7%), өрхийн нэмэгдэл орлоготой болох (26,9%) болох, эд хогшил, авах, солих, өмчтэй болох (15%) гэж хариулсан нь ахмадууд маань амьдралын орчин, ахуйгаа сайжруулж, дээшлүүлэхсэн гэсэн бодолтой байна.

Ахмадууд маань төрөөс гэр бүлийн талаар ямар арга хэмжээ авбал зохих талаархи нээлттэй асуултанд олон саналуудыг өгсөн юм. Үүнд: орлого олох боломжийг нэмэгдүүлэх, нас харгалзахгүй байх, ажлын байр, орон сууцтай болгох,  тэтгэвэр, тэтгэмж нэмэх, бизнес аж ахуйн үйл ажиллагааг дэмжих, ядуурлыг бууруулах, ядуу өрхөд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх, үнийн хөөрөгдлийг бууруулах  хөгшчүүлд чөлөөт цагаа өнгөрөөх газар байгуулах, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, уламжлалт арга ухаанд сургах, хүүхдийн хүмүүжилд анхаарах, орон нутгийн байгууллагууд гэр бүл нэг бүртэй  тулж ажиллах гэсэн саналууд давамгайлж байгаагийн дотор эдийн засгийн зөв бодлогоор ахмад гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх тухай санал хамгийн их байна.

Төрөөс ахмад гэр бүлийн ахуй амьдрал, орон байр, амьдрах орчин, нөхцлийг сайжруулах талаар арга хэмжээ авч байгаа боловч[9] ахмад настны гэр бүлд тэр бүр элбэг хангалуун, сэтгэл дүүрэн байх боломж бүрдээгүй байна. Тэд өрхийн орлого санхүү 74,8 хувь нь, эд хөрөнгө, материаллаг зүйлстээ 52,1 хувь, нийгмийн байр сууриндаа 43.0 хувь нь сэтгэл дундуур байна.  Ахмад гэр бүлийн харилцаанд насны онцлог, сэтгэл зүй, бие махбодын өөрчлөлт, хөгшрөлт ихээхэн нөлөөлдөг. Энэ үед хосуудын хоорондын бэлгийн харилцаа байхгүй болсон байхаас гадна сэтгэл гутралд орох, үхлийн тухай бодох, зөрүүдлэх зэрэг сэтгэл зүйн олон шинж байдал үүсч үүнээсээ болон нэгийгээ гомдоох нь их байдгаас гэр бүлийн харилцаандаа тэд залуу үе шигээ амархан ойлголцож чаддаггүй. Нийгмээс ахмадуудад тэтгэвэр, тэтгэмж өгөхөөс өөрөөр сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх ажлууд, ахмадын чөлөөт цагийг ашиглан тэдний туршлага, чадвар дээр суурилсан үйл ажиллагаа үгүйлэгдэж байна.

3.Гэр бүл дэх зөрчил– шалтгаан 

            Гэр бүлд зөрчил маргаан гарах нь олон шалтгаантай ч эдгээрийг бүлэглэж үзвэл нийгэм-эдийн засгийн, гэр бүлийн гишүүдийн харилцааны, хосуудын хувийн, бусад хүмүүсээс хамаарах хүчин зүйл гэсэн 4-н гол хүчин зүйлээс шалтгаалж байна.

Зураг 1.  Гэр бүлийн зөрчил маргаанд нөлөөлж буй хүчин зүйл /оноор харьцуулсан үзүүлэлт/

Архидалт, ядуурал, үнийн хөөрөгдөл, мөнгөний ханш уналт, шилжих хөдөлгөөн, гадаадад гарч ажиллах, даяаршил зэрэг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс гэр бүлийн зөрчлийн нэг гол шалтгаан болоод байгаа юм. Өмнөх судалгаагаар ч энэ хүчин зүйлсийн нөлөөлөл их байгаа нь илэрч байсан тухайлбал, 2004 оны судалгаанд оролцогчдын 58.3 хувь нь архидалт, 48.0 хувь нь мөнгө санхүүгээс гэр бүлийн зөрчил гарч байгааг дурьдаж байсан бол энэ удаагийн судалгаанд 42.2 хувь нь мөнгө санхүүгээс, 21.8 хувь нь архидалтаас болдог гэжээ.

Хүснэгт 1.  Гэр бүлийн зөрчлийн шалтгаан  /2004, 2009 оны харьцуулсан дүн/

2004

2009

ү                             Хүчин зүйл

Хувь  

 

Хувь

Нийгэм эдийн засгийн хүчин зүйлс
1 Мөнгө санхүүгээс 48.0 42.2
2 Архинаас 58.3 21.8
3 Тусдаа ажиллаж, амьдарч байгаагаас 3.1
4 Соёлын ялгаанаас 1.4
5 Шашны ялгаанаас 0.7
Хосуудын хувийн хүчин зүйл
1 Үзэл бодлын зөрчил 31.8 30.0
2 Хүмүүжил, өссөн орчны ялгаанаас 7.1
3 Боловсрол мэдлэгийн ялгаанаас 7.1
4 Насны зөрүүтэй байдлаас 4.7
5 Хүүхэд байхгүйгээс 0.1
Гэр бүлийн гишүүдийн харилцааны хүчин зүйл
1 Харилцан ойлголцдоггүйгээс 29.8
2 Хардалтаас 37.1 14.7
3 Хайр халамж дутсанаас 29.7 7.4
4 Итгэл эвдэж мэхэлснээс 32.0 4.6
5 Хувь хүний эрх чөлөөг үгүйсгэх 3.8
6 Бэлгийн таарамжгүй харилцаанаас 9.0 1.4
Бусад хүмүүсээс хамаарах хүчин зүйл
1 Хүүхдийн асуудлаас болж 24.4 23.6
2 Хадмууд, найз нөхөд, хөршүүдээс болж 23.7

Хүснэгт 2.  Гэр бүлийн амьдралд өнөөдөр тохиолдож буй бэрхшээлтэй асуудал

Тохиолдож буй бэрхшээлтэй асуудал

Давтамж Давтамж

Хувь

Нийгэм эдийн засгийн хүчин зүйлээс үүдэлтэй бэрхшээлтэй асуудал
     Санхүү мөнгө 709 67.7
     Байр, орон сууц 333 31.8
     Гэртэй болох 1 0.1
     Ажил олдохгүй байх 226 21.6
     Ажил, ажлын ачаалал 109 10.4
     Архидалт 50 4.8
     Тусдаа ажиллаж, амьдарч байгаагаас 12 1.1
Гэр бүлийн гишүүдийн харилцааны хүчин зүйлээс үүдсэн бэрхшээл
        Үзэл бодлын зөрчил 56 5.3
        Хардалт, үл итгэлцэл 31 3.0
        Бэлгийн харилцаа 13 1.2
        Нууц амраг 10 1.0
Хосуудын хувийн хүчин зүйлээс шалтгаалсан бэрхшээл
        Эрүүл мэндийн асуудал 158 15.1
        Үр хүүхдийн асуудал 100 9.6
        Байр суурь, нэр хүнд 12 1.1
        Хүүхэдтэй болох 2 0.2
Бусад хүмүүсээс хамаарах хүчин зүйлээс үүдэлтэй бэрхшээл
        Хүүхэд эцэггүй өсч байгаа нь 1 0.1
Бэрхшээлтэй асуудал байхгүй 2 0.1

эр бүл дэх зөрчлийн хамгийн энгийн хэлбэр болох маргалдах нь ихэнх гэр бүлд байна. 1,6 хувь нь байнга, 10,6 хувь нь нэлээд, 76,9 хувь нь хааяа маргалддаг гэжээ. Зөрчлийн арай хүнд хурц хэлбэрүүд болох хэрэлдэх (74.5%), хэн нэг нь тоомсоргүй хүндэтгэлгүй хандах (57.4%), удаан хугацаагаар муудалцах (24.8%), хөндий байх (17.4%), түр хугацаагаар салах (15.1%) нь ямар нэг байдлаар (хэдийгээр давтамжийн хувьд янз бүр ч) гарч байдаг гэр бүлүүд бас цөөнгүй байна.

Гэр бүл дэх зөрчлийн хамгийн дээд шат болох хүчирхийллийн хэлбэрүүд Тухайлбал, судалгаанд оролцогчдын 15.5% нь айдас түгшүүртэй, 16,4 хувь нь архидаж, агсам тавьдаг, 42,6 хувь нь харддаг гэжээ.

Нийтэд авч үзвэл сэтгэл зүйн дарамт гэр бүлийн хүчирхийллийн хамгийн түгээмэл хэлбэр болж байгаа бөгөөд өмнөх судалгаагаар ч ийм байсан нь өөрчлөгдөөгүй байгаа нь харагдаж байна. эхнэр-нөхрийн зөрчил гэр бүлийн зөрчлийн 57.9% нь болжээ. Дараагаар нь 18.8 хувь буюу бараг таван зөрчлийн нэгд нь эцэг эх-хүүхдийн хооронд гарч байдаг зөрчил байгаа нь өнөөгийн гэр бүлд эцэг эхчүүд хүүхэдтэйтэйгээ тэр бүр ойр дотно харилцахгүй, ойлголцохгүй, харилцах эв дүйгээ олж чадахгүй байгааг харуулж байна.

Судалгаанд оролцогчдын 30,5 хувь нь бухимдсан, гуньсан үедээ гэр бүлийнхэндээ хандан, гэр бүлийнхэнтэйгээ сэтгэлээ хуваалцдаг гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно харилцаатай бол мөн төдий хувь нь найз нөхөдтэйгөө зөвлөлдөж, асуудлаа шийдэхдээ бусдаас дэмжлэг эрэлхийлж чаддаг харьцангуй нээлттэй хүмүүс байна. Энэ ангилалд бас сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ханддаг гэсэн хүмүүсийг бас багтааж болох юм. Судалгаанд оролцогчдын 0,8 хувь нь л сэтгэл зүйчид ханддаг гэсэн нь гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө авах, мэргэжлийн хүний туслалцаа авах үйл ажиллагаа хаагдмал, олон нийтэд дэлгэрээгүй байгааг харуулж байна.

Чанарын судалгаагаар ч энэ дүгнэлт бас батлагдсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, гэр бүл салсан эмэгтэйчүүд гэр бүлийн зөвлөгөө авахыг хүсэж байгаа ч хаана очих, хэнд хандах талаар мэддэггүй, энэ талаарх мэдээлэл авч чаддаггүй хэмээн өгүүлж байсан юм.

Харин 38,8 хувь нь бухимдаж гунихарвал дотроо л тунгаан боддог бусдад сэтгэлээ нээж ойлгуулахыг хүсдэггүй, сэтгэл зүйн хувьд нээлттэй биш, “дотогшоо” хүмүүс байна.

Судалгаанаас дүгнэхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд хүүхэд эмэгтэйчүүд ихэвчлэн байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл нь хүүхдэд айдас түгшүүр, сэтгэл зүйн дарамт шаналал учруулахаас гадна зан ааш, хүмүүжилд сөргөөр нөлөөлж, эцэг эхээс хөндийрөх, гэр орноос зугтах, үүний тулд амьдралдаа эрсдэлтэй янз бүрийн алхам хийхэд хүрч байна.

Гэр бүл салалт

Нийгмийн шинэ орчин нөхцөлд гэр бүл салалт олон хүчин зүйлтэй холбогдож байна. Үүнд: нэгдүгээрт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ардчилал, чөлөөт сонголт эрхэмлэглэх болсон шинэ нийгмийн тогтолцоонд социализмын үеийнх шиг гэр бүл салалтыг нийгмийн зүгээс буруушаах албадлага байхгүй болсон. Хоёрдугаарт, шилжилтийн үеийн нийгмийн хямралын дагуул болох ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг ихэссэнээс салалт ихэсэж, гэр бүл нийгэмд өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй хямрах болсон. Гуравдугаарт, шилжилтийн гэх эдгээр жилүүдэд хувь хүний гэрлэлтийн статуст нэг их ач холбогдол өгөхөө больж, гэр бүл салалтыг хэвийн зүйл мэтээр үзэх нь нийгмийн сэтгэл зүйд дасал болсон. Дөрөвдүгээрт, нийгмийн хөгжлийн хандлагын дагуу гэр бүл, гэр бүлийн харилцаанд гарч буй өөрчлөлт нь гэр бүл салалтыг цаашид ч улам ихэсгэх төлөвтэй байна.

 

Зураг 2. 1989-2010 он хүртэлх гэр бүл цуцлалтын тоо /Үндэсний статистикийн газар

Гэр бүл салалт өсөж байгаа нь олон талын сөрөг нөлөөллийг авчирдаг бөгөөд манай орны хувьд тулгамдаж буй асуудал юм.[10]  Судалгаагаар 30-40 насныхны хувьд салалт хамгийн өндөр үзүүлэлтэй байна.

Зураг 3. Гэр бүл салалтын шалтгаан

 

Салалтын бас нэг гол шалтгаанд архидалт (22.5%), гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа (20.0%) оржээ. Эдгээр нь мөн л нийгмийн сэтгэл зүйн чөлөөт байдлын тусгал юм.

2004 оны судалгаагаар салалтанд хүргэдэг гол шалтгааныг үзэл бодол, сэтгэл санааны таарамжгүй байдал, хамт амьдрах итгэл, сэтгэлгүй болсон (75.3%), боловсролын төвшин (12.9%) таараагүйгээс хэмээн хариулж байв.

Гэрлэлтээ цуцлуулсан хосуудын хувьд хамтын амьдралын жилүүдийн дундаж 9.3 жил,  тэд доод тал нь 1 жил, дээд тал 36 жил амьдраад салжээ. Судалгаанд хамрагдсан салсан гэр бүлүүдийн 32.7 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан, 34.6 хувь нь 7-9 жил, 15.4 хувь нь 4-6 жил, 17.3 хувь нь 1-3 жил хамт амьдраад салсан байна.

Судалгаанд хамрагдсан салсан гэр бүлийн дөнгөж дөрвөн хувь нь хүүхэдгүй, хоёр хүний нэг нь 1 хүүхэдтэй, бусад нь хоёроос дээш хүүхэдтэй салцгаажээ. Салах үедээ дунджаар 2 хүүхэдтэй байсан байна.

Гэр бүлийн маргааныг мэргэшсэн шүүгч шийдвэрлэдэг болох нь зүйтэй гэж 50.9 хувь нь үзсэн ч 43.4 хувь нь энэ талаар мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна.

Гэр бүлийн боловсрол дутмаг байдал

Гэр бүлийн гишүүдийн хоорондын зохицол, биеэсээ ойлгох харилцаа, сэтгэл ханамж, сэтгэл зүйн боловсрол, зөрчил, бэрхшээлийг даван туулах арга зүй зэрэг нь тэдний гэр бүлийн боловсролтой шууд холбоотой байдаг.

Энэхүү судалгаанд гэр бүлийн боловсролын агуулгыг гэр бүлийн харилцаа, ёс зүйн, хууль эрх зүйн, гэр бүлийн эдийн засгийн, гэр бүл төлөвлөлтийн, гэр бүлийн хүмүүжил, уламжлалын, үүрэг хариуцлагын, эрүүл мэндийн, хүүхдийн хүмүүжлийн гэсэн агуулгын хүрээнд судалсан болно. Судалгаанаас үзэхэд иргэд эрүүл мэндийн мэдээллийг ихэвчлэн хэвлэл мэдээллээс авдаг гэж 54%, хууль эрх зүйн боловсролыг хэвлэл мэдээллээс гэж 51,6%, нөхөн үржихүй бэлгийн боловсролыг хэвлэл мэдээллээс гэж 40% нь хариулсан байна. Өрхийн төсөв санхүүгийн зарцуулалтыг 18,8%, хүүхдийн хүмүүжлийг 36,8%, гэр бүлийн уламжлал, зан заншлыг 50,6% нь  эцэг, эхээсээ авдаг гэж хариулсан байна.

Өрхийн төсөв санхүүгийн зарцуулалт (47,9%), гэр бүл төлөвлөлт (44,8%), гэр бүлийн харилцаа ёс зүй (39,1%), хүүхдийн хүмүүжил (23,7%), гэр бүлийн үүрэг хариуцлага (32,2%), гэр бүлийн уламжлал, зан заншил (25,1%)-ын талаар мэдээлэл, боловсролыг хаанаас ч мэдээлэл авдаггүй гэж хариулжээ.

Дээрх асуудлуудаар албан сургалт болон мэргэжилтнээс зөвлөгөө, мэдээлэл авах нь маш бага байна. Харин эрүүл мэндийн боловсролыг 22.8% нь, нөхөн үржихүйн боловсролыг 23% нь мэргэжилтнээс авдаг гэж хариулсан нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ авсан байх магадлал өндөр байна.

Харин үүнийг хот хөдөөгөөр нь ангилж үзвэл хөдөөгийн гэр бүлүүд эцэг эхээсээ мэдээлэл авдаг, эсвэл хаанаас ч авдаггүй гэсэн хариултыг дийлэнхдээ өгсөн бол хотын гэр бүлүүдийн хувьд хэвлэл мэдээллээс гэж  ихэнх оролцогчид хариулсан байна.

Насны хувьд 18-45 насныхны 71.8% мэдээллийг аль нэг хэлбэрээр авдаг гэж хариулсан бол 45-аас дээш насныхны 57.6% нь  хаанаас ч авдаггүй гэж хариулжээ. Энэ нь гэр бүлийн боловсролын хэрэгцээ шаардлага залуу, дунд насныханд их байдаг тэд энэ асуудалд тодорхой хэмжээгээр анхаарал хандуулдагтай холбоотой юм.

Дүгнэлт

            Судалгаанаас үзэхэд иргэдэд гэр бүлийн боловсрол олгох албан ёсны сургалтын тогтолцоо байхгүй байгаа бөгөөд энэ талын боловсрол мэдлэгийг олж авах их үүсвэр  ихээхэн дутмаг байна. Иргэд гэр бүлийн боловсрол дутмаг байх нь гэр бүлд сөрөг асуудал үүсэх гол шалтгаан болж байна.

Монгол гэр бүл оршин тогтнож ирсэн түүхэн хугацаанд иргэншлийн өвөрмөц дүр төрхөөрөө ураг төрлийн холбоонд үндэслэн уламжлалт хүмүүжил ёс заншил, хуулийн хэм хэмжээгээр гэр бүлийн боловсролыг хойч үедээ олгож, тэднийг амьдралын ухаанд сургаж ирсэн. Харин орчин үед амьдралын хэв маяг өөрчлөгдөн гэр бүлийн асуудал олон талтай болсон нөхцөлд цөөн хүн амтай манай орны хувьд гэр бүлийн боловсролыг шинжлэх ухааны үндэслэлтэй, гэр бүлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар иргэдэд олгох нь улс орон хийгээд хүний хөгжлийн чухал хөшүүрэг болох юм.

 

Иргэдэд  гэр бүлийг хэвийн харилцаатай тогтвортой авч явахад зайлшгүй шаардлагатай боловсролыг олгохын зэрэгцээ тэдний амьдралын мөчлөг, насны онцлогт тохирсон өөрөөр хэлбэл хэрэгцээнд нь тулгуурласан гэр бүлийн боловсролыг олгох шаардлагатай байна.

Судалгаанаас үзэхэд гэр бүлийн зөвлөгөө өгөх төв шаардлагатай гэж 72.3% гэр бүлийн боловсрол олгох газар шаардлагатай гэж мөн 72,3%, гэрлэх ёслолын танхим шаардлагатай гэж 45,4% хариулсан нь нийгэмд энэ талын хэрэгцээ шаардлага нэгэнт бий болсон бөгөөд хангагдахгүй байгааг харуулж байна.

Гэр бүлийн талаарх үзэл хандлага хэвшмэл байдлаас аажмаар өөрчлөгдөх байдал ажиглагдаж байна. Ингэхдээ гэр бүлийн эрхэм нандин чанар алдагдаж,  үнэнч бус байдал, материаллаг сонирхолд тулгуурлах, гэр бүлийн хариуцлагаас зайлсхийх, бэлгийн харилцааны хувьд чөлөөт байдлыг эрхэмлэсэн, аминч үзэл давамгайлах хандлага бий болж байна.

Эцэг эхчүүд хүүхдээ анхаарах, тэднийг хайрлаж халамжлах болон эдийн засгийн нөхцөл бололцоог хангах тал дээр ихээхэн анхаарал тавьдаг боловч хүүхэдтэйгээ харилцах, хүмүүжүүлэх арга барилаа сонгох тал дээр нэлээд алдаж байна. Иймд эцэг эхийн хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогийг харгалзан тэдэнтэй зөв үлгэр дуурайл бүхий харилцаагаар хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэхэд туслах “сайн эцэг эх”-ийн сургалт, мэдээллийн үйл ажиллагааг цаашид тогтолцоот байдлаар хөгжүүлэх нь чухалчлагдаж байна.

Хөдөөгийн нийгмийн суурь үйлчилгээний хангамж, материаллаг баазыг сайжруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих, ингэхдээ засаг захиргааны олон нэгжид заавал тархаан суурьшуулах шаардлагатай эсэх талаарх сүүлийн үеийн судлаачдын саналыг харгалзан үзэх. Нийгмийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй ядуу болон захын хорооллын өрхийн иргэд, түүнчлэн шилжин ирсэн гэр бүлд эрүүл мэнд, боловсрол зэрэг төрөл бүрийн сургалт, ажил хөдөлмөр эрхлэх чиглэлээр үзүүлж буй төрийн үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх шаардлагатай байна.

Гэр бүлийн асуудлыг тусгайлан хариуцдаг төрийн тогтолцоог бий болгох нь гэр бүлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх салбар дундын зохицуулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болно.

Ном зүй

  1. Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал. Суурь судалгаа. УБ. 2010
  2. Намжил Т. Монгол гэр бүлийн ёс, уламжлал  УБ. 2005.
  3. Намжил Т. Монгол, Зүүн хойт Азийн гэр бүл. II дэвтэр.УБ. 1996.
  4. Намжил Т. Гэр бүл: Орчин үеийн асуудлууд. XI дэвтэр.  УБ. 2005.
  5. Ольга Шувалова Энергетика семьи. Санкт-Петербург  Изд-во “Невский проспект”  2002.
  6. Пэрлээ Х. Нэгэн гэрийн түүхийн тухай. УБ. 1958.
  7. Шон Берн Гендерная психология. /секреты мужчины и женщины/  Санкт-Петербург Изд-во “прайм-ЕВРОЗНАК”  2001.
  8. WINFIELD, F. E. (1985) Commuter Marriage: Living Together, Apart. New York: Columbia University Press.

[1] www.legalinfo.mn /”Гэр бүлийн тухай” хуулийн: 14.1 “….гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14.4 “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална”

[2] www.legalinfo.mn /” Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн 8 дугаар зүйлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, түүний зохицуулалтын талаар заалт оруулсан байдаг.

[3] Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдал, үр дагавар. НХХЯ, НҮБ-ын ХАС. Монголын Хүн Ам, Хөгжил Нийгэмлэг.  УБ., 2004 он.

[4] О.Отгонтуяа, О.Амарсайхан. “”Монгол улсын гэр бүлийн хууль, түүний хэрэгжилт” УБ., 2009. 60 дахь тал

[5] Мөн тэнд

[6] Эхнэр нєхєр 2 харилцан тохиролцсоны їндсэн дээр тодорхой хэлцлээр гэрээ байгуулан гэр бүл болохыг хэлнэ

[7] Т.Бүрэнжаргал. Гэр бүлийн социологи. УБ., 2005 он.

[8]Судлаач Карл Юнг 40 наснаас эхэлдэг гэж үзсэн бол Эрик Эриксон 35-65 нас, Даниел Левинсон 40-60 насыг дунд насны үе гэж үзжээ.

[9] МУ-ын Засгийн Газраас ахмад настны идэвхтэй, эрүүл , урт нас, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх асуудалд тэдэнд үзүүлэх нийгэм, эрүүл мэндийн арга хэмжээнд цогцолбороор хандах, энэ ажилд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэх зорилгоор 1998 онд “Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг батлан 1999-2004, 2004-2008 онуудад хэрэгжүүлсэн.

[10] Үндэсний стастикийн хороо, гэр бүл цуцлалтын тоо баримт

Судалгааны ерөнхий мэдээлэл

  • Категори: СУДАЛГАА
  • Судлаач Доктор Б.Оюун-Эрдэнэ